Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01611

 

 

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01611

 

Л.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/02709 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Нийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Бд холбогдох Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/ Дбаатарын гудамж, 000 байрны 00 тоот орон сууцнаас хариуцагчийг гэр бүлийн хамт албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригтбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Түвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/00654 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дбаатарын гудамж, С цогцолбор хотхоны 000 байр, 00 тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Л.Н намайг тогтоож, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр №000000000 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг надад олгосон. Нэхэмжлэгч намайг орон сууцны өмчлөлийг шүүхээр тогтоолгох явцад тус орон сууцанд хариуцагч Ц.Б гэр бүлийн хамт амьдарч байсан бөгөөд, намайг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гарснаас хойш орон сууцыг чөлөөлүүлэхээр удаа дараа очсон боловч чөлөөлж өгөөгүй. Улмаар 2018 оны 9 дүгээр сард дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч хариуцагч Ц.Б барилгын компанийн хооронд тус орон сууцыг худалдах-худалдан авахтай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл бий болсон гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч Ц.Б болон барилгын компани хоорондох эрүүгийн хэрэг хаагдаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл арилсан тул нэхэмжлэгч миний бие өөрийн өмчлөлийн орон сууцаа эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд миний өмчлөлийн байранд 2018 оноос хойш хууль бусаар амьдарч, эзэмшиж байгаа хариуцагч Ц.Быг гэр бүл, эд хөрөнгийн хамт миний өмчлөлийн орон сууцнаас албадан нүүлгэж, чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь орон сууц захиалан бариулах гэрээгээр халхавчлан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, С хотхоны 000 байрны 00 тоот орон сууцыг надад худалдаж, намайг залилсан гэх гомдол Цагдаагийн байгууллагад гаргасны дагуу 0-0000 дугаартай гомдлыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаад, 000000000 тоот эрүүгийн хэрэг үүсгэсэн ба тус эрүүгийн хэрэг одоогоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа, хэргийн явцын талаар дурдахад одоогийн байдлаар хэргийн хохирогч Ц.Б би болон өмгөөлөгчийн гаргасан гомдлоор Улсын Ерөнхий прокурорын газар тус хэргийг татан авч хянаж байгаа болно. Бидний гомдлын дагуу тус эрүүгийн хэргийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар хэргийн хохирогч надад болон миний өмгөөлөгч бид нарт Улсын Ерөнхий прокурорын газраас ямар нэгэн хариу албан ёсоор ирээгүй байгаа болно. Л.Нийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байна. Л.Н орох гэж байсан орон сууцанд нь өөр хүн амьдарч байсныг мэдэж байсан бөгөөд гуравдагч этгээд оролцуулахгүйгээр энэхүү шийдвэр гарсан. Ц.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр маргаан бүхий орон сууцыг худалдаж авахаар А ХХК-ны захирал н.Амарсанаатай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж урьдчилгаанд 24 000 000 төгрөг төлсөн байдаг. Дээрх орон сууцыг барьсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Дын 1, 6 тоот хаягт байршилтай газрыг иргэн н.Б 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр орон сууц захиалах гэрээг И ХХК-ийн захирал н.Хонгорзултай байгуулан шилжүүлж тус газар баригдах 77 айлын орон сууцнаас 00 тоот 1 өрөө байр авахаар харилцан тохиролцсон байдаг. И ХХК-ийн орон сууц барих ажилд Өлзий төв ХХК нь хөрөнгө оруулалт хийж хөрөнгийн хэмжээгээр орон сууцыг хуваан авахаар харилцан тохиролцож хуваарилалт хийхэд 00 тоот орон сууц нь А ХХК-д хуваарилагдсан. Ингээд анх Л.Н нь 00 тоот орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулахад энэ орон сууц нь хуваарилагдаагүй байсан. А ХХК нь өөрт хуваарилагдсан 00 тоот орон сууцыг Ц.Бд худалдахад Ц.Б нь 49 899 000 төгрөгийн төлөлт хийсэн. н.Б н.Хонгорзул нарын байгуулагдсан гэрээг харахаар 00 тоот гэж байдаг. С хороолол нь олон байртай тэр байрнуудад олон 00 тооттой, мөн нэг өрөө гэж гэрээнд заасан байдаг. Бид хамгийн сүүлд Улсын прокурорт гомдол гаргаад шалгахад гэрээнд байрны дугаар байхгүй мөртлөө гэрээнд хийсэн 1 өрөө орон сууц, одоо 2 өрөө орон сууц болсон. Бидний зүгээс маргааныг хурдан шийдвэрлүүлэх зорилготой. Хоёр барилгын компанийн хуваарилж авсан зөрүүтэй байдлаас болж байрны давхцал, квадратын зөрүүтэй асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд эрүүгийн журмаар тогтоолгохын тулд цагдаад өгсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар нэхэмжлэгч Л.Нийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/ Дбаатарын гудамж, 000 байрны 00 тоот орон сууцнаас хариуцагч Ц.Б болон түүний гэр бүлийг албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Нт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Өмчлөх эрхийн зөрчилтэй байсан ба хууль бус аргаар өмчлөгч болсон үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсч шалгагдаж байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заалтыг зөрчсөн. Шүүх бусдын хууль бус эзэмшилд байх гэсэн урьдчилсан нөхцөлийг шалган тогтоох учиртай гэжээ. Ц.Б нь гэрээ байгуулах эрх бүхий субъекттэй гэрээ байгуулаад, урьдчилан төлбөрөө төлөөд, тухайн орон сууцны хагас өмчлөгч болоод хуулийн дагуу эзэмшилдээ авч 4 жил гаруйн хугацаанд орон сууцандаа амьдарч байна. Шүүх Ц.Быг тухайн орон сууцанд хууль бусаар амьдарсан гэж үзэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл нэг нь улсын бүртгэлийн гэрчилгээ авсан боловч энэ асуудал маргаантай, нөгөөх нь хуулийн дагуу эзэмшилдээ авч төлбөрөө төлөөд явж байгаа этгээд байдаг. Энэ бүх байдал нь өмчлөлтэй холбоотой гэрээтэй холбоотой маргаанаа урьдчилан шийдвэрлэх боломж олгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заагдсанаар буцаах боломжтой байсан. Нэхэмжлэгч Л.Нийн орон сууц захиалан бариулах гэрээ нь 2 дугаар давхарын 39 м.кв 1 өрөө орон сууц, хариуцагч Ц.Бы орон сууц захиалгын гэрээ нь 3 дугаар давхарт 59.24 м.кв талбайтай 2 өрөө орон сууц байна. Албадан чөлөөлөх шийдвэр нь хариуцагч Ц.Быг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сары 20-ны өдрийн 183//ШШ2018/00654 тоот шийдвэртэй хэргийн гуравдагч этгээд байх ёстой болохыг тогтоож өгсөн учир шүүхийн шийдвэрийг гардан авангуутаа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүсэлт гаргасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Ц.Бд холбогдуулан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/ Дбаатарын гудамж, 000 байрны 00 тоот орон сууцнаас хариуцагчийг гэр бүлийн хамт албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Л.Н нь И ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дын 1 дүгээр гудамж С цогцолбор хотхоны 00 тоотын 39.25 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 2 дугаартай автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 00654 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Л.Нийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дын 1 дүгээр гудамж С цогцолбор хотхоны 00 тоотын 59.24 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 2 дугаартай автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Улмаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дын гудамж 000 байрны 00 тоот хаягт байршилтай 59.24 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.Нийг бүртгэж, 0-0000000000 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ. /хх-11 дэх тал/

 

Маргааны зүйл болох хариуцагч Ц.Бы амьдарч буй орон сууц нь хоёр өрөө орон сууц байх бөгөөд хэргийн 6-11 дэх талд авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 00654 дугаар шийдвэрт заасан орон сууц болон Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дын гудамж 000 байрны 00 тоот хаягт байршилтай 59.24 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны 0-0000000000 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан орон сууц нь нэг үл хөдлөх эд хөрөнгө мөн эсэхийг тодруулах шаардлагатай байхад анхан шатны шүүх Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/ Дбаатарын гудамж, 000 байрны 00 тоот орон сууцнаас хариуцагч Ц.Б болон түүний гэр бүлийг албадан чөлөөлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Ц.Б нь А ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 00/00-00 дугаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 давхар үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгын 1 дүгээр орц, 3 давхрын 00 тоот 59.24 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 94 784 000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож, орон сууцны урьдчилгаа төлбөрийг шилжүүлэн, маргаан бүхий орон сууцыг А ХХК-аас худалдан авч, хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа гэж тайлбарлан, дээрх тайлбараа нотлохоор хэргийн 97-120 дахь талд авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 00/00-00 дугаар орон сууц захиалан бариулах гэрээ, орон сууцны урьдчилгаа төлсөн баримт болох А ХХК-ийн кассын орлогын ордер, Т.Сийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Ц.Б, Т.С нарын А ХХК-д шаардлага хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргасан байна.

 

Хариуцагч Ц.Б нь 2017 онд маргаан бүхий орон сууцыг өөрийн эзэмшилдээ авсан, тэрээр дээрх орон сууцыг гэрээний үндсэн дээр бусад этгээдээс худалдаж авсан гэж тайлбарлаж байх тул анхан шатны шүүх Ц.Бтай гэрээ байгуулсан А ХХК болон түүнтэй хамаарал бүхий байж болохуйц Их наран өргөө ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсэхийг тодруулж хэргийг шийдвэрлэх байжээ. Учир нь талуудын гаргаж буй тайлбар нь цаашид бусад этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, үйл ажиллагаанд нөлөөлөх тул А ХХК, Их наран өргөө ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсэхийг тодруулах нь хууль хэрэглээний ач холбогдолтой.

 

Хариуцагч Ц.Быг Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/ Дбаатарын гудамж, 000 байрны 00 тоот орон сууцыг хууль бусаар эзэмшилдээ байлгасан буюу эзэмших эрхээ алдсан эзэмшигч гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна. Түүнчлэн, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчийг тодруулж Улсын бүртгэлийн газраас лавлагаа гаргуулснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэрхэн үүссэн, хэн анхны өмчлөгч байсан зэрэг нөхцөл байдлыг тодруулж хэргийг шийдвэрлэх учиртай.

 

Дээрх үндэслэлээр хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/02709 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ