Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2021/02709

 

 

 

 

 

 

                          2021         09        15                             

                         101/ШШ2021/02709

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ........... оршин байх .......... овогт .......Нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ................... тоотод оршин суух ..... овогт .......... Ц.Бд холбогдох,

Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хороолол /13321/ ....гудамж, .... байрны ... тоот орон сууцнаас хариуцагчийг гэр бүлийн хамт албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З.., нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т.., хариуцагч Ц.Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн .... дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, ..гудамж, ... хотхоны .. байр, ..тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Л.Н намайг тогтоож, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ... дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг надад олгосон. Нэхэмжлэгч намайг орон сууцны өмчлөлийг шүүхээр тогтоолгох явцад тус орон сууцанд хариуцагч Ц.Ц.Б гэр бүлийн хамт амьдарч байсан бөгөөд, намайг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гарснаас хойш орон сууцыг чөлөөлүүлэхээр удаа дараа очсон боловч чөлөөлж өгөөгүй. Улмаар 2018 оны 09 дүгээр сард дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч, хариуцагч Ц.Ц.Б барилгын компанийн хооронд тус орон сууцыг худалдан, худалдан авахтай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл бий болсон гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч Ц.Ц.Б болон барилгын компани хоорондох эрүүгийн хэрэг хаагдаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл арилсан тул, нэхэмжлэгч миний бие өөрийн өмчлөлийн орон сууцаа эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд миний өмчлөлийн байранд 2018 оноос хойш хууль бусаар амьдарч, эзэмшиж байгаа хариуцагч Ц.Ц.Быг гэр бүл, эд хөрөнгийн хамт миний өмчлөлийн орон сууцнаас албадан нүүлгэж, чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх нэхэмжлэгчийн нөхөр нь тухайн газраа барилгын компанид өгөх замаар үл хөдлөх эд хөрөнгө олж авсан. Гэрээ байгуулсан байдаг. Зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар 2018 онд .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад шүүхээс өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн байдаг. 2018 оны 8 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийн албан ёсны гэрчилгээ гарсан байдаг. Гэтэл ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэлтэй байх үед Ц.Ц.Быг байранд оруулчихсан байсан. Тухайн үед Л.Н нь Ц.Ц.Бд энэ байр шүүхээр шийдвэрлэгдэх асуудалтай байр байгаа авч болохгүй битүүмжилсэн байгаа гэдгийг удаа дараа хэлж байсан. Иргэний хуульд өмчлөгч өөрийн эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй энэ хэргээ өөрөө хэрэгжүүлэх боломжгүй бол шүүхийн журмаар хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Тэгэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нь хуулийн хүчин төгөлдөр байгаа. Ц.Ц.Б нь хууль бусаар тухайн эд хөрөнгийг эзэмшиж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ц.Ц.Б миний бие нэхэмжлэгч Л.Нийн надад холбогдуулан гаргасан ............тоотод амьдарч байгаа Ц.Ц.Быг гэр бүл, эд хөрөнгийн хамтаар өөрийн өмчлөлийн орон сууцаас албадан нүүлгэж, орон сууцаа чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад, хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Хариуцагч Ц.Б би нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар тухайлбал: “....” ХХК нь орон сууц захиалан бариулах гэрээгээр халхавчлан Баянзүрх дүүргийн ... хороо, .............тоот орон сууцыг надад худалдаж, намайг залилсан” гэх гомдол Цагдаагийн байгууллагад гаргасны ....... дугаартай гомдлыг ......... дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаад, ......... тоот эрүүгийн хэрэг үүсгэсэн ба тус эрүүгийн хэрэг одоогоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа, хэргийн явцын талаар дурдахад одоогийн байдлаар хэргийн хохирогч Ц.Б би болон өмгөөлөгчийн гаргасан гомдлоор Улсын Ерөнхий прокурорын газар тус хэргийг татан авч хянаж байгаа болно. Бидний гомдлын дагуу тус эрүүгийн хэргийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар хэргийн хохирогч надад болон миний өмгөөлөгч бид нарт Улсын Ерөнхий прокурорын газраас ямар нэгэн хариу албан ёсоор ирээгүй байгаа болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.8 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Нийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө ү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шударга бус өмчлөгч байна гэж байна. Гэтэл хариуцагч талаас төлбөрийн 60 орчим хувийг төлчихсөн байхад 2018 оны 8-р сард шүүхээс албадан чөлөөлүүлэх шаардлагын дагуу дуудсан байдаг. Үүний дагуу очиж уулзахад Л.Нийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байна. Л.Н орох гэж байсан байранд нь өөр хүн амьдарч байсныг мэдэж байсан бөгөөд гуравдагч этгээд оролцуулахгүйгээр энэхүү шийдвэр гарсан. Ц.Ц.Б нь 2017 оны 9-р сарын 9-ний өдөр маргаан бүхий орон сууцыг худалдаж авахаар “.......” ХХК-ны захирал н.А-ай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж урьдчилгаанд 24,000,000 төгрөг төлсөн байдаг. Дээрх орон сууцыг барьсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Дандарын 1, 6 тоот хаягт байршилтай газрыг иргэн н.Б.... 2013 оны 1-р сарын 14-ний өдөр орон сууц захиалах гэрээг “............” ХХК-ийн захирал н.Х... байгуулан шилжүүлж тус газар баригдах ... айлын орон сууцнаас .. тоот .. өрөө байр авахаар харилцан тохиролцсон байдаг. “.....” ХХК-ийн орон сууц барих ажилд “.....” ХХК нь хөрөнгө оруулалт хийж хөрөнгийн хэмжээгээр орон сууцыг хуваан авахаар харилцан тохиролцож хуваарилалт хийхэд 13 тоот орон сууц нь .....ХХК-д хуваарилагдсан. Ингээд анх Л.Н нь 13 тоот орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулахад энэ орон сууц нь хуваарилагдаагүй байсан. .....ХХК нь өөрт хуваарилагдсан 13 тоот орон сууцыг Ц.Ц.Бд худалдахад Ц.Ц.Б нь 49,899,000 төгрөгийн төлөлт хийсэн. н.Б, н.Х, нарын байгуулагдсан гэрээг харахаар 13 тоот гэж байдаг. .. нь олон байртай тэр байрнуудад олон .... тооттой, мөн нэг өрөө гэж гэрээнд заасан байдаг. Бид хамгийн сүүлд Улсын прокурорт гомдол гаргаад шалгахад гэрээнд байрны дугаар байхгүй мөртлөө гэрээнд хийсэн 1 өрөө байр, одоо 2 өрөө байр болчихсон. Бидний зүгээс маргааныг хурдан шийдвэрлүүлэх зорилготой. Хоёр барилгын компанийн хуваарилж авсан зөрүүтэй байдлаас болж байрны давхцал, квадратын зөрүүтэй асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд эрүүгийн журмаар тогтоолгохын тулд цагдаад өгсөн. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Ц.Ц.Бд холбогдуулан  Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, ... дугаар хороолол ....тоот орон сууцнаас гэр бүлийн хамт албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах, өмчлөгчийн хувьд шаардаж байгаа гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа орон сууц албадан чөлөөлүүлэх гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулж хуулийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зохицуулсан.

Хуулийн энэ зохицуулалтын дагуу шаардах эрхийг тодорхойлохдоо “шаардах эрх бүхий этгээд нь эд хөрөнгийн өмчлөгч байх”, “бусдын хууль бус эзэмшилд байх” гэсэн урьдчилсан нөхцөлүүдийг шалгаж тогтоох учиртай.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан бөгөөд энэ утгаараа эд хөрөнгийг мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж заасны дагуу олж авсан эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалах эрх бүхий этгээдийг өмчлөгч гэж ойлгоно.

Нэхэмжлэгч Л.Н нь “Их наран өргөө констракшн” ХХК-нд холбогдуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын 1 дүгээр гудамж “.........” хотхоны ..............дугаартай автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагыг .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Л.Нийг ................ орон сууцны өмчлөгчөөр Л.Нийг бүртгэж, ......дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 6-11 дэх талд/

Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаар нэхэмжлэгч Л.Н нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өмчлөгчийн хувиар хууль бусаар орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдээс хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ц.Ц.Б нь нэхэмжлэгч Л.Нийг тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох талаар маргахгүй байх боловч тус үл хөдлөх эд хөрөнгийг .....ХХК-аас худалдан авч, хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч Ц.Ц.Б нь .....ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр 17/09-01 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж, ............................ сууцыг 94,784,000 төгрөгөөр  захиалан бариулахаар харилцан тохиролцож, ажил гүйцэтгэгч талд орон сууцны урьдчилгаа төлбөрийг шилжүүлж байсан болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 97-99, 107-120 дахь талд/

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж, мөн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж зааснаар хариуцагч маргаан бүхий эд хөрөнгийг олж авахдаа өөрийн хүсэл зоригийн дагуу шударгаар хандсан байна.

Гэвч, хариуцагч үл хөдлөх хөрөнгө олж авахдаа шударгаар хандсан боловч Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох боловч тус зарчим мөн зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа тохиолдолд түүнийг өмчлөгч гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд гагцхүү улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээдийг өмчлөгч гэж тооцох тул энэ тохиолдолд хариуцагчийг маргаан бүхий орон сууцны хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагчийн .....ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан үндэслэл нь өмчлөгч Л.Нийн хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч нь .....ХХК-тай байгуулсан үүргийн хэлцлийн хүрээнд хэлцлээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг гэрээний нөгөө талаас шаардах эрх нь нээлттэй юм.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, ............... орон сууцнаас хариуцагч Ц.Ц.Б болон түүний гэр бүлийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Л.Нийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ба мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар уг үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тус тус заасан.

Тайлбарлавал, нэхэмжлэлтэй холбоотой гэдэг нь талуудын маргааны зүйлтэй холбоотой байх нөгөөтөйгүүр нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондын харилцаанаас үүссэн маргаантай холбоотой тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох юм.

Гэтэл хэрэгт авагдсан Нийслэлийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн ... дүүргийн Прокурорын газрын ....дугаартай прокурорын тогтоол, Улсын Ерөнхий прокурорын газарт гаргасан Ц.Ц.Б болон түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдол зэргээс үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондын харилцаанаас үүссэн асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна талуудын маргааны зүйлтэй холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч болон түүний өмгөөлөгчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзэн талуудын хооронд үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. /х.х-ийн 21-26, 82-83 дахь талд/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                      

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ....... тоот орон сууцнаас хариуцагч Ц.Ц.Б болон түүний гэр бүлийг албадан чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц.Баас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Нт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ