Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2021/01149

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт байрлах, “Г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, З овогт О-ийн О-д холбогдох

Гэрээний үүрэгт 4.027.171 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Тус банк О.О-тэй 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/КР/170125081 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулж, 2.500.000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээнд жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дууссан боловч О.О гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн төлбөр 9.510.795 төгрөгөөс 7.263.388 төгрөг төлсөн, үлдэгдэл 2.247.407 төгрөг байна. Хүү 2.151.379 төгрөг, үүнээс 1.029.949 төгрөг төлсөн, үлдэгдэл 1.121.429 төгрөг байна. Хугацаа хэтрүүлсний хүү 469.831 төгрөгөөс төлөөгүй тул үлдэгдэл 469.831 төгрөг байна. Эрх хэтрүүлсний хүү 211.732 төгрөг, үүнээс 23.229 төгрөг төлсөн, үлдэгдэл 188.502 төгрөг байна. Нийт 12.343.739 төгрөг төлөхөөс 8.316.567 төгрөг төлсөн тул хасч үлдэгдэл 4.027.171 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.  Тэрээр өөрийн картаар зарлага гаргах, буцаан төлөх замаар хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сарын 27-нд 282.000 төгрөгийн төлөлт хийснээс хойш мөнгө төлөөгүй. Хариуцагч хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан, гэрээгээр хугацаа хэтрүүлсний хүү, эрх хэтрүүлсний хүү төлөхөөр заасан, түүнчлэн шимтгэл хураамж авахаар тусгасан болно. Гэрээний 3.7-д зээл төлөлт хийх дарааллыг мөн заасан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлд заасан эрхийнхээ хүрээнд хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхтэй. Гэтэл зээлдэгчээс хугацаа хэтрүүлсний хүү, эрх хэтрүүлсний хүү гэж хуульд нийцээгүй шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн хүү, хугацаа хэтрүүлсний хүү, эрх хэтрүүлсний хүү гэж 3 төрлийн хүү шаардаж байгаа нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн хуульд заасан эрх хэмжээг хэтрүүлсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана” гэж заасан бөгөөд зээлийн хүү тодорхойгүй буюу зээлдэгчээс 3 төрлийн хүү шаардаж байгаа нь хуульд нийцээгүй. Мөн хүү, хугацаа хэтрүүлсний хүү, эрх хэтрүүлсний хүү зэргийг ямар хугацаанд хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Г ” ХХК хариуцагч О.О-д холбогдуулан гэрээний үүрэгт 4.027.171 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч О.О-д өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлснийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан байх боловч тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШЗ2021/06140 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан түүний “шүүх хуралдаанд оролцох”, “хэргийн материалтай танилцах” эрхийг хангаж өмнөх шүүх хуралдааныг хойшлуулж байжээ. Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

            Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас “Г ” ХХК, нөгөө талаас О.О нар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр харилцан тохиролцож, Зээлдүүлэгч 2.500.000 төгрөгийн эрхтэй кредит картыг ашиглуулан гүйлгээ хийх замаар мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, Зээлдэгч бэлэн гүйлгээнд сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэйгээр сар бүрийн эхний 7 хоногт зарцуулсан хүү шимтгэлийн хамт эргүүлэн төлөхөөр тус тус тохиролцож хоёр жилийн хугацаатай ЗГ/КР/170125081 тоот гэрээг байгуулжээ. /хх 7/

Зохигчдын хоорондох дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх  хуулийн  шаардлагад нийцсэн, хүчин

төгөлдөр гэрээ байна.

Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл зээлдэгч 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс гэрээний хугацаа дууссан 2019 оны 02 дугаар сар дуусталх хугацаанд нийт 9.510.795 төгрөгийн зарлага хийсэн, энэ хугацаанд 8.316.567 төгрөг буцаан төлсөн болох нь тогтоогдож байна. /хх 8-12/

Нэхэмжлэгч зээлдэгчийн төлсөн 8.316.567 төгрөгийг үндсэн зээлд 7.263.388 төгрөг, хүү 1.029.949 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 23.229 төгрөгөөр тооцон авсан хэмээн тайлбарлаж, үндсэн зээлийн үлдэгдэл 2.247.407 төгрөг, хүү 1.121.429 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 469.831 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 188.502 төгрөг, нийт 4.027.171 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээхээр зохицуулсан, хэрэгт авагдсан дансны хуулгаар банк мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсон тул тэрээр буцаан төлөхийг шаардах эрхтэй. Гэрээгээр хүүг “бэлэн гүйлгээнд сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээнд сарын 2 хувь” байхаар тохиролцсон тул хариуцагчийн шилжүүлэн авсан мөнгөн дүнг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хүү төлөх үүрэг хүлээнэ.

Зохигчдын хоорондох гэрээний 3.5-д “зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно” гэж, мөн 3.6-д “төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 1 хувиар тооцно” гэж заажээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг үгийн шууд утгаар тайлбарлах бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. ...зээлд анз хэрэглэхгүй” гэж заасан хуулийн зохицуулалтай  гэрээний энэ заалтууд нийцээгүй гэж дүгнэв. Иймд нэхэмжлэгч эрх хэтрүүлсний болон хугацаа хэтрүүлсний “нэмэгдүүлсэн хүү” тус тус шаардах эрхгүй.

Энэ хугацаанд эрх хэтрүүлсний хүүд 23.229 төгрөгийг хариуцагчийн төлсөн төлбөрөөс тооцон авсан байх тул уг мөнгийг зээлийн үлдэгдлээс хасах нь зүйтэй.

Түүнчлэн гэрээнд “нэг жилийн хураамж 35.000 төгрөг, бэлэн мөнгө авахад шимтгэл Голомт банкны АТМ-с 100 төгрөг, Голомт банкны салбар тооцооны төвөөс 200 төгрөг, харин бусад банкны АТМ-с шимтгэл 100+500 төгрөг байх”-аар тус тус тохиролцжээ. Нэхэмжлэгч зээлдэгчийн авсан үндсэн зээл буюу нийт 9.510.795 төгрөгт хоёр удаагийн хураамжид 70.000 төгрөг буюу 2017 оны 01 дүгээр сарын 26-нд, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус бүр 35.000 төгрөг, түүнчлэн энэ хугацаанд  9 удаагийн гүйлгээний шимтгэлд 1.000 төгрөг, нийт 71.000 төгрөгийг үндсэн зээлд нэмж тооцон улмаар түүнд хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцон нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтуудтай мөн нийцээгүй байна.

Иймд хураамж, шимтгэл 71.000 төгрөгт ногдох хүүг нэхэмжилж буй хүүнээс хасч тооцох нь зүйтэй. Гэрээнд бэлэн бус гүйлгээнд сарын 2 хувь байхаар тохиролцсон, хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр сүүлийн шимтгэлийг авсан, мөн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хураамж 35.000 төгрөгийг авсан байх тул шүүх нийт шимтгэл, хураамжид ногдох хүүг гэрээний хугацаа дууссан 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийн тооцоолсон 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 24 сараар тооцон 34.080 төгрөгийг хасч тооцов.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 3.311.527 төгрөг гаргуулж /үндсэн зээлийн үлдэгдэл 2.247.407 төгрөг, хүү 1.121.429 төгрөг шаардсанаас эрх хэтрүүлсний хүүд авсан 23.229 төгрөг, шимтгэлд тооцсон хүү 34.080 төгрөгийг хасав/ нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан О.О-ээс 3.311.527 /гурван сая гурван зуун арван нэгэн мянга таван зуун хорин долоон/ төгрөг гаргуулж, “Г ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 715.644 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79.386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 67.934 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ