Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/00205

 

 

 

 

 

 

 

 

      2021          01           19

 101/ШШ2021/00205

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.А-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З.Д-д холбогдох,

 

20,313,695 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, хариуцагч З.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Хариуцагч З.Д нь 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10,000 ам.доллар, 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 10,000 ам.доллар авсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, 2009 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгуулж байх явцдаа 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 4,000 ам.долларыг буцаан өгсөн. З.Д нь үүнээс гадна 40,000 ам.доллар Э.Ганзориг гэгчтэй бүлэглэн залилж авсан ба эдгээр хүмүүст холбогдох эрүүгийн хэргийг бүтэн 5 жил орчим шалгаж, олон удаа бүх шатны шүүх хуралдаанаар түүнийг гэм буруутайд тооцож, 10 жил 1 сарын хугацаагаар хорихоор шийдвэрлэж байсан боловч эцэст нь Улсын Дээд шүүх 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй хуралдаж З.Д-д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон байдаг. Эх хүний хувьд түүнийг нялх хүүхэдтэй юм гэж бодоод хүлээсэн. Гэтэл 2018 оны эхээр уулзаж мөнгөө нэхэхэд уучлаарай, удахгүй мөнгийг чинь өгнө гэсэн учир бас л итгэсэн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгийг өгөхгүй байна. Нэхэмжлэгч Ч.А нь 2018 оны сүүл хүртэл хүлээгээд эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдсэн болно. 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10,000 ам.долларыг 14 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн тул 10,000 ам.доллар*1,171.36=11,713,600 төгрөг, 14 хоногийн 5 хувийн хүү 585,680 төгрөг, нийт 12,299,280 төгрөгөөс өгсөн 4,000 ам.доллар буюу 4,685,440 төгрөгийг хасаад 7,613,840 төгрөг. 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээлсэн 10,000 ам.доллар*1.209.51=12,095,100 төгрөг, 30 хоногийн 5 хувийн хүү 604,755 төгрөг, нийт 12,699,855 төгрөг, Иймд хариуцагч З.Дгээс нийт 20,313,695 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч З.Д шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-д Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх бусад этгээд заавал биелүүлнэ гэж заасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 100 дугаартай тогтоолоор намайг цагаатган, нэн даруй суллах, Э.Ганзоригоос 40,000 ам.доллар гаргуулан хохирогч Ц.Алтанцоожид олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Ч.А нь бүх шатны шүүх намайг гэм буруутай гэж үзсэн мэтээр бодит байдалд нийцээгүй үндэслэл гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14-д заасан гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэх заалтыг зөрчиж, миний нэр төрд шууд халдсан хууль бус үйлдэл гаргаж байна. Миний бие түүний гаргасан гомдлын дагуу хууль шүүхийн байгууллагаар үнэн зөвөө олохын тулд 5 жилийн хугацаанд шалгагдаж, бие махбодь, сэтгэл санааны маш их хохирол амсч, тодорхой хугацаанд хоригдож, өөрийн ой ч хүрээгүй нялх үрээ асран халамжлагчгүй орхих нөхцөл байдал үүсч, хорих байгууллагад хүүгээ хөхүүлэн түүнийгээ өвдөх үед хажууд нь ч байж чадахгүй маш их сэтгэлийн дарамттай хугацааг биеэр туулсны эцэст үнэн ялж цагаадсан. Энэ үед манай ах дүү нар болон хүүгийн эцэг арга ядахдаа Ч.Атой уулзаж гуйхад өөдөөс нь дааж давшгүй хохирлын мөнгө гээчийг нэхэн шаардаж, түүнийг төлөхгүй бол ялаа аваад яв гэсэн байдаг. Миний бие Ч.Атой 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 802а дугаартай шийтгэх тогтоол гарч хоригдсоноос хойш нэг ч удаа тааралдаагүй, уулзалдаагүй, 2018 онд уулзаж мөнгөө нэхэхэд уучлаарай удахгүй мөнгийг чинь өгнө гэсэн нь огт үндэслэлгүй. Миний бие Баянгол дүүргийн цагдаагийн газарт Ц.Алтанцоожийн гомдлоор 2009 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байхдаа нэхэмжлэлд дурдсан мөнгийг 34,000 ам.доллар болгон бүрэн барагдуулсан талаарх нотлох баримтыг гарган өгсөн. Гэтэл энэ олон жилийн дараа гэнэт ийм асуудал гаргаж ирж, надтай уулзаж шаардаж байсан, өгнө гэж хойшлуулж байсан мэтээр нэхэмжпэл гаргаж байгаа нь үнэнд нийцэхгүй юм. Иймд дээрх үндэслэлээр Ч.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч З.Д-д холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 7,613,840 төгрөг, 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 12,699,855 төгрөг, нийт 20,313,695 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.  

 

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлж барагдуулсан, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тогтоолоос үзэхэд нэхэмжлэгч Ч.А-оос 2008 оны 02, 03 дугаар сард 20,000 ам.доллар зээлэн буцаан төлөөгүй хариуцагч З.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, иргэний эрх зүйн зээлийн гэрээнээс үүссэн үүрэг биелэгдээгүй маргаан гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, З.Д-г цагаатгасан байх бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна /хх-9-27/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг дахин нотлохгүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зохигч талуудын тайлбар, эрүүгийн хэргээс хуулбарлан авсан гар бичмэл, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл баримтуудаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчээс 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10,000 ам.доллар 30 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 10,000 ам.доллар тус тус зээлж авсан болох нь тогтоогдож байна /хх-6, 8/.

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэстэй.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хариуцагч нь эрүүгийн хэрэгт шалгагдах явцад буюу 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 4,000 ам.долларыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байх ба энэ талаар зохигч маргаагүй, нэхэмжлэлд зээлийн гэрээний тооцооноос хассан байна.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан 2 зээлд нийт 34,000 ам.доллар нэхэмжлэгчид төлсөн гэж тайлбарлаж, эрүүгийн хэрэгт авагдсан гар бичмэл түүвэр, аудиторын дүгнэлтийн хавсралтуудыг /хх-62-64/ шүүхэд гаргасан ба аудиторын дүгнэлтэд /хх-67/ анхан шатны баримтуудыг зохих журмын дагуу хөтлөөгүй, стандартын шаардлага бүрэн хангаагүй гэж үнэлсэн, түүнчлэн 3 шатны шүүхийн шийдвэрт дээрх 20,000 ам.долларыг төлөгдөөгүй гэж дүгнэснээс үзвэл аудиторын дүгнэлтийн хавсралтууд болох Ч.А-д З.Д-гээс өгсөн $-ын жагсаалт, “Баянгол күгжэ” ХХК-ийн Тунгалагаар дамжуулан Алтанцоож болон түүний нөхөр Хишигбаярт олгосон мөнгө /хүү/ зэрэг баримтуудын хүрээнд хариуцагчийн тайлбарыг үндэстэй гэж дүгнэх боломжгүй байна.   

 

Иймээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.  

 

Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх ба мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 100 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ч.А-оос 2008 оны 02, 03 дугаар сард 20,000 ам.доллар зээлэн буцаан төлөөгүй хариуцагч З.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, иргэний эрх зүйн зээлийн гэрээнээс үүссэн үүрэг биелэгдээгүй маргаан гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, З.Д-г цагаатгасан байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн шаардах эрх энэ үеэс буюу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үүссэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны эхээр уулзсан, улмаар хариуцагч 2018 онд багтаан зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн Хан-Уул дүүрэг дэх хаягаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан нь хариуцагчтай Хан-Уул дүүрэгт уулзсан гэдгийг нотолно гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байх боловч уг тайлбарыг дээр дурдсан зохигчийн нотлох үүргийн дагуу мөн нотлогдсон гэж  үзэх боломжгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзал үндэстэй.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул хариуцагч З.Д-гээс зээлийн гэрээний үүрэгт 20,313,695 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Д-гээс 20,313,695 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.А-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА