Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/01218

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт байрлах, “Э т ” ХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “Ч б ” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 53.266.343.619 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Э т ” ХК нь Ч б тай 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр С/14-00470 дугаартай харилцах дансны үйлчилгээний гэрээ байгуулж, анх 4.020.000 ам долларыг байршуулж байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сар хүртэл “Э т ” ХК-аас мөнгөн хөрөнгийг тус дансанд нэмж байршуулсаар 18.652.424 ам доллар болсон. Талуудын хооронд гэрээ байгуулснаас хойш  банк харилцагчийн үйлчилгээг 2019 оны 10 сар хүртэл саадгүйгээр авч хэрэгжүүлж байсан. 2019 оны сүүлээс эхлэн банкны зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, харилцагчийн эрхийг зөрчиж, гүйлгээ хийхэд саад учирч эхэлсэн. “Э т ” ХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, мөн оны 02 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 ам долларын гүйлгээ хийхээр төлбөрийн даалгавар хүргүүлэхэд тухайн гүйлгээ хийгдээгүй учир манай компанийн зүгээс банкинд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/403 тоотоор мэдэгдэл хүргүүлсэн. 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 01/556 тоот албан бичгээр Монголбанкны ерөнхийлөгчид энэ тухай албан бичгийг хүргүүлсэн. Дээрх албан бичгийг үндэслэн Монголбанк 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А-6/305 тоот албан бичгээр Ч б ны гүйцэтгэх захиралд албан бичиг хүргүүлсэн. Үүний дараагаар Ч б ны 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ГЗ/232 тоот албан бичгээр тодорхой хуваарийн дагуу харилцагчийн мөнгийг шилжүүлэх хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийг  “Э т ” ХК-ийн зүгээс хүлээн авч, хуваарийн дагуу төлбөр тооцоог цаг хугацаанд нь саадгүй хийж ажиллахыг анхааруулсан. Гэтэл 2020 оны 3 дугаар сараас эхлэх хуваарьт 1.000.000 ам долларыг шилжүүлэх ёстой байсан боловч мөн ямар нэг гүйлгээг одоог болтол огт хийгээгүй байна.

Мөнгөн гүйлгээний төлбөрийн даалгаврыг цаг тухайд гүйцэтгэхгүй байгаа энэ үйлдэл нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1-д “Төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд нь иргэн болон хуулийн этгээдийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ”, 445.5-д “... дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй” гэж, 446 дугаар зүйлийн 446.1.3-д “харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх”, 446.1.6-д “харилцагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтаан гүйцэтгэнэ” гэсэн хуулийн заалт болон талуудын хооронд байгуулсан С/17-00470 гэрээг зөрчсөн хууль бус үйлдлийг гаргасан.

            Нэхэмжлэлийн эхний нүүр болон арын хуудаст техникийн алдаа гарч ам долларыг зөрүүтэй бичсэн байна. Талуудын хооронд хамгийн сүүлд тооцоо нийлсэн актад дансны үлдэгдэл 18.693.421,45 ам доллар гэж тусгагдсан тул энэ дүнгээр нэхэмжилж байгаа. Уг дүнг нэхэмжлэл гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Монгол банкны төгрөгтэй харьцах албан ханш болох 2.849,51 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн. Ам долларыг төгрөгт шилжүүлэхдээ мөн алдаа гаргаж дутуу бичсэн байх тул анх нэхэмжлэлд дурдсан 53.226.343.619 төгрөгийн хүрээгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн болон мөн өдрийн хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжгүй, тодорхой бус байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2017 оны гэрээний дагуу байршуулсан 18.693.421 ам доллар буюу 53.266.343.619 төгрөг гаргуулах гэж бичсэн. Гэтэл нэхэмжлэлийн арын хуудаст төгрөгт шилжүүлсэн дүн ижил хирнээ шаардсан ам доллар нийт 18.652.424 гэж зөрүүтэй бичсэн. Өөрөөр хэлбэл хэдэн ам доллар гаргуулахаар шаардсан нь ойлгомжгүйгээс гадна ам долларыг Монгол төгрөгт хэдээр тооцож шилжүүлж 53.266.343.619 төгрөгөөр тооцсон нь тодорхой бус. Аль ч дүнгээс тооцоход өөрөөр гарч байх тул тайлбар өгөх боломжгүй гэж үзсэн болно. Гэрээний 3.2.2-т зааснаар болон хуулиар харилцагч төлбөрийн даалгавар бүрдүүлж үнэн зөв бөглөж өгч түүнийг үндэслэж банк гүйлгээ хийхээр заасан.  Банкны болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу манайд баримтаа буюу төлбөрийн даалгавраа албан ёсоор ирүүлээгүй тул банк гүйлгээ хийгээгүй болно. Мөн дансны хуулгыг гаргаж өгөхдөө хуулийн шаардлага хангаагүй, өөрийн байгууллагын тэмдэг дарсан баримт ирүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх, гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар баримт гаргуулах зэргээр хүсэлт гаргаагүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Э т ” ХК нь “Ч б ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 53.266.343.619 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

            Хариуцагчид өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шуудангийн байгууллагаар дамжуулан хүргүүлснийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “бичиг хэрэг, нарийн бичиг Солонго” хэмээн гарын үсэг зурж хүлээн авчээ. Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоод түүний 99894321 дугаарын утсаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэж, энэ тухай баримт үйлдсэн. Иймд хариуцагч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

            Нэг талаас “Э т ” ХК, нөгөө талаас “Ч б ” ХХК нар 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр харилцан тохиролцож, тодорхой бус хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй 5101000536 тоот ам долларын тусгай нөхцөлт харилцах дансанд мөнгөн хөрөнгийг байршуулахаар С/17-00470 тоот “Харилцах дансны үйлчилгээний гэрээ”-г байгуулж, талуудын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан харилцаа үүсчээ. /хх 16-19/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тус банк дахь дээрх 5101000536 тоот ам долларын дансанд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 18.652.424 ам долларын мөнгөн хөрөнгө байршиж байгаа болох нь хэрэгт авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дансны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна. /хх 86/

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээх бөгөөд хадгалуулагч гэрээг хугацаагүйгээр байгуулсан тохиолдолд хүссэн цагт нь банк хадгалуулагчийн шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүргийг мөн хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4, 455 дугаар зүйлийн 455.2, 455.3-т зааснаар хүлээнэ. Мөн Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “Банк  хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх”-өөр заажээ.

Зохигчид гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан тул банк хуулийн дээрх зохицуулалтын дагуу хадгалуулагчийн хүссэн цагт мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүрэг хүлээнэ. Хэрэгт авагдсан баримтаар хадгалуулагч “Эрдэнэс тавантолгой” ХК тус банк дахь өөрийн мөнгөн хөрөнгөөс тодорхой хэсгийг авахаар төлбөрийн хүсэлт хүргүүлсэн боловч банк хуулиар хүлээсэн “хадгалуулсан мөнгийг буцаан өгөх” үүргээ эс биелүүлж мөнгийг олгоогүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын “Ч б ” ХХК-д хүргүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/403 тоот албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 01/780 тоот албан бичиг, нэхэмжлэгч байгууллагаас Монголбанкинд “банк зарлагын гүйлгээг хийхгүй байгаа тухай”  хүргүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 01/556 тоот албан бичиг, түүнчлэн “төлбөрийг шуурхай гүйцэтгэх тухай” Монгол банкнаас “Ч б ” ХХК-д хүргүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А-6/305 тоот албан бичиг, төлбөрийн даалгавар зэргээр тус тус тогтоогдож байна. /хх 7,9,11,15, 87-91/

Улмаар хариуцагчаас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ГЗ/232 тоот албан бичгээр мөнгөн хөрөнгийг хуваарь тогтоон хэсэгчлэн олгохоор хүсэл зоригоо илэрхийлсэн байх боловч төлбөрийг хэсэгчилж төлөх дээрх тохиролцоондоо хүрээгүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчид хүргүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01/1308 тоот албан бичиг, гэрээ цуцлах тухай 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 01/1896 тоот албан бичиг зэргээр тус тус тогтоогдож байна. /хх8,10,12,14/

Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тухайн данснаас 1.000.000 ам долларын зарлагын гүйлгээг хийсэн байх боловч “Ч б ” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн СА/44 тоот албан бичигт тухайн гүйлгээг төлбөрийн даалгаврын дагуу шивсэн боловч уг гүйлгээ банк хоорондын түр дансанд хүлээгдэж байгаа тухай дурдсан, улмаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч байгууллагын тухайн дансанд буцаж орсон болох нь тогтоогдож байна. /хх 10,116-119/

2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тооцоо нийлсэн баримтад дансны үлдэгдэл 18.693.421,45 ам доллар байгааг баталгаажуулсан, тухайн дансанд 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 18.859.906 ам долларын үлдэгдэл байгаа болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.

Гэвч нэхэмжлэгч 18.693.421,45 ам доллар нэхэмжилсэн тул шүүх уг дүнгээр

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т зааснаар нэхэмжлэл гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн нэг ам долларын төгрөгтэй харьцах Монгол банкны албан ханш болох 2.849,51 төгрөгөөр тооцон үзвэл 53.267.091.355 төгрөг болж байна. Гэвч нэхэмжлэгч 53.266.343.619 төгрөг гаргуулахаар шаардсан тул энэ хэмжээгээр хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж 266.489.668 төгрөг төлөхөөс 266.493.407 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 3.739 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 455 дугаар зүйлийн 455.2-д заасныг баримтлан хариуцагч “Ч б ” ХХК-аас 53.266.343.619 /тавин гурван тэрбум хоёр зуун жаран зургаан сая гурван зуун дөчин гурван мянга зургаан зуун арван есөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э т ” ХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266.493.407 төгрөгнөөс 266.489.668 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3.739 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 266.489.668 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ