Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2021/00596

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэгт бүртгэлтэй ч, Баянзүрх дүүрэгт байрлах, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэгт бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэгт оршин суух, Б овогт А-ийн Б-т холбогдох,

Үйлчилгээний төлбөр 1.102.153 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Д.О, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээ үзүүлдэг компани юм. Тус компани Эрчим хүчний зохицуулах хорооноос “Дулаан түгээх, Дулаанаар зохицуулалттай хангах”, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс “Цэвэр усаар хангаж, бохир ус татан зайлуулах” зэрэг тусгай зөвшөөрлүүдийг авч, Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 14, 18, 22 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1, 11 дүгээр хороо, Баянгол дүүргийн 7, 20 дугаар хороонд байрлалтай 57 орон сууцны байруудыг халаалт, халуун хүйтэн усаар тасралтгүй хангаж, бохир усыг зайлуулж, инженерийн гадна, дотно шугам сүлжээ, сантехник, цахилгааны засвар үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулдаг. Хариуцсан айл өрх аж ахуйн нэгжээс халаалт, ус мөнгийг тооцон авч шилжүүлдэг. А.Б нь тус компанийн үйлчлэх хүрээнд хамрах Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж, 8 дугаар байрны 2 тоот, 2 өрөө 51.3 мкв орон сууцанд амьдардаг. Тус байрны 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд хэрэглэсэн ус, дулааны төлбөр болох 1.102.153 төгрөгийг төлөөгүй байна.

            Сар бүрийн төлбөрийг тооцохдоо эрчим хүчний зохицуулах хороо болон ус сувгийн удирдах газар зэрэг холбогдох эрх бүхий газраас тогтоосон тухайн үеийн тарифийн дагуу тооцсон болно. Хариуцагч манай удирдлагатай ирж уулзсаны дагуу 2019 оны 11 сард халаалтын үнэ болон цэвэр бохир усны үнийг хүсэлтээр нь тэглэж өгч байсан болно. Хариуцагч 2018 онд амьдраагүй, хүнгүй байсан гэж байна. Гэтэл тухайн айл нэгдсэн системтэй орон сууцны айл тул халаалтын хувьд хүн амьдарсан эсэхээс үл хамаарч журмын дагуу тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд бүтнээр тооцогдож бичигддэг болно. Мөн хүнгүй үед зарим сард усны төлбөр бага гарсан байгаа нь сар бүрийн төлбөрийн баримт дах бичиглэлээр тогтоогдоно. Нэмэлт төлбөрийн тухайд 2018 оны 12 дугаар сард, мөн 2019 оны 6 дугаар сард уг айлаас дуудлага өгсний дагуу засварчин очиж  засвар хийсэн тул төлбөрт үйлчилгээ бичигдсэн болно.

Уг айлаас удаа дараа төлбөрийг нэхсэн ч төлөөгүйгээс хариуцсан байцаагч нар гэрээр очиж төлбөр төлөхийг шаардсан байдаг. Үүнтэй холбогдуулан 2019 оны 12 дугаар сард, 2020 оны 7 дугаар сард хоёр удаа очиход хариуцагч гомдол гаргаснаар манай байцаагч нарыг танхайрсан гэж үзэн зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, 100.000 төгрөгөөр торгосон байдаг. Манай хүмүүсийн хувьд харилцааны соёлгүй асуудал гаргасныг үгүйсгэхгүй. Хаалга хүчтэй нүдсэн гэхээр харилцааны доголдол гаргасан гэж үзнэ. Иймд байгууллагын зүгээс албан бичгээр уучлалт гуйхад татгалзахгүй. Харин төлбөл зохих төлбөрөөс бууруулах боломжгүй. Гэхдээ төлбөр төлөөгүйгээс энэ маргаан үүсч зодоон цохионы асуудалд тулсан. Тухайн үед хариуцагчийн эд зүйлийг эвдэлж хэмхэлсэн зүйл байхгүй болно. Утас эвдээгүй, тоолуур эвдээгүй болно. Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулсан асуудал энэ нэхэмжлэлтэй хамааралгүй.

Иймд А.Б-аас төлбөрөө төлөхийг удаа дараа нэхдэг боловч төлөхгүй байгаа учир 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд хэрэглэсэн ус, дулааны төлбөр болох 1.102.153 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 50 хувийг хүлээн зөвшөөрч төлөх саналтай байна. Тухайн үед 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэл хөдөө амьдарч байгаад ирэхэд байцаагч дарамталж, төлбөрөө төлөхийг шаардаж хэл амаар доромжилсон. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манайд 3 хүний хамт халдан дайрч орж ирж, бусдын биед халдан танхайрсан. Үүний улмаас эхнэр хүүхэд болон миний бие сэтгэл санааны гүн цочролд орсон. Үүний дараа тухайн байцаагч нь шүүхээр яваад олоод авна гэж удаа дараа утсаар болон гэрийн үүдэнд мэдэгдэх хуудас наах замаар дарамталсан. 2020 оны 2 дугаар сараас Ковид өвчний улмаас ажил төрөл зогссон, нялх хүүхэдтэй байхад байнга дарамталж байсан. 2020 оны 7 дугаар сарын 22-нд намайг байхгүйд эхнэр хүүхдийн маань хүч хэрэглэн худал хэлж, орж ирээд 2 усны тоолуур эвдэж, хүүхэд эхнэрийг айлгаж давтан гэрт нэвтэрч орж ирэн хохирол учруулсан болно. Мөн дээрээс нь нэхэмжлэл дунд нэмэлт төлбөр нэрээр илүү мөнгө бичсэн байсан. Үүнийг бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага шиг хандаж дарамталсан. Энэ үйлдэлдээ уучлалт гуйгаагүй байгаа болно. Бие махбодь сэтгэл санаанд хохирол учруулсан хэрнээ зөвхөн уучлалт бичгээр гуйгаад хангалтгүй. Иймд үнийн дүнгээс хасч тооцуулах хүсэлтэй. Нэмэлт төлбөр, утасны эвдрэл, 2 усны тоолуурын зардлыг хасаад 600.000 төгрөгөөр тохирох, эвлэрэх саналтай байна. Хэрэв зөвшөөрвөл 2020 оны 10 сараас хойших төлбөрөө цаашид нэг бүрчлэн төлөх болохоо илэрхийлж байна. Мөн хэрэгт байгаа гэрээг сунгаагүй. 2019 оны 11 дүгээр сар хүртэл уг байранд хүнгүй, ирж очин байсан болно. Нэмэлт төлбөрийн тухайд одоо маргахгүй болно. Мөн сар бүрийн төлбөрийг тооцсон тооцоололд маргахгүй. Мөн уг байрны өмчлөлийг өөрийн ахад шилжүүлсэн, одоо өмчлөгч биш болсон гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч А.Б-т холбогдуулан үйлчилгээний төлбөрт 1.102.153 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 600.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй хэмээн маргав.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ... төлөх” гэж,  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д “хэрэглэгч цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг төлөх” гэж, Эрчим хүчний тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.1.2-т “хэрэглэгч эрчим хүчний /хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хий/ төлбөрөө бүрэн төлөх” үүрэгтэй гэж тус тус заажээ.

“Х” ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-д заасан тусгай зөвшөөрөл бүхий хангагч байгууллага болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.  /хх 13-17/

Дээрх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Цагдаагийн гудамжны 8 дугаар байр бүртгэгдсэн, энэ талаар талууд маргаагүй.

Хариуцагч уг орон сууцны өмчлөгч биш болсон, ирж очин уг байранд амьдарч байгаа гэж тайлбарлав. Маргаан бүхий дээрх 8 дугаар байрны 2 тоотод А.Б оршин суудаг болохыг харьяа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаас 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тодорхойлж ирүүлсэн. Түүнчлэн Эрчим хүчний тухай хууль, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасан “хэрэглэгч”-ийг тухайн хөрөнгийн өмчлөгч гэж тодорхойлоогүй. Иймд уг орон сууцыг бодитоор эзэмшиж ашиглаж буй нь түүний өөрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дээрх Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хариуцагч төлбөрийг төлөх үүрэгтэй.

Хэрэгт баримтаар зохигчдын хооронд 2015 онд байгуулсан “Орон сууц эзэмшигч нартай байгуулсан гэрээ” авагдсан, уг гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон, талууд гэрээг сунгаагүй байна.  Хариуцагч талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарлав. /хх 32-41/

Дээрх 8 дугаар байр төвлөрсөн дулаан хангамжаар хангагддаг орон сууц болох нь тогтоогдож байх тул хэрэглэгч, хангагч нарын хооронд гэрээ байгуулагдаагүй тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар мөрдөгдөж байгаа тарифийн дагуу үнийг тооцож, хэрэглэгч төлөх үүргийг хүлээнэ. Мөн гэрээ байгуулаагүй тохиолдолд Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-т зааснаар хэрэглэгч “хэрэглээний усны төлбөрөө тоолуурын заалтаар тооцож төлөх үүрэг хүлээх”-ээр заасан, хэрэгт баримтаар тухайн орон сууцны сар бүрийн халуун, хүйтэн усны тоолуурын заалт, түүнийг дагуу тооцсон мөнгөн төлбөрийн дүн тэмдэглэгдсэн тул хэрэглэгч төлөх үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сар дуусталх хугацааны хэрэглэсэн ус, дулааны төлбөрт нийт 1.102.153 төгрөг гаргуулахаар шаардаж, сар бүрийн төлбөрийн баримт, тооцооллыг баримтаар ирүүлжээ. /хх 4-11/

 Ус, дулааны төлбөрийг эрх бүхий байгууллагаас тогтоосон тарифын дагуу тухай бүрт тооцсон гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч энэхүү тооцоололд маргаагүйгээс гадна нэхэмжлэгчийн 2020 оны 8 дугаар сар хүртэлх төлбөрийн тооцоолол холбогдох журам, дүрмийн дагуу зөв тооцогдсон талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос 2020 оны 10 дугаар сарын 06-нд, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2020 оны 9 дүгээр сарын 28-нд тус тус тодорхойлсон байна.  /хх 18-20/

 Хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 12 дугаар сард “төлбөрт үйлчилгээ 5.100 төгрөг”, 2019 оны 6 дугаар сард 12.600 төгрөг тус тус нэмэгдэж тооцогджээ. Нэхэмжлэгч дээрх хугацаанд хэрэглэгчээс ирүүлсэн хоёр удаагийн дуудлагаар нэмэлт үйлчилгээ буюу засварын ажлыг хийсэн гэж тайлбарлав. Хариуцагч шүүх хуралдааны явцад төлбөрт үйлчилгээ авсан, мөнгөн дүнд маргаагүй хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй. 

Хариуцагч хоёр удаа орон сууцанд дайрч орж ирснээс хохирол учирсан тул сэтгэл санаа, бие мах бодь болон эд хөрөнгөд учирсан хохирлоо төлөх ёстой төлбөрөөс хасч тооцуулна гэж тайлбарлав.

Зохигчдын тайлбараар 2019 оны 12 дугаар сард, 2020 оны 7 дугаар сард тус тус нэхэмжлэгч байгууллагын холбогдох ажилтан болон хариуцагч нарын хооронд маргаан үүсч, улмаар Цагдаагийн байгууллагаас холбогдох ажилтнуудад Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогдож байна.

Гэвч дээрх асуудал энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул төлбөл зохих төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч эд хөрөнгөд учирсан хохирол гэдгээ утас эвдэрсэн, усны тоолуурыг авч явсан гэж тайлбарласан хэдий ч уг тайлбарыг дэмжих бичгийн баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч уг үйл баримтыг үгүйсгэсэн тайлбар гаргаж байна. Мөн сэтгэл санаа, бие махбодьд учирсан хохирлыг төлбөрөөс хасч тооцох боломжгүй. Хэрэв хариуцагч орон сууцанд нэвтэрч орсон үйлдлийн улмаас өөрт эдийн болон эдийн бус гэм хорын хохирол учирсан гэж үзвэл уг асуудлаа жич шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас үйлчилгээний төлбөрт 1.102.153 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-т зааснаар Х.Б-аас үйлчилгээний төлбөрт 1.102.153 /нэг сая нэг зуун хоёр мянга нэг зуун тавин гурван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31.002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 31.002 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ