Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01101

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01101

 

 

 

К.С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00878 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К.С ХХК-ийн хариуцагч ХХБ ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс учирсан хохиролд 51 554 600 төгрөг гаргуулах, зээлдэгч бус банк тээврийн хэрэгслийг даатгуулах үүрэгтэй болохыг тогтоолгох, мөн хохирол, төлбөрийг автомашины зээлийн үлдэгдэл төлбөрт тооцох үйлдэл хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К.С ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: К.С ХХК 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ХХБ ХХК-тай автомашины зээлийн гэрээ, фидуци, баталгааны гэрээ байгуулж, 3000 УНИ улсын дугаартай хар хөх өнгийн Ланд круйзер 200 маркийн автомашиныг худалдан авсан. Тээврийн хэрэгслийг М.Д ХХК-д даатгуулан, манай компанийн ХХБны 418005591 тоот данснаас жил бүр шууд татан авч, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулах, сунгах ажиллагааг баталгаажуулах ажиллагааг ХХБ бие даан хэрэгжүүлдэг байсан. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын нутагт зорчих үедээ осолд өртөж автомашинд 60 775 000 төгрөгийн хохирол учирсан. Ослын дуудлагыг орон нутгийн цагдаагийн байгууллага болон М.Д ХХК-д хандсан боловч автомашины даатгалын гэрээ сунгагдаагүй байсан тул нөхөн төлбөр олгох боломжгүй талаар М.Д ХХК-аас бидэнд мэдэгдсэн.

Ослын дараа манай компанийн данснаас даатгалын төлбөрийн татан авалт хийж, даатгалд хамруулсан. Бид ХХБ ХХК-д хохирол барагдуулах талаар банкинд хандахад 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/8402 тоот албан бичгээр даатгуулах нь таны үүрэг, бид цахим шуудангаар мэдээлэл өгч байсан гэх утгатай татгалзсан хариу өгсөн. Хэрэв банк зээлийн гэрээний дээрх зохицуулалтад заасан үүргээ хэрэгжүүлж даатгалын хураамжийг цаг хугацаанд нь татан авч, цааш шилжүүлсэн байсан бол хохирлын үнэлгээний 80 хувиар тооцвол 48 620 000 төгрөгийг нөхөн төлбөрт авах боломжтой байсан. Хэрэгт баримтаар авагдсан манай байгууллагын дансанд осол болох хүртэлх хугацаанд дансанд мөнгө байсан нь тогтоогдоно. Иймд хариуцагчийн буруутай эс үйлдэхүйгээс шалтгаалж даатгалын байгууллагаас нөхөн төлбөр авах боломжгүй болсон тул 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 960 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 1 963 000 төгрөг, нотариатын зардал 11 600 төгрөг, нийт 51 554 600 төгрөгийг гаргуулж өгнө үү.

ХХБ ХХК-ийн зээлийн эдийн засагч амралттай байж байгаад орж ирсэн тул даатгалыг орхигдуулсан байсан. Манай нягтлантай утсаар ярьж зөвшөөрөл авснаар даатгалын төлбөрийг татан авдаг байсан. Даатгуулагч зөвшөөрөхгүй байхад яагаад даатгалын төлбөрийг татан авч байгаа нь Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Өнөөдрийг хүртэл К.С ХХК болон ХХБ ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн автомашины зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл явагдаж байна. Иймд зээлдэгч бус банк төлөх үүрэгтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХБ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: К.С ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/RCC180829012-5 тоот автомашины зээл болон фидуцийн гэрээ байгуулсан. Автомашины зээлийн гэрээний 6.2, 6.2.12, 6.2.14, 13 дугаар зүйлийн 13.2.1, Фидуцийн гэрээний 6.2 дах хэсэгт тус тус заасны дагуу зээлдэгч К.С ХХК автомашины даатгалын хураамжийг зохих ёсоор төлөх үүрэгтэй бөгөөд банк зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн түүний харилцах данснаас даатгалын хураамжийг даатгагчийн дансанд шилжүүлдэг. Автомашины зээлийн гэрээний 13.2.4-т заасан заалт талууд даатгалын хураамжийг урьдчилан хуримтлуулахаар харилцан тохиролцож, cap бүр төлөх хуваарийг гэрээний хавсралтаар баталсан тохиолдолд хэрэглэгдэх заалт юм. К.С ХХК-ийн хувьд энэ гэрээний хавсралтаар даатгалын хураамж төлөх хуваарийг талууд харилцан тохиролцож батлаагүй. Иймд энэ заалтыг үндэслэн банк зээлдэгчийн данснаас 30-00 УНИ улсын дугаартай автомашины даатгалын хураамжийг үл маргах журмаар суутгаж авах эрх, үүрэггүй байна. Харин зээлдэгчийн хүсэлтээр буюу төлбөрийн даалгаврыг үндэслэн банк даатгалын хураамжийг түүний данснаас суутган, даатгагчийн дансанд шилжүүлэх боломжтой. Банкны зүгээс зээлдэгчийн [email protected], [email protected] цахим шууданд 2020 оны 9 дүгээр сарын 11-нд, 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрүүдэд даатгалын гэрээ дуусах дөхлөө гэсэн мэйл, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр даатгалын гэрээ дууслаа гэсэн мэйлийг тус тус илгээсэн. Ийнхүү зээлдэгч өөрийн хүсэлтээр автомашины даатгалын хураамжийг урьдчилан хуримтлуулахаас татгалзаж, даатгалын хураамж төлөх хуваарь үүсгээгүй, цаашлаад тус банкны зүгээс даатгалын гэрээний хугацаа дуусах хугацааг мэдэгдсээр байхад зээлдэгч даатгалын хураамжийг хугацаа хожимдуулж төлсөн тул 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгсэл даатгалгүй байсанд банк буруугүй болно.

Зээлийн гэрээний 6.2.12, 6.2.14, 13.2.1 дэх хэсэг болон фидуцийн гэрээний 6.2-т тус тус заасны дагуу зээлдэгч К.С ХХК автомашины даатгалын хураамжийг зохих ёсоор төлөх үүрэгтэй. Банк М.Д ХХК-тай байгуулсан гэрээний тухайд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар банк даатгалын зуучлагчийн хувиар оролцсон. Даатгалын хураамжийг зээлийн гэрээний дагуу биш харин төлбөр тооцоо гүйцэтгэгчийн хувиар М.Д ХХК-д төлбөрийг шилжүүлсэн үйлдэл юм. Банк даатгалын хураамжийг М.Д ХХК-д шилжүүлэхдээ харилцагчаас бичгээр зөвшөөрөл аваагүй гэдгийг манай зүгээс зөвшөөрч байна. Гэхдээ тухайн байгууллагын нягтлан бодогч хураамжийг шилжүүлэхээр утсаар зөвшөөрөл өгснөөр шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгосон гэрээний 13.2.4-т заасан зохицуулалт банкинд үүрэг ногдуулаагүй, харин банкны эрхийг заасан зохицуулалт болно. Иймд зээлийн гэрээний дагуу ногдуулсан үүрэг банкинд байхгүй тул үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Гэрээгээр даатгуулах үүрэг нэхэмжлэгчид байгаа. Даатгалын хураамж төлөх хугацаа болсноос хойшхи хугацаанд нэхэмжлэгч өөрөө тухайн данснаас өөр төрлийн төлбөр тооцоог гүйцэтгэсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар ХХБ ХХК-д холбогдох гэрээнээс учирсан хохиролд 51 554 600 төгрөг гаргуулах, зээлдэгч бус банк тээврийн хэрэгслийг даатгуулах үүрэгтэй болохыг тогтоолгох, мөн хохирол, төлбөрөөс автомашины зээлийн үлдэгдэл төлбөрт тооцох үйлдэл хийхийг даалгах тухай К.С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 556 123 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч К.С ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн үнэлж дүгнээгүй бөгөөд зөвхөн нэг талд илтэд үйлчилсэн. Хавтаст хэрэгт 2 өөр машины 2 өөр үнийн дүн бүхий автомашины зээлийн гэрээнүүд байгаа. Эхнийх нь 3000 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр №ЗГ/ЯСС 180829012-5 дугаартай автомашины зээлийн гэрээ бөгөөд бид энэ гэрээний хүрээнд маргалдаж байгаа. Нөгөөх нь 1512 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр №ЗГ/КСС 180829012-5 дугаартай автомашины зээлийн гэрээ бөгөөд энэ маргаанд хамааралгүй. Гэхдээ 2019 оны гэрээнд даатгалын жилийн төлбөрийг сар бүрд хуваан шинэ дансанд байршуулан төлж байхыг ХХБ хэрэгжүүлдэг байсан. Харин 3000 УНИ хувьд сар бүр хуваах тухай ойлголт тохиролцоо байхгүй байсныг шүүх тохиролцоогүй хэмээн дүгнэсэн байх бөгөөд бүхэл үнийн дүнгээр нь буюу 960 000 төгрөгөөр нь шууд татан авч даатгалын компани руу шилжүүлж байгаа үйлдлийг нь Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дах хэсэгт заасан хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт хийсэн.

ХХБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл Т3210/28 авсан байдаг бөгөөд /гэрчилгээний хуулбар хх204/ зуучлалын үүрэг гүйцэтгэж байгаа нь Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3.2.3. даатгалын зуучлагч гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээдийг хэлэх бөгөөд 8.1.2-т даатгалын зуучлагчийн эрхтэй, 6.1-д даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрмээр зохицуулах хуулийн заалттай оролцогч юм. Зөвхөн даатгагч, даатгуулагч хоёр л гэрээний хүрээнд эрх, үүрэгтэй оролцогч гэсэн ойлголт бус, даатгалын мэргэжлийн оролцогчийн хувиар зуучлагч ч гэсэн өөрийн гэсэн эрх, үүрэг хүлээсэн байдаг. Даатгалын зуучлагчийн буруутай үйл ажиллагаанаас болж даатгагчид даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хороо энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах бөгөөд журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй этгээдийн бүртгэлийг хөтөлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байна. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт дагуу ХХБ ХХК нь тээврийн хэрэгслийн даатгал сунгуулах, гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй байснаас К.С ХХК-д учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч К.С ХХК нь хариуцагч ХХБ ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 51 554 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ даатгалын гэрээний хугацаа сунгагдаагүй байсны улмаас нөхөн төлбөр авч чадаагүй, хариуцагч зээлийн гэрээний 13.2.4-т заасны дагуу гэрээ сунгуулах үүргээ биелүүлээгүй, даатгалын хураамжийг манай компанийн данснаас шууд татан авдаг байсан, үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан гэж тайлбарласан байна.

Хариуцагч тал даатгалын гэрээг сунгах эрхгүй, гэрээний хугацаа дуусч байгаа тухай цахим шуудангаар мэдэгдсэн, гэрээний хугацаа дууссан, даатгалгүй байсанд банк буруугүй, даатгалын хураамжийг нэхэмжлэгч талаас зөвшөөрөл авсны үндсэн дээр данснаас суутган, даатгагчид шилжүүлдэг байсан гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Автомашины зээлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээний 6.2.14, 6.2.21, 13.2.1 дэх заалтуудаар зээлдэгч К.С ХХК нь автомашиныг даатгуулж, холбогдох хураамжийг төлөх үүрэг хүлээх, 13.2.3 дах заалтаар даатгагчтай банкнаас урьдчилан тохиролцсон нөхцөлөөр даатгуулах, даатгалын тохиолдолд гарсан бол банк тэргүүн ээлжинд зээлийн төлбөрийн шаардлагаа даатгалын нөхөн олговрын дүнгээс хангуулах эрхтэй байхаар харилцан тохиролцсон байна. 1хх-13-15/

Улмаар К.С ХХК нь энэ гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн гүйлгээ хийгдмэгц эхний жилийн даатгалын хураамжийг төлөх бөгөөд цаашид эд хөрөнгийн болон амь нас, гэнэтийн осол/-ны жил бүр төлөх даатгалын хураамжийг гэрээний хавсралтын дагуу сар бүр өөрийн харилцах, хадгаламжийн данснаас үл маргалдах журмаар суутган авч, даатгалын хураамж төлөх дансанд урьдчилан хуримтлуулах, хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг даатгалын компанид шилжүүлэн даатгуулах, даатгалын баталгааг бичүүлж авах, даатгалын гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг ХХБ ХХК-д олгосон болох нь Автомашины зээлийн гэрээ /13.2.4 дэх заалт/, талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогджээ. /1хх15/

Хэрэгт К.С ХХК болон М.Д ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 04-ний, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Зээлийн тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээнүүд нотлох баримтаар авагджээ. Уг нотлох баримтуудаас тухайн маргаанд хамаарал бүхий 3000 УНИ улсын дугаартай автомашины даатгалын гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 24:00 минут хүртэл 1 жилийн хугацаатай байгуулжээ. /1хх-127/

Зохигчид дээрх гэрээнүүдийн агуулга, хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна. Хариуцагч даатгалын гэрээний хугацааг сунгах үүрэг хүлээсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч К.С ХХК нь хариуцагч ХХБ ХХК-д даатгалын компанитай даатгалын гэрээ байгуулж, төлөөлж гарын үсэг зурах эрхийг гэрээний 13.2.4 дэх заалтаар олгожээ. Харин уг заалтад нэхэмжлэгчийг төлөөлж даатгалын гэрээний хугацааг сунгах эрхийг хариуцагчид олгосон агуулга тусгагдаагүй байх тул хариуцагчийг, нэхэмжлэгч К.С ХХК, даатгагч М.Д ХХК нарын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний хугацааг сунгах үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Хариуцагч нь даатгалын гэрээний хугацаа дуусч байгаа тухай мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 11-нд, мөн сарын 19-ний өдөр тус тус цахим шуудангаар нэхэмжлэгчид явуулсан гэж, нэхэмжлэгчээс уг мэдэгдлийг цахим шуудангаар хүлээж аваагүй гэж марган, хэн аль нь өөрийн компанийн цахим /имэйл/ хаягт шүүхийн журмаар үзлэг хийлгэжээ. /1хх172-179, 187-192/ Анхан шатны шүүх 2 үзлэгийн тэмдэглэлийг харьцуулан үнэлээд хариуцагчийг даатгалын гэрээний хугацаа дуусч байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж зөв дүгнэсэн. Учир нь нэхэмжлэгч компанийн цахим хаягт хариуцагч талаас явуулсан гэх зурвас харагдахгүй байгаа боловч хариуцагч компанийн цахим хаягт нэхэмжлэгч рүү 2020 оны 9 дүгээр сарын 11,19,25-ны өдрүүдэд тус тус явуулсан зурвас хадгалагдсан байхаас гадна уг зурвасыг нэхэмжлэгч талаас хүлээн авсан төлөвийг харуулсан болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байна. /1хх187-192/ Иймд нэхэмжлэгч уг баримтыг баримтаар үгүйсгэж чадаагүй гэж үзнэ.

Хариуцагч тал, нэхэмжлэгчийн ХХБ дахь данснаас даатгалын хураамж суутган, даатгагч компанид шилжүүлж байсан үйлдэл нь тэдгээрийн хооронд байгуулагдсан Автомашины зээлийн гэрээний 13.2.4-т нийцсэн, зохигчид энэ талаар маргаагүй байхад анхан шатны шүүх хариуцагч ХХБ ХХК-ийг нэхэмжлэгч К.С ХХК-ийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан тухайн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байх боловч уг дүгнэлт нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй болно.

Нэхэмжлэгч К.С ХХК зээлдэгч бус банк тээврийн хэрэгслийг даатгуулах үүрэгтэй болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлжээ. Уг шаардлагын талаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга нь хохирол гаргуулах шаардлагын үндэслэлд хамаарч байхад анхан шатны шүүх бие даасан шаардлагын хэмжээнд шийдвэрлэсэн нь буруу байна.

Хариуцагч ХХБ нь даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд байх ба тэрээр МИК даатгал ХХК-тай харилцан тохиролцож, иргэн, аж ахуйн нэгжид олгох зээлээр худалдан авсан тээврийн хэрэгслийг даатгалд хамруулах, даатгагч нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг банкинд эсвэл зээлдэгчид төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилгоор Автомашины зээлийн эрсдлийн даатгалын гэрээ нэртэй гэрээ байгуулсан болох нь хэрэгт буй бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ. /1хх-115-123, 149-151/

Уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгч талын даатгалын гэрээний хугацааг сунгах үүргийг хүлээгээгүй байхаас гадна гэрээний 9.3.1-д заасан зуучлагчийн үүрэг нь нэхэмжлэгч, хариуцагч нарын маргааны үйл баримтад хамааралгүй, зохигчдын хоорондын маргаанд Даатгалын тухай хууль болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн зохицуулалтуудыг тайлбарлан хэрэглэхгүй. Мөн хөдлөх эд хөрөнгө буюу автомашины даатгалын гэрээний харилцаанд Санхүүгийн Зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолын хавсралтаар баталсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам үйлчлэхгүй байх тул хариуцагчийн шүүх банкны үйлдэл, үйл ажиллагаа, үүргийн талаар тодорхой ойлголтгүй, нэг талыг барьж шийдсэн гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00878 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 556 123 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД