Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2021/00827

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 32А байр, 0 тоотод байрлах, “Х ” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Х овогт Б-гийн Н-т холбогдох,

Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Манай “Х ” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ иргэн Г.З-тай 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн талбай болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 38 байрны зоорийн /подвал/ давхарт байрлах 15 мкв байрыг сургалтын үйлчилгээний чиглэлээр сарын 45.000 төгрөгөөр түрээслэхээр тохирч гэрээ байгуулсан байна. Гэтэл Г.З уг түрээсийн байрыг гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу ашиглаагүй бөгөөд харин Б.Н уг 15 мкв байрыг ямар нэгэн гэрээ хэлцэлгүй, үндэслэлгүйгээр эзэмшиж, ашиглаж байна.

Б.Н манай СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 9 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн. Тэрээр ажлаас чөлөөлөгдөхийн өмнөхөн Г.Золбаяр гэж хүнтэй дүр үзүүлсэн гэрээг хуурамчаар хийсэн. Улмаар өөрөө уг зоорийг /подвал/ эзэмшиж ашиглаж байгаа болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Мөн тэрээр өөрийн дансаар түрээсийн төлбөрийг шилжүүлж байснаар нотлогдоно. Хариуцагч тус СӨХ-г эрх зүйн чадамжгүй гэж байна. Гэтэл хариуцагч өөрөө Гүйцэтгэх захирлаар 2013 оноос 2019 оны 9 сарын хооронд ажиллаж, бусадтай гэрээг хүртэл байгуулж байсан. Тэгсэн мөртлөө ямар баримтыг зөвшөөрч ямар баримтыг зөвшөөрөхгүй, улмаар холбоо эрхзүйн чадамжгүй гэж хэлж байгааг ойлгохгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 38 байрны зоорийн /подвал/  давхарт байрлах 15 мкв байрыг Б.Н-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх   хуралдаанд   дэмжиж   гаргасан   тайлбартаа: Б.Н би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 38 байрны зоорийн /подвал/ давхарт байрлах 15 мкв байрыг эзэмшдэггүй, ашигладаггүй, амьдардаггүй болно. Хуулиар СӨХ хуулийн этгээдийн эрхгүй байгууллага бөгөөд хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.15 дахь хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг Холбооны нэрийн өмнөөс гүйцэтгэх захирал байгуулах эрхтэй гэж заасан. Тэгвэл миний бие тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хууль журам, тогтоолын хүрээнд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Х ” СӨХ-н нэрийн өмнөөс хуульд заасан үүргийнхээ дагуу Г.Золбаяртай гэрээг байгуулсан. Тус СӨХ-ны Удирдах зөвлөлөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас халсан байдаг. Тухайн үед байгуулсан “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ”-ний  6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар удирдлагад өөрчлөлт орсон нь тус гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Б.Н миний яагаад үүрэг хариуцлага үүрч, шүүхэд хариуцагч болсноо ойлгохгүй байна. СӨХ болон Г.З нарын хоорондын байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр гэрээ бөгөөд тус гэрээг цуцлах, өөрчлөх, гэрээнд заасан үүргийг зөрчсөн гэх үндэслэл нь тэдний хоорондынх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Уг зоорийг /подвал/ Б.Н биш өөр хүн эзэмшдэг. Мөн уг байранд Г.З амьдардаггүй, Б.Н эзэмшиж байгаа гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Г.З түрээсийн мөнгийг Б.Н-т шилжүүлснийг хариуцагч хүлээн авч, улмаар мөнгийг дамжуулан шилжүүлсэн баримтыг төлбөр төлж байснаар нотлогдоно гэж нэхэмжлэгч буруугаар тайлбарлаж байна. 

Түүнчлэн тус СӨХ энэ нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эрх зүйн чадамжгүй этгээд болно. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Холбооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж батална, эрх барих дээд байгууллага бүх гишүүдийн хурал байна, бүх гишүүдийн хурлаас тогтоол, тэмдэглэл гаргана гэх зэргээр заасан байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар тус СӨХ-ийн дүрэм бүх гишүүдийн хурлаас батлагдаагүй байна. Мөн Холбооны дүрэмд удирдах зөвлөлд хэдэн гишүүн байх, хяналтын зөвлөлийн гишүүн хэд байх зэргийг тогтоодог ч тус байгууллагынх тодорхойгүй тул хэрэгт баримтаар ирүүлсэн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүд томилсон тогтоолууд хүчин төгөлдөр бус. Мөн уг холбооны дүрэм өөрөө анхнаасаа хууль бус байх тул цаашаа удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох эрхгүй байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Х ” сууц өмчлөгчдийн холбоо нь Б.Н-т холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 38 дугаар байрны зоорийн /подвал/ давхарт байрлах 15 мкв талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, орцны цонх, ... тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна” гэж, мөн зүйлийн 15.4, 15.5 “Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө” гэж, “Холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж болно” гэж, түүнчлэн мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо байна” гэж тус тус заажээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

-Хариуцагч Б.Н тус сууц өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирлаар 2013 оны 11 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан үйл баримтад зохигчид маргаагүй. /хх 30, 63, 64, 91/

-2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэг талаас “Х ” сууц өмчлөгчдийн холбоо, нөгөө талаас Г.З нар харилцан тохиролцож, маргааны зүйл болсон Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 38 дугаар байрны зоорины /подвал/ давхарт байрлах 15 мкв талбайг 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар хөлслөгчид шилжүүлэх, хөлслөгч нэг сарын 45.000 төгрөгийн хөлс төлөхөөр “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ”-г байгуулжээ. Дээрх гэрээг хариуцагч Б.Н “Х ” сууц өмчлөгчдийн холбоог төлөөлж гүйцэтгэх захирлаар ажиллах үедээ байгуулсан, түүнчлэн сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01 тоот тогтоолоор дундын өмчлөлийн зүйлийг гуравдагч этгээдэд гэрээний дагуу эзэмшүүлэх эрхийг гүйцэтгэх захиралд олгосон үйл баримтад маргаагүй. /хх 5-6, 29/

-Маргааны зүйл болсон Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороололд байрлах 38 дугаар байр нь нийтийн зориулалттай орон сууц, уг байрны подвал хэсгийн 15 мкв талбай нь дундын өмчлөлийн хөрөнгөд хамаарна гэдэгт  зохигчид маргаагүй. Түүнчлэн “Х ” сууц өмчлөгчдийн холбооны ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажилладаг орон сууцанд дээрх 38 дугаар байр харьяалагддаг болох нь хэрэгт авагдсан тус сууц өмчлөгчдийн холбоонд олгосон 13/064 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх 3/

 Хариуцагч татгалзлын үндэслэлээ уг 15 мкв талбайг эзэмшиж, ашиглаагүй, түүнчлэн шаардах эрхгүй, эрх зүйн чадамжгүй этгээдээс нэхэмжлэлийг гаргасан гэж тайлбарлав.

Хэрэгт хариуцагч Б.Наранцэцэгийг тус сууц өмчлөгчдийн холбоонд ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн, ажил хариуцуулсан тогтоолууд авагдсан, түүнчлэн хариуцагч өөрөө тус сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ажиллах үедээ нэхэмжлэгчид гаргасан 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлтэд “удирдах зөвлөлийн дарга Б.Гүнджалам” гэж тус тус дурдагдсан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас “Х ” сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж 13/064 тоот гэрчилгээ олгосон зэргээс үзвэл Холбооны дүрэм хуульд заасан шаардлага хангаагүй, хууль бусаар  зохион байгуулагдсан тул шаардах эрхгүй тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэв. 

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий 15 мкв талбайг бодитоор хариуцагч Б.Н өөрийн ашиглалтад байлгаж байгаа болох нь гэрээний дагуу 2020 оны 1, 2, 3, 10, 12 дугаар саруудын хөлсийг өөрийн дансаар төлсөн байдал, гэрч М.Баярмаа, Б.Должинсүрэн нарын “38 дугаар байрны подвалд Б.Н хүүтэйгээ хамт амьдардаг” тухай шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна. /хх 46-49, 62, 68, 75-81/ Дээрх төлбөр шилжүүлсэн баримтыг Г.З-ын даалгавраар шилжүүлсэн, уг талбайг эзэмшдэггүй гэж хариуцагч тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Гэвч маргааны зүйл болсон 15 мкв талбайг эзэмшиж, ашиглуулахаар Г.Золбаяртай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээний хугацаа дуусгавар болоогүй, гэрээг цуцласан, дуусгавар болгосон баримт авагдаагүй. Түүнчлэн гэрээний дагуу хөлс төлөгдөж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.  Мөн хэрэгт авагдсан дээрх гэрээний 3.5-д гэрээний зүйлийг “гуравдагч этгээдэд дамжуулан түрээслэхийг хориглоно” гэж заасан хэдий ч гуравдагч этгээдэд ашиглуулахыг хориглосон зохицуулалтгүй байна. Иймд гэрээний нэг тал гэрээний үүргээ зөрчсөн гэж үзвэл гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах зэргээр эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч уг гэрээг хуурамч, дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байх боловч мөн энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч гэрээнд сар бүрийн төлбөрийн хэмжээг сууц өмчлөгчдийн холбооноос тогтоосон жишиг тарифаас доогуур үнээр хөлсөлсөн тухай тайлбараа дэмжих баримт ирүүлээгүйгээс гадна нэгэнт байгуулсан гэрээг цуцлаагүй, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “өөр этгээдээс бүрэн эрх олгогдсны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй, энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч гэж, мөн “өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж мөн зүйлийн 89.3-т тус тус заасан тул шүүх хариуцагч Б.Н маргааны зүйлийг бодитоор өөрийн ашиглалтад байлгаж байгаа явдлыг шууд хууль бус гэж үзэх боломжгүй гэж дүгнэв. Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч гэрээтэй холбоотой асуудлаа шийдвэрлэсний эцэст дундын өмчлөлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр жич шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул Б.Н-т холбогдуулан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 38 дугаар байрны зоорийн /подвал/ давхарт байрлах 15 мкв талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай “Х ” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д  зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ