Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00948

 

Х сөх ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/00827 дугаар шийдвэртэй, Х сөх ны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Нт холбогдох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х сөх  нь Г.Зтай 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн талбай болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 38 байрны зоорийн /подвал/ давхарт байрлах 15 мкв байрыг сургалтын үйлчилгээний чиглэлээр сарын 45 000 төгрөгөөр түрээслэхээр тохирч гэрээ байгуулсан. Гэтэл Г.З уг түрээсийн байрыг гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу ашиглаагүй бөгөөд харин Б.Н уг 15 мкв байрыг ямар нэгэн гэрээ хэлцэлгүй, үндэслэлгүйгээр эзэмшиж, ашиглаж байна. Б.Н манай СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 9 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн. Тэрээр ажлаас чөлөөлөгдөхийн өмнөхөн Г.З гэж хүнтэй дүр үзүүлсэн гэрээг хуурамчаар хийсэн. Улмаар өөрөө уг зоорийг /подвал/ эзэмшиж ашиглаж байгаа болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Мөн тэрээр өөрийн дансаар түрээсийн төлбөрийг шилжүүлж байснаар нотлогдоно. Хариуцагч тус СӨХ-ийг эрх зүйн чадамжгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл хариуцагч өөрөө гүйцэтгэх захирлаар 2013 оноос 2019 оны 9 дүгээр сарын хооронд ажиллаж, бусадтай гэрээг хүртэл байгуулж байсан. Иймд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 38 байрны зоорийн /подвал/ давхарт байрлах 15 мкв байрыг Б.Нийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Б.Н нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 38 байрны зоорийн /подвал/ давхарт байрлах 15 м.кв байрыг эзэмшдэггүй, ашигладаггүй, амьдардаггүй болно. Хуульд зааснаар СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага бөгөөд дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг Холбооны нэрийн өмнөөс гүйцэтгэх захирал байгуулах эрхтэй гэж заасан. Тэгвэл миний бие тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хууль журам, тогтоолын хүрээнд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хилчин СӨХ-ийн нэрийн өмнөөс хуульд заасан үүргийнхээ дагуу Г.Зтай тус гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч болон Г.З нарын хоорондын байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр гэрээ бөгөөд тус гэрээг цуцлах, өөрчлөх, гэрээнд заасан үүргийг зөрчсөн гэх үндэслэл нь тэдний хоорондын асуудал юм. Нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Б.Нт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 38 дугаар байрны зоорийн /подвал/ давхарт байрлах 15 мкв талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Х сөх ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс  хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөнд гомдолтой байна. Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 38 дугаар байрны зоорины давхарт байрлах 15 м.кв талбайг хариуцагч Д. Наранцэцэг нь ямар нэгэн гэрээ, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Д.Наранцэцэг уг байранд байнга архидан согтуурч, манай сууц өмчлөгчдийн эрүүл аюулгүй тайван орчинд амьдрах эрхийг зөрчиж, оршин суугчдаас байнгын гомдол гаргадаг. Г.Зтай байгуулсан гэх гэрээний тухайд Д.Наранцэцэг нь тухайн талбайг өөрөө эзэмшиж, ашиглахын тулд Г.З дүр үзүүлэн бодит үнээс хэт доогуур гэрээ байгуулсан. Түүнээс хойш өдийг болтол орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа. Г.Зтай байгуулагдсан гэх гэрээнд дээрхи талбайг сургалтын зориулалтаар ашиглана гэж заасан байдаг боловч дээрхи талбайд сургалт явагдаагүй төдийгүй Г.З нь ямар нэгэн байдлаар уг талбайг шууд болон шууд бусаар эзэмшдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х сөх  нь Б.Нт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 38 дугаар байрны зоорийн /подвал/ давхарт байрлах 15 м.кв талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Г.З нь маргаан бүхий талбайг гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу ашиглаагүй, Б.Н нь гэрээ хэлцэл байгуулалгүйгээр үндэслэлгүй маргаан бүхий талбайг эзэмшиж ашиглаж байгаа” гэх агуулгаар тайлбарлаж Б.Нт холбогдуулан хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Х сөх  нь Г.Зтай 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ байгуулж, уг гэрээгээр маргааны зүйл болох Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 38 дугаар байрны зоорины /подвал/ давхарт байрлах 15 мкв талбайг 5 жилийн хугацаагаар хөлслөгчид шилжүүлэх, хөлслөгч нэг сарын 45 000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 5,6 дугаар тал/ Уг гэрээг хариуцагч Б.Н нь Х сөх ны даргаар ажиллаж байхдаа өөрийн хүү болох Г.Зтай байгуулсан гэж талууд тайлбарлажээ.

 

Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий талбайг Г.З эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг тодруулж, түүний эрх, ашиг хөндөгдөж буй эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн хувиар оролцуулах эсэх талаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Учир нь, өөрийн өмчлөлийн маргаан бүхий талбайг, хариуцагч Б.Нийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа тохиолдолд, тухайн маргааны зүйлийг өөр бусад этгээд буюу дээрх гэрээний дагуу Г.З эзэмшиж, ашиглаж байгаа эсэх, түүний эзэмшил хууль ёсны эсэхийг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Нийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь түүний хүү Г.З уг хөрөнгийг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа эсэхтэй хамааралтай юм. Зөвхөн Б.Нийн эзэмшил хууль ёсны эсэхийг шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн шаардлага биелэгдэх боломжтой эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй байна. Энэхүү үйл баримтыг хүрээнд талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломж бүрдэх юм.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/00827 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

 

                                            ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

                   

                                                                                              С.ЭНХТӨР