Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2021/02402

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.Г-н нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Г ө ХХК-д холбогдох,   

 

77,141,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд, Г.Пүрэвдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал, Б.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, өмгөөлөгч О.Мөнхболд, Г.Пүрэвдорж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... О.Г нь Г ө ХХК-д 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр туслах ажилтнаар ажилд орсон. 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрТайгам алтай” ХХК-ийн барьж байсан 3 дугаар ээлжийн орон сууцны 35 дугаар барилгын 12 давхрын лифтний хонгилд ажлаа хийж яваад 12 давхраас 11 давхар руу унаж маш хүнд гэмтэл авсан. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Баасандорж үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг баталсан бөгөөд уг актад О.Г нь үйлдвэрлэлийн ослын улмаас хүнд бэртэл авч хүзүүний нэг нугалам бяцарч бөгсөн бие мэдээгүй болсон гэсэн дүгнэлт гаргасан. Осол болсноос хойш хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт 2 удаа гарсан. Үүнд: актын дугаар 0197563, үйлдвэрлэлийн ослын улмаас хүзүүний нугалмын олон хугарал үүссэн. Хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл тогтоосон. Актын дугаар 0271025, үйлдвэрлэлийн ослын улмаас хүзүү хугарсан. Хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл тогтоосон. Үйлдвэрлэлийн ослоос үүдэн О.Г нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж, гэртээ хэвтэрт байдаг, хүний асаргаанд 100 хувь орсон. Үйлдвэрлэлийн ослын дараа ажил олгогч Г ө ХХК-ийн захирал Л.Ганзориг ажилтанд учирсан эрүүл мэндийн хохирол, дахин ажиллах чадваргүй болж, гэр бүлээ тэжээн тэтгэх боломжгүй болсон хохирлыг нөхөн төлж барагдуулахаар Төлбөр барагдуулах гэрээг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Уг гэрээнд компанийн зүгээс О.Гэд нөхөн төлбөр болгон 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээний хамт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэх, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл cap бүр 400,000 төгрөгийн буцалтгүй тусламж эмчилгээний зардлыг олгохоор харилцан тохиролцсон. О.Г гарын үсэг зурах чадваргүй байгаа тул гэрээн дээр хурууны хээгээ дарж гэрээ байгуулснаа баталгаажуулсан болно. Г ө ХХК нь төлбөр төлөх гэрээ байгуулснаас хойш өнөөг хүртэл 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээний хамт шилжүүлээгүй байгаагаас манай гэр бүл санхүүгийн болон сэтгэл санааны маш их хохирол амсаж өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагч Г ө ХХК-аас 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний дагуу Баянгол дүүрэгт байрлалтай нэг өрөө орон сууцны үнэ нийт 77,141,150 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Г ө ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, О.Ариунжаргал нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Манай компани барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэгч О.Г 2018 оны 04 дүгээр сард туслах ажилтнаар ажилд орсон. О.Г 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орсон. Уг ослын талаар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт үйлдсэн бөгөөд тус актын 11-т ажилтны өөрийн буруутай үйлдлүүдээс болж осол гарсан гэж дүгнэлт гарсан. Манай компанийн удирдлагын зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүнлэг байхыг чухалчилж, 2018 оны 07 дугаар сараас 2020 оны 07 дугаар cap хүртэл хугацаанд нийт 15,104,815 төгрөгийг тусламж болгон өгсөн. Үүнээс гадна эмчилгээ сувилгаанд шаардлагатай зардлыг тухай бүрд олгож байсан болно. Мөн компанийн удирдлагын зүгээс санхүүгийн боломжтой үедээ О.Гэд орон сууцны дэмжлэг өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд 1 өрөө байр авч өгөх хэлцлийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр сайн дурын үндсэн дээр байгуулсан. Гэвч 2019 оноос хойш компанийн хөрөнгө санхүүгийн боломжгүй байдал болон давагдашгүй хүчин зүйл болох цар тахлаас шалтгаалан төлөвлөсөн ажлууд зогссоны улмаас амласнаа биелүүлж чадаагүй болно. Компанийн зүгээс цар тахлын хорио цээр намжиж, ажил хэвийн үргэлжлэх тохиолдолд нэхэмжлэгчтэй тохирсон ёсоор 1 өрөө байрыг 2022 онд багтаан авч өгөхөөр төлөвлөж байгаа болно. Компанийн удирдлагаас 2021 оны 09 дүгээр сард багтаан 1 өрөө байр 35,000,000 төгрөгт багтаан өгөхөө илэрхийлсэн. Иймд манай компаниас 77,141,150 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Г ө ХХК-д холбогдуулан 77,141,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Тайгам алтай” ХХК-ийн 3 дугаар ээлжийн орон сууцны 35 дугаар барилгад ажиллаж байхдаа 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж, хүзүү нугаламын хугарал гэмтэл авч, хөдөлмөрийн чадвар 90 хувиар алдсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч баталгаажуулсан 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, 0197563, 0271025 тоот хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын талаар талууд шүүхэд маргаагүй ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй гэж заасны дагуу дээрх арга хэмжээ авагджээ.

 

Зохигчдын хооронд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “төлбөр барагдуулах гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээний хамт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэх, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл cap бүр 400,000 төгрөгийн буцалтгүй тусламж/эмчилгээний зардлыг олгохоор харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч дээрх гэрээг нэрлэгдээгүй гэрээ боловч бэлэглэлийн гэрээний шинжийг агуулсан гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалан үйлдвэрлэлийн осол гарсан ч нийгмийн хариуцлагын хүрээнд нэхэмжлэгчид орон сууц өгөхөөр амалсан буюу бэлэглэлийн гэрээний шинжтэй гэж тус тус тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт талуудын хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахаар заасан ба дээрх гэрээнд хариуцагч компанийн бариулж байсан барилга дээрээс нэхэмжлэгч унаж гэмтсэнтэй холбоотой нөхөн төлбөрт орон сууц өгөх, эмчилгээний зардал олгох талаар тусгажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлөх талаар зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн чадвараа 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор заасан. Түүнчлэн мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Түүнчлэн гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

 

Иймээс талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээг дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд хийгдсэн гэж үзэх үндэстэй байх бөгөөд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Үйлдвэрлэлийн ослын акт гарч хүчин төгөлдөр болсон нөхцөлд уг осолд ажилтан, ажил олгогчийн хэний буруу байгаагаас үл хамааран ажил олгогч хохирол нөхөн төлөхөөр дээрх хуульд зохицуулсан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөр барагдуулах гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэстэй байна.

 

Хариуцагч нь 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээний хамт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэ байдлыг үгүйсгээгүй.

 

Нэхэмжлэлд “Тэнхлэг зууч” ХХК-ийн гаргасан үнийн мэдээллийг үндэслэн Баянгол дүүрэгт байршилтай нийт 10 орон сууцны худалдах үнийн мэдээллийн үндэслэн дунджийг үндэслэн 35.53 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны 1 м.кв-ын  үнэ 2,152,000 төгрөгөөр тооцон нийт 77.141.150 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь 35,000,000 төгрөгт тооцон 1 өрөө орон сууц шилжүүлэх буюу үнийг төлөх тайлбар гарган мэтгэлцсэн.

 

Төлбөр барагдуулах гэрээнд “1 өрөө орон сууц” гэснээс өөр нарийвчилсан нөхцөл тусгаагүй тул  талуудыг орон сууцны байршил, талбайн хэмжээ, үнэ зэргээс үл хамаарсан энгийн нөхцөлөөр тохирсон гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба шүүх уг үүргийн хүрээнд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нотлох баримтыг үндэслэн хариуцагчаас 56,484,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Тодруулбал, “Тэнхлэг зууч” ХХК-ийн гаргасан Баянгол дүүрэгт байршилтай нийт 10 орон сууцны үнийн мэдээллээр Цоглог хотхоны 202 дугаар байранд 29 м.кв талбай бүхий орон сууцны үнэ 46,800,000 төгрөг гэж тусгагдсан нь доод үнэ байх боловч тус байранд байршилтай 40 м.кв талбайтай орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,600,000 төгрөгөөр тусгасан нь хоорондоо зөрүүтэйгээс тухайн мэдээллийг эргэлзээгүй, бодитой гэж үзэх боломжгүй тул шүүх дараагийн хямд үнэтэй “Модны 2 ОС, 66 айлын орон сууц” хаягт байршилтай орон сууцны үнийн мэдээллийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Хариуцагч нь 35,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгчид орон сууц олгох тухай тайлбартайгаа холбоотой нотлох баримт шүүхэд гаргаагүй болно.

 

Дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Г ө ХХК-аас 56,484,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Г-д олгож шийдвэрлэв.

 

Харин дээрх гэрээнд заасан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл cap бүр 400,000 төгрөгийн буцалтгүй тусламж/эмчилгээний зардлыг олгох үүргээ хариуцагч биелүүлсэн гэж тайлбарласныг нэхэмжлэгч маргаагүйн дээр нийт 15,104/815 төгрөгийн тусламж үзүүлсэн талаарх хариуцагчийн баримтыг шүүхэд баримтаар үгүйсгээгүйг дурдах нь зүйтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ө ХХК-аас 56,484,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,657,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Г ө ХХК-аас 440,370 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА