Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2024/00144

 

Б.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/00310 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2024/00659 дүгээр магадлалтай,

Б.Огийн нэхэмжлэлтэй,

Шд холбогдох

Шийн хууль бус үйлдэл болон эс үйлдэхүйн улмаас 2014.01.01-ний өдрөөс 2023.07.07-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч Б.О надад учирсан гэм хорын хохирол болох 307,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.О нь Шд холбогдуулан хууль бус үйлдэл болон эс үйлдэхүйн улмаас 2014.01.01-ний өдрөөс 2023.07.07-ны өдөр хүртэл хугацаанд учирсан гэм хорын хохирол болох 307,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/00310 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан хариуцагч Шөөс 262,527,910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,272,090 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Огаас улсын тэмдэгтийн хураамжид 1,626,750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шөөс улсын тэмдэгтийн хураамжид 1,470,589.55 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Од олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2024/00659 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/00310 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...498.2 гэсний дараа, 510 дугаар зүйлийн 510.1” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шүүх байгуулах тухай 2013 оны хууль батлагдсантай холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлигаар чөлөөлж, 199 дүгээр зарлигаар томилохдоо Б.Ог шүүгчээр томилоогүй ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр Б.Ог шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлээгүй Шийн эс үйлдэхүйг хууль бус болохыгтогтоож, Б.Ог Ө аймгийн Х сум дахь сум дундын шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шд даалгаж шийдвэрлэсэн ба энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Уг шийдвэрийг үндэслэн Шийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн 74 дүгээр тогтоол, 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 102 дугаар тогтоолоор тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны Е/04, Е/05 дугаар албан бичгээр саналыг буцаан хүргүүлсэн. Мөн нэхэмжлэгч Б.Огийн Монгол Улсын Ерөнхийлөгч болон Шд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0201 дугаар шийдвэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар санал буцаан хүргүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах” шаардлага бүхий хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Б.Ог томилуулахаар өргөн мэдүүлэхээс татгалзсан Шийн шийдвэр хууль бус болохыг тогтоон, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шд даалгаж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу Б.Ог Ш 2023 оны 216 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлсэн ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны Е/15 дугаар албан бичгээр саналыг буцаан хүргүүлсэн.

4.1.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, дээрх үйл баримтыг зөв тогтоожээ. Дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Б.Огийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 2-т “...бусад шүүхийн шүүгчдийг Шийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно” гэж заасан буюу бүх шатны шүүхийн шүүгчдийг томилох эсэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарч байна.

Иймд нэхэмжлэгч Б.О шүүгчээр буцаан томилогдоогүй явдалд хариуцагч Шийг гэм буруутай гэж үзэхгүй, улмаар уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Ог шүүгчийн албан тушаалд томилоогүй, эсхүл Б.Ог шүүгчийн албан тушаалд томилоогүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн аливаа шийдвэр байхгүй тохиолдолд “олох байсан орлого буюу авах байсан цалин хөлс”-ийг хохиролд тооцон гаргуулах боломжгүй. Ш нь Б.Ог анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, мөн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн 74 дүгээр тогтоол, 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 102 дугаар тогтоол, 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 216 дугаар тогтоолоор тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлсэн гэж үзэхээр байна.

Дээрхээс харахад Ш нь нэхэмжлэгч Б.Ог удаа дараа өргөн мэдүүлсэн ба Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзсан үйлдэлд хариуцагч Шийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.06.06-ны өдрийн 001/ШХТ2024/00699 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Б.О нь Шд холбогдуулан 307,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “...2008 оны 09 сараас Ө аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байсан. Шүүх байгуулах тухай хууль 2013.01.24-ний өдөр батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, буцаан томилсон 199 дүгээр зарлиг гаргахдаа намайг ямар нэгэн хууль зүйн үндэслэл, тодорхой шалтгаангүйгээр томилоогүй орхигдуулсан. Ш хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг захиргааны хэргийн шүүх тогтоож шийдвэрлэсэн... хариуцагч байгууллагын хууль бус үйлдэл болон эс үйлдэхүйн улмаас ажилгүй байсан 2014.01.01-ний өдрөөс 2023.07.07-ны өдөр хүртэлх хугацааны олох байсан орлого буюу урьд авч байсан цалинтай тэнцэх хэмжээний хохиролд дээрх мөнгийг гаргуулна уу.” гэжээ.

8.Хариуцагч Ш нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Б.Ог шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгох эрх зүйн үр дагавар бүхий аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Ш гаргаагүй. Б.Ог шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг удаа дараа өргөн мэдүүлэхдээ хуульд заасан нягтлан шалгах ажиллагааг хийж, холбогдох материалын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн боловч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр шүүгчийн албан тушаалд томилох саналыг буцаан ирүүлсэн. Нэхэмжлэгчийн эрхийн зөрчил буюу түүнээс бий болсон хохирол Шөөс үл хамаарах шалтгаанаас үүссэн буюу хохирол учрахад манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй учраас хохирлыг хариуцахгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...Шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл бий болоогүй байхад шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүй орхигдуулсан нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болсонтой адил үр дагаврыг үүсгэсэн ба Ш хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу Б.Ог шүүгчийн албан тушаалд өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Б.О нь 2014.01.01-ний өдрөөс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0070 дугаар шийдвэр гарсан 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсөө авч чадалгүй хохирсон гэж үзэхээр байх тул хариуцагч Ш нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар нэхэмжлэгчийн авч чадаагүй цалин хөлсийг хохирол хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй байна. Хариуцагчийн хууль бус ажиллагаа болон гэм буруугийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй. Иймд 2014.01.01-ний өдрөөс 2022.02.08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 262,527,910 төгрөгийг Шөөс гаргуулж, нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,272,090 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн агуулгаар дүгнэсэн.

10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэж, харин тус шүүх   гэм хорын хохирлын талаарх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг хэрэглээгүй гэж уг заалтыг нэмж шийдвэрт  өөрчлөлт оруулжээ.

11.Дээрх байдлаар хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар адил дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд  “ ...гэм хорыг төлүүлэх нөхцөл болсон хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, гэм буруугийн талаарх болон хохирлын хэмжээний талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй” тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хянан хэлэлцээд шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

12.Нэхэмжлэгч Б.О нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 269 дүгээр зарлигаар Ө аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байсан бөгөөд Шүүх байгуулах тухай хууль 2013.01.24-ний өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн бүх шүүгчдийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, 199 дүгээр зарлигаар шүүгчдийг буцаан томилохдоо Б.Ог томилоогүй үйл баримт тогтоогджээ.

13.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр “...Б.О нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Шийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шд даалгаж, ... шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож...” шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

14.Ш дээрх шийдвэрийг биелүүлж, 2022.03.24-ний өдрийн 74, 2022.04.28-ны өдрийн 102 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Ог анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д заасан “болзол шаардлагыг хангаагүй”, мөн “...дээрх хуульд заасан болзол шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр саналыг буцаан хүргүүлжээ.

15.Улмаар нэхэмжлэгч Б.О нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Шд холбогдуулан нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0201 дугаар шийдвэрээр “...Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал буцаан хүргүүлэх тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, шүүгчээр томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Ог шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхээс татгалзсан Шийн шийдвэр хууль бус болохыг тогтоон Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Шд даалгаж шийдвэрлэсэн. Шийн 2023.07.07-ны өдрийн 216 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Ог Ө аймгийн Х сум дахь сум дундын шүүхийн шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн боловч саналыг буцаан хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

16.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн зүйлийн 497.2-т  “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж тус тус заасан байна.

 17.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэгч Б.Ог шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй Шийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хариуцагчийн гэм буруугийн талаар дахин дүгнэлт хийхгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

18.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-дбусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу  учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.О нь шүүгчээр ажиллаагүй хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр хохирол  шаардах эрхтэй байна.

19.Өөрөөр хэлбэл, Шүүх байгуулах тухай хууль батлагдаж, шүүхийн өөрчлөн байгуулахтай холбоотойгоор шүүгчдийг чөлөөлж, буцаан томилохдоо нэр бүхий шүүгч нарыг орхигдуулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, тус үйл баримт нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг үүсгэсэн болохыг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт тодорхой тусгасан байна.

20.Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой байх бөгөөд 2014.01.01-ний өдрөөс Шийн “шүүгчээр өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болох”-ыг тогтоож шийдвэрлэсэн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэр гарах хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байсан гэж үзэх тул уг хугацааны хохирлыг гаргуулах үндэслэлтэй.

21.Улсын Их Хурлын 2015.11.13-ны өдрийн 101 дугаартай “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалинг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг 2,700,000 төгрөгөөр тогтоосон, үүнээс өмнө Шийн 2013.12.17-ны өдрийн 45 дугаар тогтоолоор 2014.01.01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг 2,700,000 төгрөгөөр тогтоон олгож байсан тухай нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгч сарын цалингийн хэмжээг  2,700,000 төгрөгөөр тооцон, хохирлыг уг хэмжээгээр  нэхэмжилснийг буруутгахгүй.

22.Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн тооцооллыг үндэслэн 2014.01.01-ний өдрөөс 2022.02.08-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирлын хэмжээг 262,527,910 төгрөг гэж тогтоосон нь зөв боловч Шийн даргын 2014.11.10-ны өдрийн 198 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 12,000,000 төгрөгийг олгосныг хасч тооцоогүй байна. Иймд хариуцагчаас 250,527,910 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Од олгох нь зөв байх тул энэ талаар  шийдвэр, магадлалд  өөрчлөлт оруулав.

23.Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар тодорхойлсон нь оновчтой бус байгааг залруулах нь зүйтэй.

24.Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2024/00659 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/00310 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шөөс 250,527,910 төгрөгийг гаргуулж Б.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 120,272,090 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “1,470,589.55” гэснийг “1,410,589.55” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ                   

ШҮҮГЧИД                                                          Н.БАТЧИМЭГ

                                                                                Н.БАЯРМАА

                                                                                     Д.ЦОЛМОН