Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01642

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01642

 

 

О.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16ы өдрийн 101/ШШ2021/02402 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Гийн хариуцагч Г.Ц.Ө ХХК-д холбогдуулан 77 141 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд, Г.Пүрэвдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: О.Г нь Г.Ц.Ө ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр туслах ажилтнаар ажилд орсон. Нэхэмжлэгч нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тайгам-Алтай ХХК-ийн барьж байсан 3 дугаар ээлжийн орон сууцны 35 дугаар барилгын 12 давхрын лифтний хонгилд ажлаа хийж яваад 12 давхраас 11 давхар руу унаж маш хүнд гэмтэл авсан. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Баасандорж 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг баталсан бөгөөд уг актад О.Г нь үйлдвэрлэлийн ослын улмаас хүнд бэртэл авч хүзүүний нэг нугалам бяцарч бөгсөн бие мэдээгүй болсон гэсэн дүгнэлт гаргасан. Осол болсноос хойш хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт 2 удаа гарсан. Үүнд: Актын дугаар 0197563, үйлдвэрлэлийн ослын улмаас хүзүүний нугалмын олон хугарал үүссэний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл тогтоосон. Актын дугаар 0271025-т зааснаар үйлдвэрлэлийн ослын улмаас хүзүү хугарсан, хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл тогтоосон. Үйлдвэрлэлийн ослоос үүдэн О.Г нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж, гэртээ хэвтэрт байдаг, хүний асаргаанд 100 хувь орсон. Үйлдвэрлэлийн ослын дараа ажил олгогч Ган цагаан өргөө ХХК-ийн захирал Л.Ганзориг ажилтанд учирсан эрүүл мэндийн хохирол, дахин ажиллах чадваргүй болж, гэр бүлээ тэжээн тэтгэх боломжгүй болсон хохирлыг нөхөн төлж барагдуулахаар Төлбөр барагдуулах гэрээг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Уг гэрээнд компанийн зүгээс О.Гэд нөхөн төлбөр болгон 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээний хамт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор шилжүүлэх, 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл cap бүр 400 000 төгрөгийн буцалтгүй тусламж эмчилгээний зардлыг олгохоор харилцан тохиролцсон. О.Г гарын үсэг зурах чадваргүй байгаа тул гэрээн дээр хурууны хээгээ дарж гэрээ байгуулснаа баталгаажуулсан. Ган цагаан өргөө ХХК нь төлбөр төлөх гэрээ байгуулснаас хойш өнөөг хүртэл 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг гэрчилгээний хамт шилжүүлээгүйгээс нэхэмжлэгчийн гэр бүл санхүүгийн болон сэтгэл санааны маш их хохирол амсаж өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагч Ган цагаан өргөө ХХК-аас 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний дагуу Баянгол дүүрэгт байрлалтай нэг өрөө орон сууцны үнэ нийт 77 141 150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ган цагаан өргөө ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэгч О.Г 2018 оны 4 дүгээр сард туслах ажилтнаар ажилд орсон. О.Г 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орсон. Уг ослын талаар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт үйлдсэн бөгөөд тус актын 11-т ажилтны өөрийн буруутай үйлдлүүдээс болж осол гарсан гэж дүгнэлт гарсан. Компанийн удирдлагын зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүнлэг байхыг чухалчилж, 2018 оны 7 дугаар сараас 2020 оны 7 дугаар cap хүртэл хугацаанд нийт 15 104 815 төгрөгийг тусламж өгсөн. Үүнээс гадна эмчилгээ сувилгаанд шаардлагатай зардлыг тухай бүрд олгож байсан болно. Мөн компанийн удирдлагын зүгээс санхүүгийн боломжтой үедээ О.Гэд орон сууцны дэмжлэг өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд 1 өрөө байр авч өгөх хэлцлийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр сайн дурын үндсэн дээр байгуулсан. Гэвч 2019 оноос хойш компанийн хөрөнгө санхүүгийн боломжгүй байдал болон давагдашгүй хүчин зүйл,цар тахлаас шалтгаалан төлөвлөсөн ажлууд зогсож, амласнаа биелүүлж чадаагүй. Цар тахлын хорио цээр намжиж, ажил хэвийн үргэлжлэх тохиолдолд нэхэмжлэгчтэй тохирсон ёсоор 1 өрөө байрыг 2022 онд багтаан авч өгөхөөр төлөвлөсөн. Компанийн удирдлагаас 2021 оны 9 дүгээр сард багтаан 1 өрөө байр 35 000 000 төгрөгт багтаан өгөхөө илэрхийлсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ц.Ө ХХК-аас 56 484 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Гэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 657 150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Г.Ц.Ө ХХК-аас 440 370 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт Тэнхлэг зууч" ХХК-ийн гаргасан БГД-т байрпалтай нийт 10-н орон сууцны үнийн мэдээллээр Цоглог хотхоны 202-р байранд 29 м2 орон сууцны талбай бүхий орон сууцны үнэ 46,800,000 төгрөг гэж тусгагдсан нь доод үнэ байх боловч тус байранд байршилтай 40 м2 талбайтай орон сууцны 1м2 орон сууцны 1,600,00 төгрөгөөр тусгасан нь хоорондоо зөрүүтэйгээс гадна тухайн мэдээллийг эргэлзээгүй бодитой гэж үзэх боломжгүй тул шүүх дараагийн хямд үнэтэй Модны 2 ОС, 66 айлын орон сууц хаягт байрлах орон сууцны мэдээллийг үндэслэл болгосон.

О.Г нь ажлын байранд өөрийн буруутай үйл ажиллагаанаас үйлдвэрлэлийн осолд орсон бөгөөд тус компанид ажилд ороод 3 сар болж байсан. Хэдийгээр үйлдвэрлэлийн ослын акт ажилтны буруугаас болсон гэж гарсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлд зааснаар үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг цаг тухайд нь олгож байсан.Мөн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, УБ хотод 1 өрөө байр авч өгөх талаар санаачлага гаргаж, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хэлцэл байгуулсан. Гэвч Ковид-19 цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйл тохиолдож, нэг өрөөгөө авч өгч чадаагүй болно.Манай компанийн зүгээс УБ хотод байршил хамаарахгүй, мөн шинэ хуучин харгалзахгүйгээр 35 000 000 төгрөгөөр нэг сууц, эсвэл бэлэн мөнгө өгөх саналтай байгаа талаар хэлж байсан боловч шүүхээс заавал шинэ байр буюу 56 484 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд шүүхийн шийдвэрийг 35 000 000 төгрөг болгон өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Г.Ц.Ө ХХК-д холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн төлбөр барагдуулах хэлцлийн дагуу Баянгол дүүрэгт байрлалтай нэг өрөө орон сууцны үнэ 77 141 150 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 35 000 000 төгрөг төлөхөөр хэсэгчлэн хүлээн зөвшөөрчээ. /хх1-3, 32-33/

 

Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

 

Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/646 дугаар захирамжаар Б.Болормааг О.Гийн харгалзан дэмжигчээр тогтоосон бичгийн баримт хэрэгт авагдсан бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна. /хх 6/

Нэхэмжлэгч О.Г нь Г.Ц.Ө ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр туслах ажилтнаар орж ажилласан. Улмаар 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт Тайгам-Алтай ХХК-ийн барьж байсан 3 дугаар ээлжийн орон сууцны 35 дугаар барилгын 12 давхрын лифтний хонгилд ажлаа хийж яваад 12 дугаар давхраас 11 дүгээр давхар руу унаж хүнд гэмтэл авсан үйл баримт талуудын тайлбар, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Баасандоржийн үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актаар нотлогдсон. /хх 104-141/

О.Г нь 0197563 тоот актаар үйлдвэрлэлийн ослын улмаас хүзүүний нугалмын олон хугарал үүсч, хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл тогтоогдсон. /хх 11/

Мөн 0271025 тоот актаар үйлдвэрлэлийн ослын улмаас О.Гийн хүзүү хугарсан, хөдөлмөрийн чадвар алдарт 90 хувиар 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл тогтоосон. /хх 136/

Зохигч 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Төлбөр барагдуулах нэртэй гэрээг байгуулж 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээний хамт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор олгохоор тохиролцсонд талууд маргаангүй, хэрэгт бичгийн гэрээ авагдсан байна. /хх 14/

Анхан шатны шүүхээс Баянгол дүүрэгт байрлалтай нэг өрөө орон сууцны үнэд 56 484 000 төгрөг гаргуулж, 20 657 150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

Хариуцагч нь гэрээгээр нарийвчилан тохиролцоогүй тул нэг өрөө сууцны үнэд 35 000 000 төгрөг өгнө, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хугацаандаа сууцыг шилжүүлж өгч чадаагүй, ослын актын 11-т ажилтны өөрийн буруутай үйлдлүүдээс болж осол гарсан гэж дүгнэсэн гэж маргаж байна.

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байсныг хэн аль нь үгүйсгээгүй.

Хөдөлмөрийн талбар дээр гарсан үйлдвэрлэлийн ослын улмаас үүссэн хохирлыг нөхөн төлөх зорилготой төлбөр барагдуулах хэлцэл байгуулагдсан байх бөгөөд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар үүрэг үүссэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Хариуцагч нь 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг гэрчилгээний хамт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор олгох үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нэг өрөө сууцны үнэ шаардсаныг буруутгахгүй. О.Г асран хамгаалагчийн асаргаанд байдаг тул асран хамгаалагч өөрийн боломжийг харгалзан Баянгол дүүрэгт байрлалтай нэг өрөө орон сууцны үнэ шаардсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч талын гаргасан орон сууцны үнийн мэдээлэл, судалгаа үндэслэлгүй гэх байдал тогтоогдоогүй, уг баримтыг хариуцагч няцаагаагүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна./хх 15/

Хөдөлмөрийн тухай хуулийн 97, 5 дугаар зүйлүүдэд зааснаар үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан хохирлыг ажил олгогч хэний буруу байгаагаас үл хамааран нөхөн төлөх үүрэгтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн тайлбарыг зөв гэж үзнэ.

Анхан шатны шүүх Төлбөр барагдуулах гэрээнд 1 өрөө орон сууц гэснээс өөр нарийвчилсан нөхцөл тусгаагүй тул талуудыг орон сууцны байршил, талбайн хэмжээ, үнэ зэргээс үл хамаарсан энгийн нөхцөлөөр тохирсон гэж үзнэ гэж гэрээг тайлбарласан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлд нийцнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16ы өдрийн 101/ШШ2021/02402 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 370 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД