Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01134

 

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01134

 

 

 

 

Г-банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181Ш2021/01149 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г-банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.О-д холбогдох

Гэрээний үүрэгт 4 027 171 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банк О.О-тэй 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/КР/170125081 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулж, 2 500 000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээнд жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дууссан боловч О.О- гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн төлбөр 9 510 795 төгрөгөөс 7 263 388 төгрөг төлсөн, үлдэгдэл 2 247 407 төгрөг байна. Хүү 2 151 379 төгрөг, үүнээс 1 029 949 төгрөг төлсөн, үлдэгдэл 1 121 429 төгрөг байна. Хугацаа хэтрүүлсний хүү 469 831 төгрөгөөс төлөөгүй тул үлдэгдэл 469 831 төгрөг байна. Эрх хэтрүүлсний хүү 211 732 төгрөг, үүнээс 23 229 төгрөг төлсөн, үлдэгдэл 188.502 төгрөг байна. Нийт 12 343 739 төгрөг төлөхөөс 8 316 567 төгрөг төлсөн, үлдэгдэл 4 027 171 төгрөг болно. О.О- хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурсан, гэрээгээр хугацаа хэтрүүлсний хүү, эрх хэтрүүлсний хүү төлөхөөр заасан, түүнчлэн шимтгэл хураамж авахаар тусгасан болно. Гэрээний 3.7-д зээл төлөлт хийх дарааллыг мөн заасан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлд заасан эрхийнхээ хүрээнд хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхтэй. Гэтэл зээлдэгчээс хугацаа хэтрүүлсний хүү, эрх хэтрүүлсний хүү гэж хуульд нийцээгүй шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн хүү, хугацаа хэтрүүлсний хүү, эрх хэтрүүлсний хүү гэж 3 төрлийн хүү шаардаж байгаа нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн хуульд заасан эрх хэмжээг хэтрүүлсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана гэж заасан бөгөөд зээлийн хүү тодорхойгүй буюу зээлдэгчээс 3 төрлийн хүү шаардаж байгаа нь хуульд нийцээгүй. Мөн хүү, хугацаа хэтрүүлсний хүү, эрх хэтрүүлсний хүү зэргийг ямар хугацаанд хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.О-гээс 3 311 527 төгрөг гаргуулж, Г-банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 715 644 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79 386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 67 934 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч О.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо гэрээний үндсэн үүрэг болох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 2 247 407 төгрөг, зээлийн хүүнд 1 121 429 төгрөг, хугацаа хэрүүлсний хүүнд 469 831 төгрөг, эрх хэтрүүлсний хүүнд 188 502 төгрөгийн өр төлбөрийг барагдуулах үүрэгтэй хэмээж нийт 4 027 171 төгрөгийн төлбөрийг шаардсан байна. Шүүх ...О.О-гээс 3 311 527 төгрөг гаргуулж, Г-банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 715 644 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс үзвэл тус шүүх талуудын гаргаж өгсөн бичмэл нотлох баримтууд болон хариуцагчийн тайлбар бүрэн тодорхойлж үнэлж дүгнээгүй. Тодруулбал, нэхэмжлэгчийн шаардаад буй гэрээний үүргийн гүйцэтгэл болох хүү болон нэмэгдүүлсэн хүү, эрх хэтрүүлсний хүү зэрэгт нийтдээ 1 779 762 төгрөгийг шаардсанаас шүүх 715 644 төгрөгийн хүүг төлөх үндэслэлгүй хэмээж үлдэх 1 064 118 төгрөгийн хүүг барагдуулах үүрэгтэй хэмээн тус үүргийг гүйцэтгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь алдаатай болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нэхэмжлэгч талын зээлийн гэрээний үүрэгт шаардаад буй хүү, нэмэгдүүлсэн хүү, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцоолон гаргахдаа гэрээнд заасны дагуу үнэн зөв тооцоолоогүй илүү гаргасан болох нь шүүхэд гаргаж өгсөн нь дансны хуулга болон ЗГ/КР/170125081 хоох гэрээ зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч хариуцагчаас дээр дурдсан олон төрлийн хүүг удаа дараа тооцоолон авч шаардаж буй нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэх ерөнхий дарааллыг алдагдуулсан факт бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан нийт хүүнээс 1 064 118 төгрөгийн хүүг төлөх үүрэгтэй хэмээн үзсэн нь аливаа хэрэг маргааныг нотлох баримтын тусламжтайгаар хэргийн нөхцөл байдлыг тогтоож хэрэглэвэл зохих материаллаг эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж, зөвхөн хуулийг удирдлага болгон хэргийг шийдвэрлэх, хавтаст хэрэгт авагдаагүй баримтад хийсвэр дүгнэлт өгөхгүй байх зэрэг үүргийг дутуу гүйцэтгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Голомтбанк ХХК нь хариуцагч О.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 027 171 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд ЗГ/КР/170125081 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулж, уг гэрээгээр 2 500 000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээнд жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон, О.О- нь бэлэн гүйлгээнд сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэйгээр сар бүрийн эхний 7 хоногт зарцуулсан хүү шимтгэлийн хамт эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд анхан шатны шүүхээс уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 451.2 дах хэсэгт тус тус заасан гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Зээлдэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс гэрээний хугацаа дууссан 2019 оны 02 дугаар сар дуусталх хугацаанд нийт 9 510 795 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, энэ хугацаанд 8 316 567 төгрөг буцаан төлсөн үйл баримыг шүүх зөв тогтоосон. /хх-ийн 8-12/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5 дахь хэсэгт зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно, мөн 3.6 дахь хэсэгт төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 1 хувиар тооцно гэсэн нөхцөлүүд нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгч гэрээний дээрх заалтын дагуу хариуцагчийн төлсөн төлбөрөөс тооцсон 23 229 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасч тооцсон шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн хураамж, гүйлгээний шимтгэл гэх зэргээр нийт 71 000 төгрөгийг үндсэн зээлд нэмж тооцсон, улмаар хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол хийж нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэн шимтгэлд тооцсон хүү 34 080 төгрөг, эрх хэтрүүлсэн хүүд авсан 23 229 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Анхан шатны шүүх үндсэн зээлийн үлдэгдлийг 2 247 407 төгрөгөөр тодорхойлж, хүү 1 121 429 төгрөг, нийт 3 311 527 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

Хариуцагч нь шүүх 715 644 төгрөгийн хүүг төлөх үндэслэлгүй гэсэн атлаа үлдэх 1 064 118 төгрөгийн хүүг барагдуулах үүрэгтэй хэмээн тус үүргийг гүйцэтгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь алдаатай болсон гэж гомдол гаргаж байгаа боловч уг гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбарын хүрээнд хэргийн хянан шийдвэрлэсэн байна.

Шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дараалал зөрчсөн гэж үндэслэлгүй ба хариуцагч энэ талаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/01149 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 35 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ