Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2021/00669

 

 

 

 

 

 

 

 

  2021         03          02  

              101/ШШ2021/00669

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Т-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Э-д холбогдох,

 

28,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, 80,015,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, хариуцагч Ж.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие 2020 оны 02 дугаар сард Ж.Э-тай уулзахад ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор маск, комбинезоны эрэлт хэрэгцээ их байгаа тул Бүгд Найрамдах Хятад Ард улсаас маск, комбинезон оруулж ирж худалдах ажил хийж байгаа гэсэн. Намайг мөнгөө оруулаад хамтран ажиллах санал тавьсныг би хүлээн зөвшөөрч түүнд 28,400,000 төгрөг шилжүүлсэн. Миний бие 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 7,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 4,400,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр 9,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр найз Т.Хүдэрбаярын данснаас 5,000,000 төгрөг нийт 28,400,000 төгрөгийг Ж.Эад шилжүүлсэн. Ж.Э нь өөрийн “Идэр ивээлт” ХХК-аар дамжуулан Хятад улсаас маск, комбинезон оруулж ирж худалдаж байгаа боловч надад ямар нэг ашиг орлого өгөөгүй. Мөн надаас авсан мөнгөө буцааж төлөөгүй, өгсөн мөнгөө авъя гэхэд өгнө гэсээр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцаан төлөөгүй. Иймд хариуцагч Ж.Эаас миний шилжүүлсэн 28,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ж.Э, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Би 2020 оны цагаан сарын битүүний өдөр Д.Ттай танилцсан, Монголын эрүүл мэндийн нэгдсэн холбоонд ажилладаг, Интермед эмнэлэгт их эмч хийдэг, танай маскийг ажлын шугамаар борлуулж өгье гэсэн. Тухайн үед манай компани нэг удаагийн болон даавуун маск үйлдвэрлэдэг ба маск тасарсан үе байсан. Д.Т Монголын эрүүл мэндийн холбооны хүмүүст манай маскийг борлуулж өгсөн. Танайх маскаа 550 төгрөгөөр зардаг юм байна, гадуур 1,500 төгрөгөөр зарагдаж байгаа, борлуулж өгье гээд манай үйлдвэрлэсэн маскуудыг борлуулж өгч байсан. Дараа нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эрдэнэтунгалаг гэдэг хүнтэй танилцуулж, түүнийг нэг удаагийн маскны материал оруулж ирж байгаа, хоёулаа нийлээд энэ материалаар маск оёод ашгаа тэнцүү хувааж авъя гэсэн санал тавьсан. Эрдэнэтунгалагаас 3,000,000 төгрөг, 7,000,000 төгрөг, 4,400,000 төгрөгийн материалууд авч маск эсгүүлсэн, эсгүүр нь манай компанид одоо ч байгаа. Гэвч маскны үнэ унахад Д.Т энэ талаар дахиж яриагүй, тэр чигтээ алга болсон. Д.Т нь Хятад улсаас бараа захиж, энэ мөнгийг шилжүүлсэн гэдэг боловч ямар барааг хэдэн төгрөгөөр хэрхэн шилжүүлж байсан гэдэг нь тодорхойгүй байна. Д.Т манайхаас удаа дараа комбинезон, маск авч явсан, дандаа урьдчилгаа мөнгө өгдөг, бүрэн мөнгө өгдөггүй, үлдэгдэл мөнгийг өгнө, барааг чинь явуулаад зарчихсан, мөнгө орж ирээгүй байна гэж хэлдэг байсан. Би Д.Т-т 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нийт 4,700 ширхэг комбинезон, 2 ширхэг халуун хэмжигч, 700 ширхэг нэг удаагийн маск өгсөн. 9,000,000 төгрөгийн асуудлыг мэдэхгүй, надад өгөөгүй, өөр хүнд өгчихөөд Ж.Энхтбатад өгсөн гэж тайлбарлаж байна. Би нэхэмжлэгчийн шилжүүлсэн гэх мөнгөний бараа материалыг өгсөн гэж үзэж байна. Би авлагатай байхад надад холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хариуцагч Ж.Э, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч Д.Т нь надаас маск, комбинезон, халуун хэмжигч авахаар 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 7,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 4,400,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 19,400,000 төгрөг шилжүүлсэн. Миний хувьд, Хятад улсаас каргогоор дамжуулан 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 100 ширхэг, 03 дугаар сарын 25-ны өдөр 1,500 ширхэг, 03 дугаар сарын 26-ны өдөр 5,000 ширхэг, 04 дүгээр сарын 25-ны өдөр 3,000 ширхэг, нийт 9,600 ширхэг комбинезоныг оруулан ирсэн бөгөөд үүнээс Д.Т 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 100 ширхэг комбинезон, халуун хэмжигч 2 ширхэг, маск 700 ширхэг, 03 дугаар сарын 25-ны өдөр 1,500 ширхэг комбинезон, 03 дугаар сарын 26-ны өдөр 3,200 ширхэг, нийт 4,700 ширхэг комбинезон, 2 ширхэг халуун хэмжигч, 700 ширхэг маскийг манай ажил дээрээс ирж авч явсан бөгөөд манай ажилчид Д.Тын машинд ачиж өгсөн. 1 ширхэг комбинезоныг 21,000 төгрөгөөр, 1 ширхэг халуун хэмжигчийг 130,000 төгрөгөөр, 1 ширхэг маскийг 650 төгрөгөөр худалдан борлуулж байсан ба Д.Т нь энэ бүгдийг авсан, хүлээн зөвшөөрснөө фэйсбүүк мессенжерээр илэрхийлсэн. Нэхэмжлэгч Д.Т 4,700 ширхэг комбинезон 98,700,000 төгрөг, 2 ширхэг халуун хэмжигч 260,000 төгрөг, 700 ширхэг маск 455,000 төгрөг, нийт 99,415,000 төгрөгийн барааг авч яваад мөнгийг нь буцааж өгөөгүй бөгөөд барааны тооцоогоо хийе гэхэд янз бүрийн шалтаг хэлсээр өнөөдрийг хүрсэн. Иймд нэхэмжлэгч Д.Т нь миний дансанд шилжүүлсэн 19,400,000 төгрөгийн үнийн дүнд дүйцэх бараагаа авсан, мөн нэмж 80,015,000 төгрөгийн барааг авсан атлаа мөнгийг нь өнөөдрийг хүртэлх хугацаанд өгөөгүй байгаа тул нэхэмжлэгч Д.Т-аас барааны үнэ 80,015,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.  

 

Нэхэмжлэгч Д.Т, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “... Миний бие Ж.Э-аас нийт 1,680 ширхэг комбинезон, 700 ширхэг маск, 2 ширхэг халуун хэмжигч авч, хувь хүн, байгууллагад зарж борлуулсан бөгөөд үүний орлогоос өөртөө авсан зүйл байхгүй. Комбинезоныг 1 ширхэгийг НӨАТ орсон, ороогүйгээс шалтгаалаад 15,364 төгрөг, 16,000 төгрөг, 18,000 төгрөгөөр, маск 1 ширхэгийг 650 төгрөгөөр, халуун хэмжигчийг 1 ширхэгийг 130,000 төгрөгөөр зарж борлуулсан. Дээр дурдсан бараанууд нийт 27,840,600 төгрөг болсон бөгөөд үүнээс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн “Монос” салбар эмийн санд 150 ширхэг комбинезоныг 18,000 төгрөгөөр зарсан, 2,700,000 төгрөгийг худалдан авагчаас шууд Ж.Э-ын “Идэр ивээлт” ХХК-ийн Хаан банкны 5028791313 тоот дансанд, Ховд аймгийн “Монос” салбар эмийн санд 100 ширхэг комбинезоныг 18,000 төгрөгөөр зарсан, 1,800,000 төгрөгийг худалдан авагчаас шууд Ж.Э-ын Хаан банкны 5035186782 тоот дансанд тус тус шилжүүлсэн, мөн комбинезон зарсан мөнгөнөөс 3,072,730 төгрөгийг эхнэрийн данснаас Ж.Э-ын Хаан банкны 5035186782 тоот дансанд шилжүүлж, нийт 7,572,730 төгрөг өгсөн. Комбинезон, маск, халуун хэмжигч зарж борлуулсан мөнгөнөөс үлдсэн 20,000,000 төгрөгийг Н.Байгалмаа хүлээн авсан тухай бичиг хийж өгснийг Ж.Эад өгсөн. 1,680 ширхэг комбинезон, 700 ширхэг маск, 2 ширхэг халуун хэмжигчийг зарсан мөнгийг Н.Байгалмаад шилжүүлэн өгөхийг Ж.Э өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ж.Э нь 4,700 ширхэг комбинезон авсан гэж үнийг нь надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй зүйл юм. Бидний фэйсбүүк мессенжерээр хоорондоо харилцаж байсан чатаар явуулсан хүснэгт нь Ж.Э бидний зарсан болон цаашид зарж борлуулахаар төлөвлөсөн барааны тоо ширхгийн талаар дурдсан болохоос бүгд миний авсан барааны тоо ширхэг биш болно. Надад хүний 80,015,000 төгрөгийг авчихаад дахин нэмж мөнгө нэхэмжлэх ёс зүй, шуналын сэтгэл байхгүй болно. Хариуцагч Ж.Э нь ямар ч үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж, надаас 80,015,000 төгрөг нэхэмжилсэн байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Ж.Э-д холбогдуулан 28,400,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Ж.Э нь нэхэмжлэгч Д.Т-т холбогдуулан 80,015,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь эсрэг талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан талууд халдвараас хамгаалах хэрэгсэл /комбинезон, маск, халуун хэмжигч/ хамтран худалдан борлуулах талаар харилцан тохиролцож, дор дурдсан байдлаар нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө, хариуцагчаас нэхэмжлэгчид хамгаалах хэрэгсэл тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Тухайлбал,

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчид нийт 28,400,000 төгрөг шилжүүлсэн гэж дурдсан ба 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 7,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 4,400,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Т.Хүдэрбаярын данснаас 5,000,000 төгрөг, нийт 19,400,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК дахь нэхэмжлэгчийн тоот, Т.Хүдэрбаярын  тоот дансуудын хуулга, зохигчдын тайлбараар нотлогдож байна /хх-5-8, 9/. Энэ талаар хариуцагч маргаагүй.

 

Түүнчлэн гэрч М.Солонгобаярын мэдүүлэг, “Хаан банк” ХХК дахь түүний  тоот дансны хуулга, гар тэмдэглэл болон зохигчдын тайлбараар 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр БНХАУ-аас ирсэн 64 ширхэг ачааг хариуцагч Ж.Э хүлээн авч, тээврийн хөлсөнд 300,000 төгрөг төлсөн, харин нэхэмжлэгч Д.Т ачааны үнэд 9,000,000 төгрөг бэлнээр төлсөн болох нь тогтоогдож байх ба хариуцагчийн зүгээс хүлээн авсан тухайн ачааны үнийг өөрөө төлсөн гэх баримт шүүхэд гаргаж мэтгэлцээгүй, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх боломжтой /хх-113-116, 137, 138/.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэг бүр нь 130,000 төгрөг, нийт 260,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг халуун хэмжигч, нэг бүр нь 650 төгрөг, нийт 455,000 төгрөгийн үнэ бүхий 700 ширхэг маск, 2020 оны 03 дугаар сарын 25, 26-ны өдөр нэг бүр нь 21,000 төгрөг, нийт 98,700,000 төгрөгийн үнэ бүхий 4,700 ширхэг комбинезон тус тус авсан, эдгээрийн үнийг төлөөгүй гэж сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч үүнээс 2 ширхэг халуун хэмжигч, 700 ширхэг маскийг хүлээн авсан, мөн дурдсан үнээр тооцох талаар маргаагүй, харин комбинезоны хувьд 1,680 ширхэгийг авсан, нэгжийн үнэ 18,000 төгрөг гэж маргасан.

 

Гэрч Д.Доржпаламын мэдүүлэг, үзлэг хийж бэхжүүлсэн талуудын фэйсбүүкээр харилцсан зурвас /чат/-ыг зохигчдын тайлбартай харьцуулан үзэхэд хариуцагчаас 4,700 ширхэг комбинезоныг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар эргэлзээгүй байдлаар нотлогдохгүй байна /хх-48, 117-121, 170-174/.

 

Тодруулбал, нэхэмжлэгчээс хариуцагчид зурвасын хамт илгээсэн хүснэгтэд “Энхээгээс авсан нэр төрөл /эхний комбинзон 1.500 ш/” гэсэн гарчигтай хэсэгт “комбинзон 700, 140” гэж, “Энхээгээс авсан нэр төрөл /эхний захиалгын үлдэгдэл комбинзон 3.200 ш/” гэсэн гарчигтай хэсэгт “комбинзон 400” гэж тус тус бичигдсэн байх ба эдгээр тоо хэмжээ ямар учиртай болох нь тухайн хүснэгт болон талуудын тайлбараар тодорхойгүйгээс гадна хүснэгтийг үйлдсэн гэрч Д.Доржпалам тооцоонд дурдагдсан зүйлүүдийг талуудын аман яриагаар бичсэн, баримт материалд үндэслээгүй, талууд баримтаа өгөөгүй, акт үйлдээгүй гэж тайлбарлаж байна.

 

Мөн хариуцагчийн дүү болох гэрч Ж.Нямсүрэн нэхэмжлэгчийг хариуцагчийн “Идэр ивээлт” ХХК-аас комбинезон, маск, халуун хэмжигч удаа дараа ирж авч байсан гэж мэдүүлж байх боловч тоо хэмжээний талаар тодорхой харсан, тэмдэглэсэн, баталгаажуулсан зүйлгүй байна /хх-122-126/.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба дээр дурдсанаар сөрөг шаардлага дахь комбинезоны тоо хэмжээ баримтаар нотлогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч буй хэмжээгээр тооцох үндэстэй гэж дүгнэв.

 

Талууд дээрх харилцааг хамтран ажиллах гэрээ гэж тодорхойлж байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг бөгөөд талууд гэрээгээр тохирсон хураамжийг төлж, хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх журамтай. Ингэхдээ төлсөн хураамж талуудын дундаа өмчлөх хөрөнгө байх, уг хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байх, талууд аливаа хэлцлийг харилцан зөвшөөрлийн дагуу хийх, мөн шийдвэр гаргахад саналын эрхтэй байх зэрэг зарчмыг баримтална.

 

Гэвч нэхэмжлэгч, хариуцагч талуудыг хамтран ажиллах гэрээний дээрх гол нөхцөлүүдийн талаар хүсэл зоригоо илэрхийлэн хэлэлцэн тохиролцсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байх тул талуудыг хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь тэдний хооронд үүрэг  үүсээгүй тохиолдолд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан  шаардах эрхтэй байхаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан.

 

Иймд дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар шилжүүлсэн хөрөнгөө харилцан буцаан шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 19,400,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, мөн хариуцагчийн ачаа тээвэрлэгч этгээдээс хүлээж авсан ачааны үнэд 9,000,000 төгрөгийг төлсөн болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчид 260,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг халуун хэмжигч, 455,000 төгрөгийн үнэ бүхий 700 ширхэг маскийг тус тус шилжүүлсэн болох нь талуудын маргаангүйгээс гадна дээр дурдсанчлан нэхэмжлэгч 1,680 ширхэг комбинезоныг авснаа хүлээн зөвшөөрсөн.

 

Нэхэмжлэгч нь дээрх нэр бүхий зүйлсийг бүгдийг худалдан борлуулж, хариуцагчид үнийг шилжүүлсэн гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг татгалзсан ба Дархан-Уул аймгийн “Монос” эмийн сангаас 150 ширхэг комбинезоны үнэ 2,700,000 төгрөг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчийн “Идэр ивээлт” ХХК-ийн дансанд, Ховд аймгийн “Монос” эмийн сангаас 100 ширхэг комбинезоны үнэ 1,800,000 төгрөг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн дансанд тус тус шилжсэнийг хариуцагч үгүйсгээгүй тул нэхэмжлэгчийг 250 ширхэг комбинезоны тооцоог тухайн цаг хугацаанд хийсэн гэж дүгнэв /хх-105, 106/.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь эхнэр Б.Долгионы данснаас 3,072,730 төгрөг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр  хариуцагчийн дансанд шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргасан ба хариуцагч мөн тус баримтыг үгүйсгэсэн тайлбар, баримт шүүхэд гаргаагүй болно /хх-149/.

 

Комбинезоны нэгжийн үнийг сөрөг нэхэмжлэлд 21,000 төгрөгөөр тооцсон ба нэхэмжлэгч нь Дархан-Уул, Ховд аймгуудын “Монос” эмийн санд 18,000 төгрөгөөр, хариуцагч нь “МИАТ” ТӨХК-д 21,000 төгрөгөөр, Нийслэлийн эрүүл мэндийн газарт 25,000 төгрөгөөр /хх-49, 50/ тус тус худалдсан гэж мэтгэлцсэн. Зохигчид комбинезоны нэгжийн үнийг хэлэлцэж тохирсон баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар талууд маргаж байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх мэтгэлцэх зарчмын дагуу талуудын нотлох баримтад үндэслэн дунджийг тодорхойлоход 21,333 төгрөг //18,000+21,000+25,000/3/ байх хэдий ч сөрөг нэхэмжлэлд үүнээс багаар тооцжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн тооцоо хийвэл зохих 1,430 ширхэг /1,680-250/ комбинезоны нэгжийн үнийг сөрөг нэхэмжлэлд тооцсон 21,000 төгрөгөөр буюу нийт үнийг 30,030,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч, хариуцагч болон Н.Байгалмаа нарын байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Н.Байгалмаагийн төлсөн урьдчилгаа 20,000,000 төгрөгийг өөрөө буцаан төлсөн үндэслэлээр 20,000,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлд тооцуулна гэж нэхэмжлэгч маргаж, “Мөнх түшээ” ХХК-аас 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн дансны хуулга, урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Т буцаан төлсөн тухай “Мөнх түшээ” ХХК-ийн тодорхойлолт, Г.Эрдэнэтунгалагаас 2020 оны 04 дүгээр сарын 01, 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 6,020,000 төгрөг, Б.Долгионоос 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1,165,000 төгрөг, нэхэмжлэгчээс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус Ц.Отгонжаргалын дансанд шилжүүлсэн баримтуудыг шүүхэд гаргасан /хх-139, 142, 143, 144, 145, 146, 147-148/ ба хариуцагч Н.Байгалмаатай байгуулсан гэрээтэй холбоотой дээрх баримтуудыг талуудын маргаанд хамааралгүй гэж мэтгэлцсэн.

 

Аливаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг гэрээний нэг тал нөгөө талдаа холбогдуулан гаргах журамтай ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохигч бус этгээдийн асуудлаар тус хэрэгт дүгнэлт өгөх боломжгүй, өөрөөр хэлбэл дээрх “Мөнх түшээ” ХХК, Г.Эрдэнэтунгалаг, Ц.Отгонжаргал нарын дансны хуулгууд, “Мөнх түшээ” ХХК-ийн тодорхойлолт баримтуудын талаар талуудын маргаанд хамааралтай дүгнэлт шүүхээс өгөх боломжгүй, түүнчлэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг дэх хөрөнгө буцаан  шаардах зохицуулалтад хамаарахгүй байна.

 

Иймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой талуудын тайлбар, баримтуудыг харьцуулан үзээд дээр дэлгэрэнгүй дурдсан тооцоогоор 27,672,270 төгрөгийг //30,030,000+260,000+455,000/-3,072,730/ нэхэмжлэгч төлөх үүрэгтэй гэж дүгнэв.

 

Дээр дурдсаныг нэгтгэн хариуцагч Ж.Эаас 28,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-т, нэхэмжлэгч Д.Т-аас 27,672,270 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Э-д тус тус олгож, сөрөг шаардлагаас 52,342,730 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Э-с 28,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-т, нэхэмжлэгч Д.Т-аас 27,672,270 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Э-д тус тус олгож, хариуцагчийн сөрөг шаардлагаас 52,342,730 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 299,950 төгрөг, хариуцагчийн 558,025 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э-аас 299,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-т, нэхэмжлэгч Д.Т-аас 296,311 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Эад тус тус олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА