Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00897

 

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00897

 

 

ХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/00596 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Б-т холбогдох

Үйлчилгээний төлбөр 1 102 153 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Д.О, хариуцагч А.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ ХХК нь орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээ үзүүлдэг компани юм. Тус компани Эрчим хүчний зохицуулах хорооноос Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах, хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс цэвэр усаар хангаж, бохир ус татан зайлуулах зэрэг тусгай зөвшөөрлүүдийг авч, Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 14, 18, 22 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1, 11 дүгээр хороо, Баянгол дүүргийн 7, 20 дугаар хороонд байрлалтай 57 орон сууцны байруудыг халаалт, халуун хүйтэн усаар тасралтгүй хангаж, бохир усыг зайлуулж, инженерийн гадна, дотно шугам сүлжээ, сантехник, цахилгааны засвар үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулдаг. Хариуцсан айл өрх аж ахуйн нэгжээс халаалт, ус мөнгийг тооцон авч шилжүүлдэг. А.Б- нь тус компанийн үйлчлэх хүрээнд хамрах Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, цагдаагийн гудамж, 8 дугаар байрны 2 тоот, 2 өрөө 51.3 мкв орон сууцанд амьдардаг. Тус байрны 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд хэрэглэсэн ус, дулааны төлбөр болох 1 102 153 төгрөгийг төлөөгүй байна.

Сар бүрийн төлбөрийг тооцохдоо эрчим хүчний зохицуулах хороо болон ус сувгийн удирдах газар зэрэг холбогдох эрх бүхий газраас тогтоосон тухайн үеийн тарифийн дагуу тооцсон болно. Хариуцагч манай удирдлагатай ирж уулзсаны дагуу 2019 оны 11 дүгээр сард халаалтын үнэ болон цэвэр бохир усны үнийг хүсэлтээр нь тэглэж өгч байсан болно. Хариуцагч 2018 онд амьдраагүй, хүнгүй байсан гэж байна. Гэтэл тухайн айл нэгдсэн системтэй орон сууцны айл тул халаалтын хувьд хүн амьдарсан эсэхээс үл хамаарч журмын дагуу тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд бүтнээр тооцогдож бичигддэг болно. Мөн хүнгүй үед зарим сард усны төлбөр бага гарсан байгаа нь сар бүрийн төлбөрийн баримт дахь бичиглэлээр тогтоогдоно. Нэмэлт төлбөрийн тухайд 2018 оны 12 дугаар сард, мөн 2019 оны 6 дугаар сард уг айлаас дуудлага өгсний дагуу засварчин очиж засвар хийсэн тул төлбөрт үйлчилгээ бичигдсэн болно.

Уг айлаас удаа дараа төлбөрийг нэхсэн ч төлөөгүйгээс хариуцсан байцаагч нар гэрээр очиж төлбөр төлөхийг шаардсан байдаг. Үүнтэй холбогдуулан 2019 оны 12 дугаар сард, 2020 оны 7 дугаар сард хоёр удаа очиход хариуцагч гомдол гаргаснаар манай байцаагч нарыг танхайрсан гэж үзэн зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, 100 000 төгрөгөөр торгосон байдаг. Гэхдээ төлбөр төлөөгүйгээс энэ маргаан үүсч зодоон цохионы асуудалд тулсан. Тухайн үед хариуцагчийн эд зүйлийг эвдэлж хэмхэлсэн зүйл байхгүй болно. Утас эвдээгүй, тоолуур эвдээгүй болно. Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулсан асуудал энэ нэхэмжлэлтэй хамааралгүй. Иймд А.Б-аас төлбөрөө төлөхийг удаа дараа нэхдэг боловч төлөхгүй байгаа учир 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд хэрэглэсэн ус, дулааны төлбөр болох 1 102 153 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 50 хувийг хүлээн зөвшөөрч төлөх саналтай байна. Тухайн үед 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэл хөдөө амьдарч байгаад ирэхэд байцаагч дарамталж, төлбөрөө төлөхийг шаардаж хэл амаар доромжилсон. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манайд 3 хүний хамт халдан дайрч орж ирж, бусдын биед халдан танхайрсан. Үүний улмаас эхнэр хүүхэд болон миний бие сэтгэл санааны гүн цочролд орсон. Үүний дараа тухайн байцаагч нь шүүхээр яваад олоод авна гэж удаа дараа утсаар болон гэрийн үүдэнд мэдэгдэх хуудас наах замаар дарамталсан. 2020 оны 2 дугаар сараас Ковид өвчний улмаас ажил төрөл зогссон, нялх хүүхэдтэй байхад байнга дарамталж байсан. 2020 оны 7 дугаар сарын 22-нд намайг байхгүйд эхнэр хүүхдийн маань хүч хэрэглэн худал хэлж, орж ирээд 2 усны тоолуур эвдэж, хүүхэд эхнэрийг айлгаж давтан гэрт нэвтэрч орж ирэн хохирол учруулсан болно. Мөн дээрээс нь нэхэмжлэл дунд нэмэлт төлбөр нэрээр илүү мөнгө бичсэн байсан. Бие махбодь сэтгэл санаанд хохирол учруулсан хэрнээ зөвхөн уучлалт бичгээр гуйгаад хангалтгүй. Иймд үнийн дүнгээс хасч тооцуулах хүсэлтэй. Нэмэлт төлбөр, утасны эвдрэл, 2 усны тоолуурын зардлыг хасаад 600 000 төгрөгөөр тохирох, эвлэрэх саналтай байна. Хэрэв зөвшөөрвөл 2020 оны 10 дугаар сараас хойших төлбөрөө цаашид нэг бүрчлэн төлөх болохоо илэрхийлж байна. Мөн хэрэгт байгаа гэрээг сунгаагүй. 2019 оны 11 дүгээр сар хүртэл уг байранд хүнгүй, ирж очин байсан болно. Нэмэлт төлбөр болон төлбөрийг тооцсон тооцоололд маргахгүй. Мөн уг байрны өмчлөлийг өөрийн ахад шилжүүлсэн, одоо өмчлөгч биш болсон гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-т зааснаар Х.Б-аас үйлчилгээний төлбөрт 1.102.153 /нэг сая нэг зуун хоёр мянга нэг зуун тавин гурван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХ ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31 002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 31 002 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: А.Б- миний нэр дээр байсан боловч 2015 оноос өмчлөгч нь солигдсон, орон сууц ашиглах гэрээ хийгдээгүй байсан. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 8 дугаар байрны 02 тоот орон сууцны ус, дулаан, халаалтын төлбөрийг А.Б- миний нэр дээр гаргаж надаас нэхэмжлэн, шүүхийн шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Иймд тухайн төлбөр тооцоог зохих хууль ёсны өмчлөгчид нь нэхэмжлэл гаргуулан авахыг хүсэж байна гэжээ

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ХХ ХХК хариуцагч А.Б-т холбогдуулан үйлчилгээний төлбөрт 1 102 153 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч 600 000 төгрөгөөс үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Х.Б- нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж, 8 дугаар байрны 02 тоотод оршин суугч байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 10 дугаар хүртэл хугацааны хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хорооны тодорхойлолт, сар бүрийн төлбөрийн баримт, тооцооллыг баримт, Эрчим хүчиний зохицуулах хорооны албан бичиг, нэхэмжлэх, гэрээний дэвтэр зэргээр тогтоогдож байна. Хариуцагч нь хэрэглэсэн ус, дулааны үнийн дүн, тооцооллын талаар маргаагүй. /хх-ийн 4-11, 18, 27, 68, 74, 75 /

 

Хариуцагч Х.Б- нь ...уг орон сууцны өмчлөгч биш болсон, ирж очин уг байранд амьдарч байгаа... гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар энэ талаар нотлох баримт гаргаж ирүүлээгүй. /хх-ийн 75/

 

Мөн тэрээр ...хоёр удаа орон сууцанд дайрч орж ирснээс хохирол учирсан тул сэтгэл санаа, бие мах бодь болон эд хөрөнгөд учирсан хохирлоо төлөх ёстой төлбөрөөс хасч тооцуулна гэсэн тайлбар гаргасан байх боловч энэ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчийн хувьд өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

Иймд хариуцагч Х.Б-аас 1 102 153 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХ ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-т тус тус нийцсэн байна.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо ...2015 оноос өмчлөгч нь солигдсон, орон сууц ашиглах гэрээ хийгдээгүй, орон сууцны ус, дулаан, халаалтын төлбөрийг А.Б- миний нэр дээр гаргаж надаас нэхэмжлэн, шүүхийн шийдвэр гаргаж байгаад гомдолтой... гэх боловч уг гомдлыг хангах боломжгүй байна.

 

Учир нь хариуцагч Х.Б- нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Цагдаагийн гудамж, 8 дугаар байрны 02 тоот орон сууцанд амьдарч байгаа болох нь түүний 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манайд 3 хүний хамт халдан дайрч орж ирсэн 2020 оны 7 дугаар сарын 22-нд намайг байхгүйд эхнэр хүүхдийн маань хүч хэрэглэн худал хэлж, орж ирсэн гэх тайлбараар нотлогдож байхаас гадна Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны А.Б- нь тус хорооны 8 дугаар байрны 02 тоотод оршин суудаг гэсэн тодорхойлолт, гэрээний дэвтэр дэх түүний гарын үсэг бүхий... 9, 10, 11, 12 сарын төлбөрийг алдангигүй төлнө... гэсэн хүсэлт зэрэг нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт, тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй байна. / хх-ийн 27, 36, 57, 75/

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/00596 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ