Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2021/01865

 

2021 оны 09 сарын 03 өдөр                           Дугаар 183/ШШ2021/01865                             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .......................... тоот хаягт оршин суух Ш овогт Т.Б /РД:000000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ....................... тоот хаягт оршин суух, Г овогт Ч.А /РД:000000000/-д холбогдох,

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 4.853.509 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А нь 2015 онд нэхэмжлэгч иргэн Т.Б-ын нөхөр Р.Б-аас дээрх орон сууцыг худалдаж авахаар шинэ баригдсан байхад нь гэрээ хийсэн боловч нэг ч төгрөг төлөлгүй, өнөөдрийн байдлаар байрнаас гарахгүй атлаа өөр бусдад түрээслүүлж ашиг олсоор байна. 2017 онд Р.Б нас барсан бөгөөд 2018 онд өв залгамжлалаар уг орон сууцыг өвлөн авч гэрчилгээ гаргуулсан. Мөн байранд орсон цагаасаа хойш СӨХ-ны төлбөрийг огт төлөөгүй тул хуримтлагдсаар 4.853.503 төгрөг болчихоод байна. Иймээс Хан-Уул дүүрэг, ........................ 00 тоот орон сууцнаас түүнийг албадан гаргаж, 4.853.509 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч Ч.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ байранд 4 хүүхдийн хамт амьдардаг. 9-13 насны 2 хүүхэд маань ЕБС-д суралцдаг. 2014 оны 12 дугаар сард анх гэрээ байгуулан энэ байранд орж байсан. Энэ байрыг 2 хүүхдийн эцэг болох нөхөр Бо хүлээлгэн өгч байсан бөгөөд бид Завханаас нүүж ирж байсан. 2015 оны 03 дугаар сард Б гэдэг хүнтэй гэрээ байгуулаадах, би мөнгийг нь төлнө гэж Бо хэлсэн. 2017 онд Б нь нас барсан бөгөөд би ер нь 2 удаа уулзаж байсан. Амьд байхад нь уулзахад Б-той учраа олно л гэдэг байсан. Энэ байрыг Бо хүүхдүүддээ авч өгнө гэчхээд одоо олдохгүй, шүүхэд эрэн сурвалжлуулах шаардлага гараад байгаа. Энэ Э гэж хүн талуудыг эвлэрүүлэх байтал улам яс хаяж муудалцуулдаг. Би энэ байрнаас гарахгүй, Бо-той холбоотой болон энэ байртай холбоотой 5 иргэний хэрэг шүүхэд байгаа. СӨХ-ны төлбөр хэд гарсан талаар надад мэдэх юм алга, төлдөггүй юм гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч О.А-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, ................ 00 тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 4.853.503,69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Бо гэж хүнийг олж байж энэ асуудлыг шийдвэрлэнэ, уг байрыг анхнаасаа Бо хүүхдүүддээ худалдаж авч өгнө гэчхээд алга болсон, гэрээний дагуу байранд сууж байгаа гэж үгүйсгэн маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэн Р.Б нь 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, .................. 00 тоот хаягт байрлах 65.9 м.кв орон сууцыг Ч.А-тай 184.520.000 төгрөгөөр худалдах гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөрт 67.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 117.520.000 төгрөгийг зээлээр худалдагч талд өгөхөөр тохиролцон, О.Бо урьдчилгаа төлбөрийг төлжээ.

Улмаар 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Р.Б нас барсан учир эхнэр Т.Б нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 27 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээний дагуу дээрх орон сууцыг дангаар өвлөн авч, түүнийг улсын бүртгэлд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь 00 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0000000000 дугаар гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.

Дээрх орон сууц нь хариуцагчийн эзэмшилд байгаа нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийг тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх, мөн түүнийг хуульд заасны дагуу эзэмших эрхтэй гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Хэдийгээр хэрэгт 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Р.Б, Ч.А нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах худалдан авах гэрээ байх боловч Ч.А нь орон сууцны үлдэгдэл 117.520.000 төгрөгийг төлөөгүй, Бо гэх хүн хүүхдүүддээ авч өгсөн ч олдохгүй байгаа гэх тайлбар гаргаж байгаа нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмших үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь өөрийн үл хөдлөх хөрөнгө буюу Хан-Уул дүүрэг, ............. 00 тоот хаягт байрлах орон сууцыг бусдын буюу хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, хариуцагч нь уг орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй.

Иймд дээрх үндэслэлээр Хан-Уул дүүрэг, .................. 00 тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Харин Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр гэх 4.853.503 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба учир нь хавтаст хэргийн 11-12 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэх шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсний дагуу нотлогдохгүй байна гэж дүгнэв.

Ч.А нь Хан-Уул дүүрэг, ................ 00 тоот хаягт байрлах орон сууцыг худалдах, худалдан авах гэрээтэй холбогдуулан бусдад шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ................ 00 тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч Ч.А-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас 4.853.502 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162.806 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЧУЛУУНЧИМЭГ