Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 203

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч  Б.Батсүх,

Шүүгдэгч Ц.Ц.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц-ад холбогдох эрүүгийн 2018000000158 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Аптай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, “Алтайн зам” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Ц.Ц-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Ц.Ц- нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр баг, 4-3 дугаар байрны 139 тоотод Л.Л.Ц-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, хүзүү хоолой, цээжний ар, баруун бугалга, зүүн бугалга хэвлийн зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ц.Ц.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Эрүүгийн  2018000000158 дугаартай хэргээс:

Хохирогч Л.Л.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ц.Ц.Ц- гэх залуутай анх 2020 оны 01 дүгээр сарын дундуур танилцсан. Тэгээд бид хоёр хаяа нэг уулзалдаад найз нөхрийн журмаар үерхдэг байсан...2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагийн орчимд би найз нартайгаа уулзаад юм яриад хүний 3 лааз пиво уугаад суусан. Надтай Ц.Ц- хамт байсан. Тэгээд орой 19 цаг өнгөрөөд Буудай нэртэй зочид буудлын ресторанаас гараад Ц.Ц-ыг гэр рүүгээ харьж бай би араас чинь яваад очъё, би хэсэг найз нартайгаа хамт сууж байгаад очъё гэхэд манай найз нарыг элдэв бусаар хэлээд танай найз нар чинь өлөн зантай энэ тэр гээд байхаар нь чи гэр рүүгээ хариад байж бай гэхэд намайг гуйсаар байгаад гэр рүү хамтдаа харьсан. Тэгээд бид хоёр гэртээ ороход Ц.Ц- намайг найз А- явалддаг биз дээ гээд хардаад байхаар нь найзууд хоорондоо явалдана гэж юу байдаг юм бэ хий хардах чинь өвчин шүү чи одоо ингэж намайг хардаж байгаа юм чинь бүтэхгүй юм байна больё гэж хэлэхэд Дарханы хүүхнүүд ийм шүүдээ гэж хэлээд миний үснээс зулгаагаад унтлагын өрөө рүү үстэж чирээд миний хоёр шанаа руу ээлжилж гараараа цохиод, хоолой багалзуурдаад, толгойгоор шал мөргүүлээд гэдэс хэвлий хэсэг рүү гараараа цохисон. Тэгэхэд нь би гуйж байгаад салсан. Тэгээд хэсэг байж байгаад би 00-ийн өрөөнд сууж байгаад Ц.Ц-ыг унтлагын өрөө рүү ороход нь зугтааж гараад байрныхаа нэг давхарт орцны үүдэнд Ц.Ц-ад баригдчихаад орилоход нэг давхарт байдаг эгч гараад ирэхэд зугтаагаад яваад өгсөн. Тэгэхээр нь би айлд ороод цагдаагийн газар руу дуудлага өгсөн... Бид хоёр дөнгөж бие биетэйгээ танилцаж байсан хүмүүс байгаа юм...бид хоёр ямар нэгэн гэр бүлийн хамааралтай хүмүүс биш” гэх мэдүүлэг /хх 15-16/,

Гэрч П.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хэсэг хугацааны дараа Л.Ц- руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд танихгүй дугаараас дуудпага ирэхээр нь аваад ярьсан чинь Л.Ц- залгаад “би найз залуу Ц.Ц-ад зодуулчихлаа” гэсэн. Тэгээд бид нар бүгдээрээ гэр лүү нь явцгаасан... Л.Ц-ын 2 хацар нь хөхрөөд хавдчихсан, хүзүүн дээр нь шалбарчихсан, баруун талын чихний урд талын хэсэг нь хавдчихсан, хэвлий хэсэгт нь маажчихсан юм шиг шалбарчихсан, толгойны оройн хэсгээр хавдчихсан байдалтай байж байсан” гэх мэдүүлэг /хх 18/,

Гэрч Б.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Ц- яг юу гээд байгаа нь мэдэгдэхгүй орилоод гар утас болон гадуурх хувцсаа тайлж шидээд байгаа харагдсан. Түүнийг нь Л.Ц- газраас авч байсан. Тэгж байгаад удаагүй тэр хоёр яваад өгөхөөр нь гайгүй эвлэрээд явчихлаа гэж бид нар бодоод С- гэрт бид нар очихоор болж тэнд 1 цаг гаруй хугацаа өнгөрч байхад Г-р руу Л.Л.Ц- утасдаад Ц.Ц.Ц- намайг зодчихлоо, би нэг давхрынхаа айлд байна гэж ярьсан. Тэгэхээр нь бид нар бүгдээрээ Л.Л.Ц-ын түрээсээр амьдардаг Дархан сумын 9 дүгээр баг, 4-3 дүгээр байрны гадаа очиход гэрт нь С-, Г-, О- гурав орсон шиг санагдаад байна. Харин гадаа нь А-, У- бид гурав үлдсэн. Тэгсэн удаагүй Л.Л.Ц-ыг дагуулж гарч ирсэн бөгөөд эргүүлийн цагдаа нар ирчихсэн байсан. Л .Л.Ц-ыг гадаа гарч ирэхэд нь харахад бол хоёр нүд нь хөхөрч хавдсан, үс нь сэгсийсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх 22/,

Гэрч С.С.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай найзууд манайд 1 цаг орчим юм яриад байж байхад 21 цагийн үед П.Г- гар утсанд Л.Ц-аас дуудлага ирсэн бөгөөд намайг Ц.Ц- зодоод алах гээд байна яаралтай хүрээд ирээч гэхэд нь гэж Л.Ц- ярилаа гэхээр нь манай найзууд бүгдээрээ Л.Л.Ц-ын гэрт буюу Дархан сумын дүгээр баг, 4-3 дугаар байрны 39 тоотод очиход гэрийнх нь эд зүйл ундуй, сундуй болчихсон, хоёр нүд нь тагларч хавдаж хөхөрсөн байдалтай, хөл, гар, цээж, гэдэс хэсэг нь хөхөрч цус хурсан байдалтай, хагас нүцгэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх 23/,

Гэрч С.У- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г- руу Л.Ц- утасдаад Ц.Ц- намайг зодчихлоо би 1 давхрынхаа айлд байна гэж ярьсан. Тэгэхээр нь бид нар бүгдээрээ Л.Ц-ын түрээсээр амьдардаг байрны гадаа очоод С.О-, Г-, О-нар гэрлүү нь орсон шиг санагдаж байна. ... Л.Л.Ц-ыг гадаа гарч ирэхэд нь харахад бол хоёр нүд нь хөхөрч хавдсан, үс нь сэгсийсэн байдалтай байсан” /хх 25/,

Гэрч Л.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед над руу манай эгч Л.Ц- залгаад хаана байна гэж асуухаар нь гадуур явж байна гэж хэлэхэд хүрээд ирээч Ц.Ц- намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би байрных нь гадаа яваад очиход эргүүлийн цагдаа болон эгчийн найзууд ирчихсэн байсан. Эгчтэйгээ гадаа уулзахад хоёр нүд нь тагларч цус хурч хөхөрч хавдсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх 26/,

Гэрч Б.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...21 цагийн үед орцонд нэг хүн уйлаад орилоод байгаа чимээ сонсогдохоор нь гайхаад хаалга онгойлгоод харахад гадаа орцны хаалганы босго дээр нэг эмэгтэйг газар унагчихсан үстээд толгой руу нь нэг залуу цохиод байгаа харагдсан. Тэгэхээр нь би гэртээ буцаж орж углаашаа өмсөөд  буцаад гараад ирэхэд тэр залуу гадагшаа гараад зугтсан” гэх мэдүүлэг /хх 27/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлт

1.Л.Л.Ц-ын биед тархи доргилт, нүүр, хүзүү хоолой, цээжний ар, баруун бугалга, зүүн бугалга хэвлийн зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгой.

3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

5.Л.Л.Ц-ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 30-31/,

           

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 04/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 5-6/,

Хохирогч Л.Л.Ц-ын хохирлын баримт /хх 9-13/, яаралтай тусламжийн хуудас /хх 32-33/,

“Ашид билгүүн” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх 38-40/,

Шүүгдэгч Ц.Ц.Ц-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 52-59/, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 83-96/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Ц.Ц- нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр баг, 4-3 дугаар байрны 139 тоотод Л.Л.Ц-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

                       

Шүүгдэгч Ц.Ц.Ц- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Л.Л.Ц- нь эм тариа, эмчилгээтэй холбоотой хохирол 705160 төгрөг, алга болсон ээмэг болон хаалганы түлхүүр, цоож солиулсан төлбөр 200000 төгрөг, үсний эмчилгээ хийлгэх шаардлагатай мөнгө 600000 төгрөг нийт 1505160 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ц.Ц.Ц-аас 905160 төгрөгийг гаргууүлж хохирогч Л.Л.Ц-ад олгож,  хохирогч Л.Л.Ц-ын биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн №99 дугаартай дүгнэлтэд үс халцарч унасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн үзлэг, эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байх тул үсний эмчилгээний төлбөр 600000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Ц.Ц- гэмт улмаас учирсан хохирол 905160 төгрөгийг 2020 оны 06 сарын 10-ны өдөр нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Ц.Ц.Ц-ад оногдуулсан 600 000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Ц-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Ц- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ц.Ц-аас 905160 /есөн зуун таван мянга нэг зуун жар/ төгрөг гаргуулан хохирогч Л.Ц- -д олгосугай.

 

            5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Л.Л.Ц-ын үсний эмчилгээний төлбөр 600000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц.Ц-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ