Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2021/01148

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт байрлах, “Х а а д с а а ” ТБАГ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “Ж ” ХХК -д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 15.833.646 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мал хамгаалах сан болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгө, өглөг, авлагыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба болгон өөрчлөн байгуулж шилжүүлсэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Мал хамгаалах сан нь 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “ММХ”-2011/34 тоот зээлийн гэрээгээр Монгол мал хөтөлбөрийн хүрээнд “Малын таримал тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон зээлдэгч “Ж ” ХХК-д 30.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилд 2,4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “ММХ”-2011/34 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, Төв аймаг, Аргалант сум, 2 дугаар баг, Сагзай толгойд гэрчилгээний дугаар 000110717, улсын бүртгэлийн Ү-1402000032, 23х6 метрийн харьцаатай сүү боловсруулах үйлдвэрийн зориулалттай барилга, гэрчилгээний дугаар 0297402, улсын бүртгэлийн Г-1402000044, 15.000 мкв фермерийн зориулалттай эзэмшлийн газрыг тус тус барьцаанд тавьсан.

Зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 10.555.764 төгрөг, алданги 5.277.882 төгрөгийг тус компаниас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

  Хариуцагч “Ж ” ХХК болон “Ж Э И” ХХК гэсэн хоёр компанитай бөгөөд энэ хоёр хуулийн этгээд 2011 онд тус тусдаа 30.000.000 төгрөгийн зээлийг Мал хамгаалах сангаас “Монгол мал хөтөлбөр”-ийн хүрээнд авсан байдаг. Улмаар зээлийг төлөхдөө хоёр зээлийг нийлүүлж, аль нэг компанийхаа данснаас нэмж төлсөн байдаг. Иймд баримтын гүйлгээний утгад бичсэнээр тооцож, аль зээлд төлсөн мөнгө гэдгийг ялгаж хасах ёстой. Хариуцагч зээлийг бүрэн төлж дуусгасан гэж тайлбарладаг хэдий ч нэг зээлийнхийг нөгөө зээлд гүйлгэж тооцоод байдаг. Төлсөн баримтуудаа аваад ир гэхээр ирж тооцоо нийлээгүй. “Ж Э И” ХХК-ийн нэрээр авсан зээлийн тухайд шүүхийн шийдвэр гарч дууссан болно. Манай байгууллагад зээл шилжиж ирэхдээ “Монгол мал хөтөлбөр”-ийн хүрээнд 11.247.764 төгрөгийн үлдэгдэлтэй ирсэн. Үүнээс хойш 2020 онд 692.000 төгрөг төлсөн тул хасч үлдэх 10.555.764 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. дансны авлагаар 61.851.342 төгрөгийн өр байдаг ч энэ нь өөр зээлийн асуудал, манайд шилжиж ирээгүй тул шаардаагүй болно гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Манай компани Төв аймгийн Аргалант сумын нутаг Сагзай толгойн ард саалийн 50 үнээний ферм байгуулан 2005 оноос үйл ажиллагаа явуулж, 2013 оны ажлын үзүүлэлтээр аймгийн, 2014 оны ажлын амжилт, үр дүнгээр улсын тэргүүний фермерийн аж ахуйгаар тус тус шалгарч, нийслэл хотыг мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахад зохих хувь нэмэр оруулж ирлээ.

Манай компани Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “ММХ”-2011/34 тоот гэрээ байгуулж, 30.0 сая төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай, хүүний хамт 32.160.000 төгрөг төлөхөөр авсан. Зээлийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 4.0 сая төгрөг төлснөөр тооцоо дуусгасан боловч, өнөө хүртэл барьцаа хөрөнгийг суллаж өгөөгүй шийдэгдээгүй явсаар ирсэн.

Манай зүгээс тооцоо дууссан талаар Мал хамгаалах сангийн хүмүүстэй удаа дараа уулзаж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоотоор барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргахад танай хоёр компанийн зээл төлсөн төлбөр хоорондоо гүйгдэж, эцсийн байдлаар гаргах боломжгүй байгаа тул нэгтгэсэн тооцоог хийж ирүүлсний дараа асуудлыг шийдэх боломжтой гэсэн чиглэлийн дагуу нэгтгэн хийж, холбогдох баримтуудын хамт өгсөн.

2019 оны сүүл үеэс Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хоёр компанийн зээл, зээлийн хүү төлсөн баримтуудыг шалгаж, баталгаажуулаад 692.000 төгрөгийн төлбөртэй гарсан тул 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлбөр хийж, тус сангийн Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч О.Одхүүтэй авсан зээл, зээлийн хүүг төлж дуусгасан тухай баримт үйлдэн холбогдох баримтын хамт 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 албан тоотоор барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх хүсэлт гаргасан.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас танай барьцаа хөрөнгийн баримт олдохгүй байна, мал хамгаалах сангаас ирээгүй байна, хариуцсан хүн нь ажилдаа ирэхгүй байна, удахгүй шийдэж өгнө гэх мэтээр хойшлуулсаар 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1/1120 тоотоор барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх хүсэлтээ Хөдөө аж ахуйг дэмжих санд хандах хариу өгсөн. Ирүүлсэн хариуг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 20-18 тоотоор Хөдөө аж ахуйг дэмжих санд эд, хөрөнгө барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж, холбогдох хүмүүстэй уулзахад тухтай танилцаад шийдэж өгөх, дуудаж уулзахаар болсон боловч, дахин холбогдохгүй байсаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Мал хамгаалах сангаас авсан энэ зээл, хүүний төлбөрт нийт 13 удаагийн гүйлгээгээр 31.952.000 төгрөг төлсөн болохыг хавсралтаар хавсаргалаа. “Ж Э И ” ХХК-ийн Мал хамгаалах сантай байгуулсан “ММХ”-2011/13 тоот гэрээгээр төлсөн 31.720.000 төгрөгийн төлбөр нь гэрээний зээл, зээлийн хүүний төлөх дүнгээс 208.000 төгрөгөөр илүү төлөлттэй байгаа тооцоог хоёрдугаар хавсралтаар, хоёр компаний нийлбэр дүнгээр өр, авлагагүй тооцоо тохирсон дүнг гуравдугаар хавсралтаар тус тус харуулж, хоёр компани нийлбэр дүнгээрээ өр авлагагүй болохыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас баталгаажуулсан дэлгэрэнгүй бүртгэлийг хуулбарлан хавсаргалаа.

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас гаргаж тавьсан 61.851.342 төгрөгийн тооцоо манай хоёр компанийн албан хүсэлтийн дагуу Төв аймгийн Эрдэнэсант суманд тариалангийн аж ахуй эрхэлдэг “Буянт төв” ХХК-д 2015 онд “Ж ” компаниас шилжүүлэн өгсөн хөдөө аж ахуйн техникүүд болон түүний зээлийн үлдэгдэл тооцоо, үрийн буудай, шатахууны үлдэгдэл төлбөрийн хамт шилжиж очсон бөгөөд “Буянт төв” ХХК-д шилжүүлсэн тухай “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-тай тооцоо нийлсэн 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн баримтын хуулбар 1 хуудсыг хүргэн өгч, сангийн ерөнхий нягтлан бодогч Б.Сосорбурамтай “Буянт төв” ХХК-ийн захирал Ж.Саруулыг утсаар холбогдуулж, дээрх төлбөрийг хүлээн авч, бүрэн төлж барагдуулсан тухай танилцуулж, ярилцуулсан. Манай үндсэн өр, төлбөр 55.139.950 төгрөг байсан боловч “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-аас ханшны тэгшитгэл нэрээр 6.711.392 төгрөг нэмсэнээр дээрх дүн шилжсэн байна. Сангийн хүмүүстэй эргэж холбогдоход манай хоёр компаниас төлсөн төлбөрийг өөрийн данс, бүртгэлтэй тулгаж тогтоосон эсэх тодорхойгүй, “...танай төлсөн төлбөрийг үндэслэн шүүхийн материалыг татах боломжгүй” тухай мэдэгдсэн. Мөн “Ж ” ХХК-аас Төв аймгийн “Буянт төв” ХХК-д шилжүүлсэн 61.8 сая төгрөгийн төлбөр өөр компанийн нэрээр бичигдэж, хаагдсан байж болзошгүй байгаа.

Манай хоёр компанийн төлсөн төлбөр шилжүүлгийн эх баримтууд болон “Төрийн сан банк”-наас ирүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байгаа тул Хөдөө аж ахуйг дэмжих сангаас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, төлбөр бүрэн төлсөн болохыг тогтоож, зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж, бидэнд саадгүй олгох шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Х а а д с а а ” ТБАГ, хариуцагч “Ж ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15.833.646 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас Зээлдэгчийг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Мал хамгаалах сан, нөгөө талаас “Ж ” ХХК нар 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож, Зээлдүүлэгч 30.000.000 төгрөгийг жилд 2,4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр, Зээлдэгч тохиролцсон хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт зээлдэгчийн Төрийн сан дахь 900019044 тоот дансаар 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор эргүүлэн төлөхөөр, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх, үүргийн гүйцэтгэлийг “Ж ” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1402000032 дугаарт бүртгэлтэй, Төв аймаг, Аргалант сум 2 дугаар баг,Сагзай толгойд байрлах 23*6 харьцаатай сүү боловсруулах үйлдвэрлэлийн зориулалттай хөрөнгө болон уг байршил дахь нэгж талбарын 18560306460132 дугаартай 15000 мкв компанийн эзэмшил газраас тус тус хангуулахаар “ММХ”-2011/34 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулжээ. /хх 4-11/

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн гэрээ байна. Хариуцагч гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 30.000.000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримтад маргаагүй. 

Иймд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч зээлийн үлдэгдэл 10.555.764 төгрөг, алданги 5.277.882 төгрөг нийт 15.833.646 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ энэ зээлд 13 удаагийн гүйлгээгээр 31.952.000 төгрөг төлсөн, зээлийг бүрэн төлж дууссан гэж тайлбарлан улмаар төлбөр төлсөн тооцооллыг ирүүлжээ. /хх 49, 103/

Хэрэгт авагдсан баримтаар 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Мал хамгаалах сан, “Ж Э И ” ХХК-тай харилцан тохиролцож 30.000.000 төгрөгийг зээлдэгчийн Төрийн сан дахь 900019044 тоот дансаар 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор эргүүлэн төлөх нөхцлөөр ЭМААХДХ-2011/13 тоот зээлийн гэрээг байгуулсан, уг зээлийн маргааныг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 684 дүгээр шүүгчийн захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.  /хх  71-72, 84, 85/  Хариуцагч “Ж ” ХХК болон “Ж Э И ” ХХК нар нэг удирдлагатай, нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээдүүд гэж зохигчид тайлбарлан, маргаагүй болно.

Сангийн яамнаас ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн лавлагаагаар Төрийн сан дахь Мал хамгаалах сангийн 900019044 тоот дансанд

-2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Ж ” ХХК-иас 2.200.000 төгрөгийг “Ж Э И  ХХК зээл төлөв” гэсэн утгатайгаар,

-2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Ж ” ХХК-иас 4.520.000 төгрөгийг “Ж Э И  ХХК зээл төлөв” гэсэн утгаар, 

-2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Н.Оюунаагаас 1.000.000 төгрөгийг “зээл төлөв Ж  ХХК” гэсэн утгаар, 

 -2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дахин Н.Оюунаагаас 2.000.000 төгрөг “зээл төлөв Ж  ХХК” гэсэн утгаар,

 -2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Ж ” ХХК-иас  947.000 төгрөгийг “тоног төхөөрөмжийн үнэ” гэсэн утгаар, 

-2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Н.Оюунаагаас 5.000.000 төгрөг “Ж  ХХК-с зээлийн төлбөр” гэсэн утгаар,

-2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Ж Э И ” ХХК-ийн данснаас 5.000.000 төгрөгийг “Ж  ХХК-с зээл” гэсэн утгаар,

-2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Ж ” ХХК-иас 4.000.000 төгрөг “Ж  ХХК зээл төлөв” гэсэн утгаар,  

-2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Ж ” ХХК-иас 1.500.000 төгрөг “Аргалант цав хайрхан хоршоо зээл төлөв” гэсэн утгаар тус тус орлогын гүйлгээ хийгдсэн тухай лавлагааг ирүүлжээ.  /хх 73-74/

 

Хариуцагч дээрх Сангийн яамнаас ирүүлсэн лавлагаанаас 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 947.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1.500.000 төгрөгөөс бусад 7 удаагийн гүйлгээ энэ зээлийн төлбөр гэж тайлбарлав. Үүнээс гадна зургаан удаа төлбөр төлсөн гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар 2012 оны 11 дүгээр сарын 28-нд 2.000.000 төгрөгийг “Ж Э И  ХХК зээл төлөв” гэсэн утгаар, 2012 оны 11 дүгээр сарын 28-нд 2.540.000 төгрөгийг “зээл төлөв Ж  ХХК” гэсэн утгаар, 2012 оны 12 дугаар сарын 04-нд 1.000.000 төгрөгийг “Ж  ХХК” гэсэн утгаар,  2015 оны 12 дугаар сарын 22-нд 1.000.000 төгрөгийг “Ж Э И  ХХК зээлийн төлбөр” гэсэн утгаар тус тус төлсөн баримтууд авагдсан. /хх 50-52, 55/

Хариуцагчийн тооцоонд тусгагдсан 2014 оны 5 дугаар сарын 20-нд 1.000.000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдаагүй, харин 2020 оны 01 дүгээр сарын 23-нд 692.000 төгрөг хүлээн авсанд нэхэмжлэгч маргаагүй байна. /хх 25/

Шүүх дээрх баримтуудаас нэгтгэн дүгнэвэл “Ж Э И ” ХХК-ийн зээлийн маргааныг шийдвэрлэсэн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэр гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарах гүйлгээний утга хэсэгт “Ж Э И  ХХК-ийн зээл” гэж тэмдэглэгдсэн төлбөрийг энэ зээлд төлсөн гэж үзэх боломжгүй тул хасч тооцох нь зүйтэй.  Иймд хариуцагч энэ зээлд нийтдээ 21.232.000 төгрөг төлсөн байна. /2012.11.28-нд 2.540.000 төгрөг, 2012.12.04-нд 1.000.000 төгрөг, 2014.05.20-нд 5.000.000 төгрөг, 2014.04.15-нд 1.000.000+2.000.000 төгрөг, 2016.08.19-нд 5.000.000 төгрөг, 2017.05.03-нд 4.000.000 төгрөг, 2020.01.23-нд 692.000 төгрөг/

 Үүн дээр 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Голомт банкаар дамжуулан “Ж Э И ” ХХК гэсэн гүйлгээний утгаар төлсөн 1.000.000 төгрөгийг нэмж тооцох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс нөгөө компанийн хувьд шүүхийн шийдвэр гарснаас хойшх төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансаар хүлээн авсан гэж тайлбарласан, дээрх нэг сая төгрөгийн гүйлгээний хувьд шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд Төрийн сангийн дансаар төлөгдсөн байх тул энэ зээлээс хасч тооцов.  /хх 52/

Гэрээгээр жилийн хүү 2.4 хувь байхаар тохиролцсон ч нэхэмжлэгч хүү нэхэмжлээгүй тул хариуцагчийн энэ хугацаанд төлсөн 22.232.000 төгрөгийг үндсэн зээлээс хасвал үлдэгдэл 7.768.000 төгрөг байна. Мөн гэрээгээр зохигчид алданги  төлөхөөр тохиролцсон тул алданги 3.884.000 /ИХ 232.4/ төгрөгийн хамт нийт 11.652.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Түүнчлэн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Ж ” ХХК-иас 11.652.000 /арван нэгэн сая зургаан зуун тавин хоёр мянган/ төгрөг гаргуулж “Х а а д с а а ” ТБАГ-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.181.646 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-1402000032 дугаарт бүртгэлтэй, “Ж ” ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Аргалант сум 2 дугаар баг,Сагзай толгойд байрлах 23*6 харьцаатай сүү боловсруулах үйлдвэрлэлийн зориулалттай хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 18560306460132 дугаартай, эзэмших эрхийн 0297402 дугаар  гэрчилгээтэй мөн хаягт байрших 15000 мкв газраас тус тус хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 271.582 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ