Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2021/00878

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэгт байрлах, “К ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “Х Х Б ” ХХК-д холбогдох

Гэрээнээс учирсан хохиролд 51.554.600 төгрөг гаргуулах, зээлдэгч бус банк тээврийн хэрэгслийг даатгуулах үүрэгтэй болохыг тогтоолгох, мөн хохирол, төлбөрийг автомашины зээлийн үлдэгдэл төлбөрт тооцох үйлдэл хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “К ” ХХК 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Х Х Б ” ХХК-тай “Автомашины зээлийн гэрээ”, “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ фидуци”, “Баталгааны гэрээ”-г тус тус байгуулсны үндсэн дээр 55.000.000 төгрөгийн зээлийн санхүүжилт авч, 3000 УНИ улсын дугаартай хар хөх өнгийн Ланд круйзер 200 маркийн автомашиныг худалдан авсан. Автомашиныг худалдан авсан үеэс эхлэн тээврийн хэрэгслийн даатгалын төлбөрийг зөвхөн Х Х Б ны харилцдаг даатгалын компани болох “Миг даатгал” ХХК-иар гэрээг хийлгэсэн. Зээлийн гэрээний 13.2.3-т “Зээлдэгч нь даатгагчтай банкнаас урьдчилан тохиролцсон нөхцөлөөр даатгуулах бөгөөд даатгалын тохиолдол гарсан бол банк тэргүүн ээлжид зээлийн төлбөрийн шаардлагаа даатгалын нөхөн олговрын дүнгээс хангуулах эрхтэй байна” гэж, гэрээний 13.2.4-т “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн гүйлгээ хийгдмэгц эхний жилийн даатгалын хураамжийг төлөх бөгөөд цаашид эд хөрөнгийн болон амь насны жил бүр төлөх даатгалын хураамжийг гэрээний хавсралтын дагуу сар бүр өөрийн харилцах, хадгаламжийн данснаас үл маргалдах журмаар суутган авч, даатгалын хураамж төлөх дансанд урьдчилан хуримтлуулах, хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг даатгалын компанид шилжүүлэн даатгуулах, даатгалын баталгааг бичүүлж авах, даатгалын гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг банкинд үүгээр зөвшөөрч байна” гэж заасан. Үүний дагуу манай компанийн Х Х Б ны 418005591 тоот данснаас жил бүр шууд татан авч, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулах, сунгах ажиллагааг банк бүрэн эрхийн хүрээнд бие даан хэрэгжүүлдэг байсан. Манай компанийн 418005591 тоот данснаас тээврийн хэрэгслийн даатгалын төлбөрт 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 960.000 төгрөг,  2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 960.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 960.000 төгрөгийг тус тус банк өөрт олгосон эрхийн хүрээнд татан авч “Миг даатгал” ХХК-ийн Улаанбаатар хотын хоёрдугаар салбарын 404198230 тоот данс руу шилжүүлж ирсэн байдаг. Улмаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг манай компанийг төлөөлж байгуулж, баталгаажуулсаар ирсэн.

Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дээрх автомашинаар Булган аймгийн Баяннуур сумын нутагт зорчих үедээ осолд өртөж автомашинд үнэлгээний дагуу нийт 60.775.000 төгрөгийн хохирол учирсан. Осол тохиолдмогц бид ослын дуудлагыг орон нутгийн цагдаагийн байгууллага болон “Миг даатгал” ХХК-д хандсан боловч осол болох тухайн өдрийн байдлаар автомашины тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ сунгагдаагүй байсан тул нөхөн төлбөр олгох боломжгүй болсон талаар “Миг даатгал” ХХК бидэнд мэдэгдсэн. Ингээд даатгалын гэрээний сунгалт хийгдсэн эсэхийг банкны хариуцсан зээлийн эдийн засагч З.Одбаатараас лавлахад "Танай даатгалын гэрээ сунгагдаагүй байна. Даатгал чинь олдохгүй л дээ. Би амралттай байж байгаад саяхан ажилдаа орсон тул тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг сунгуулж амжаагүй байна” гэсэн хариултыг өгсөн болно.

Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ шаардлагатай цаг хугацаанд сунгагдаагүй байгаа нь манай компанийн үүрэг гэхээс илүүтэй банкны эс үйлдлээс шууд хамааралтай. Осол болсон үйл явдлыг мэдсэний дараа манай компанийн данснаас даатгалын төлбөр татан авалт хийж, даатгалд хамруулж байгаа үйлдэл нь “ниргэсэн хойно нь хашгирав” гэгчийн үлгэр болж, бидэнд улам ихээр санхүүгийн дарамт учруулж байгаа юм. Хохирол барагдуулах талаар банкинд хандахад 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/8402 тоот албан бичгээр “даатгуулах нь таны үүрэг, бид цахим шуудангаар мэдээлэл өгч байсан” гэсэн утгатай татгалзсан хариуг өгсөн.

Хэрэв банк зээлийн гэрээний дээрх зохицуулалтад заасан үүргээ хэрэгжүүлж даатгалын хураамжийг цаг хугацаанд нь татан авч, цааш шилжүүлсэн байсан бол автомашины хохирлын нийт дүн 60.775.000 төгрөгөөс стандарт нөхцөлийн дагуу үнэлгээний 80 хувиар тооцвол 48.620.000 төгрөгийг нөхөн төлбөрт авах боломжтой байсан. Хэрэгт баримтаар авагдсан манай байгууллагын дансны хуулганаас үзвэл даатгалын хураамж төлөх хугацаа болсноос хойших осол болох хүртэлх хугацаанд дансанд мөнгө байсан нь тогтоогдоно. Иймд хариуцагчийн буруутай эс үйлдэхүйгээс шалтгаалж даатгалын байгууллагаас нөхөн төлбөр авах боломжгүй болсон тул уг мөнгийг гэрээнээс учирсан хохиролд тооцон нэхэмжилж байна.  Мөн хугацаа хоцорч даатгалд хамруулсан 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 960.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 1.963.000 төгрөг, нотариатын зардал 11.600 төгрөг, нийт 51.554.600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь “Миг даатгал” ХХК-тай 2017 онд, 2019 онд тус тус “Автомашины эрсдэлийн даатгалын гэрээ”-г байгуулсан байна. Эдгээр гэрээний 4.4-т даатгагч “Миг даатгал” ХХК-аас зуучлагч “Х Х Б ” ХХК-д автомашины даатгал бүрээс даатгалын хураамжийн орлого болгон 20-25 хувийн зуучлалын хөлсийг татвар шимтгэлгүй бүтэн дүнгээр олгож байхаар тохиролцсон бөгөөд гэрээний 5.22-т даатгалын нөхөн төлбөрийг зээлийн гэрээ болон тус гэрээний дагуу зуучлагч өөрөө тэргүүнд ээлжид авах эрхтэй болохыг заасан. Зуучлагч нь гэрээний 9 дүгээр зүйлд заасан эрх үүрэг хүлээхээр заасан. Үүнд гэрээний 9.3.1-д Даатгуулагчийг зээлийн гэрээний бүхий л хугацаагаар даатгалд хамруулах буюу өмчийн эзэн өөрөө хамрагдах гэсэн ойлголт байна. Даатгалын нөхөн төлбөрийн тохиолдолд даатгагчтай идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцсон байх бөгөөд cap бүрийн 05-ны өдөрт багтаан даатгагчид цахим шуудангаар хүргүүлж, тооцоог тайлант хугацааны дараа сарын 10-ны дотор электрон хэлбэрээр нийлж хүлээлцэж байхаар тодорхой тусгажээ.

Гэрч хариуцсан зээлийн эдийн засагч ажилтай З.Одбаатар “...Зээлийн эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолтод даатгалтай холбоотой борлуулалт хийх тухай заасан байдаг. Амралттай байж байгаад орж ирсэн тул даатгалыг орхигдуулсан байсан, “К ” ХХК-ийн нягтлантай утсаар ярьж зөвшөөрөл авснаар даатгалын төлбөрийг татан авдаг байсан. Даатгуулагч зөвшөөрөхгүй байхад яагаад даатгалын төлбөрийг татан авч байгаа талаар асуухад харилцагчаа эрсдэлээс хамгаалж байгаа гэж, “К ” ХХК-ний нягтлан зөвшөөрснөөр би даатгалын гэрээг сунгадаг, “Миг даатгал” ХХК-аас гэрээг өгдөг. Манайх харилцагчид өгдөг. Харилцагч зөвшөөрвөл бид гэрээг баталгаажуулдаг, Харилцагчийн өмнөөс хуваарь үүсгэсэн тохиолдолд төлөөлөн зурах эрхтэй” гэх мэтээр шүүхэд мэдүүлсэн. Мөн түүний ажлын байрны тодорхойлолтын 8.14-т “Даатгалын зуучлалын бүтээгдэхүүн борлуулалт, төлөвлөгөөний биелэлт” гэсэн тодорхой заалт байгаа нь зээлдэгч автомашин даатгуулах бус Банк автомашиныг даатгуулах үүрэгтэй болохыг нотолж байна. Харин даатгуулагчийн хувьд Автомашины зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 8 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэй оролцох бөгөөд даатгалын байгууллагаа өөрөө сонгож автомашиныг даатгуулах үүрэгтэй биш, зөвхөн даатгалын хураамжийг гэрээнд заасан хэмжээгээр даатгагчид бүрэн төлөх тухай ойлголт гэрээний 8.2.1-д байна.

Талуудын хоорондох зээлийн гэрээний 6.2.21-т “Зээлдэгч даатгуулах үүрэгтэй гэх боловч энэ үүргийг өөрөө хэрэгжүүлэх эрхгүй. Учир нь даатгуулагч өөрийн хүссэн даатгалын компаниа сонгох эрхгүй байгаа бөгөөд зуучлэгч буюу банк гэрээний 13.2.4-т заасныг үндэслэн компанийн данснаас даатгалын хураамжийг жил бүр шууд татан авалтыг хийж байгаа үйлдэл нь банк өөрийн бүрэн эрхийн хүрээнд даатгуулагчийг төлөөлж, бие даан шийдвэр гаргаж байгааг илтгэж байна.  

Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ”, 11.2.-т “Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно” гэсэн тодорхой заалт байдаг. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т “хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх”, 17 дугаар зүйлийн 17.3-т “хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтаан гүйцэтгэнэ” гэсэн тодорхой заалтууд бий.  Өнгөрсөн хугацаанд хийгдэж байсан автомашины даатгалын хураамжууд ямар нэгэн төлбөрийн баримт, даалгаваргүй хийгдэж байсан нь автомашины зээлийн гэрээний 13.2.4-т заагдсан зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэж байсан гэж ойлгогдохоор байна. Үүнийг гэрч Л.Мандалсүрэнгийн “2018 оны автомашины зээлийн гэрээний үүргийн дагуу банк шууд татан авдаг байсан. Миний оролцоогүйгээр шууд авдаг байсан. Гэрээний дагуу татан авдаг байсан” гэх мэдүүлгээр нотлогдож байна. Хэрвээ ямар нэгэн гэрээгүй, төлбөрийн баримт, даалгаваргүй шилжүүлэг хийгдэж байсан бол “Х Х Б ” ХХК нь Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “орлого, зарлагын гүйлгээг итгэмжлэгдэгчээр дамжуулан хийлгэж болно”, 2-т “Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл, итгэмжлэгдэгчийн иргэний паспорт, түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэн гүйлгээ хийнэ” гэж тодорхой заасан тул данснаас гүйлгээ хийх асуудалд компанийн эрх бүхий этгээдээс утсаар лавлаж гүйлгээ хийж болох тухай заалт хуулиар байхгүй. Иймд банкны зээлийн эдийн засагч З.Одбаатараас “К ” ХХК-ийн нягтлан Л.Мандалсүрэн рүү утсаар ярьж, даатгалын төлбөрийг татах зөвшөөрөл авсан гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нягтлан бодогч ийм зөвшөөрөл өгөх эрхгүй юм. Хуульд заасан итгэмжлэлийн үндсэн дээр гүйлгээг хийж болно. Энэ бүхнээс үзвэл банк өөрийн хэрэгжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй орхигдуулсан байсан үед автомашинд даатгалын тохиолдол үүссэн байх бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой “К ” ХХК-нд хохирол учирсан болох нь тогтоогдож байна. Өнөөдрийг хүртэл “К ” ХХК болон “Х Х Б ” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар  сарын 30-ны өдрийн Автомашины зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл явагдаж байна. Иймд зээлдэгч бус банк төлөх үүрэгтэй болохыг тогтоож өгнө үү.

Анх гэрээг байгуулахад надтай нэг ч удаа даатгалын хураамжийг урьдчилан хуримтлуулах эсэх талаар асуугаагүй, харин гэрээнд үл маргах журмаар авахаар заасан байсан. Мөн даатгалын хураамж төлөх хугацаа болсноос хойш дансанд мөнгө байсан, татан авах боломжтой байснаас  үзвэл хариуцагчийн гэрээний үүргээ үл биелүүлсэн эс үйлдэхүйг харуулж байна. Өмнөх жилүүдийн даатгалын хураамжийг манай данснаас миний болон нягтлангийн гарын үсэггүй, бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр банк өөрөө шууд татан авч байсан болно. Түүнчлэн миний зүгээс нэг ч удаа даатгалын гэрээг байгуулаагүй, банк манайхыг төлөөлж гарын үсэг зурдаг байсан. Мөн гэрээгээр тээврийн хэрэгслийн өмчлөгч банк гэж заасан байгааг анхаарч өгнө үү. Хариуцагч даатгалын хураамжийг урьдчилан хуримтлуулах бол зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай хамт хураамжийн хуваарь хийгддэг гэж тайлбарлаж улмаар манай байгууллагын хоёр тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудлыг ярьж байна. Гэтэл уг зээлүүд нэг нь  2018 онд, нөгөөх нь 2019 онд байгуулагдсан зээлийн гэрээнүүд. 2018 онд гэрээ байгуулах үед гэрээний хавсралтад хураамжийг оруулдаг байсан эсэх мөн тодорхойгүй, энэ тайлбараа нотлохын тулд нэхэмжлэгчтэй адил цаг хугацаанд өөр газартай байгуулсан гэрээг хариуцагч баримтаар ирүүлээгүй тул 2019 оны гэрээтэй харьцуулах боломжгүй гэж үзэж байна. Магадгүй дараа жилд нь гэрээний загвараа буюу гэрээний нөхцөл болон хавсралтыг өөрчилж стандартаа янзалсан байхыг үгүйсгэхгүй гэв.

 

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Х Х Б ” ХХК нь “К ” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/RCC180829012-5 тоот “Автомашины зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ гэрээ байгуулсан. Автомашины зээлийн гэрээний 6.2, 6.2.12-т “Автомашиныг банк, даатгагч хоёрын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд заагдсан нөхцөлүүдээр заавал даатгуулах” гэж, 6.2.14-т “Автомашины даатгалын төлбөрийг холбогдох гэрээнд заасны дагуу бүрэн төлөх” гэж, 13 дугаар зүйлийн 13.2.1-д “Зээлдэгч автомашиныг даатгагчаар даатгуулж холбогдох төлбөрийг төлнө” гэж, Фидуцийн гэрээний 6.2-т “Зээлдэгч жил бүр даатгалын хураамжийг банкаар дамжуулан даатгагчид төлнө” гэж тус тус заасны дагуу зээлдэгч “К ” ХХК автомашины даатгалын хураамжийг зохих ёсоор төлөх үүрэгтэй бөгөөд банк зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн түүний харилцах данснаас даатгалын хураамжийг даатгагчийн дансанд шилжүүлдэг.

Автомашины зээлийн гэрээний 13.2.4-т “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн гүйлгээ хийгдмэгц эхний жилийн даатгалын хураамжийг төлөх бөгөөд цаашид эд хөрөнгийн болон амь насны жил бүр төлөх даатгалын хураамжийг гэрээний хавсралтын дагуу cap бүр өөрийн харилцах, хадгаламжийн данснаас үл маргалдах журмаар суутган авч, даатгалын хураамж төлөх дансанд урьдчилан хуримтлуулах, хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг даатгалын компанид шилжүүлэн даатгуулах, даатгалын баталгааг бичүүлж авах, даатгалын гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг банкинд үүгээр зөвшөөрч байна” гэж заасан. Гэрээний дээрх заалт талууд даатгалын хураамжийг урьдчилан хуримтлуулахаар харилцан тохиролцож, cap бүр төлөх хуваарийг гэрээний хавсралтаар баталсан тохиолдолд хэрэглэгдэх заалт юм. “К ” ХХК-ийн хувьд энэ гэрээний хавсралтаар даатгалын хураамж төлөх хуваарийг талууд харилцан тохиролцож батлаагүй. Иймд энэ заалтыг үндэслэн банк зээлдэгчийн данснаас 3000УНИ улсын дугаартай автомашины даатгалын хураамжийг үл маргах журмаар суутгаж авах эрх, үүрэггүй байна.

Харин зээлдэгчийн хүсэлтээр буюу төлбөрийн даалгаврыг үндэслэн банк даатгалын хураамжийг түүний данснаас суутган, даатгагчийн дансанд шилжүүлэх боломжтой. Учир нь тус харилцаанд банк зөвхөн төлбөр тооцоо гүйцэтгэгчийн хувиар оролцож байгаа бөгөөд зээлдэгчийн харилцах дансанд даатгалын хураамж төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд банк даатгалын хураамжийг даатгагчид шилжүүлэх боломжгүй, харин даатгалын хураамж төлөхөд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгө зээлдэгчийн харилцах дансанд байгаа тохиолдолд Иргэний хуулийн 445.4-д заасны дагуу гагцхүү зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөр тооцоо гүйцэтгэх үүрэгтэй.

3000 УНИ улсын дугаартай автомашины даатгалын гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш осол болсон 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд “К ” ХХК-ийн 418005591 тоот харилцах дансанд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 13.300.000 төгрөгөөр нэг удаа, 8.000 төгрөгөөр нэг удаа, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 23.000.000 төгрөгөөр нэг удаа орлого орсон хэдий ч тус орлогуудыг зээлдэгч автомашины даатгалын хураамж төлөхөөс өөр зориулалтаар захиран зарцуулсан бөгөөд эндээс нэхэмжлэгч даатгалын хураамжийг төлөх хүсэл зориггүй байсан нь тогтоогдоно. Түүнчлэн банкны зүгээс зээлдэгчийн [email protected], [email protected] цахим шууданд 2020 оны 9 дүгээр сарын 11-нд, 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрүүдэд “Даатгалын гэрээ дуусах дөхлөө” гэсэн мэйл, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Даатгалын гэрээ дууслаа” гэсэн мэйлийг тус тус илгээсэн.

Ийнхүү зээлдэгч өөрийн хүсэлтээр автомашины даатгалын хураамжийг урьдчилан хуримтлуулахаас татгалзаж, даатгалын хураамж төлөх хуваарь үүсгээгүй, цаашлаад тус банкны зүгээс даатгалын гэрээний хугацаа дуусах хугацааг мэдэгдсээр байхад зээлдэгч даатгалын хураамжийг хугацаа хожимдуулж төлсөн тул 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгсэл даатгалгүй байсанд банк буруугүй болно.

“K” ХХК тус банкнаас мөн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Автомашины зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан 1512 УБИ улсын дугаартай автомашиныг зээлээр худалдан авсан.  Энэ гэрээний хавсралтаар даатгалын хураамжийг cap бүр урьдчилан хуримтлуулахаар харилцан тохиролцож, гэрээний хавсралтаар даатгалын хураамж төлөх хуваарь үүсгэсэн тул даатгалын гэрээ жил бүр хугацаа алдалгүй сунгагддаг. Банк харилцан тохиролцсон тул энэ гэрээний 13.2.4-т заасны дагуу 1512 УБИ улсын дугаартай автомашины даатгалын хураамжийг cap бүр “К ” ХХК-ийн харилцах данснаас үл маргах журмаар суутган авч, даатгалын хураамж хуримтлуулах дансанд урьдчилан хуримтлуулж, автомашины даатгалын гэрээний хугацаа дуусахад даатгагчид даатгалын хураамжийг шилжүүлэх замаар даатгалын гэрээний тасралтгүй байдлыг хангаж ажилладаг болно.

Мөн зээлийн гэрээний 6.2.9-д “Автомашиныг анх шилжүүлэн авснаар автомашины эзэмших, ашиглахтай холбоотой бүх эрсдэлийг зээлдэгч хариуцах” гэж, 12.1-д “зээлдэгч автомашины эзэмшил, ашиглалттай холбогдон гарах аливаа зардал, эрсдэлийг бүрэн хариуцна” гэж, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.2.3-т “Автомашиныг шилжүүлэн авснаас эхлэн эзэмших, ашиглахтай холбогдох үүсэх бүхий л эрсдэл, хохирол, зардал, татвар, торгууль болон хадгалалт, хамгаалалтыг бие даан хариуцаж, бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу фидуцийн зүйлийг эзэмшиж, ашиглах явцад үүсэх аливаа эрсдэл, хохирлыг зээлдэгч өөрөө хариуцна.

Зээлдэгч нь автомашин даатгуулах бус банк автомашиныг даатгуулах үүрэгтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Дээр дурдснаар зээлийн гэрээний 6.2.12, 6.2.14, 13.2.1 дэх хэсэг болон Фидуцийн гэрээний 6.2-т тус тус заасны дагуу зээлдэгч “К ” ХХК автомашины даатгалын хураамжийг зохих ёсоор төлөх үүрэгтэй. Банк “Миг даатгал” ХХК-тай байгуулсан гэрээний тухайд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар банк даатгалын зуучлагчийн хувиар оролцсон болно. Даатгалын хураамжийг зээлийн гэрээний дагуу биш харин төлбөр тооцоо гүйцэтгэгчийн хувиар “Миг  даатгал” ХХК-д төлбөрийг шилжүүлсэн үйлдэл юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхойгүй, гэрээнээс учирсан хохирол шаардсан тул шүүх шаардлагын хүрээгээр шийдвэрлэнэ. Банк даатгалын хураамжийг “Миг даатгал” ХХК-д шилжүүлэхдээ харилцагчаас бичгээр зөвшөөрөл аваагүй гэдгийг манай зүгээс зөвшөөрч байна. Гэхдээ тухайн байгууллагын нягтлан бодогч хураамжийг шилжүүлэхээр утсаар зөвшөөрөл өгснөөр шилжүүлсэн байдаг. Мөн хуулиар амаар зөвшөөрөл авч болохгүй гэж хориглоогүй болно. Нэгэнт нэхэмжлэгч гэрээний улмаас учирсан хохирол шаардсан тул банк төлбөр тооцооны тухай хууль, журам зөрчсөн асуудал энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

Гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол шаардахын тулд урьдач нөхцөл бүрдсэн байх ёстой. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгосон гэрээний 13.2.4-т  заасан зохицуулалт банкинд үүрэг ногдуулаагүй, харин банкны эрхийг заасан зохицуулалт болно. Иймд зээлийн гэрээний дагуу ногдуулсан үүрэг банкинд байхгүй. Үүрэг хүлээгээгүй тул үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Гэрээгээр даатгуулах үүрэг нэхэмжлэгчид байгаа. Даатгалын хураамж төлөх хугацаа болсноос хойшхи хугацаанд нэхэмжлэгч өөрөө тухайн данснаас өөр төрлийн төлбөр тооцоог гүйцэтгэсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “К” ХХК нь “Х Х Б ” ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 51.554.600 төгрөг гаргуулах, зээлдэгч бус банк тээврийн хэрэгслийг даатгуулах үүрэгтэй болохыг тогтоолгох, мөн хохирол, төлбөрийг автомашины зээлийн үлдэгдэл төлбөрт тооцох үйлдэл хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас “К” ХХК, нөгөө талаас “Х Х Б ” ХХК  2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 55.000.000 төгрөгийг 48 сарын хугацаатай автомашин худалдан авах зориулалтаар зээлдэгчид шилжүүлэх, Зээлдэгч жилийн 20,4 хувийн хүүтэй эргүүлэн төлөх, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Тоёота Ландкруйзер 200 маркийн 3000УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хангуулахаар тохиролцож,  Зээлийн болон Фидуцийн гэрээг тус тус байгуулжээ. /хх 12-20, 24,25, 64-71/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 452.2, 235 дугаар зүйлийн 235.5-д заасан гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

а/гэрээнээс учирсан хохиролд 51.554.600 төгрөг гаргуулах, хохирол, төлбөрийг автомашины зээлийн үлдэгдэл төлбөрт тооцох үйлдэл хийхийг даалгах шаардлагын тухайд:

Гэрээний дагуу нэхэмжлэгч маргааны зүйл болсон 3000 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан, энэ хугацаанд өөрийн эзэмшил ашиглалтад байлгасан, улмаар 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт тухайн тээврийн хэрэгслээр зорчих үед зам тээврийн осол гарсан, уг ослоос тухайн эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримтуудад зохигчид маргаагүй. /хх 10,11, 31-47/

“Миг даатгал” ХХК болон “К ” ХХК нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 04-нд, 2019 оны 9 дүгээр сарын 26-нд, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус нэг жилийн хугацаатай 3000УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “Зээлийн тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ”-г “Х Х Б ” ХХК-ийн оролцоотой байгуулсан, тухайн жилийн даатгалын хураамж болох 960.000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 04-нд, 2019 оны 9 дүгээр сарын 26-нд, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүй. /хх 26,28,30, 127-130, 149-151/

Харин 2020 оны даатгалын хураамжийг зээлийн гэрээнд зааснаар банк “Миг даатгал” ХХК-д хугацаанд нь шилжүүлээгүй эс үйлдэхүйгээс даатгалын нөхөн төлбөр авах боломжгүй нөхцөл бүрдсэн үндэслэлээр гэрээнээс учирсан хохиролд тооцон нэхэмжилж байна. Хариуцагч татгалзлын үндэслэлээ гэрээгээр банк үүрэг хүлээгээгүй, даатгалын хураамж төлөх асуудал зээлдэгчийн үүрэг, түүнчлэн хураамжийг төлөх боломжтой байсан гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан 2018 оны зээлийн гэрээний 6 дугаар зүйлд зээлдэгчийн хүлээх үүргийг тодорхойлсноос 6.2.12-т “автомашиныг банк, даатгагч хоёрын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд заагдсан нөхцөлүүдээр заавал даатгуулах гэж, 6.2.14-т даатгалын төлбөрийг холбогдох гэрээнд заасны дагуу бүрэн төлөх гэж, 6.2.21-д автомашиныг даатгуулах үүрэг  тус тус хүлээхээр мөн гэрээний 11 дүгээр зүйлд зээлдэгчийн хариуцах зардлын төрлийг тодорхойлсноос 11.1.6-д “Зээлдэгч нь жил бүр даатгалын хураамжийг банкаар дамжуулан даатгагчид төлнө” гэж тус тус заажээ. Түүнчлэн гэрээний 13 дугаар зүйлд даатгалын талаар зохицуулахдаа 13.2.1-д Зээлдэгч автомашиныг даатгагчаар даатгуулж холбогдох төлбөрийг төлнө, 13.2.4-т “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн гүйлгээ хийгдмэгц эхний жилийн даатгалын хураамжийг төлөх бөгөөд цаашид эд хөрөнгийн болон амь насны жил бүр төлөх даатгалын хураамжийг гэрээний хавсралтын дагуу сар бүр өөрийн харилцах, хадгаламжийн данснаас үл маргалдах журмаар суутган авч, даатгалын хураамж төлөх дансанд урьдчилан хуримтлуулах, хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг даатгалын компанид шилжүүлэн даатгуулах, даатгалын баталгааг бичүүлж авах, даатгалын гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг банкинд үүгээр зөвшөөрч байна” гэж заажээ.

Нэхэмжлэгч гэрээний дээрх заалтыг үндэслэн банк хугацаанд нь зохих ёсоор хураамжийг шилжүүлээгүйгээс нөхөн төлбөр авах боломжгүй нөхцлийг үүсгэсэн гэж,  харин хариуцагч гэрээний уг заалтын дагуу хураамжийг урьдчилан хуримтлуулахыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй гэж тайлбарлав.

Хэрэгт баримтаар дээрх зээлийн эргэн төлөх хуваарийг тогтоосон гэрээний хавсралт авагдсан, уг хавсралтад даатгалын хураамжийн талаар тусгагдаагүй байна. Мөн хэн алин нь гэрээнд өөр хавсралт бий эсэх талаар маргаагүй, энэ тухай баримтыг ирүүлээгүй болно. Иймд гэрээний 13.2.4-т зааснаар даатгалын хураамжийг урьдчилан хуримтлуулах талаар талууд тохиролцсон гэрээний хавсралт баримтгүй байх тул нэхэмжлэгч гэрээ байгуулах үед зөвшөөрөөгүйгээс энэ талаар тохиролцоогүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзнэ. /хх 17/ Мөн хэрэгт авагдсан 2000320 тоот даатгалын баталгаанаас үзвэл тухайн жилийн гэрээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дууссан /хураамж шилжүүлсэн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн гүйлгээний утгад 4ASSR20190900167 гэж тэмдэглэгдсэн/, хариуцагч байгууллагаас даатгалын хураамж төлөх болсныг сануулж гэрээнд дурдсан хаягаар 2020 оны 9 дүгээр сарын 11, 19-ний өдөр “даатгалын гэрээ дуусах дөхлөө”, 2020 оны 9 дүгээр сарын 25-нд “даатгалын гэрээ дууслаа” /тухайн жилийн гэрээний дугаар: 4ASSR20190900167/ гэсэн утгатай цахим мэйл нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн болох нь шүүхээс хийсэн 20201 оны 3 дугаар сарын 11, 18-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. Түүнчлэн гэрээний хугацаа дууссан мөн өдрөөс осол болсон 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд нэхэмжлэгч байгууллагын 418005591 тоот дансанд 36.308.000 төгрөгийн орлого орж, 36.150.638 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэний дотор зохигчдын хоорондох 2019 оны зээлийн гэрээний зүйл болсон өөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ сунгах хуримтлалд 2020  оны 10 дугаар сарын 15-ны өдөр 86.666 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байх тул нэхэмжлэгч энэ хугацаанд хураамж төлөх боломжтой байсан гэж үзэхээр байна. /хх 28, 72, 84-92, 127-128, 150, 172-179, 187-192, 203/  Иймд талуудын хоорондох 2018 оны зээлийн гэрээний дагуу зээлдэгч даатгалын хураамжийг төлөх үүрэг хүлээсэн, гэрээгээр хүлээсэн өөрийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс хохирол учрах нөхцлийг бүрдүүлсэн гэж дүгнэв.

Харин зохигчид нэгэнт даатгалын хураамжийг урьдчилан хуримтлуулах асуудлаар тохиролцоогүй хэрнээ банк тухайн тээврийн хэрэгслийн 2018, 2019 онуудын даатгалын хураамжийг хууль зөрчиж гуравдагч этгээдэд шилжүүлж байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан “Бэлэн бус мөнгөний төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, аккердатив, чек, вексель, төлбөрийн карт болон төлбөр тооцооны бусад баримтаар гүйцэтгэнэ” гэж, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан “Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд ... харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно.” гэж заасныг тус тус зөрчиж нэхэмжлэгч байгууллагын эрх бүхий этгээдээс бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр гүйлгээг хийсэн болох нь гэрч З.Одбаатар, Н.Мандалсүрэн нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Хуульд зааснаар “гэрээний дагуу” банк төлбөр тооцоог гүйцэтгэх тохиолдолд зөвшөөрөл шаардахгүйгээр гүйлгээг хийх, данснаас суутгах эрхтэй байхаар зохицуулсан хэдий ч талуудын хооронд ийм тохиролцоо, гэрээ байхгүй байна. Хэрэгт авагдсан талуудын хоорондох 2018 оны зээлийн гэрээнд дээрх 13.2.4-т заасан тохиолдлоос бусад тохиолдолд банк харилцагчийн зөвшөөрөлгүйгээр хураамжийг татан төвлөрүүлэх, үл маргах журмаар данснаас суутган авах, гуравдагч этгээдэд шилжүүлэх талаар зохицуулсан зохицуулалтгүйгээс гадна үүнээс тусдаа төлбөр тооцоо гүйцэтгэх асуудлаар тохиролцсон гэрээгүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй болно. Түүнчлэн хариуцагч шүүх хуралдааны явцад энэ үйл баримтад маргаагүй, хүлээн зөвшөөрснийг дурдав.

Гэвч төлбөр тооцоо гүйцэтгэхдээ хууль зөрчсөн банкны дээрх үйлдэл тогтоогдсон ч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй энэ шаардлагад хамааралгүй буюу тээврийн хэрэгсэлд хохирол учирсан явдал хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн тухайн жилийн “даатгалын хураамж төлөх” өөрийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс нөхөн төлбөр авах боломжгүй нөхцөл үүсч улмаар хөрөнгөд хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Иймд шүүх энэ үндэслэлээр гэрээнээс учирсан хохиролд 51.554.600 төгрөг гаргуулах, төлбөрийг автомашины зээлийн үлдэгдэл төлбөрт тооцох үйлдэл хийхийг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн болно. Харин банк төлбөр тооцоо гүйцэтгэхдээ хууль зөрчсөний улмаас хохирол учирсан гэж үзвэл нэхэмжлэгч жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

 

б/Зээлдэгч бус банк тээврийн хэрэгслийг даатгуулах үүрэгтэй болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч энэ шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээгээр зээлдэгч даатгалын байгууллагаа өөрөө сонгох эрхгүй, зөвхөн банкны сонгосон байгууллагаар даатгуулах, нөхөн төлбөрийг банк авахаар, мөн банк төлөөлж гэрээг байгуулж, хураамжийг шилжүүлэх эрхийг эдлэхээр тус тус заасан, түүнчлэн “Миг даатгал” ХХК, “Х Х Б ” ХХК нарын хоорондох гэрээгээр банк хураамжийн орлогоос хөлс авахаар заасан зэргээс үзвэл тээврийн хэрэгслийг даатгуулах үүрэг зээлдэгчийнх бус банкных гэж тайлбарлав. Хариуцагч даатгалын гэрээнд тусгай зөвшөөрлийн дагуу зуучлагчийн хувиар банк оролцсон гэж тайлбарлав.

Санхүүгийн зохицуулах хорооноос “Х Х Б ” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон болох нь ТЗ210/28 тоот гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх 204/

Хэрэгт баримтаар “Миг даатгал” ХХК, “Х Х Б ” ХХК нарын хооронд 2017 оны 7 дугаар сарын 27-нд, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тус тус байгуулсан tdbm/200/2017, tdbm/260/2019 тоот “Автомашины зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ”-нүүд баримтаар авагджээ.  /хх 115-126, 152-158, 204/

Мөн хэрэгт авагдсан “Х Х Б ” ХХК-ийн оролцоотойгоор “Миг даатгал” ХХК, “К ” ХХК нарын хооронд байгуулагдсан дээр дурдсан 2018, 2019, 2020 оны “Зээлийн  тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ” нь Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-д зааснаар сайн дурын, ердийн даатгалын төрөлд хамаарна. Нэхэмжлэгчийн банктай байгуулсан 2018 оны зээлийн гэрээний 6.2.12-т “автомашиныг банк, даатгагч хоёрын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд заагдсан нөхцлүүдээр заавал даатгуулах” үүргийг зээлдэгчид ногдуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцэхгүй, түүнчлэн сайн дурын даатгалын хувьд сонгох эрхийг хязгаарласан тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Гэвч гэрээний дээрх зохицуулалт хуульд нийцээгүй явдал Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар гэрээний бусад хэсгийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна гэрээнд “банк даатгалын гэрээг төлөөлж байгуулах”, “даатгалын хураамжийг банкаар дамжуулж шилжүүлэх”-ээр тохиролцсон явдал Иргэний хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хэлцэлд төлөөлүүлэх, төлбөр тооцоог хэрхэн гүйцэтгэх талаарх тохиролцоо байна.  Иймд зээлдэгч бус банк тээврийн хэрэгслийг даатгуулах үүрэгтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “Х Х Б ” ХХК-д холбогдох гэрээнээс учирсан хохиролд 51.554.600 төгрөг гаргуулах, зээлдэгч бус банк тээврийн хэрэгслийг даатгуулах үүрэгтэй болохыг тогтоолгох, мөн хохирол, төлбөрөөс автомашины зээлийн үлдэгдэл төлбөрт тооцох үйлдэл хийхийг даалгах тухай “К ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 556.123 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ