Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01593

 

 

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01593

 

Т.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2021/01865 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Ад холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 4 853 509 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбуйр, хариуцагч Ч.А, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.А нь 2015 онд Т.Бын нөхөр Р.Баас дээрх орон сууцыг худалдаж авахаар шинэ баригдсан байхад нь гэрээ хийсэн боловч нэг ч төгрөг төлөлгүй, өнөөдрийн байдлаар орон сууцнаас гарахгүй атлаа өөр бусдад түрээслүүлж ашиг олсоор байна. 2017 онд Р.Б нас барсан бөгөөд 2018 онд өв залгамжлалаар уг орон сууцыг өвлөн авч гэрчилгээ гаргуулсан. Мөн орон сууцанд орсон цагаасаа хойш СӨХ-ны төлбөрийг огт төлөөгүй тул хуримтлагдсаар 4 853 503 төгрөг болсон. Иймээс Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж 00 дүгээр байр, 00 тоот орон сууцнаас түүнийг албадан гаргаж, 4 853 509 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би уг орон сууцанд 4 хүүхдийн хамт амьдардаг. 9-13 насны 2 хүүхэд маань ЕБС-д суралцдаг. 2014 оны 12 дугаар сард анх гэрээ байгуулан энэ орон сууцанд орж байсан. Энэ орон сууцыг 2 хүүхдийн эцэг болох нөхөр О.Б хүлээлгэн өгч байсан бөгөөд бид Завханаас нүүж ирж байсан. 2015 оны 3 дугаар сард Р.Б гэдэг хүнтэй гэрээ байгуулаадах, би мөнгийг нь төлнө гэж н.Б хэлсэн. 2017 онд Р.Б нь нас барсан бөгөөд Р.Бтай би 2 удаа уулзаж байсан. Амьд байхад нь уулзахад О.Бтой учраа олно л гэдэг байсан. Энэ орон сууцыг О.Б хүүхдүүддээ авч өгнө гэчихээд одоо олдохгүй, шүүхэд эрэн сурвалжлуулах шаардлага гараад байгаа. Би энэ орон сууцнаас гарахгүй, О.Бтой холбоотой болон энэ орон сууцтай холбоотой 5 иргэний хэрэг шүүхэд байгаа. СӨХ-ны төлбөр хэд гарсан талаар надад мэдэхгүй, төлдөггүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Бын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч Ч.Аын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас 4 853 502 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 806 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн явдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд онц ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хоёр хүүхдийн эцэг болох нөхөр О.Быг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс уг хүсэлтийг хангаагүй нь зохигчдын эрхийг зөрчсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Хариуцагч нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ба хууль зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцсон өмгөөлөгч нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өөр шүүх хуралдаан давхцаж байсан тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг дахин гаргасан боловч анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг товын дагуу явуулсан нь өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүйгээс гадна хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн байна. Орон сууц худалдах-худалдан авах гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон ба хариуцагчийн хувьд шаардах эрх үүсэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байх тул уг гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 67 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хянан хэлэлцэх боломж олгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Ч.Ад холбогдуулан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 4 853 503,69 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Р.Б, Ч.А нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Р.Б нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах 65.9 м.кв орон сууцыг 184 520 000 төгрөгөөр Ч.Ад худалдах, Ч.А нь урьдчилгаа төлбөрт 67 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 117 520 000 төгрөгийг зээлээр худалдагч талд өгөхөөр тохиролцсон байна. /хх-31 дэх тал/

 

2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Р.Б нас барсан тул түүний эхнэр Т.Б нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 27 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээний дагуу дээрх орон сууцыг дангаар өвлөн авч, түүнийг улсын бүртгэлд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өмчлөгчөөр бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000652446 дугаар гэрчилгээ олгогдсон байна.

 

Анхан шатны шүүх орон сууцыг хариуцагч Ч.Аын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас 4 853 502 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэжээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан ба дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь өмчлөгч гэдгээ нотлохоос гадна хариуцагч уг эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж байгааг нотлох, мөн уг этгээд эзэмших эрхээ алдсан эсэх буюу хууль бус гэх нөхцөл байдлыг тогтоох, үүнд хамаарах хуулийн заалтыг бүрэн хэрэглээгүй гэж үзнэ.

 

Тухайлбал, хэргийн 31 дэх талд Ч.А, нас барагч Р.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ авагдсан ба дээрх гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг эзэмшилдээ авсан бол уг этгээдийн эзэмшлийг хэдий үеэс хууль бус гэж үзэхтэй холбоотой Иргэний хуулийн зохих хуулийн зохицуулалтуудыг анхан шатны шүүх хэрэглээгүй нь учир дутагдалтай болжээ. Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Хариуцагч Ч.А нь маргааны зүйл болох дээрх орон сууцыг гэрээний үндсэн дээр эзэмшилдээ байлгах эрхтэй эсэх, тэрээр уг орон сууцыг эзэмшилдээ байлгах боломжгүй болж гэрээ цуцлагдсан, татгалзсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай.

 

Түүнчлэн, хариуцагч нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр М.Быг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх гэрчээр оролцуулах М.Бын хаяг буюу мэдээлэл тодорхойгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасныг зөрчжээ. Үүний улмаас хэргийн оролцогчийн өөрөө бүрдүүлэх боломжгүй нотлох баримтаа шүүхийн журмаар бүрдүүлүүлэх эрх нь зөрчигджээ. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Мөн хариуцагч Ч.А нь өмгөөлөгч авсан боловч шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд анхан шатны шүүх өмгөөлөгч авсан талаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон хүсэлт байхгүй, өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй, өмнө нь хариуцагчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох боломжийг олгож шүүх хуралдааныг хойшлуулсан байх тул өмгөөлөгч авах хангалттай хугацаа байсан гэж үзэж хариуцагчийн өмгөөлөгч авах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2021/01865 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ