Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00965

 

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00965

 

 

Ч.Ш-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/00505 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Ш-ын нэхэмжлэлтэй, АА ХХК-д холбогдох

Дутуу олгосон цалин, нэмэгдэл, алдангид нийт 71 318 570 төгрөг гаргуулах, 2019 оны 6-10 дугаар сарын дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 1 366 100 төгрөгийг нөхөн төлөхийг даалгах, ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 44 060 191 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Долгормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ануурад, Л.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ш- 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус компани Сентрал Монголиа Эйрвиз ХХК нэртэй байхаас эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж, Агаарын хөлгийн засвар үйлчилгээний техникч, инженер, техникийн захирал гэсэн гурван албан тушаалуудыг хавсран гүйцэтгэхээр тохиролцон ажилд орсон. 2008 онд компанийн нэр өөрчлөгдөж АА ХХК нэртэй болсон бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж, улмаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Учир нь АА ХХК 2014 оноос эхлэн компанийн нөхцөл байдал муу байгаа шалтгаанаар ажилчдын үндсэн цалинг дутуу олгоод зогсохгүй, ээлжийн амралт болон илүү цагийн цалин хөлсийг олгоогүй, нийтээр амрах баярын өдөр удаа дараа ажиллаж байсан ч нөхөж амраагаагүй бөгөөд цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олгоогүй. Энэ талаар холбогдох хүмүүст удаа дараа хэлж мэдэгдэж байсан. Ажил олгогч, удирдах албан тушаалтнуудын зүгээс ямар ч дорвитой арга хэмжээ авч байгаагүй. Түүнчлэн хамгийн сүүлд 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2007 оны үйл ажиллагааны шагнал хэмээн компанийн зүгээс ажилчдад урамшуулал олгоход миний бие урамшуулалд 25.308 ам долларыг авсан билээ. Үүнээс компанийн захирал Л.Нямбаярын шаардсаны дагуу байгууллагын фондод 8.509 ам долларыг бэлнээр, баримт үйлдэн өгсөн болно. Үүнээс хойш урамшуулал жил бүр олгогдох байснаа больсон тул компанитай гэрээ хийж зээл авч орон сууц худалдан авсан ба уг төлбөрөөс байгууллагын фондод хадгалуулсан 8.509 ам долларыг хасаж тооцон орон сууцны төлбөрт тооцуулан өгөх хүсэлтээ удаа дараа гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй учир cap бүрийн цалингаас суутгал хийлгэж байрны төлбөрөө төлсөөр ирсэн. Мөн сүүлийн саруудад нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлж хөдөлмөрийн гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй тул дутуу олгогдсон цалин, ээлжийн амралтын мөнгө, илүү цаг ажилласны цалин болон ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал зэргийг гаргуулж өөрийн хохирлыг барагдуулахаар удаа дараа мэдэгдэж албан бичиг явуулж байсан боловч одоог хүртэл шийдвэрлэж өгөөгүй байгаа юм. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө уулзаж ярилцах гэхээр шийдвэртэй хариу өгдөггүй, утсаа авдаггүй нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн удаа албан ёсны мэйлээр нь хүсэлтүүдээ тавьж байсан боловч мөн шийдвэрлэж өгөөгүй. Шүүхийн өмнө эвийн журмаар шийдвэрлэх бүхий л арга хэмжээг авч хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Монгол шуудангаар дамжуулан албан ёсны хүсэлтээ илгээснийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан боловч хариу өгөлгүй 17 хоноод байна. Дээрх нөхцөл байдал миний амьдрал ахуйд удаан хугацааны туршид нөлөөлж байсан, цаашид ч нөлөөлөхөөр байсан тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн боловч өнөөдрийг хүртэл хүсэлтийг минь шийдвэрлээгүй Үндсэн хуулиар олгогдсон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах зэрэг эрхийг маань удаа дараа ноцтой зөрчсөн тул цаашид тус компанид ажиллах хүсэл эрмэлзэл, итгэх итгэлийг минь үгүй болгосон юм. Иймд дараах шаардлагыг шүүхэд гаргасан болно.

1.Нэхэмжлэгчийн үндсэн цалин нэг сард 1.900 ам доллар бөгөөд цалин хөлсийг олгох өдрийн Монгол банкны ханшаар төгрөгт тооцон шилжүүлэхээр гэрээнд заасан. 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр cap дуусталх хугацаанд тус компанийн зүгээс дутуу олгосон үндсэн цалингийн зөрүүг тооцвол 73.743.831 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дах хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх 184 хоногийн хугацаанд алданги тооцоход 36.871.915 төгрөг байх тул нийт 110.615.740 төгрөг гаргуулна.

2.Нэхэмжлэгчийн 2014 - 2019 оны хооронд ажилласан нийт илүү цаг 805 цаг байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу үндсэн цалинг 1,5 дахин нэмэгдүүлж тооцсон. Нэхэмжлэгчийн үндсэн цалин 1.900 ам доллар, нэг цагт 11 ам долларын цалин хөлс болно. Илүү ажилласан 805 цагийг хуульд заасан 1,5 дахин нэмэгдүүлж тооцвол 13.282,5 ам доллар, 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Монголбанкны ханшаар нийтдээ илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 36.999.990 төгрөг байна.

3.2008 онд олгосон 25.308 ам долларын урамшууллаас байгууллагын фондод үлдээсэн 8.509 ам доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн Монголбанкны ханшаар төгрөгт шилжүүлж 23.702.840 төгрөгийг гаргуулна. Хариуцагч энэ мөнгийг зээлийн төлбөрт тооцож суутгасан гэж байгаа ч удаа дараа хүсэлт өгөхөд шийдвэрлээгүй, зээлсэн мөнгөнөөс хасч суутгаагүй тул энэ шаардлагаа дэмжиж байна.

4.2019 оны 6-10 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг үндэслэлгүйгээр бууруулан төлсөн. 2019 оны 6 дугаар сараас эхлэн цалин хөлсийг нэг сард 500.000 төгрөг болгон бууруулсан асуудал зөвхөн хариуцагч байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг багасгах зорилгоор бууруулсан. Нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч цалин хөлс бууруулсан асуудал биш болно. Мөн сүүлд нөхөж тооцон олгосон гэдгийг гэрч шүүхэд мэдүүлсэн байгаа. Иймд авах ёстой 1.900 ам доллараас тооцвол 2019 оны 6-10 дугаар сарын хооронд нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 1.366.100 төгрөг байх тул уг мөнгийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү.

5.Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2019 оны 10 дугаар сарын 22-нд захиргаанд өгсөн ч одоо болтол халагдсан тушаал гаргаж өгөөгүй. Тушаал гарсан гэх боловч гардуулаагүй болно. Мөн ажлаа хүлээлгэн өгөөгүй гэсэн тайлбар үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар мөн өдрөө хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдоно. Иймд ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахыг даалгах шаардлагаа дэмжиж байна.

Нэхэмжлэгчид цалин хөлс бэлнээр олгосон тухай баримтыг зөвшөөрөхгүй. Уг баримт дахь гарын үсэг нэхэмжлэгчийнх биш. Сүүлд цалинг нөхөж олгосон гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна. Илүү цагийн тухайд хэрэгт хуулбар хувиар авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байгаа. Гэрч Ш.Уртнасангийн шүүхэд өгсөн мэдүүлгээс харвал санхүүгийн баримтыг хариуцагчид эх хувиар өгсөн гэж мэдүүлсэн, мөн цалин хөлсийг цаг тухайд нь олгодоггүй байсан нь тогтоогдох тул баримт байхгүй тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч гурван хүний орон тоонд ажиллаж байсан бөгөөд ганцаараа ам доллараар цалинжаагүй, олон ажилтан доллараар цалинждаг байсан тул нэхэмжлэгчийг хэт давраасан тухай тайлбар үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд нэхэмжлэгчийг чөлөөлөх тушаал гардуулаагүй тул 2020 оны 3 дугаар сар хүртэл тус байгууллагад ажиллаж байсан гэж үзнэ. Шүүхэд хандаагүй ч захиргаандаа удаа дараа хандаж байсан тул хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Ч.Ш- АА ХХК-тай гэрээ байгуулж, 93 510 000 төгрөгийг хүүгүй сар бүрийн цалингаас тогтмол 500 000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлсэн нь үнэн. Энэ төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн цалингаас хасуулан төлсөөр ирсэн. Үүнийг цалингийн тооцооны хуудас болон байрны төлбөрийг төлж буй санхүүгийн тооцооноос харж болно. Одоогийн байдлаар үлдэгдэл 50 гаруй сая төгрөг байх бөгөөд олгогдоогүй хөдөлмөрийн хөлсийг алданги, фондод үлдээсэн мөнгөө гаргуулан авсны дараа төлнө. Хариуцагч байгууллага хөдөлмөрийн хөлсөө олон сар, жилээр бүрэн гүйцэт олгоогүй алдаг оног өгч байгаагаас улбаалан тухайн байрны үлдэгдэл хуримтлагдан үлдсэн. АА ХХК үүргээ биелүүлэх тохиолдолд байрны үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулах болно. Цалингаа хугацаанд нь өгөөгүй хураагдаж өр үүсгэсэн учраас хөдөлмөрийн гэрээний хүрээнд хариуцлага хүлээх ёстой. Төлөгдөх ёстой тодорхой хэмжээний төлбөрүүд байгаа боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хэмжээнд биш үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнээс бага байх тул харилцан тохиролцох замаар тогтоож болно. Энэ мөнгөн дүнгээс 8.509 ам доллар суутгаагүй тул хасч тооцон үлдэгдэл гарах ёстой гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2004 оноос тус байгууллагад ажиллаж эхэлсэн боловч 2017 онд өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас халагдсан. Дараа нь ажлаас халагдсаны дараа дахин өмнөх цалин хөлсөөр 1.900 ам доллараар тооцон хөдөлмөрийн гэрээг байгуулж ажиллаж байсан. Энэ үед төгрөгөөр цалинжуулах санал тавьсан ч зөвшөөрөөгүйгээс тохиролцож чадаагүй байдаг. 2019 оны 10 дугаар сарын 22-нд өргөдлөө өгөхөд нэхэмжлэгчид ажлаа хүлээлгэн өгч, нягтлан бодогчтой тооцоо хийгээд тушаалаа гаргуулж аваарай гэж түүнд хэлсэн байдаг. Гэвч тэрээр 2019 оны 11 сард танайхаас мөнгө авах ёстой гэсэн тайлбар хэлж, мэссэж бичсэн. Уг компани 2 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд нэг нь гадаад улсад байдаг. Бүх санхүүгийн баримтыг нягтлан нөгөө хувьцаа эзэмшигчтэй тохиролцсон үндэслэлээр Гүйцэтгэх захиралд өгдөггүй байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар олж авсан болно. Нэхэмжлэгчийг 2019 оны 11 дүгээр сарын 19-нд түүний хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөх тухай Гүйцэтгэх захирлын тушаал гарсан байгаа болно. Гэхдээ нэхэмжлэгч холбогдох баримт, онгоцны засварын баримт гэх зэрэг өөрийн хариуцаж байсан холбогдох баримтуудыг бүрэн хүлээлгэн өгөөгүйгээс түүний халагдсан тушаалыг захиргаа гардуулж өгөөгүй байгаа болно. Ажилд хүлээлцсэн акт хэрэгт баримтаар байгаа ч ажлаа бүрэн өгөөгүй нь харагдана. Хэрэв ажлаа бүрэн хүлээлгэн өгчихвөл тушаал өгөхөд татгалзах зүйлгүй. 2018 оны 9 сараас өмнө үндсэн цалин дутуу олгосон асуудал бий. Тухайн байгууллагын ажлын онцлог, нислэг, нисдэг тэрэгтэй холбоотойгоор тийм асуудал байсан ч 2018 оны 9 дүгээр сард бүрэн дуусгаж тооцсон. Тус компанийн ажиллагсдын ажилласан цагийн бүртгэлийг Ч.Ш- өөрөө хөтлөн захирлаар баталгаажуулж, санхүүд гарган өгч, цалинг тооцуулдаг байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаа хэтэрсэн болно. Цалин хөлс дутуу олгоогүй, хугацаа хэтрүүлсэн тул алданги тооцох үндэслэлгүй. Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмаар ажилтныг биеэр нөхөн амраахаар тусгагдсан болно. Хариуцагч байгууллагын ажлын онцлог, нислэгийн хуваариас шалтгаалж нислэг ихтэй, зуны цагт ажилтнуудыг илүү цагаар ажиллуулах тохиолдол байдаг ч нислэг багассан өвлийн цагт ажилтнуудыг биеэр нөхөн амраадаг байсан. Энэ тухай гэрчийн өгсөн мэдүүлгүүдээр нотлогдоно. Хэрэгт авагдсан баримтад нөхөн амраасан гэж өөрийнх нь бичсэнээр тогтоогдоно. Мөн илүү цаг, баяр ёслол, амралтын өдрийг нислэггүй үед нөхөж амраах үйл ажиллагааг Ч.Ш- өөрөө гардан зохион байгуулдаг байсан хүн. Ажлын онцлогоос хамаарч гадаад улсад сургалтад суух явдал байсан. Тэрээр өөрийн Казакстанд сургалтад явдаг байсан хугацааг илүү цагаар ажилласанд тооцож өөрөө бичсэн, улмаар илүү цаг хэмээн нэхэмжилж байгаа болно. Түүнчлэн энэ шаардлага Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаа хэтэрсэн. Байгууллагын фондод үлдээсэн 8.509 ам долларын тухайд зээлд тооцох хүсэлт 2016 онд өгснийг шийдээгүй байсан тул 2018 онд дахин хүсэлт өгснөөр тушаал гаргаж түүний компаниас авсан зээлийн төлбөрт тооцон суутгасан болно. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Нийгмийн даатгал шимтгэл дутуу төлсөн тухайд тус байгууллагад 4-5 өндөр насны тэтгэвэртээ гарсан хүн ажилладаг. Тус компани 2 онгоцтой ч эвдэрсэн тул үйл ажиллагаагаа тогтвортой явуулахгүй байгаа болно. Байгууллагын санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан 2019 оны 6 дугаар сараас эхлэн тэдний цалинг сард 500 000 төгрөг болгон бууруулах санаачилга өөрсдөө гаргаж ирүүлсний дагуу тушаал гарч бууруулж олгосон. 2019 оны 9 сараас сул зогсолт хийж байгаа. Гэрч Ш.Уртнасан түүнийг цалингийн талаар гомдол гаргаагүй, гаргаж байгаагүй гэдгийг мэдүүлсэн, бүр 5 сая төгрөг түүнд илүү олгосон болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоно. Энэ хэрэгт хуульд заасан гомдол гаргах 3 сарын хугацааг аль ч тохиолдолд тооцоход хэтэрсэн байгаа бөгөөд хугацааг сэргээх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус компанид техникийн захирал ажилтай Ч.Ш- 2011 оны 10 дугаар сард 93 510 000 төгрөг өөрийн худалдан авч байгаа байрны төлбөрт төлөхөөр тус компаниас хүүгүй зээлж авсан байдаг. Уг мөнгөн хөрөнгийг цалин хөлснөөс суутгах замаар боломжтой үед төлж дуусгахаар тохиролцсон. Эхний сард 300 000 төгрөг төлсөн. 2018 оны 3 дугаар сар дуустал сар бүр 500 000 төгрөг цалин хөлснөөс суутгуулан 27 010 000 төгрөг төлсөн байдаг. 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ч.Ш-ын хүсэлтээр байгууллагад үлдээсэн гэх фондын мөнгө 8509 ам долларыг төгрөгт шилжүүлж 20 439 809 төгрөг, мөн цалингийн үлдэгдэл 2 000 000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцуулж, нийт 49 449 809 төгрөгийн зээлийг хааж, үлдэгдэл 44 060 191 төгрөгийг төлөөгүй ажлаа орхин явсан тул зээлийн үлдэгдэл 44 060 191 төгрөгийг Ч.Ш-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар Ч.Ш-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай эрхийн акт гаргахыг хариуцагч АА ХХК-д даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар цалин хөлсний зөрүү нийт 171 318 570 төгрөг гаргуулах, 2019 оны 6-10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу 1 366 100 төгрөгийг нөхөн төлөхийг даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ш-аас 35 085 658 /гучин таван сая наян таван мянга зургаан зуун тавин найман/ төгрөг гаргуулж, хариуцагч АА ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 8 974 533 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 084 742 төгрөг, хариуцагчийн төлсөн 327 251 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 7 250 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 333 378 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: жет Авиэйшн" ХХК Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, төлөгдөөгүй цалингийн үлдэгдэл болон цалинг хугацаандаа олгохгүй байх тохиолдол байсан зэрэг нь талуудын тайлбар, гэрч Ш.Уртнасангийн мэдүүлэг, Голомт банк ХХК-ийн дансны депозит хуулга зэргээр нотлогдох атал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх 2014-2017 оны олгогдоогүй цалин хөлсийг тооцоолсон тооцооллыг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөх тул уг тооцоолол дээр үндэслэн 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд тус компаны зүгээс дутуу олгосон цалингийн зөрүү болон, түүнд ногдох алдангид өөрчлөлт орж байна. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн хийсэн 2018 оны тооцооллыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь 2018 оны тооцоололд дурьдагдаж буй 8 000 ам.доллароос 3 000 ам.доллар нь нэхэмжлэгч Ч.Ш-ын хүү Ш.Ононд олгогдох цалингийн үлдэгдэл юм. Гэтэл анхан шатны шүүхээс зөвхөн гүйлгээний утгыг үндэслэж цалинг нөхөж олгосон хэмээн үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Ч.Ш- нь 2004 оноос эхлэн өөрийн цалинг Голомт банк ХХК дахь 1309052656 тоот дансаар авч байсан. Харин уг цалинг Төрийн банк ХХК-ийн 104400163808 тоот дансаар авсан үйлдэл нь өөрийн цалин биш хүү Ш.Ононгийн цалин байсан. Түүнчлэн хариуцагч болон гэрч Ш.Уртнасангийн мэдүүлгээр Ч.Ш-ын хүү Ш.Онон хариуцагч компанид ажилладаг байсан талаар маргадаггүй билээ. Иймд 2014-2018 оны байдлаар нийт Ч.Ш-т олговол зохих цалин хөлс болох 17 678 935 төгрөг дээр нэхэмжлэгч талаас маргаж буй 3 000$*2 520$=7 560 000 төгрөг, нийт олгогдоогүй цалин 25 238 935 төгрөг байна. Олговол зохих цалин 25 238 935 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх алданги өдрийн 75 716 төгрөг бөгөөд 184 хоног нь 13 931 744 болох байснаас алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийн заалтыг баримтлан 12 619 467 төгрөг, нийт 37 858 402 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулах нь үндэслэлтэй байна.

2. Хариуцагч талаас нотлох баримт гаргуулахаар шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/11132020/13450 тоот захирамж биелэгдээгүй, хариуцагч манайд тус баримтууд байхгүй, нэхэмжлэгч Ч.Ш- авч явсан гэж тайлбарладаг. Гэвч гэрч Ш.Уртнасангийн мэдүүлгээр хариуцагч компани уг баримтуудыг санаатайгаар гаргаж өгөөгүй нөхцөл харагдаж байгаа юм. Мөн цагийн тооцооны бүртгэлийн ихэнх нь хуулбар хувь хэдий ч хариуцагч компанийн захирал Л.Нямбаярын гарын үсэг зурагдсан, тамга дарагдсан, хариуцагч талаас маргаагүй баримтуудаар Ч.Ш- нь нийт 40 цаг илүү ажилласан болох нь тогтоогдож байгаа. Иймд хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн, нотлогдож буй цаг 40 цаг байх бөгөөд /1 сар = 1900$, 1 хоног = 88.3$, 1 цаг = 11$ / Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар илүү цагийн нэмэгдүүлсэн цалин хөлс /11*1.5=16,5$/ 40*16,5$=/ 660$ болно. Үүнийг "Монгол банк"-наас зарласан нэхэмжлэл гаргах өдрийн өмнөх өдрийн 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хаалтын ханшаар хөрвүүлэхэд /1$=2,785.627*660$=/ 1 838 509 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй юм. Гэвч шүүхээс хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ч.Ш- 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хариуцагч компанид өгсөн, түүний хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөх тухай гүйцэтгэх захирлын тушаал гарсан, холбогдох баримтуудыг бүрэн хүлээлгэн өгөөгүйгээс түүний халагдсан тушаалыг захиргаа гардуулж өгөөгүй..." гэх үндэслэлээр хавтаст хэрэгт авагдаагүй материал буюу хариуцагчийн тайлбарыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь үндэслэлгүй бөгөөд үнэхээр уг тушаал гарсан эсэх нь эргэлзээтэй, үнэлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байгаа юм. Хэрэгт авагдсан Голомт банк ХХК-ийн 1309052656 тоот депозит дансны хуулгаас харахад "Ажет Авиэйшн" ХХК нь 2019 оны 12 дугаар сарыг дуустал Ч.Ш-т цалин олгож байсан үйлдэл нь Ч.Ш-ыг ажлаас чөлөөлөөгүй болохыг давхар нотолж байгаа билээ. Түүнчлэн хуульд ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэрийг бичгээр гаргах ёстойг заасан ба ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэрийг бичгээр гаргаагүй тохиолдолд ажил олгогч, ажилтан хоёрын хооронд ажлаа бүрэн хүлээлцэж дууссан өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар ажлаас халагдсан өдөр гэж үзэж, улмаар нэхэмжлэгч хохирсон гэж үзвэл тухайн өдрөөс эхлэн шүүхэд хандаж гомдол гаргах 3 сарын хугацаа эхлэн тоологдох учиртай, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож өгөөгүй, хугацаа тогтоож өгсөн болон ажлаас чөлөөлсөн тухай гүйцэтгэх захирлын тушаал хавтаст хэрэгт авагдаагүй байхад хавтаст хэрэгт байхгүй баримтыг үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Ажил олгогчийн зүгээс өнөөдрийг хүртэл Ч.Ш-т болон шүүхэд ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гаргаж өгөөгүй байхад шүүхээс шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн хэмээн эрх зүйн үр дагавар үүсгэн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцох хугацааг шүүх өөрөө тогтоож байгаа нь буруу юм. Мөн ажил олгогч хуульд зааснаар ажилтны ажлаас халагдах хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрийг тухайн үед бичгээр гаргасан тохиолдолд тушаалд ажил хүлээлцэж дуусах өдрийг тусгаж, уг өдрөөс эхлэн ажилтан хөдөлмөрийн гэрээтэй холбоотой үүссэн маргааныг 3 сарын хугацаанд шүүхэд шийдвэрлүүлэхээр хандаагүй бол шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байсан ч уг баримт хавтаст хэрэгт авагдаагүй нь эргэлзээтэй, үнэлэх боломжгүй асуудал юм. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар "үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд" Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан шүүхэд хандах 3 сарын хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно гэж заасан бөгөөд тодруулбал хариуцагч нь ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гаргах үүргийн гүйцэтгэлээ хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд нэхэмжлэгч шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй байх бөгөөд ажил олгогч, ажилтан хоёрын хооронд ажлаа бүрэн хүлээлцэж дууссан өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзнэ. Гэтэл шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байгааг хүлээн зөвшөөрсөн атлаа зохигчид ажил хүлээлцэх хугацааг харилцан тохиролцож тогтоогоогүй байхад нэхэмжлэгчийн өргөдлөө өгсөн өдөр болох 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 30 хоногийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлагдсанд тооцно" гэж, мөн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэж үзсэн өдрөөс эхлээд нэхэмжлэгч шүүхэд хандах боломжтой байсан 3 сарын хугацаа буюу 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн, нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан гэж тус тус үзсэн нь үндэслэлгүй юм.

3. Хариуцагч байгууллагын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №03/19 дугаар хуралдааныг үндэслэн нэр бүхий 4 ажилтанд сард 500 000 төгрөгийн хөлс олгохоор шийдвэрлэсэн харагдаж байгаа боловч уг хуралдааны гол зорилго нь цалин хөлсийг бууруулах зорилгоор гараагүй зөвхөн холбогдох татвар, шимтгэлийг бууруулах үүднээс гаргасан шийдвэр билээ. Гэтэл анхан шатны шүүхээс уг шийдвэрт гомдол гаргаж байгаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь үндэслэлгүй байна. Учир нь гэрч Ш.Уртнасангийн "... доллараар цалинждаг ажилтны цалинг 500 000 болгосон тушаал орж ирсэн, асуухад НДШ-ийн зардал их байгаа учир бид хоорондоо тохиролцоод цалингаа ийм болгосон гэж тайлбарласан...", "...2019 оны жилийн эцсийн тайланг гаргахад Ч.Шииэбаярын зөрүү мөнгийг хангалттай олгоогүй байсан..." гэх мэдүүлэг, гэрч Ү.Жамсрангийн "... цалинг нөхөж олгосон..." гэх мэдүүлэг зэргийг үнэлээгүй нь хангалттай нотлох баримтад тулгуурлаагүй гэж үзэхээр байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2, 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт тус тус заасанчлан цалин хөлс өөрчилсөнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулаагүй болно. Түүнчлэн Голомт банк ХХК-ийн депозит дансны хуулганаас харахад хариуцагч компани 2019 оны 11 сард Ч.Ш-т 1 289 400 тогрөг, 12 сард 1 357 947 төгрөгийн цалин олгосон байдал нь үндсэн цалинг 500 000 төгрөг болгоогүй. Мөн ажлаас чөлөөлөөгүй гэдгийг нотолж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч байгууллагаас олговол зохих цалин 25 238 935 төгрөг, алданги 12 619 467 төгрөг, нийт 37 858 402 төгрөг, илүү цагийн хөлс 1 838 509 төгрөг, дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 1 366 100 төгрөг, нийт 41 063 011 төгрөгийг гаргуулж өгөх үндэслэлтэй байна.

4. Мөн анхан шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг үндэслэн шүүхийн журмаар шинжээч томилуулах тухай хүсэлтийг өгсөн хэдий ч шүүхээс уг хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй байна. Түүнчлэн хүсэлт хэлэлцэх шатанд шүүх хуралдааны өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг нотлох баримтын хамт гаргаж өгсөн хэдий ч анхан шатны шүүхээс уг хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, мэтгэлцэх, өөрийгөө өмгөөлүүлэх эрхээр хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүх рүү буцаах үндэслэлтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Нямбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ч.Ш-ын "Ажет Авиэйшн" ХХК-д 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлтэд (1) 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 66 500 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Миний олгогдоогүй цалингаас 2 000 000 төгрөг суутган зээлийн үлдэгдэлд тооцож, зээлийн төлбөр төлөхийг түр зогсоож өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан байна (х/х 41х). Хүсэлт (2,3) 2007 оны үйл ажиллагааны урамшууллаас фондод үлдээсэн 8 509 ам долларыг тухайн өдрийн банкны ханшаар тооцон төлбөрөөс хасч өгнө үү гэсэн 2016 оны 12 дугаар сарын 20, 2017 оны 4 дүгээр сарын 03 ны өдрийн хүсэлт (х/х 39, 40х) хүсэлтүүдийг үндэслэн "Ажет Авиэйшн" ХХК-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 02 ны өдрийн 10/18 тоот тушаалаар (х/х 42х) 8509 ам.долларыг Монголбанкны тушаал гарах өдрийн ханшаар тооцон 20 439 809 төгрөгийг Ч.Ш-ын байрны зээлийн төлбөрт тооцон суутгах, олгогдоогүй цалингийн үлдэгдлээс 2 000 000 төгрөг тооцон өр төлбөрөөс хасах, Байгууллагын цалин хөлс олголт жигдрэх хүртэл суутгалыг зогсоох гэсэн шийдвэр гаргасан байна. Иймд Ч.Ш-ын өөрөө гаргасан хүсэлтэд заагдсан 2018 оны 3 дугаар сарын байдлаар 66 500 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна гэсэн тооцоо нь "Ажет Авиэйшн" ХХК-ийн нягтлан бодогч Ц.Мөнхтуяагийн гаргасан зээл авагч Ч.Ш-ын зээл төлүүлсэн тооцооноос зөрөөгүй тохирч байхад зарим сард 500 000 төгрөг аваагүй байдлыг үл хэрэгсэн өөрөө тооцоо бодож 8 974 533 төгрөг зээлийн төлбөрөөс хасч шийдвэрлэсэн нь илт хууль бус байна. Иймд Ч.Ш-аас 44 060 191 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. 2. Ч.Ш-ын нэхэмжлэлээс хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай эрхийн акт гаргахыг "Ажет Авиэйшн" ХХК-д даалгасугай гэсэн хэсгийн хувьд "Ажет Авиэйшн" ХХК нь Ч.Ш-ын өөрийн хүсэлтээр халагдах тушаалыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19/19 тоот тушаалаар гаргасан боловч байгууллагын онц чухал бичиг баримт материалыг хүлээлгэж өгөөгүй, эзэмшиж байсан машин, компьютер, гар утас гэх мэт зүйлсийг хүлээлгэж өгөөгүй, санхүүгийн өр авлагын тооцоо нийлээгүй зэргээс шалтгаалан өгөөгүй талаар шүүхэд удаа дараалан мэдэгдсээр байтал тушаал гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь нэг талыг илт барьсан тул энэ хэсэгт өөрчлөлт оруулан Ч.Ш-ын байгууллагад тооцоо дуусгахгүй эд зүйлийг нь болон нисдэг тэрэгний бичиг баримтыг устгах буюу өгөхгүй байх, санхүүгийн баримт бичиг өгөхгүй зугтах боломжийг олгож байгаа тул өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Ш- хариуцагч АА ХХК-д холбогдуулан 2004 оны 10 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны дутуу олгосон цалин 73 743 831 төгрөг, түүнд ногдох алданги 36 871 915 төгрөг, 2014-2019 оны илүү цагийн нэмэгдэл хөлс 36 999 990 төгрөг, байгууллагын фондод үлдээсэн 8 509 ам доллар буюу 23 702 840 төгрөг, нийтдээ 171 318 570 төгрөг гаргуулах, 2019 оны 6-10 дугаар сарын дутуу төлөгдсөн 1 366 100 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах, ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 44 060 191 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Ш- Сентрал Монголиа Эйрвэйз ХХК-д Ми-8 нисдэг тэрэгний ашиглалтын техникчээр ажиллаж байсан, Сентрал Монголиа Эйрвэйз ХХК-ийн нэр өөрчлөгдөж АА ХХК нэртэй болж өөрчлөгдсөн, нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/17 тоот тушаалаар чөлөөлөгдсөн боловч дахин техникийн захирал, агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженерээр томилогдож, хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулан ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр захиргаанд ажлаас чөлөөлөгдөх тухай бичгээр өргөдөл гаргасан зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх-ийн 7-8, 26, 27, 33, 101, 176, 177/

1.Нэхэмжлэгч Ч.Ш- 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажил олгогчид ажлаас чөлөөлөгдөх тухай бичгээр өргөдөл гаргасан, 2019 оны 10 дугаар сарын 21, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд ажил хүлээлцсэн хуудас баримт үйлдсэн байх бөгөөд ажил хүлээлцэх үед зарим эд зүйл, баримт бичгийг бүрэн хүлээлгэж өгөөгүй болох нь актад тэмдэглэгдсэн, гэрч Ү.Жамсран энэ талаар мэдүүлэг өгсөн байгаа боловч энэ нь хөдөлмөрийн гэрээг хуульд заасан журмын дагуу цуцлахад саад болохгүй. /хх-ийн 195-198, 2хх-ийн 76/ Иймд анхан шатны шүүх Ч.Ш-, АА ХХК-ийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр цуцлагдсан гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

Хариуцагч тал хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гарсан гэж тайлбарласан боловч уг тушаалыг шүүхэд ирүүлээгүй, ажилтан ажлаа зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй явдал нь ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3. дах хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр өгөх үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул шүүх ажлаас чөлөөлсөн тушаал гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

2.Анхан шатны шүүх Ч.Ш-ын нэхэмжлэлийн бусад шаардлага болох хариуцагчаас дутуу олгосон цалин хөлс 73 743 831 төгрөг, түүнд ногдох алданги 36 871 915 төгрөг, илүү цагийн нэмэгдэл хөлс 36 999 990 төгрөг нийт 171 318 570 төгрөг гаргуулах, дутуу төлөгдсөн 1 366 100 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Тодруулбал, хэрэгт авагдсан Ч.Ш-ын цалин хөлсөө авч байсан Голомт банкны дансны хуулга, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл зэрэг бичгийн баримтаар нэхэмжлэгч нь цалин хөлс, нэмэгдэл хөлс дутуу олгосон, нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлөгдсөн гэдгийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргаагүй, мөн хуулийн 129.3 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар хүсэлт гаргаагүй байна.

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол гаргаагүй, харин дутуу олгосон цалин хөлстэй холбоотой гомдол гаргасан тул ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гаргах үүргээ биелүүлээгүй явдал нь гомдол гаргах хугацааг түр зогсох буюу үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан үндэслэлд хамаарахгүй болно. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасныг хэрэглээгүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Шүүх дутуу олгосон цалин хөлс, нэмэгдэл хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор алданги гаргуулах, түүнчлэн 2019 оны 6-10 дугаар сард дутуу төлөгдсөн 1 366 100 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу 8509 ам долларыг түүний байгууллагаас авсан зээлийн төлбөрт хүсэлт гаргах өдрийн Монголбанкны ханшаар 20 439 809 төгрөгөөр тооцон хассан болох нь тогтоогдсон байх ба шүүх энэ үндэслэлээр байгууллагын фондод үлдээсэн 8 509 ам доллар буюу 23 702 840 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно. /хх-ийн 38, 39, 42, 167/

3. Зохигчдын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй боловч хариуцагч нь нэхэмжлэгчид 93 510 000 төгрөгийг орон сууц худалдан авахад зориулж зээлдүүлсэн, нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авч, эргэн төлөлт хийж байсан үйл баримт зохигчдын тайлбар, бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-ийн 41, 45-46, 167/ Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.4, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй болохыг зөв тодорхойлсон.

Хариуцагч тал дээрх зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг цалин хөлснөөс суутгуулан 27 010 000 төгрөг төлсөн, фондын мөнгө 8509 ам долларыг төгрөгт шилжүүлж 20 439 809 төгрөг, мөн цалингийн үлдэгдэл 2 000 000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцуулж, нийт 49 449 809 төгрөгийн зээлийг хааж, үлдэгдэл 44 060 191 төгрөгийг төлөөгүй гэсэн тайлбар гаргасан бол нэхэмжлэгч талаас ямар нэгэн эсэргүүцсэн тайлбар, нотлох баримт гаргаагүй, харин ...одоогийн байдлаар үлдэгдэл 50 гаруй сая төгрөг байх бөгөөд олгогдоогүй цалин хөлс, алданги, фондод үлдээсэн мөнгөө гаргуулан авсны дараа төлнө... гэсэн тайлбар гаргасан байхад шүүх зээл олгосноос хойш нэхэмжлэгчийн цалин хөлснөөс суутгах замаар төлөгдсөн дүнг 37 800 000 төгрөг гэж тодорхойлсон нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч Ч.Ш- 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч байгууллагад ...8 509 ам.долларыг өнөөдрийн ханшаар тооцон миний компанид төлдөг байрны үлдэгдэл 66 500 000 төгрөгөөс хасч тооцон суутгаж өгнө үү гэсэн өргөдлийг, ...2018 оны 03 сарын 30-ны байдлаар 66 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Миний олгогдоогүй цалингаас 2 сая төгрөгийг суутгаж өгнө үү. Мөн байгууллагын цалин хөлс олгох асуудал жигдэртэл түр хугацаагаар сар бүрийн 500 000 төгрөгийг зогсоож өгнө үү гэсэн өргөдлийг тус тус гаргасан нь /хх-ийн 41, 42/ хэрэгт авагдсан байх бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл хангалттай тодорхой илэрхийлэгдсэн гэж үзэхээс гадна ажлаас чөлөөлөгдөх хүртэл зээлийн төлбөр болох 500 000 төгрөгийг сар бүр төлж байсан гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч байгууллагын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10/18 дугаартай тушаал гарч, Ч.Ш-ын фондод үлдээсэн 8509 ам.долларыг тухайн өдрийн ханшаар төгрөгт хөрвүүлэн 20 439 809 төгрөг, олгогдоогүй цалингийн үлдэгдлээс 2 000 000 төгрөг, нийт 22 439 809 төгрөгийг суутган тооцсон байна. /хх-ийн 167/ Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний үүрэгт 44 060 191 төгрөгийг /64 500 000 -22 439 809/ нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

4.Анхан шатны шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, захирамжийн биелэлтийг хангуулж баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хангахгүй орхиж шийдвэрлэхдээ үндэслэлээ тодорхой заасан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт тус тус нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

Түүнчлэн, шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдаан давхцсан зэрэг үндэслэлээр удаа дараа шүүх хуралдаан хойшлогдож анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 10 сарын хугацаанд үргэлжилсэн. Иймд шүүх хуралдаан хойшлуулах, нотлох баримт гаргуулах зэрэг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хуралдааныг үргэлжлүүлэн явуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг болон хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/00505 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ш-аас 35 085 658 /гучин таван сая наян таван мянга зургаан зуун тавин найман/ төгрөг гаргуулж, хариуцагч АА ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 8 974 533 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Ш-аас 44 060 191 төгрөг гаргуулж, хариуцагч АА ХХК-д олгосугай гэж, 2 дахь заалтын 333 378 гэснийг 378 251 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 363 500 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ