Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2021/00905

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, И овогт Я-ын Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “Ш б М с”-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 56.512.297 төгрөг, илүү цагийн нэмэгдэл хөлс 459.540 төгрөг, 13 дахь сарын цалин 3.293.377 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ө.С, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Ш б М с”-д ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Гэрээнд зааснаар туршилтын гурван сарын хугацаа 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Ш б М с”-гийн суурин төлөөлөгч И.Гэрэлчулуун дуудан ажлаас халах тушаал өгч, миний ажилтай холбоотой бүх зүйлийг хурааж авсан. Тушаалын үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон цуцалсугай” гэж заасан. Миний ажлын байрыг цөөрүүлсэн эсхүл ажлын байр хасагдсан эсэх нь тодорхойгүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар надад огт мэдэгдэл өгөөгүй, бүтцийн өөрчлөлтийн талаар танилцуулаагүй болно.

Мөн 2019 оны 8 дугаар сарын 24, 9 дүгээр сарын 14-ний өдөр нийт 16 цаг илүү ажилласан тул цагийн нэмэгдэл хөлс нийт 459.540 төгрөг, гэрээний 3.5-д зааснаар  хэрэв хууль бусаар чөлөөлөгдөөгүй болох авах байсан 13 дахь сарын цалин 3.293.377 төгрөг тус тус гаргуулахаар анх нэхэмжилсэн. Одоо энэ шаардлагаасаа татгалзаж байна. Харин ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Надтай анх 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гурван сарын хугацаатай даалгаврын гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ сайн ажилласан гэж үзэн даалгаврын гэрээг хугацаанаас өмнө дуусгаж, харин 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Энэ нь Хөдөлмөрийн гэрээнд бичигдсэн огноогоор нотлогдоно. Хөдөлмөрийн харилцаа үүсэх анхдагч зүйл Хөдөлмөрийн гэрээ бөгөөд ажилд томилсон тушаал түүнийг баталгаажуулж гардаг тул гэрээний огноо техникийн алдаатай гарсан, Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс байгуулсан тухай тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно гэж хариуцагч тайлбарлаж байх боловч гэрч Н.Цацрал шүүхэд мэдүүлэхдээ удирдлагын өгсөн бүх хөдөлмөрийн гэрээг орчуулсан гэдгээ л мэдүүлсэн тул захиргаа ажилтны хооронд хөдөлмөрийн харилцаа хэзээ үүссэн гэдгийг нотлохгүй. Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтныг туршилтын хугацаагаар ажиллуулж болох хэдий ч хэрэв захиргаа ажилтанд туршилтын хугацаа тогтоох бол ямар тохиолдолд ямар ажлын байранд болох талаар Хөдөлмөрийн дотоод журамд заасан байхыг шаардана. Гэтэл тус байгууллагад Хөдөлмөрийн дотоод журам байхгүй тул  анхнаасаа гэрээг туршилтын хугацаагаар байгуулах үндэсгүй. Түүнчлэн тухайн байгууллагад орон тоо цөөрсөн гэж үзвэл ажиллаж байгаа 8 ажилтнаас нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр сонгож халсан нь тодорхой бус байхаас гадна ажилтныг ялгаварлан гадуурхсан асуудал юм. Нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийг 2019 оны 7 дугаар сарын 25-нд үнэлэхэд 96,42 хувь байсан тул ажил албан тушаалд хувьд тэнцээгүй, шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл мөн байхгүй. Нэхэмжлэгч ажлын цагаар өөр ажил хийсэн талаар маргахгүй. Гэхдээ түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлдээ тусгаагүй тул хэрэгт хамааралгүй. Мөн ажилгүйдлийн тэтгэмж хуулийн дагуу авсан асуудал хэрэгт хамааралгүй.

Иймд намайг “Ш б М с”-д ажилтнаар эгүүлэн тогтоож өгнө үү. Тушаал гарч нэг сарын тэтгэмж олгосон тул 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх ажлын 391 хоног байна. Гэрээгээр нэг сарын цалин 900 евро байхаар тохиролцсон тул энэ дүнгээс тооцвол нэг өдрийн цалин 41 евро 86 цент байх тул нийт 391 хоногт 16.367 евро 26 цент, үүнийг өнөөдрийн Монгол банкны албан ханшаар төгрөгт шилжүүлбэл 56.512.297 төгрөг байна. Иймд олговорт 56.512.297 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэнд даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төвтэй “Шпаркассэ Банкны Олон Улсын хамтын ажиллагааны сан” нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсад төлөөлөгчийн газар байгуулахаар шийдвэрлэж, улмаар 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсад эрх бүхий бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн төлөөлөгчийн газар “Ш б М с” нэртэйгээр үйл ажиллагаагаа албан ёсоор гүйцэтгэж эхэлсэн. Энэ нь Гадаадын иргэн, харъяатын газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдоно. Төлөөлөгчийн газар ашгийн төлөө бус үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, хуулийн этгээдийн эрхгүй, гол зорилго хөгжлийн хамтын ажиллагаа, эдийн засгийн ба нийгмийн тогтвортой хөгжилд орон нутгийн, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг. Мөн банкны салбарыг бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх боловсрол олгох, сургалт, семинар зохион байгуулах зэрэг арга замаар Монгол Улсад иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд оршдог.

 Я.Н  “Ш б М с”-гийн суурин төлөөлөгч И.Гэрэлчулуун нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 399-405 дугаар зүйлд зааснаар 19/0001 тоот “Даалгаврын гэрээ”-г байгуулсан байдаг. Тус даалгаврын гэрээ 2019 оны 4 дүгээр сарын 01-ээс эхлэн 2019 оны 07 сарын 31-ний өдрийг дуустал буюу 4 сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд гэрээний төлбөрт 3,690 евротой тэнцэх төгрөгийн хөлс буюу сараар тооцвол нэг сард 900 евро байхаар тохиролцсон. Энэ гэрээгээр тэрээр Дархан-Уул аймагт ажил гүйцэтгэж байсан бөгөөд гэрээний хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлийн шимтгэл болон Хувь хүний орлогын албан татварыг тус тус даалгавар гүйцэтгэгч тал буюу Я.Н  өөрөө хариуцан сайн дураар төлөхөөр тохиролцон гэрээг байгуулсан байдаг. Учир нь Я.Н   “Номин юнион” ХХК-д ажиллаж байгаад 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ажлаас гарсан, ажилгүйдлийн тэтгэмжээ авах шаардлагатай гэж түүний хүсэлтээр хийгдсэн байдаг. Энэ нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн тэмдэглэгээ, тэтгэмж авсан тухай өөрийнх нь тайлбараар тогтоогдоно.

Улмаар Я.Н той байгуулсан даалгаврын гэрээний хугацаа 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох тул 7 дугаар сарын 25-ны өдөр суурин төлөөлөгч нууцлалын зэрэглэлтэй ажлын ярилцлага хийж, тухайн ярилцлагыг үндэслэн төв салбарт санал хүргүүлсний үндсэн дээр 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай суурин төлөөлөгчийн 19/08 дугаар тушаал гарч, мөн өдрөөс эхэлж талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа анх үүссэн.

 Төлөөлөгчийн газар Монгол улсад 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа эхлэхдээ нэлээдгүй тооны ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд төслийн ажилтан өөрт байгаа хөдөлмөрийн гэрээний бэлэн загварыг ашиглан нэхэмжлэгч Я.Н той гэрээг байгуулахдаа техникийн алдаа гаргаснаар түүнтэй байгуулсан гэрээнд огноо 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэж буруу бичигдсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй тайлбарыг гаргаж байгаа нь бусдын жижиг алдааг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байгаа явдал. Түүнчлэн даалгаврын гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс байгуулсан тухай тайлбар үндэслэлгүй, түүнийг нотлох баримтгүй болно.

Хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Туршилтын хугацаа 3 cap байх бөгөөд энэ хугацаанд талууд гэрээг ямар нэг үндэслэл заалгүйгээр цуцлах эрхтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаатай ажиллаж эхэлсэн, энэ хугацаа дуусгавар болоогүй байсан тул гэрээнд зааснаар үндэслэл заахгүй Хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй болно.  

Нөгөөтэйгүүр ХБНГУ-ын Бонн хотод байршилтай “Шпаркассэ Банкны Олон Улсын хамтын ажиллагааны сан”-ны удирдлагын зүгээс гаргасан 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн” тухай шийдвэрийг тус төлөөлөгчийн газарт ирүүлсэн тул 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19/10 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай суурин төлөөлөгчийн тушаал гарсан.  Хэрэгт авагдсан тус төлөөлөгчийн газрын дүрмийн 6-д  “Шпаркассэ Банкны Олон Улсын хамтын ажиллагааны сан”-гийн захиргаа, удирдлагын хэлтэстэй зөвшилцсөний үндсэн дээр төлөөлөгчийн газарт ажиллах боловсон хүчнийг ажилд авах, ажлаас чөлөөлөхөөр заасан байдаг. Нэгэнт толгой байгууллагаас түүнийг нэр заан ажлаас чөлөөлөх шийдвэр ирсэн тул Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо цөөрсөн” үндэслэлээр Я.Н той байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан. Тэрээр туршилтын хугацаагаар ажиллаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “нэг сарын өмнө мэдэгдэх” хуулийн зохицуулалт энэ тохиолдолд хамаарахгүйгээс гадна гэрээгээр талууд үндэслэл заахгүй цуцалж болохоор тохиролцсон болно. Нөгөөтэйгүүр тэрээр туршилтын хугацаанд ажиллаж байгаа хэрнээ ажлын цагаар удаа дараа өөр ажил хийж байсан болох нь баримтаар тогтоогдсон тул гэрээг цуцлах үндэслэлийн нэг болсон болно.

Ажил олгогчийн хувьд 10 дугаар сарын цалин хөлсийг бүрэн олгож, мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэг сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж болон НДШ, ХХОАТ тус тус бүрэн төлж хуульд заасан үүргээ гүйцэтгэсэн болно. Нэхэмжлэгч Я.Н той байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаатай хугацаанд түүнд олгох цалин хөлсийг байгууллагын зүгээс дутуу олгосон зүйл байхгүй бөгөөд 2019 оны 10, 11 дүгээр сарын цалин хөлс, шимтгэл, татвар болон гэнэт ажлаас чөлөөлсний олговрыг бүхэлд нь тооцож түүний цалингийн дансаар олгосон болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Я.Н  “Ш б М с”-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 56.512.297 төгрөг, илүү цагийн нэмэгдэл хөлс 459.540 төгрөг, 13 дахь сарын цалин 3.293.377 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч илүү цагийн нэмэгдэл хөлс 459.540 төгрөг, 13 дахь сарын цалин 3.293.377 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. /1хх-186/

Хэрэгт авагдсан баримтаар “Ш б М с” нь ХБНГУ-д төвтэй “Шпаркассэ Банкны Олон Улсын хамтын ажиллагааны сан”-гийн төлөөлөгчийн газар байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тус сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр анх үүсгэн байгуулагдсан, уг шийдвэрт удирдах зөвлөлийн дарга, гишүүн тус тус гарын үсэг зурж баталгаажуулжээ. Улмаар “Ш б М с” нэршилтэй, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж сангийн ашиг сонирхлыг Монгол Улсад хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн болох нь Гадаадын иргэн, харьяатын газраас ирүүлсэн лавлагаа, баримтууд, тус газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн А/114 тоот тушаал, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 237 тоот “Монгол улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл” зэргээр тус тус тогтоогдож байна. /1хх 195-250, 2хх 1-60, 111/

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий нэгжийг төлөөлөгчийн газар” гэж, мөн зүйлийн 29.4, 29.5-д “төлөөлөгчийн газрын эрх үүргийг тухайн хуулийн этгээдийн дүрмээр тодорхойлох, төлөөлөгчийн газрын эрх баригч үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр хэрэгжүүлэх”-ээр тус тус зохицуулсан.

Хэрэгт авагдсан “Шпаркассэ Банкны Олон Улсын хамтын ажиллагааны сан”-гийн 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дүрмийн 16-д “Удирдах зөвлөл сангийн удирдлагыг хэрэгжүүлэх болон түүнийг төлөөлөх үүрэг хүлээхээр, нэн ялангуяа үйл ажиллагааг удирдах, сангийн ажилтныг ажилд томилох, чөлөөлөхөөр, түүнчлэн удирдах зөвлөлийн гишүүн бүр дангаар төлөөлөх эрхтэй байхаар” заажээ. Мөн дүрмийн 17-д “Удирдах зөвлөл хамгийн багадаа 2 гишүүдээс бүрдэнэ, удирдах зөвлөл нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулахаар нэг гишүүнд үүрэг болгож болох ба эсвэл үүнд гүйцэтгэх захирал томилж болно. Гэхдээ энэ нь удирдах зөвлөлд хамаарахгүй субьект байна” гэж тус тус заажээ. /1хх 199-206, 2хх 15-21/

Төлөөлөгчийн газрын дүрмийн 6-д төлөөлөгчийн газрын тэргүүн нь “Шпаркассэ Банкны Олон Улсын хамтын ажиллагааны сан”-г болон төлөөлөгчийн газрыг гуравдагч этгээдийн өмнө Монгол Улсад болон гадаадад бүрэн төлөөлөх, “захиргаа удирдлагын хэлтэстэй зөвшилцсөний” үндсэн дээр төлөөлөгчийн газарт ажиллах ажилтныг томилох, чөлөөлөх зэргээр төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг эрхлэн явуулах эрхтэй байхаар, түүнчлэн И.Гэрэлчулууныг тус төлөөлөгчийн газрын тэргүүнээр 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хугацаа заахгүй томилсон болох нь тус тус тогтоогдож байх тул Иргэний хууль, сангийн болон төлөөлөгчийн газрын дүрмийн дээрх зохицуулалтын дагуу төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн гаргасан шийдвэрийн үр дагаврыг хариуцах үндэстэй.  /1хх 241-246, 248-250,  2хх 2-8, 25-27/

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр харилцан тохиролцож, Ажиллагч нь Ажиллуулагчийн зардлаар 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 4 сарын хугацаанд хууль зүйн үйлдэл хийх болон даалгасан нэмэлт ажлыг Дархан хотод хийж гүйцэтгэхээр, Ажиллуулагч ажлын хөлс нийт 3.690 евро төлөхөөр харилцан тохиролцож 19/0001 тоот “Даалгаврын гэрээ” нэртэй гэрээг байгуулжээ. Зохигчид Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар гэрээг байгуулсан, ажлын хөлсийг олгосон үйл баримтад маргаагүй болно. /1хх 27-31/

Нэхэмжлэгч   уг  гэрээг  харилцан  тохиролцож  хугацаанаас  өмнө  цуцалсан,

улмаар 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байх боловч дээрх тайлбарыг нотлосон дэмжих баримт хэрэгт авагдаагүй тул үндэслэлгүй гэж үзнэ.

Төлөөлөгчийн газрын тэргүүний 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 19/08  тоот тушаалаар нэхэмжлэгч Я.Н ийг тус төлөөлөгчийн газарт ажилтнаар мөн өдрөөс эхлэн томилжээ. Харин хэрэгт авагдсан зохигчдын хоорондох Хөдөлмөрийн гэрээ 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс  2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаатай байгуулагджээ. /1хх 7-9, 36-46, 62/

Хариуцагч Хөдөлмөрийн гэрээний огноо техникийн алдаатай гарсан гэж тайлбарлав, нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцаа 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж үүссэн гэж тайлбарлан, хэн алин нь Хөдөлмөрийн харилцаа хэзээнээс эхэлж үүссэн талаар маргаж байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийг ажилд томилсон 19/08 тоот тушаалын огноо, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичиглэлийн огноо, түүнчлэн зохигчид хөдөлмөрийн гэрээнээс өмнө Хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан, уг гэрээний хугацааг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар тусгагдсан зэргээс шүүх харьцуулан дүгнэвэл талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн харилцаа үүссэн, гэрээний огноо техникийн алдаатай тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв. /1хх 10-11, 63-75/

Тус төлөөлөгчийн газрын тэргүүний 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19/10 тоот тушаалаар мөн өдрөөс нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлжээ. Тушаалд “Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сан”-гийн удирдлагын шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэл болгосон байна.

Нэхэмжлэгч тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “гуч хоногийн өмнө мэдэгдэх” үүргээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарлав. Хариуцагч тушаалын үндэслэлийг “орон тоо цөөрсөн” үндэслэлээр гэрээг цуцалсан гэж тайлбарлав. Мөн “туршилтын хугацаанд үндэслэл заахгүй цуцлах”-аар гэрээнд тухайлан тохиролцсон, түүнчлэн туршилтын хугацаанд ажиллаж байгаа ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан зохицуулалт хамааралгүй гэж маргав. /1хх 49,50/

Тушаалын үндэслэл болсон төлөөлөгчийн газарт ирүүлсэн Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн албан бичигт “Ш б М сгийн толгой байгууллага болох ХБНГУ-ын Бонн хотод байршилтай Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн удирдлагын зүгээс гаргасан орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн шийдвэрийг үндэслэн Монгол дахь төлөөлөгчийн газарт 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ноён Я.Н ийг ажлаас чөлөөлөхийг даалгасугай. Цаашид томилогдсон тэргүүнээсээ гадна 7-оос дээш ажилтны орон тоо батлахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. /1хх 47-48/

Хэрэгт авагдсан “Шпаркассэ Банкны Олон Улсын хамтын ажиллагааны сан”-гийн дүрмийн 16.1, 16.1.5, 17.2-д зааснаар дээрх албан бичгийг гүйцэтгэх захирлын зүгээс ирүүлснийг буруутгах боломжгүй.

Дээрх шийдвэрээр төлөөлөгчийн газрын орон тоог “тэргүүнээсээ гадна 7 ажиллах”-аар заасан, гэрч Д.Цацралын цахим хаягт хийсэн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн үзлэгээр тэрээр 8 ажилтаны хөдөлмөрийн гэрээний төслийг орчуулж байсан, анх төлөөлөгчийн газрын зөвшөөрөл авахаар гадаадын иргэн харьяатын газарт бүрдүүлж өгсөн баримтад 5 ажилтны нэр хүргүүлж байсан зэргээс үзвэл тус төлөөлөгчийн газарт бодитоор “орон тоо цөөрсөн” үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

Нийт ажилтнуудаас ямар үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн нь тодорхой бус ойлгомжгүй, ажилтныг ялгаварласан үйлдэл гэж нэхэмжлэгч тайлбарлав. Төлөөлөгчийн газарт ирүүлсэн дээрх 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрт нэхэмжлэгчийг тухайлан нэр заан ирүүлсэн, түүнчлэн төлөөлөгчийн газрын дүрэмд “сангийн захиргаа, удирдлагын хэлтэстэй зөвшилцсөний” үндсэн дээр ажилтныг томилох, чөлөөлөхөөр заасан тул энэ тохиолдолд 19/10 тоот тушаал гаргахдаа хэрхэн нэхэмжлэгчийг сонгож орон тоо цөөрүүлсэн нь тодорхой бус, ялгаварлан гадуурхсан тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн туршилтын хугацаатай ажилтныг ажиллуулах тохиолдолд хэрхэн ямар ажлын байранд хэдий хугацаагаар туршилтаар ажиллуулж болох талаар Хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсаны үндсэн дээр захиргаа ажилтантай гэрээг туршилтын хугацаатай байгуулж болно. Гэтэл төлөөөлөгчийн газарт Хөдөлмөрийн дотоод журам байхгүй тул анхнаасаа гэрээг туршилтийн хугацаатай байгуулах ёсгүй гэж нэхэмжлэгч тайлбарлав. Хөдөлмөрийн гэрээний 12.1.д “Туршилтын хугацаа 3 capаас илүүгүй байх”-аар тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 231.1-д “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно” гэж, мөн зүйлийн 231.2-т “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна.” гэж заасантай нийцэх тул 19/10 тоот тушаал гаргах өдрийн байдлаар туршилтын хугацаа дуусаагүй байжээ.

Ажил олгогч өөрийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “орон тоо цөөрсөн” үндэслэлээр гэрээг цуцлахад зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо хасагдаж ажлын байр үгүй болсон байх, мөн энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн байхыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д шаардана.

Ажилтанд хуульд зааснаар орон тоо цөөрсөн үндэслэлээр гэрээг цуцлах тухайгаа “нэг сарын өмнө мэдэгдэх” үүргээ захиргаа биелүүлээгүй, уг үүргээ хэрэгжүүлснийг нотлох баримтыг ирүүлээгүй. Мөн туршилтын хугацаанд ажиллаж байгаа ажилтанд мэдэгдэл өгөх шаардлагагүй тухай хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүйг дурдав. Мөн Хөдөлмөрийн гэрээний 12.1-д “туршилтын хугацаанд гэрээг ямар нэгэн үндэслэл заалгүй цуцлах эрхтэй” гэж заасан ч дээрх тохиролцоо хуульд нийцэхгүйгээс гадна мөн гэрээний 12.2-т “гэрээг аль нэг талын санаачилгаар 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэн цуцалж болно” гэж, 12.3-т “гэрээг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 39,40 дүгээр зүйлд нийцүүлэн цуцлана” гэж тус тус заасныг дурдав.

 Иймд төлөөлөгчийн газрын тэргүүний дээрх 19/10 тоот тушаал үндэслэл бүхий болоогүй гэж үзэн энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоов.

Нэхэмжлэгч ажиллах хугацаандаа ажлын цагаар 2019 оны 8 дугаар сарын 12, 14-нд, 9 дүгээр сарын 27-нд, 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус өөрийн нэр дээрх албаны цахим мэйл хаягнаас ажил үүрэгтээ хамаарахгүй асуудлаар бусдад мэйл явуулж байсан нь шүүхээс хийсэн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон тул түүнийг ажлын цагаар давхар, өөр ажил хийсэн нь тогтоогдсон. Мөн энэ үйл баримтад нэхэмжлэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн. Гэвч түүний дээрх зөрчил нь гэрээг цуцалсан 19/10 тоот тушаалын үндэслэлд тусгагдаагүй тул шүүх хэрэгт хамааралгүй гэж үзэв. Түүнчлэн өөр ажил хийсэн дээрх байдал туршилтын хугацаандаа “ажилдаа тэнцэхгүйг нотлоно” гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлах боловч өөр ажил гүйцэтгэсэн явдал ажилтныг мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэдгийг шууд нотлохгүйгээс гадна хэрэгт 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр  нэхэмжлэгчийн ур чадвар, ажлын гүйцэтгэлийг 96,42 хувь гэж дүгнэсэн баримт авагдсныг дурдах нь зүйтэй. /1хх 32-35/

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхөх олговрыг Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу тооцон олгох нь зүйтэй. Нэхэмжлэгч нэг сарын тэтгэмж авсан үндэслэлээр олговрыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх ажлын 391 хоногт, гэрээгээр тохиролцсон нэг сарын хөлс 900 еврогоос тооцон нийт 56.512.297 төгрөг гаргуулахаар шаардсан. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 76, 77 дугаар зүйлд заасан нийтээр амрах баярын өдрүүд болон нийтээр амрах амралтын өдөр, тэмдэглэлт өдрийг хасвал 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажлын 362 хоног, нэг өдрийн дундаж цалин 153.180 төгрөг /2019 оны 8,9,10 сар=9.880.132 : 3: 21,5/ байх тул олговор нийт 55.451.160 төгрөг болно. Гэвч шүүх шийдвэрээ танилцуулахдаа тооцооллын алдаа гаргаж 55.352.942 төгрөг гаргуулахаар уншиж танилцуулсан тул шүүх энэ дүнгээр шийдвэрлэснийг дурдав.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлэв.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагадаа тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Я.Н ийг “Ш б М с”-д ажилтнаар эгүүлэн томилж, нөхөн олговорт 55.352.942 /тавин таван сая гурван зуун тавин хоёр мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.159.355 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Ш б М с”-д холбогдуулан илүү цагийн хөлс 459.540 төгрөг, 13 дах сарын цалин 3.293.377 төгрөг, нийт  гаргуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч Я.Н  татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 434.714 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ