Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 181/2022/01875/И |
Дугаар | 001/ХТ2024/00133 |
Огноо | 2024-06-11 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2024/00133
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/00166 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00569 дүгээр магадлалтай,
“К” ХК-д холбогдох
Экскаваторын хохирол 678,798,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Б.Ү-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Ц.Г, А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “К” ХК-д холбогдуулан экскаваторын хохирол 678,798,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/00166 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “К” ХК-аас 199,014,982 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 479,783,018 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,551,940 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К” ХК-аас 1,153,025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00569 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/00166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагчийн төлөөлөгч Б.Ү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг шүүхэд гаргах эсэх: Давж заалдах шатны шүүх эвлэрлийн гэрээ байгуулсан нь фидуцийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй хэмээн зөв дүгнэсэн хэдий ч зээлийн гэрээний үүргийг тэргүүн ээлжинд үл хөдлөх хөрөнгөөр гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчтэй тохирсон тул уг аргаар үүргийн гүйцэтгэл хүрэлцээгүй тохиолдолд дараа нь фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
“М” ХХК буюу нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул банк Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 740,998,955 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгөх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Уг шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2022.03.01-ний өдрийн дотор төлөх, тухайн төлбөр төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсоныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.02-ны өдрийн 183/ШШ2021/02804 дүгээр захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин нэхэмжлэгч нь дээрх хугацаанд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй бөгөөд банкны зүгээс үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа сануулж, боломжит хугацааг олгосон. Нэхэмжлэгч тохирсон хугацаандаа дахин үүргээ гүйцэтгээгүй тул 2019.02.25-ны өдөр байгуулсан фидуцийн гэрээний дагуу 2011 онд үйлдвэрлэсэн 1797 УБ улсын дугаартай “HITACHI ZX87OH-3” маркийн экскаваторт үнэлгээ хийлгэж, үнэлгээний дагуу 2022.03.21-ний өдөр 400 сая төгрөгөөр “Х” ХХК-д худалдан борлуулсан ба зээлийн төлбөрөөс тус дүнг хассан билээ.
2022.05.06-ны өдөр “М” ХХК нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд банкийг 2021.12.02-ны өдрийн эвлэрлийн гэрээнд фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулна хэмээн тусгаагүй тул фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах эрхгүй байсан хэмээн маргасан. Тус нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн ба үндэслэх хэсэгтээ “...Эвлэрлийн гэрээгээр зээлийн төлбөрийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар тохиролцсоныг шүүх баталж шийдвэрлэснээр зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгож маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тул талуудын хооронд байгуулагдсан 2019.02.25-ны өдрийн №3030-2019/04-2 тоот фидуцийн гэрээний эрх, үүргүүд буюу гэрээний харилцаа дуусгавар болсон” хэмээн талууд эвлэрлийн гэрээ байгуулсан тул фидуцийн гэрээ дуусгавар болсон хэмээн үзсэн.
Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба үндэслэл хэсэгт хэд хэдэн өөрчлөлтийг оруулсан байна. Фидуцийн гэрээний дагуу шаардах эрхийн талаарх дүгнэлтийг залруулна ...үүргийн гүйцэтгэлийг хангах өөр аргын талаар талууд тохиролцсон нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл болохгүй. Харин хариуцагч банк нь зээлийн гэрээний үүргийг тэргүүн ээлжинд үл хөдлөх эд хөрөнгөөр гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчтэй тохирч, энэ талаарх тохиролцоог шүүгчийн захирамжаар баталгаажуулсан бөгөөд уг аргаар үүргийн гүйцэтгэл хүрэлцээгүй тохиолдолд фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй”. Үүргийн гүйцэтгэл хангах өөр аргын талаар талууд тохиролцсон нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл болохгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Харин банк нь зээлийн гэрээний үүргийг тэргүүн ээлжинд үл хөдлөх эд хөрөнгөөр гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчтэй тохирч, энэ талаарх тохиролцоог шүүгчийн захирамжаар баталгаажуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хавтаст хэргийн 73, 74 дэх тал буюу 2021.12.02-ны өдрийн 183/ШШ2021/02804 дүгээр “зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт тэргүүн ээлжинд гэх нэг ч үг хэллэг байхгүй байгааг анхаарах хэрэгтэй. Ямар шалтгааны улмаас тэргүүн ээлжинд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах ёстой байсан хэмээн шийдсэн нь тодорхойгүй бөгөөд үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Үүний дагуу зээлдэгч зээлээ төлөхөөр зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу эвлэрч, шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байдаг.
Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д зааснаар барьцаа болон фидуцийн аль аль нь үүргийн гүйцэтгэлийн хангах арга боловч эрх зүйн зохицуулалт нь өөр, барьцааны шаардах эрхэд мөн хуулийн 153 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, барьцаа нь үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.
Харин мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ үүрэг хүлээгч нь хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн зүйлийн 235.4-д зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээний үүрэг дуусгавар болдог. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэлийг хангахад чиглэсэн үндсэн үүргийн шаардах эрхийн хэрэгжүүлэх хугацаа болмогц өмчлөгч этгээдэд эд зүйлийг худалдан борлуулах эрх үүсдэг ба энэ мөчөөс эхлэн тэрээр хуучин өмчлөгчид ашиглуулж байсан эд зүйлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу шилжүүлэхийг шаардах эрхтэй.
Дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлага гаргаж, фидуцийн гэрээний дагуух шаардлагыг тусгаагүй билээ. Учир нь фидуцийн зүйл нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд гэрээ байгуулагдсанаар шилждэг. Тиймээс өөрийн өмчлөлийн зүйлийг шаардах нь утгагүй юм. Давж заалдах шатны шүүх фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар эвлэрлийн гэрээнд тусгаж өгөөгүй тул барьцааны зүйлээр тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэл хангуулна хэмээн үндэслэж, шийдвэрлэсэн. Гэтэл дээрх үндэслэлээр фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагадаа фидуцийн зүйлийг тусгаагүй нь тэргүүн ээлжинд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах ёстой гэх санааг илэрхийлэхгүй. Тиймээс эвлэрлийн гэрээнд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар тусгаж өгөөгүйгээс барьцааны зүйлээр тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэл хангуулна хэмээн шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байна.
4.2.Фидуцийн зүйл худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед банкны өмчлөлд байсан тухай: 2019.02.25-ны өдөр байгуулсан фидуцийн гэрээний 3.1-д “зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 30-аас дээш хоног зөрчиж, зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй эсхүл энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд банк зөрчлөө арилгахыг шаардсан албан бичиг хүргүүлэх бөгөөд хэрвээ тухайн хугацаанд зөрчлөө арилгаагүй бол банк фидуцийн зүйлийг хураан авч, бусад иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулж, худалдан борлуулсан нийт дүнгээр шаардлагаа хангуулна”, 3.5-д “банк фидуцийн зүйлийг энэхүү гэрээний дагуу шилжүүлэн авснаар бусдад худалдах үнийг тохиролцох эрх нь түүнд үүснэ” хэмээн тус тус заасан байдаг. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байгаа бөгөөд энэ талаар маргаагүй билээ. Тиймээс нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасны дагуу тогтоосон хугацаанд зөрчлөө арилгаагүй тул банкинд фидуцийн зүйлийг худалдан борлуулах эрх үүссэн бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” хэмээн заасны дагуу өөрийн өмчлөлийн зүйлийг захиран зарцуулах эрхтэй байсан.
4.3.Экскаваторын зах зээлийн үнэлгээний талаар: Давж заалдах шатны шүүхээс “...учир нь хариуцагчаас экскаваторыг гуравдагч этгээдэд худалдсан үнэ нь тухайн гэрээний талуудын тохиролцоогоор тогтоогдсон үнэ бөгөөд тухайн төрлийн эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоосон гэж үзэхгүй” хэмээн үндэслэжээ. Банкны зүгээс фидуцийн зүйлийг худалдан борлуулахдаа “Х” ХХК экскаваторын зах зээлийн үнийг 398,000,000 төгрөгөөр тогтоож, үнэлгээний дагуу худалдан борлуулсан юм. Өөрөөр хэлбэл, гэрээний талуудын тохиролцоогоор бус шинжээчийн үнэлгээг баримталсан байхад ингэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн манай талаас шүүх хурал дээр болон гаргасан хариу тайлбар, түүний үндэслэлдээ Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын үнэлгээний тайлантай санал нийлэхгүй байгаа, “Х” ХХК-ийн үнэлгээг баримталсан байхад нэмэлт шинжилгээ хийлгэх асуудлаар хүсэлт гаргаагүй тул шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хэмээн үзсэн нь үйл баримтыг зөв дүгнээгүй байна.
4.4.Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын үнэлгээний тайлангийн талаар: “Шинжээчийн тооцоолж гаргасан үнэлгээний үр дүн үнэлгээчний бие даан хийсэн үнэлгээ биш бөгөөд гаргасан үр дүн нь тухайн хөрөнгийн зах зээлийн цэнийг илэрхийлнэ гэсэн баталгаа гаргахгүй, тийм баталгаагаар талуудыг хангахгүй” гэж бичсэн байхад шүүхүүд тус үнэлгээг үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна. Өөрөөр хэлбэл, үнэлгээ нь талуудын бодит үнэлгээний мэдэгдлээр хангахгүй буюу шүүхийн үндэслэл болохгүй гэж үнэлгээчид тайландаа бичсэн.
4.5.Анхан шатны шүүх процессын хууль зөрчсөн талаар: Анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгаль ажиглагчаар оролцохоо илэрхийлсэн байхад шүүх хурал дээр тухайн этгээд нь нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж, хэрэг хэлэлцэх ажиллагаанд оролцуулсан нь мөн л холбогдох хуулийг зөрчсөн байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Хариуцагчийн төлөөлөгч Б.Ү-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.30-ны өдрийн 001/ШХТ2024/00654 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
7.Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “К” ХК-д холбогдуулан экскаваторын хохирол 678,798,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “...зохигчийн хооронд 2019.02.25-ны өдөр зээлийн, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээг тус тус байгуулагдсан нэхэмжлэгч нь банкнаас 650,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Фидуцийн гэрээгээр 678,798,000 төгрөгийн үнэ бүхий 17-97 УБ улсын дугаартай “HITACHI ZX87OH-3” загварын эксковаторыг банкны өмчлөлд бүртгүүлж шилжүүлсэн. “К” ХК нь 2021.12.02-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж зээлийн гэрээний үүрэгт нийт 740,998,955 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг манай компани бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2022.03.01-ний өдрийн дотор зээлийн төлбөрийг төлж барагдуулахаар, үүргээ биелүүлээгүй тохиолдолд зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон үйлдвэр үйлчилгээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/02804 дүгээр захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл “К” ХК нь дээрх эвлэрлийн гэрээг ноцтой зөрчиж, фидуцийн гэрээний дагуу өмчлөлд шилжүүлсэн экскаваторыг бидэнд мэдэгдэлгүйгээр эзэмшилдээ шилжүүлэн авч, хууль бусаар худалдан борлуулсан байна. Гэрээний нөхцөлд тусгагдаагүй фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй ба тухайн зүйлийн өмчлөлийг манайд шилжүүлэх үүрэгтэй байсан. Иймд гэрээнд заасан экскаваторын үнэлгээгээр хохиролд 678,798,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Тухайн эвлэрлийн гэрээ нь зээлийн гэрээний дагуу өр төлбөрөө нэхэмжлэх, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээ хангуулах эрхтэйг шүүхээр баталгаажуулах үндсэн зорилготой байсан. Гэрээнд өмнөх гэрээнүүдийн үүргийг сольж байгаа эсхүл талуудын өмнө байгуулсан хэлцлийг орлох талаар аливаа нөхцөл, агуулга тусгагдаагүй. Нэхэмжлэгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлөх өр төлбөртэй хэвээр байгаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. “К” ХК экскаваторыг бодитойгоор шилжүүлэн авч, худалдан борлуулж, зээлийн төлбөрөөс хассанаар фидуцийн гэрээ дуусгавар болсон. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний тухайд зээлдэгч үүргээ бүрэн гүйцэтгэснээр эсвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулснаар дуусгавар болно. Нэхэмжлэгчийн банкны өмнө хүлээх зээлийн үүрэг дуусгавар болоогүй. Эд хөрөнгийг 2022.03.09-ний байдлаар үнэлгээ хийлгэхэд 398,000,000 төгрөг болсон. Иймд нэхэмжлэгч хохирлоо бодитой тогтоосон гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл “К” ХК-аас тухайн экскаваторыг өөрсдөө эзэмшиж, ашиглаж байсан үедээ учруулсан хохирлыг нэхэмжлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн.
9.Анхан шатны шүүх “...”К” ХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулахаар шаардаагүй, талууд эвлэрлийн гэрээгээр зээлийн төлбөрийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар тохиролцсоныг шүүх баталж шийдвэрлэснээр зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгож маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тул талуудын хооронд байгуулагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээний эрх, үүрэг дуусгавар болсон байна. Иймд банк экскаваторыг бодитойгоор гаргуулан авах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй, эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй байсан. Гэвч 2022.03.21-ний өдөр “Х” ХХК-д экскаваторыг 400,000,000 төгрөгөөр худалдаж буцааж өгөх боломжгүй болсон, мөнгийг зээлийн төлбөрт тооцсон тул 2022.03.09-ний өдрийн байдлаар шинжээч зах зээлийн үнэ цэнийг 599,014,982 төгрөг болохыг тогтоосон тул зөрүү 199,014,982 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй” гэсэн агуулгаар дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг буруу, зохигч зээлийн гэрээгээр гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлж улмаар барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирч эвлэрсэн, уг эвлэрлийг шүүх баталгаажуулсан нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөгөө арга болох фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулахаар шаардлага гаргахад саад болохгүй, гагцхүү барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангуулахаар нэхэмжлэгчтэй тохирсон бөгөөд уг аргаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцээгүй тохиолдолд фидуцийн зүйлийг шаардах эрхтэй. Харин фидуцийн зүйлийг худалдахдаа нэхэмжлэгчтэй тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй. Иймд экскаваторыг буцаан шаардах эрхтэй боловч бусдад худалдагдсан тул үнийг гаргуулах нь зүйтэй, төлбөрийн зарим хэсэг төлөгдсөн, үнэлгээг үндэслэн зөрүү 199,014,982 төгрөгийг гаргуулах нь зүйтэй” гэж үзсэн байна.
11.Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж адил шийдвэр гаргасан боловч хариуцагч фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй эсэх талаар эрх зүйн зөрүүтэй дүгнэлт хийсэн, улмаар гэрээний зүйл болох экскаваторын үнэлгээг бодитой тогтоогоогүй талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын журмаар хэлэлцэх нь зөв гэж танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас үзсэн байна.
12.Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлтийг залруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
13.Хэргийн баримтаас үзвэл, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн буюу тэдний эвлэрлийг баталгаажуулсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/02804 дугаар захирамж хүчин төгөлдөр байна.
Уг захирамжийн дагуу нэхэмжлэгч зээлийн төлбөрт нийт 740,998,955 төгрөг төлөх, төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болсон зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон ба энэхүү захирамжийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгааг зохигч маргаагүй байна.
14.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуцийн гэрээ гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Фидуцийн гэрээний зүйл нь хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд тухайн гэрээ дуусгавар болох үндэслэлийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5-д заахдаа, үүрэг гүйцэтгэгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлсэн бол уг гэрээ дуусгавар болох, эсхүл үүрэг биелэгдээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болох эдгээр нөхцөлийг тогтоосон байна.
15.Дээрхээс үзэхэд фидуцийн гэрээ нь үндсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй хамааралтай, тухайлбал, үндсэн үүрэг дуусгавар болсон эсхүл хүчин төгөлдөр бус болоход фидуцийн гэрээ дуусгавар болно, үүнээс гадна фидуцийн зүйл устаж үгүй болох, түүнчлэн үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэл зоригоос хамааралтай буюу фидуцийн эрхээс татгалзсан зэрэг тохиолдолд тухайн гэрээ дуусгавар болох боломжтой байна.
16.Зохигч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зэрэгцсэн хоёр аргыг хэрэглэсэн байх бөгөөд эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, “М” ХХК нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйгээс “К” ХК үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон фидуцийн зүйлээр хангуулах шаардлага гаргах эрхтэй.
Тус банк фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж хүсэл зоригоо илэрхийлсэн байдал, гэрээ дуусгавар болох өөр нөхцөл тогтоогдоогүй, иймд анхан шатны шүүхийн “зохигч эвлэрснээр фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон...” тухай дүгнэлт хуульд нийцээгүй ба энэ дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үгүйсгэсэн нь үндэслэлтэй болжээ.
17.Харин давж заалдах шатны шүүх “К” ХК-ийг фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй болохыг зөв тогтоосон боловч зохигч эвлэрлийн гэрээний дагуу барьцааны зүйлээр тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон, уг аргаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцэхгүй тохиолдолд фидуцийн зүйлийг шаардах эрхтэй гэсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх эвлэрлийн гэрээг баталгаажуулснаар эхний ээлжинд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах дараалал тогтоосон, фидуцийн зүйл нь нөхөх хариуцлагын журмаар хэрэглэгдэнэ гэж үзэхгүй. Фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэхийг шүүх шийдвэрлээгүй, хүчин төгөлдөр гэрээний дагуу фидуцийн зүйлээр үүргийг хангуулахаас татгалзах эрх нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу “К” ХК-д байх бөгөөд ийм хүсэл зоригийг тус банк илэрхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
18.Нөгөө талаар, зээлийн үүргийг шаардахдаа банк тухайн зээлийн төлбөр төлөгдөөгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон фидуцийн зүйлээр хангуулах шаардлагыг хамтад нь гаргах боломжтой байсан боловч зохигчийн тайлбар шүүх хуралдааны мэтгэлцээнээс үзэхэд зохигч эвлэрлийн гэрээ байгуулахаас өмнө фидуцийн зүйл бусдад дамжигдан гуравдагч этгээдийн эзэмшилд хаана байгаа болох нь мэдэгдэхгүй байснаас хоёр талын төлөөлөгч оролцон хайж, хожим олж илрүүлж банк эзэмшилдээ авсан үйл баримтын талаар маргаагүй байна.
Иймд “К” ХК нь фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авсан нь хууль зөрчихгүй.
19.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний эрхээ хэрэгжүүлэхэд гэрээнд өөрөөр заагаагүй бол заавал шүүхийн шийдвэрийн үндсэн дээр албадан дуудлага худалдаа явагддаг, харин фидуцийн гэрээний эрхээ хэрэгжүүлэхэд ийм журамгүй, гэрээний зүйлийг бодитоор эзэмшилдээ авснаар тухайн гэрээ дуусгавар болох тул “К” ХК нь зээлийн гэрээний үүргийг шаардахдаа барьцааны гэрээний хамт фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд шаардлага гаргаагүйгээс фидуцээр шаардлагаа хангуулах эрхээс татгалзсан гэж дүгнэх нь дутагдалтай.
Дээр дурдсан нөхцөл байдлыг хоёр шатны шүүх анхаараагүй байна.
20.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 199,014,982 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо дээр дурдсанаар анхан шатны шүүх “...хариуцагч фидуцийн зүйл болох экскаваторыг зээлийн төлбөрт авах ёсгүй байсан, гэвч бусдад худалдагдаж, худалдсан үнээс нэгэнт зээлийн төлбөрийн зохих хэсэг хасагдсан тул үнэлгээг баримталж зөрүүг олгоно” гэсэн, давж заалдах шатны шүүх “...банк фидуцийн зүйл болох экскаваторыг зээлийн төлбөрт тооцож авах боломжтой боловч барьцааны зүйлээр тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулах боловч нэгэнт бусдад худалдаж зээлээс хассан учир зөрүү олгох үндэслэлтэй” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус хийсэн.
21.Фидуцийн зүйлийн үнэлгээний талаар зохигч маргасан ба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг бодитойгоор эзэмшилдээ авсан бол гэрээнд заасан, талууд хэлэлцэн тохирсон үнэлгээний тэр хэмжээгээр тохиролцсон төлбөрийн үүрэг хангагдана гэж үзэх нь фидуцийн гэрээний зорилго, агуулгад нийцнэ.
Гэхдээ маргаан бүрийн онцлогоос хамаарч, үүрэг гүйцэтгүүлэгч гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авах үеийн бодит нөхцөл байдлыг харгалзахад дээрх зарчим саад болох учиргүй ба үүнд, үндсэн гэрээний үргэлжлэх хугацаа, гэрээний хугацаанд фидуцийн зүйлийг хэний эзэмшил, ашиглалтад байлгахаар зохигч тохиролцсон, тухайн эд хөрөнгийн чанар, бүрэн бүтэн бүтэн байдлыг хариуцах үүргээ хэрхэн биелүүлсэн, гэрээнд заасан үнэлгээ илтэд буурсан тодорхой үйл баримт зэргийг харгалзах үндэслэл байж болно.
22.Зохигчийн хооронд байгуулагдсан 2019.02.25-ны өдрийн фидуцийн гэрээний 2.1-д экскаваторын үнэ 678,798,000 төгрөг болохыг тодорхойлж, нэхэмжлэгч экскаваторыг эзэмшилдээ байлгаж ашиглах эрхтэйгээр авч үлдэн, түүний бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж чанарыг хариуцаж үнэлгээг бууруулахгүй байх үүргийг хүлээсэн байна. Нэхэмжлэгч энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, экскаваторын ашиглалтын явцад чанар байдлыг бууруулахгүйгээр шаардагдах засвар үйлчилгээ хийгээгүйгээс банк 2022.03 сард эзэмшилдээ авах үед ердийн элэгдлээс муудсан нь анх тохиролцсон үнэлгээ буурсан гэж үзэхээр байна.
Хэрэгт үнэлгээ тогтоосон хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан, “К” ХК нь “Х” ХХК-аар үнэлгээ хийлгэхэд экскаваторыг 389,000,000 төгрөгөөр, “Л” ХХК нь 1,895,780,138 төгрөгөөр үнийг тогтоосон нь бодит бус гэж үзэж шүүхээс зохигчийн хүсэлтээр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан ба тус компани үнийг 599,014,982 төгрөг гэж тодорхойлжээ.
Иймд экскаваторын үнийг гэрээгээр тохиролцсон 678,798,000 төгрөгөөр бус, харин 599,014,982 төгрөгийн үнэлгээтэй гэж үзсэн шүүхүүдийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.
23.”К” ХК нь экскаваторыг ”Х” ХХК-д 2023.02.21-ний өдөр 400,000,000 төгрөгөөр худалдсан тухай гэрээ хэрэгт авагдсан, уг гэрээг үндэслэн зээлийн төлбөрөөс дээрх мөнгийг хассан гэх тайлбар гаргасан хэдий ч гэрээнд заасан үнэ буурсантай холбоотой хариуцагч нь нэхэмжлэгчид хандаагүй, 400,000,000 төгрөгөөр худалдахдаа түүнд мэдэгдээгүй, дан ганц талын шийдвэрээр төлбөрөөс 400,000,000 төгрөг хасч тооцсон нь үндэслэлгүй.
“К” ХК нь фидуцийн зүйлийг бодитойгоор эзэмшилдээ авснаар дээрх шинжээчийн тогтоосон үнийн хэмжээгээр буюу 599,014,982 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасах үүргийг хүлээх бөгөөд 400,000,000 төгрөгөөр худалдсан гэж уг мөнгөний хэмжээгээр зээлийн төлбөрөөс хассан нь буруу тул зөрүү 199,014,982 төгрөгөөр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэж, энэ үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/00166 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00569 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч 2024.05.08-ны өдөр төлсөн 1,153,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН