Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 65

 

Ц.Ц-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0194/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ө.Өлзиймаа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолтой, Ц-ийн Ц-ад холбогдох, 2018000000158 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Ц-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд нь 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2.т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 05 сар хорих ялаар шийтгүүлж байсан,  ********** регистрийн дугаартай, Г- овогт Ц-ийн Ц-.

Шүүгдэгч Ц.Ц- нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг, ** дугаар байрны ** тоотод Л.Ц-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, хүзүү хоолой, цээжний ар, баруун бугалга, зүүн бугалга хэвлийн зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Г- овогт Ц-ийн Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Ц.Ц-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.т зааснаар шүүгдэгч Ц.Ц- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1.т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ц-аас 905160 /есөн зуун таван мянга нэг зуун жар/ төгрөг гаргуулан хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум, **-р баг, Найрамдлын ** тоотод оршин суух Л-гийн Ц- /РД:**********, утас:********/-д олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дүгээр зүйлийн 1.т зааснаар хохирогч Л.Ц-ын үсний эмчилгээний төлбөр 600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ц- давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх намайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдол саналгүй болно.

Харин хохирогч Л.Ц-ын нэхэмжилсэн эм тариа, эмчилгээтэй холбоотой хохирол 705,160 төгрөг, алга болсон ээмэг болон хаалганы түлхүүр, цоож солиулсан төлбөр 200,000 төгрөг, үсний эмчилгээ хийлгэх шаардлагатай мөнгө 600,000 төгрөг нийт 1,505,160 төгрөг нэхэмжилснээс 905,160 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрэг болсон өдөр алга болсон гэх ээмгээ зүүж хэрэглэж байсан болох уг ээмэг алга болохдоо миний буруутай үйлдлээс алга болсон нь хангалттай тогтоогдоогүй байхад надад хамааруулсныг би зөвшөөрөхгүй байна.

Мөн хаалганы цоожийг би эвдэж солих шаардлагатай болгосон гэж би үзэхгүй байгаа тул хаалга, ээмэгний төлбөр болох 200,000 төгрөгийг хасч тооцуулмаар байна.

Мөн надад оногдуулсан торгох ялын 600 нэгж буюу 600,000 төгрөгийг төлөх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байгаа бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж заасныг баримтлан 5 сарын хугацаанд сар бүр 120,000 төгрөг төлөхөөр тогтоож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Ц-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эмчилгээтэй холбоотой хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгийг миний үйлчлүүлэгч гаргаж байгаа. Мөн шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг сар бүр 120.000 мянган төгрөг байхаар тогтоож өгнө үү гэв.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Хохирогч анх мэдүүлэг өгөхдөө хаалга эвдсэн, ээмэг алга болсон талаар хэлсэн. Анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгч торгуулийн ялыг төлөх боломжтой гэдэг саналыг гаргаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Ц-ын гаргасан ...гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрч байна., харин хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлээс шүүх 905,160 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.,  тухайн үед  хохирогч ээмэг алга болохдоо миний буруутай үйлдлээс алга болсон эсэх нь  хангалттай тогтоогдоогүй байхад бүгдийг надад хамааруулсныг би зөвшөөрөхгүй., мөн  цоожийг би эвдэж солих шаардлагатай болгосон гэж үзэхгүй байгаа тул хаалга, ээмэгний төлбөр болох 200,000 төгрөгийг хасч тооцно уу., торгуулийн ял миний гэм бурууд тохирсон., гэвч хуульд заасны дагуу ахуй амьдралыг харгалзан үзэж хэсэгчлэн төлөхөөр тогтоож  өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэсэн байдал,  шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл:

Шүүгдэгч Ц.Ц- нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг ** дугаар байрны ** тоот хохирогч Л.Ц-ийн  хөлслөн  амьдардаг байранд түүнтэй маргалдаж улмаар зодож биед нь тархи доргилт, нүүр, хүзүү хоолой, цээжний ар, баруун бугалга, зүүн бугалга хэвлийн зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Ц.Ц-ын энэ үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн  өөрийн  мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  үйлдсэн хэргийн талаар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг.,  хохирогчийн болон гэрч С.У-,  П.Г-,  С.С-,  Б.Э-  нарын мэдүүлэг., /х.хийн 18-19., 22-25.р  хуудас /  Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дугаартай хохирогч Л.Ц-ын биед тархи доргилт, нүүр, хүзүү хоолой, цээжний ар, баруун бугалга, зүүн бугалга хэвлийн зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо., энэ нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой., гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно., цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй., гэсэн дүгнэлт / х.хийн 38-452-р хуудас / зэргээр нотлогдож тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, тухайн үед болсон үйл баримтанд зөв дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тооцож  эм тариа, эмчилгээтэй холбоотой хохирол 705.160 төгрөг, тухайн үед алга болсон гэх ээмэг болон хаалганы түлхүүр, цоож солиулсан төлбөр 200.000 төгрөг, нийт 905160 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж,  харин үс халцарч унаснаас эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж  600.000 төгрөг нэхэмжилснийг нотлох баримтыг үндэслэн  хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх бөгөөд  хохирогчийг тухайн үед ээмэггүй байсан, эсхүл ээмэг нь  алга болоогүй гэж үзэх , мөн  хаалганы  цоож, түлхүүр солиогүй гэж үзэх  үндэслэл, нөхцөл  байдал тогтоогдохгүй  байна.

Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас  учирсан хохирлыг зөв тооцож, хохирол, хор уршгийн шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан торгуулийн ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ. 

Харин шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахдаа түүний орлого олох нөхцөл боломж, ахуй амьдралын байдал,  шүүгдэгч нь  улирлын  чанартай ажил хийдэг болон  одоогийн цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч  ял биелэгдэх боломжийг харгалзан үзэж торгуулийн ялыг хэсэгчлэн тогтоож, хугацаа заах нь зөв бөгөөд хэрвээ шүүгдэгч  торгуулийн “ялыг” ...шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй., эсхүл зарим хэсгийг нь төлөөгүй бол төлөгдөөгүй ялын хэмжээгээр Эрүүгийн хуульд заасан ялын хамгийн хүнд хэлбэр болох хорих ялаар солигдох үр дагавартай болохыг шийтгэх тогтоолд “үүрэг” болгож тодорхой тусгаж өгөх нь зүйтэй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд  нэмэлт оруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлын  ...төлөх төлбөрөөс хасуулах тухай...  хэсгийг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч  Ц.Ц-  шүүхээс  оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож., торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй... гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад  заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч  Ц.Ц-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

          3.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч  хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                  ШҮҮГЧИД                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                            Ц.ТУЯА