Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00807

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00807

 

Д.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/00669 дугаар шийдвэртэй

Д.Тын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Эад холбогдох

28 400 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 80 015 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 02 дугаар сард Ж.Этай уулзахад ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор маск, комбинзоны эрэлт хэрэгцээ их байгаа тул Бүгд Найрамдах Хятад Ард улсаас маск, комбинзон оруулж ирж худалдах ажил хийж байгаа гэсэн. Надад оруулаад хамтран ажиллах санал тавьсныг би хүлээн зөвшөөрч түүнд 28 400 000 төгрөг шилжүүлсэн. Ж.Э нь өөрийн И ХХК-аар дамжуулан Хятад улсаас маск, комбинзон оруулж ирж худалдаж байгаа боловч надад ямар нэг ашиг орлого өгөөгүй. Мөн надаас авсан мөнгөө буцааж төлөөгүй, өгсөн мөнгөө авъя гэхэд өгнө гэсээр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцаан төлөөгүй. Иймд хариуцагч Ж.Эаас миний шилжүүлсэн 28 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Э, түүний өмгөөлөгч Ц.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны цагаан сарын битүүний өдөр Д.Ттай танилцсан, Монголын эрүүл мэндийн нэгдсэн холбоонд ажилладаг, Интермед эмнэлэгт их эмч хийдэг, танай маскийг ажлын шугамаар борлуулж өгье гэсэн. Тухайн үед манай компани нэг удаагийн болон даавуун маск үйлдвэрлэдэг байсан бөгөөд маск тасарсан үе байсан. Д.Т Монголын эрүүл мэндийн холбооны хүмүүст манай маскийг борлуулж өгсөн. Танайх маскаа 550 төгрөгөөр зардаг юм байна, гадуур 1 500 төгрөгөөр зарагдаж байгаа, борлуулж өгье гээд манай үйлдвэрлэсэн маскуудыг борлуулж өгч байсан. Дараа нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Э гэдэг хүнтэй танилцуулж, түүнийг нэг удаагийн маскны материал оруулж ирж байгаа, хоёулаа нийлээд энэ материалаар маск оёод ашгаа тэнцүү хувааж авъя гэсэн санал тавьсан. Эаас 3 000 000 төгрөг, 7 000 000 төгрөг, 4 400 000 төгрөгийн материалууд авч маск эсгүүлсэн, эсгүүр нь манай компанид одоо ч байгаа. Гэвч маскны үнэ унахад Д.Т энэ талаар дахиж яриагүй, тэр чигтээ алга болсон. Д.Т нь Хятад улсаас бараа захиж, энэ мөнгийг шилжүүлсэн гэдэг боловч ямар барааг хэдэн төгрөгөөр хэрхэн шилжүүлж байсан гэдэг нь тодорхойгүй байна. Би Д.Тт 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нийт 4 700 ширхэг комбинзон, 2 ширхэг халуун хэмжигч, 700 ширхэг нэг удаагийн маск өгсөн. 9 000 000 төгрөгийн асуудлыг мэдэхгүй, надад өгөөгүй, өөр хүнд өгчихөөд Ж.Эад өгсөн гэж тайлбарлаж байна. Би нэхэмжлэгчийн шилжүүлсэн гэх мөнгөний бараа материалыг өгсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ж.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Т нь надаас маск, комбинзон, халуун хэмжигч авахаар 19 400 000 төгрөг шилжүүлсэн. Миний хувьд, Д.Т 4 700 ширхэг комбинзон, 2 ширхэг халуун хэмжигч, 700 ширхгийг өгсөн. 1 ширхэг комбинзоныг 21 000 төгрөгөөр, 1 ширхэг халуун хэмжигчийг 130 000 төгрөгөөр, 1 ширхэг маскийг 650 төгрөгөөр худалдан борлуулж байсан ба Д.Т нь энэ бүгдийг авсан, хүлээн зөвшөөрснөө фэйсбүүк мессенжерээр илэрхийлсэн. Нэхэмжлэгч Д.Т 4 700 ширхэг комбинзон 98 700 000 төгрөг, 2 ширхэг халуун хэмжигч 260 000 төгрөг, 700 ширхэг маск 455 000 төгрөг, нийт 99 415 000 төгрөгийн барааг авч яваад мөнгийг нь буцааж өгөөгүй бөгөөд барааны тооцоогоо хийе гэхэд янз бүрийн шалтаг хэлсээр өнөөдрийг хүрсэн. Иймд нэхэмжлэгч Д.Т нь миний дансанд шилжүүлсэн 19 400 000 төгрөгийн үнийн дүнд дүйцэх бараагаа авсан, мөн нэмж авсан 80 015 000 төгрөгийн барааны үнэ 80 015 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би Ж.Эаас нийт 1,680 ширхэг комбинзон, 700 ширхэг маск, 2 ширхэг халуун хэмжигч авч, хувь хүн, байгууллагад зарж борлуулсан. Үүний орлогоос өөртөө авсан зүйл байхгүй. Комбинзоныг 1 ширхэгийг НӨАТ орсон, ороогүйгээс шалтгаалаад 15 364 төгрөг, 16 000 төгрөг, 18 000 төгрөгөөр, маск 1 ширхэгийг 650 төгрөгөөр, халуун хэмжигчийг 1 ширхэгийг 130 000 төгрөгөөр зарж борлуулсан. Дээр дурдсан бараанууд нийт 27 840 600 төгрөг болсон бөгөөд үүнээс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Монос салбар эмийн санд 150 ширхэг комбинзоныг 18 000 төгрөгөөр зарсан, 2 700 000 төгрөгийг худалдан авагчаас шууд Ж.Эын И ХХК-ийн Хаан банкны 5028791313 тоот дансанд, Ховд аймгийн Монос салбар эмийн санд 100 ширхэг комбинзоныг 18 000 төгрөгөөр зарсан, 1 800 000 төгрөгийг худалдан авагчаас шууд Ж.Эын Хаан банкны 5035186782 тоот дансанд тус тус шилжүүлсэн, мөн комбинзон зарсан мөнгөнөөс 3 072 730 төгрөгийг эхнэрийн данснаас Ж.Эын Хаан банкны 5035186782 тоот дансанд шилжүүлж, нийт 7 572 730 төгрөг өгсөн. Комбинзон, маск, халуун хэмжигч зарж борлуулсан мөнгөнөөс үлдсэн 20 000 000 төгрөгийг Н.Б хүлээн авсан тухай бичиг хийж өгснийг Ж.Эад өгсөн. 1 680 ширхэг комбинзон, 700 ширхэг маск, 2 ширхэг халуун хэмжигчийг зарсан мөнгийг Н.Бд шилжүүлэн өгөхийг Ж.Э өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ж.Э нь 4 700 ширхэг комбинзон авсан гэж үнийг нь надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй зүйл юм. Бидний фэйсбүүк мессенжерээр хоорондоо харилцаж байсан чатаар явуулсан хүснэгт нь Ж.Э бидний зарсан болон цаашид зарж борлуулахаар төлөвлөсөн барааны тоо ширхгийн талаар дурдсан болохоос бүгд миний авсан барааны тоо ширхэг биш болно. Хариуцагч Ж.Э нь ямар ч үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж, надаас 80 015 000 төгрөг нэхэмжилсэн байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Эаас 28 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тт, нэхэмжлэгч Д.Таас 27 672 270 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Эад тус тус олгож, хариуцагчийн сөрөг шаардлагаас 52 342 730 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 299 950 төгрөг, хариуцагчийн 558 025 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эаас 299 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тт, нэхэмжлэгч Д.Таас 296 311 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Эад тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Д.Таас 27 672 270 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Эад олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Хариуцагч Ж.Э нь ямар ч үндэслэлгүйгээр, нотлох баримтгүй нэхэмжлэгч Д.Таас 80 015 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. Д.Т нь өөртөө ашиг олох зорилгоор Ж.Эаас бараа хүлээн авч байгаагүй, харин түүний хүсэлтийн дагуу бусдад зарж борлуулж өгөхөөр комбинзон, маск, халуун хэмжигч зэргийг хүлээн авч зарж мөнгийг зарим хэсгийг Ж.Эад өөрт нь шилжүүлж, зарим хэсгийг түүний зөвшөөрлөөр Мөнх түшээ ХХК-ийн захирал н.Бд шилжүүлэн өгсөн. Энэ талаарх нотлох баримтыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж шүүхэд гаргаж өгсөн. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр нэхэмжлэгч Д.Тын 2 ширхэг халуун хэмжигч, 700 ширхэг маск, 1680 ширхэг комбинзоныг Ж.Эад зарж борлуулж өгсөн, өөртөө нэг ч төгрөг аваагүй гэх тайлбарыг өөртөө авсан мэтээр тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч буй хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх комбинзоны нэгжийн үнийг 21 000 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэг удаагийн хамгаалалтын хувцас болох кобинезон нь үйлдвэрлэсэн газар, загвар, материал зэргээс хамаарч үнэ нь өөр өөр байдаг бөгөөд хариуцагч Ж.Эын зүгээс Д.Тт ямар төрөл загварын, ямар материалтай, нэг бүр нь хэдэн төгрөгөөр үнэлэгдэх комбинзон заруулахаар өгсөн талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 21 000, 25 000 төгрөгийн баримт нь сөрөг нэхэмжлэлд дурдсан Д.Тт өгсөн гэх кобинезонтой адил төрөл загварын комбинзон зарсан талаарх баримт эсэх нь эргэлзээтэй байхад нэгжийн үнийг 21 000 төгрөгөөр тооцсон зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/00669 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.Таас 27 672 270 төгрөг гаргуулан хариуцагч Ж.Эад олгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Ж.Эын зүгээс Д.Тт холбогдуулан комбинзон, маск, халуун хэмжигчийн үнэ нийт 80 015 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д.Тын Davaajav Tumenbayar нэртэй фэйсбүүк мессеж хаягаас Ж.Эын Iveel Iveel нэртэй фэйсбүүк мессеж хаягт ирүүлсэн Энхээгээс /Ж.Э/ авсан нэр төрөл гэсэн гарчиг бүхий ехсеl программ дээр өөрийн авсан барааны жагсаалт, тоо ширхгийг шивж ирүүлсэн хүснэгт бүхий бичгийн баримтыг хавсарган өгсөн бөгөөд уг баримтыг бэхжүүлэх, нотлох баримтын шаардлага хангуулах үүднээс нэхэмжлэгч болон хариуцагчийн фэйсбүүк мессеж хаягт шүүхийн зүгээс үзлэг хийж бэхжүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38, 44 дүгээр зүйлд заасантай нийцсэн гэж үзэж байна. Шүүхээс дээрх хүснэгт бүхий баримтыг гэрч Д.Д гэдэг хүн үйлдсэн мэтээр буруу ойлгож дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг баримтыг Д.Т нь өөрөө үйлдэж, нийт 4700 ширхэг комбинзон /Энхээгээс авсан нэр төрөл/ Эхний комбинзон 1500 ш/, Энхээгээс авсан нэр төрөл /Эхний захиалгын үлдэгдэл Комбинзон 3200ш// авсан гэдгээ хүлээн зөвшөөрч Ж.Э руу илгээсэн, уг хүснэгт бүхий баримтыг явуулсан талаараа Д.Т маргаагүй, Д,Тын хүсэл зориг нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасантай нийцсэн. Ж.Эын зүгээс 1 ширхэг комбинзоныг тухайг цаг хугацаанд 21 000 төгрөгөөр худалдан борлуулж байсан бөгөөд үнийн дүнг нотолсон баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гарган өгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхойлсон тул дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 52 342 730 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Ж.Эад холбогдуулан 28 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч 80 015 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ж.Э ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор Хятад улсаас маск, комбинзон оруулж ирж худалдах ажил хийж байгаа гэсэн бөгөөд хамтран ажиллах санал тавьсныг би хүлээн зөвшөөрч 28 400 000 төгрөг шилжүүлсэн боловч надад ямар нэг ашиг орлого өгөөгүй тул уг мөнгийг буцаан гаргуулна гэж,

хариуцагч Ж.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөнд тохирох бараа материалыг өгсөн гэж тус тус тайлбарласан байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Д.Тын Хаан банк ХХК-ийн дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 3 000 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 7 000 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 4 400 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Т.Хын данснаас 5 000 000 төгрөг, нийт 19 400 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, энэ талаар зохигчид маргаагүй. /хх.5-9/

Мөн хэрэгт IV/689527377-64 ш ачаанд 9 000 000 төгрөг бэлнээр өгсөн гэсэн бичгийн баримт, гэрч М.Сын ...Ж.Э тээврийн зардал 600 000 төгрөгөөс 300 000 төгрөгийг дансаар өгсөн, барааны үлдэгдэл төлбөрт 13 000 000 төгрөг өгөх байснаас надад Д.Т 9 000 000 төгрөгийг хар уутанд хийж бэлнээр өгсөн гэсэн мэдүүлэг, гэрч М.Сын Хаан банк ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дипозет дансны хуулгаас үзэхэд 5035186782 тоот данснаас 300 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх-113-116, 137, 138/

Хариуцагч Ж.Э нэхэмжлэгч Д.Тын ...М.Ст хариуцагчийн барааны үнэ болон тээвэрлэлтийн зардалд төлөх мөнгөнд 9 000 000 төгрөгийг бэлнээр, 300 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэсэн тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Т хариуцагч Ж.Эад 19 400 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, мөн хариуцагчийн ачаа тээвэрлэгч этгээдээс хүлээж авсан ачааны үнэд 9 000 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэж уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Ж.Э нэхэмжлэгч Д.Тт 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэг бүр нь 130 000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг халуун хэмжигч /260 000 төгрөг/, нэг бүр нь 650 төгрөгийн үнэтэй 700 ширхэг маск /455 000 төгрөг/, нэг бүр нь 21 000 төгрөгийн үнэтэй 4700 ширхэг комбинезон /98 700 000 төгрөг/ тус тус авсан гэсэн тайлбар гаргаж, сөрөг нэхэмжлэлээр 80 015 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Д.Т хариуцагч Ж.Эаас 2 ширхэг халуун хэмжигч, 700 ширхэг маск, 1680 ширхэг комбинзоныг хүлээн авсан болохоо үгүйсгээгүй, харин 4700 ширхэг комбинзон аваагүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэгчид 4700 ширхэг комбинзон өгсөн болохоо нотлохоор фэйсбүүк мессеж хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №20992 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. /хх.88-90/

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, бичгийн баримтууд, үзлэг хийж бэхжүүлсэн талуудын фэйсбүүкээр харилцсан зурвас, гэрч Ж.Н, Д.Д нарын мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэж хариуцагч Ж.Э 4700 ширхэг комбинзоныг нэхэмжлэгч Д.Тт шилжүүлэн өгсөн болохоо нотлоогүй гэсэн дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй юм. /хх-122-126/

Нэхэмжлэгч Д.Т хариуцагч Ж.Эын дансанд комбинзон худалдан борлуулсан үнийг шилжүүлсэн гэсэн тайлбар гаргаж, шүүхэд нотлох баримтаар Дархан-Уул аймгийн Монос эмийн сангаас И ХХК-ийн дансанд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 150 ширхэг комбинзоны үнэ 2 700 000 төгрөг, Ховд аймгийн Монос эмийн сангаас хариуцагчийн дансанд 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 100 ширхэг комбинзоны үнэ 1 800 000 төгрөг тус тус шилжүүлсэн бичгийн баримтуудыг гаргасан, хариуцагч Ж.Э уг баримтыг үгүйсгээгүй байх тул анхан шатны шүүх 250 ширхэг комбинзоны тооцоог тухайн цаг хугацаанд хийсэн гэж дүгнэсэн нь зөв болжээ. /хх-105, 106/

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Т эхнэр Б.Ды данснаас хариуцагчийн дансанд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 3 072 730 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргасан байна. /хх-149/

Комбинезоны нэгжийн үнийг сөрөг нэхэмжлэлд 21 000 төгрөгөөр тооцсон ба нэхэмжлэгч нь Дархан-Уул, Ховд аймгуудын Монос эмийн санд 18 000 төгрөгөөр, хариуцагч нь МИАТ ТӨХК-д 21 000 төгрөгөөр, Нийслэлийн эрүүл мэндийн газарт 25 000 төгрөгөөр тус тус худалдсан үйл баримт тогтоогджээ. /хх.49, 50, 105-106/

Шүүх хэргийн нотлох баримтад үндэслэн комбинзоны дундаж үнийг 21 333 төгрөг гэж тодорхойлсон, хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ 21 000 төгрөгөөр тооцсон байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үнээр 1430 ширхэг комбинзоны үнийг 30 030 000 төгрөг гэж дүгнэсэн нь буруу биш байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Таас комбинзоны үнэ 30 030 000 төгрөг, хоёр ширхэг халуун хэмжигчийн үнэ 260 000 төгрөг, 700 ширхэг маскны үнэ 455 000 төгрөг, нийт 30 745 000 төгрөгийн хэмжээнд хангаж, уг үнийн дүнгээс нэхэмжлэгчийн эхнэр Б.Ды төлсөн 3 072 730 төгрөгийг хасч тооцон нийт 27 672 270 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...Д.Тт өгсөн гэх комбинзонтой адил төрөл загварын комбинзон зарсан баримт эргэлзээтэй байхад нэгжийн үнийг 21 000 төгрөгөөр тооцсон зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн ...шүүх талуудын фэйсбүүкээр харилцсан зурвасыг зохигчдын тайлбартай харьцуулан үзэхэд хариуцагчаас 4700 ширхэг комбинзоныг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар эргэлзээгүй байдлаар нотлогдохгүй байна гэсэн агуулгаар тус тус давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд комбинезоны үнийн талаар зохигчид харилцан тохиролцоогүй, хариуцагч талаас нэхэмжлэгчид хэдэн төгрөгөөр комбинзоноо заруулахаар өгсөн болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, шүүх хариуцагчийн комбинзоны худалдсан дундаж үнийг баримтлан үнийг тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул зохигчдын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/00669 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 296 320 төгрөг, хариуцагч талаас төлсөн 419 664 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ц.ИЧИНХОРЛОО