Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01159

 

 

 

 

 

 

 

 

 

ХААДСАА- ТБАГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/01148 дугаар шийдвэртэй ХААДСАА- ТБАГ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ж ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15 833 646 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүхбаатар, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Мал хамгаалах сан болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгө, өглөг, авлагыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба болгон өөрчлөн байгуулж шилжүүлсэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Мал хамгаалах сан нь 2011 оны 08 сарын 01-ний өдөр ММХ-2011/34 тоот зээлийн гэрээгээр Монгол мал хөтөлбөрийн хүрээнд Малын таримал тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон зээлдэгч Ж ХХК-д 30 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилд 2.4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 2011 оны 08 сарын 01-ний өдөр ММХ-2011/34 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Төв аймаг, Аргалант сум, 2 дугаар баг, Сагзай толгойд гэрчилгээний дугаар 000110717, улсын бүртгэлийн Ү-1402000032, 23х6 метрийн харьцаатай сүү боловсруулах үйлдвэрийн зориулалттай барилга, гэрчилгээний дугаар 0297402, улсын бүртгэлийн Г-1402000044, 15 000 м.кв фермерийн зориулалттай эзэмшлийн газрыг тус тус барьцаанд тавьсан.

Зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 10 555 764 төгрөг, алданги 5 277 882 төгрөгийг тус компаниас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж ХХК болон Жэй Эй Икс ХХК гэсэн хоёр компанитай бөгөөд энэ хоёр хуулийн этгээд 2011 онд тус тусдаа 30 000 000 төгрөгийн зээлийг Мал хамгаалах сангаас Монгол мал хөтөлбөрийн хүрээнд авсан байдаг. Улмаар зээлийг төлөхдөө хоёр зээлийг нийлүүлж, аль нэг компанийхаа данснаас нэмж төлсөн байдаг. Иймд баримтын гүйлгээний утгад бичсэнээр тооцож, аль зээлд төлсөн мөнгө гэдгийг ялгаж хасах ёстой. Хариуцагч зээлийг бүрэн төлж дуусгасан гэж тайлбарладаг хэдий ч нэг зээлийг нөгөө зээлд гүйлгэж тооцоод байдаг. Төлсөн баримтуудаа аваад ир гэхээр ирж тооцоо нийлээгүй. Жэй Эй Икс ХХК-ийн нэрээр авсан зээлийн тухайд шүүхийн шийдвэр гарч дууссан. Манай байгууллагад зээл шилжиж ирэхдээ Монгол мал хөтөлбөрийн хүрээнд 11 247 764 төгрөгийн үлдэгдэлтэй ирсэн. Үүнээс хойш 2020 онд 692 000 төгрөг төлсөн тул хасч үлдэх 10 555 764 төгрөгийг нэхэмжилж байгаа. Дансны авлагаар 61 851 342 төгрөгийн өр байдаг ч энэ нь өөр зээлийн асуудал, манайд шилжиж ирээгүй тул шаардаагүй болно гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Төв аймгийн Аргалант сумын нутаг Сагзай толгойн ард саалийн 50 үнээний ферм байгуулан 2005 оноос үйл ажиллагаа явуулж, 2013 оны ажлын үзүүлэлтээр аймгийн, 2014 оны ажлын амжилт, үр дүнгээр улсын тэргүүний фермерийн аж ахуйгаар тус тус шалгарч, нийслэл хотыг мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахад зохих хувь нэмэр оруулж ирсэн.

Манай компани Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2011 оны 08 сарын 01-ний өдөр ММХ-2011/34 тоот гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай, хүүгийн хамт 32 160 000 төгрөг төлөхөөр авсан. Зээлийг 2017 оны 05 сарын 03-ны өдөр 4 000 000 төгрөг төлснөөр тооцоо дуусгасан боловч, өнөөдрийг хүртэл барьцаа хөрөнгийг суллаж өгөөгүй шийдэгдээгүй явсаар ирсэн.

Манай зүгээс тооцоо дууссан талаар Мал хамгаалах сангийн хүмүүстэй удаа дараа уулзаж, улмаар 2019 оны 01 сарын 11-ний өдрийн 01 тоотоор барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргахад танай хоёр компанийн зээл төлсөн төлбөр хоорондоо гүйгдэж, эцсийн байдлаар гаргах боломжгүй байгаа тул нэгтгэсэн тооцоог хийж ирүүлсний дараа асуудлыг шийдэх боломжтой гэсэн чиглэлийн дагуу нэгтгэн хийж, холбогдох баримтуудын хамт өгсөн.

2019 оны сүүл үеэс Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хоёр компанийн зээл, зээлийн хүү төлсөн баримтуудыг шалгаж, баталгаажуулаад 692 000 төгрөгийн төлбөртэй гарсан тул 2020 оны 01 сарын 23-ны өдөр төлбөр хийж, тус сангийн Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч О.Одхүүтэй авсан зээл, зээлийн хүүг төлж дуусгасан тухай баримт үйлдэн холбогдох баримтын хамт 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 02 тоот албан бичгээр барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх хүсэлт гаргасан.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас танай барьцаа хөрөнгийн баримт олдохгүй байна, Мал хамгаалах сангаас ирээгүй байна, хариуцсан хүн нь ажилдаа ирэхгүй байна, удахгүй шийдэж өгнө гэх мэтээр хойшлуулсаар 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 1/1120 тоотоор барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх хүсэлтээ Хөдөө аж ахуйг дэмжих санд хандах хариу өгсөн. Ирүүлсэн хариуг үндэслэн 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 20-18 тоотоор Хөдөө аж ахуйг дэмжих санд эд, хөрөнгө барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж, холбогдох хүмүүстэй уулзахад шийдэж өгнө гээд дахин холбогдоогүй.

Мал хамгаалах сангаас авсан энэ зээл, хүүний төлбөрт нийт 13 удаагийн гүйлгээгээр 31 952 000 төгрөг төлсөн болохыг хавсаргасан. Жэй Эй Икс ХХК-ийн Мал хамгаалах сантай байгуулсан ММХ-2011/13 тоот гэрээгээр төлсөн 31 720 000 төгрөгийн төлбөр нь гэрээний зээл, зээлийн хүүгийн төлөх дүнгээс 208 000 төгрөгөөр илүү төлөлттэй байгаа тооцоог хоёрдугаар хавсралтаар, хоёр компаний нийлбэр дүнгээр өр, авлагагүй тооцоо тохирсон дүнг гуравдугаар хавсралтаар тус тус харуулж, хоёр компани нийлбэр дүнгээрээ өр авлагагүй болохыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас баталгаажуулсан дэлгэрэнгүй бүртгэлийг хуулбарлан хавсаргасан.

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас гаргаж тавьсан 61 851 342 төгрөгийн тооцоо манай хоёр компанийн албан хүсэлтийн дагуу Төв аймгийн Эрдэнэсант суманд тариалангийн аж ахуй эрхэлдэг Буянт төв ХХК-д 2015 онд Ж компаниас шилжүүлэн өгсөн хөдөө аж ахуйн техникүүд болон түүний зээлийн үлдэгдэл тооцоо, үрийн буудай, шатахууны үлдэгдэл төлбөрийн хамт шилжиж очсон бөгөөд Буянт төв ХХК-д шилжүүлсэн тухай Тариалан эрхлэлтийг дэмжих сантай тооцоо нийлсэн 2015 оны 09 сарын 20-ны өдрийн баримтын хуулбар 1 хуудсыг хүргэн өгч, сангийн ерөнхий нягтлан бодогч Б.Сосорбурамтай Буянт төв ХХК-ийн захирал Ж.Саруулыг утсаар холбогдуулж, дээрх төлбөрийг хүлээн авч, бүрэн төлж барагдуулсан тухай танилцуулж, ярилцуулсан. Манай үндсэн өр, төлбөр 55 139 950 төгрөг байсан боловч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ханшийн тэгшитгэл нэрээр 6 711 392 төгрөг нэмсэнээр дээрх дүн шилжсэн байна. Сангийн хүмүүстэй эргэж холбогдоход манай хоёр компаниас төлсөн төлбөрийг өөрийн данс, бүртгэлтэй тулгаж тогтоосон эсэх тодорхойгүй, ...танай төлсөн төлбөрийг үндэслэн шүүхийн материалыг татах боломжгүй тухай мэдэгдсэн. Мөн Ж ХХК-аас Төв аймгийн Буянт төв ХХК-д шилжүүлсэн 61 851 342 төгрөгийн төлбөр өөр компанийн нэрээр бичигдэж, хаагдсан байж болзошгүй байгаа.

Манай хоёр компанийн төлсөн төлбөр шилжүүлгийн эх баримтууд болон Төрийн сан банк ХХК-иас ирүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байгаа тул Хөдөө аж ахуйг дэмжих сангаас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, төлбөр бүрэн төлсөн болохыг тогтоож, зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж, бидэнд саадгүй олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ж ХХК-иас 11.652.000 /арван нэгэн сая зургаан зуун тавин хоёр мянган/ төгрөг гаргуулж ХААДСАА- ТБАГ-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.181.646 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-1402000032 дугаарт бүртгэлтэй, Ж ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Аргалант сум 2 дугаар баг,Сагзай толгойд байрлах 23*6 харьцаатай сүү боловсруулах үйлдвэрлэлийн зориулалттай хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 18560306460132 дугаартай, эзэмших эрхийн 0297402 дугаар гэрчилгээтэй мөн хаягт байрших 15000 мкв газраас тус тус хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 271.582 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй. Хариуцагч Ж ХХК нь Мал хамгаалах сангаас 30 000 000 төгрөгийн зээл авсанд маргахгүй. 2017 оны 05 сарын 03-ны өдөр 4 000 000 төгрөг төлж энэ зээл дууссантай холбогдуулан Мал хамгаалах санд барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. Хүсэлт гаргах үед Жэй эй икс ХХК 30 000 000 төгрөгийн зээл авсан байсан, өөр хооронд нь нэгтгэж тооцоо гаргах боломжгүй гэх хариу өгсөн. 2020 оны 01 сарын 23-ны өдөр Мал хамгаалах сангаас тооцоо хийж, хариуцагч компанийг 2020 онд 692 000 төгрөгийн төлөлт хийвэл зээл бүрэн төлөгдөнө гэж хэлсэн. 2020 оны 01 сарын 23-ны өдөр төрийн сангийн дансаар Ж ХХК-ийн үлдэгдэл 692 000 төгрөгийг төлсөн. 2020 оны 01 сарын 23-ны өдөр ХААДСАА- ТБАГ-ын дарга, Ерөнхий нягтлан бодогч н.Одхүү ...Мал хамгаалах сангаас авсан Ж ХХК-ийн зээл бүрэн төлөгдсөн гэх гэрээ дүгнэсэн проткол 13 баримт үйлдэж өгсөн. Энэ баримтыг үйлдсэнээр Ж ХХК авсан зээлээ бүрэн төлж дууссан гэж үзэн үүнтэй холбоотой баримтыг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн боловч хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан энэ баримтын хүрээнд шүүх үнэн зөв дүгнэлт өгөөгүй. Ж ХХК-аас хоёр зээлтэй холбоотой тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн боловч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мал хамгаалах сангийн харилцаа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулагддаг. Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан ердийн зээлийн гэрээ үүссэн гэж үзсэн. Нэг талд тусгай сан байгаа учраас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу харилцааг тодорхойлж шийдвэрлэх боломжтой байсан. Мал хамгаалах сан, Ж ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба ТБАГ нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 833 646 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид хоорондоо 2011 оны 08 сарын 01-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Мал хамгаалах сан, Ж ХХК нар нь ММХ-2011/34 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр 30 000 000 төгрөгийг жилийн 2.4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр, зээлдэгч тохиролцсон хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт зээлдэгчийн Төрийн сан дахь 900019044 тоот дансаар 2016 оны 08 сарын 01-ний өдрийн дотор эргүүлэн төлөхөөр, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Түүнчлэн, үүргийн гүйцэтгэлийг Ж ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-1402000032 дугаарт бүртгэлтэй, Төв аймаг, Аргалант сум 2 дугаар баг, Сагзай толгойд байрлах 23*6 харьцаатай сүү боловсруулах үйлдвэрлэлийн зориулалттай хөрөнгө болон уг байршил дахь нэгж талбарын 18560306460132 дугаартай 15000 м.кв компанийн эзэмшил газраас тус тус хангуулахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна. /хх 4-11/ Хариуцагч гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 30 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримтад маргаагүй.

 

2011 оны 07 сарын 25-ны өдөр Мал хамгаалах сан, Жэй Эй Икс ХХК-тай харилцан тохиролцож 30 000 000 төгрөгийг зээлдэгчийн Төрийн сан дахь 900019044 тоот дансаар 2014 оны 07 сарын 22-ны өдрийн дотор эргүүлэн төлөх нөхцлөөр ЭМААХДХ-2011/13 тоот зээлийн гэрээг байгуулан, уг зээлийн маргааныг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 17-ны өдрийн 684 тоот шүүгчийн захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх 71-72, 84, 85/ Хариуцагч Ж ХХК болон Жэй Эй Икс ХХК-иуд нь нэг удирдлагатай, нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээдүүд болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 110-111/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Харин шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн үлдэгдэл төлбөр 10 555 764 төгрөг, алданги 5 277 882 төгрөг, нийт 15 833 646 төгрөг гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ энэ зээлд 13 удаагийн гүйлгээгээр 31 952 000 төгрөг төлсөн, зээлийг бүрэн төлж дууссан гэж тус тус тайлбарлажээ. /хх 49, 103/

 

Хэргийн 57 дугаар талд маргаан бүхий 2011 оны 08 сарын 01-ний өдрийн ММХ-2011/34 тоот 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дэлгэрэнгүй бүртгэл гэх баримт авагдсан байх ба 2020 оны 01 сарын 23-ны өдөр үйлдэгдсэн уг баримтад дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дууссан талаар тэмдэглэл үйлдэж, ЖДҮХС-н санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий санхүүч О.Одхүү гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулжээ. Иймээс уг баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байх тул хариуцагч Ж ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15 833 646 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ХААДСАА- ТБАГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэээр давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/01148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ж ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15 833 646 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ХААДСАА- ТБАГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас 2021 оны 07 сарын 02-ны өдөр төлсөн 307 318 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.НЯМБАЗАР