Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01232

 

 

 

 

 

 

                             ЭТ ХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/01218 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЭТ ХК-ийн хариуцагч ЧБ ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 53 266 343 619 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ЭТ ХК нь ЧБ ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр С/14-00470 дугаар харилцах дансны үйлчилгээний гэрээг байгуулж, 4 020 000 ам.доллар байршуулсан. 2020 оны 2 дугаар сар хүртэл мөнгөн хөрөнгийг тус дансанд нэмж байршуулсаар 18 652 424 ам.доллар болсон. Талуудын хооронд гэрээ байгуулснаас хойш банк харилцагчийн үйлчилгээг 2019 оны 10 сар хүртэл саадгүйгээр хэрэгжүүлж байсан боловч 2019 оны сүүлээс эхлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, харилцагчийн эрхийг зөрчиж, гүйлгээ хийхэд саад учирч эхэлсэн. Нэхэмжлэгчээс 2020 оны 1 дүгээр сарын 30, 2 дугаар сарын 06-ны өдөр 5 000 000 ам.долларын гүйлгээ хийхээр төлбөрийн даалгавар хүргүүлэхэд гүйлгээ хийгдээгүй учир 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 01/403 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 01/556 тоот албан бичгээр Монголбанкны ерөнхийлөгчид энэ талаар мэдэгдсэн. Монголбанк 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А-6/305 тоот албан бичгээр Чингисхаан банкны гүйцэтгэх захиралд албан бичиг хүргүүлсэн. ЧБ ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ГЗ/232 тоот албан бичгээр тодорхой хуваарийн дагуу харилцагчийн мөнгийг шилжүүлэх хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хуваарийн дагуу төлбөр тооцоог цаг хугацаанд нь саадгүй хийж ажиллахыг анхааруулсан. Гэтэл 2020 оны 3 дугаар сараас хуваарьт 1 000 000 ам.долларыг шилжүүлэх ёстой байсан боловч гүйлгээг одоо болтол хийгээгүй. Мөнгөн гүйлгээний төлбөрийн даалгаврыг цаг тухайд гүйцэтгэхгүй байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.5, 446 дугаар зүйлийн 446.1.3, 446.1.6 дах заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэг болон талуудын хооронд байгуулсан С/17-00470 дугаар гэрээг зөрчиж байна. Нэхэмжлэлийн эхний нүүр болон арын хуудаст техникийн алдаа гарч ам долларыг зөрүүтэй бичсэн. Талуудын хооронд хамгийн сүүлд тооцоо нийлсэн актад дансны үлдэгдэл 18 693 421.45 ам.доллар гэж тусгагдсан тул энэ дүнгээр нэхэмжлэлээ гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Монгол банкны төгрөгтэй харьцах албан ханш болох 2 849.51 төгрөгөөр тооцсон. Ам долларыг төгрөгт шилжүүлэхдээ алдаа гаргаж дутуу бичсэн байх тул анх нэхэмжлэлд дурдсан 53 226 343 619 төгрөгийн хүрээгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжгүй, тодорхой бус байна. Нэхэмжлэлдээ 2017 оны гэрээний дагуу байршуулсан 18 693 421 ам.доллар буюу 53 266 343 619 төгрөг гаргуулна гэж бичсэн. Гэтэл нэхэмжлэлийн арын хуудаст төгрөгт шилжүүлсэн дүн ижил атлаа шаардсан ам.доллар нийт 18 652 424 гэж зөрүүтэй бичсэн. Хэдэн ам.доллар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүйгээс гадна ам.долларыг Монгол төгрөгт хэдээр тооцож шилжүүлж 53 266 343 619 төгрөгөөр тооцсон нь тодорхой бус байна. Гэрээний 3.2.2-т “хуулиар харилцагч төлбөрийн даалгавар бүрдүүлж үнэн зөв бөглөж өгч түүнийг үндэслэж банк гүйлгээ хийнэ” гэж заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу банкинд баримтаа буюу төлбөрийн даалгавраа албан ёсоор ирүүлээгүй тул банк гүйлгээ хийгээгүй. Мөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дансны хуулга хуулийн шаардлага хангаагүй, өөрийн байгууллагын тэмдэг дарсан баримт ирүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар баримт гаргуулах хүсэлт гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 455 дугаар зүйлийн 455.2-д заасныг баримтлан хариуцагч ЧБ ХХК-аас 53 266 343 619 /тавин гурван тэрбум хоёр зуун жаран зургаан сая гурван зуун дөчин гурван мянга зургаан зуун арван есөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭТ ХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266 493 407 төгрөгөөс 266 489 668 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 739 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 266 489 668 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.  18 693 421 ам.долларыг Монгол банкны албан ханш болох 2 849 төгрөгөөр тооцоход 53 257 556 429 төгрөг болох бөгөөд шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч шаардсан тул...” гэх үндэслэлээр хариуцагч “Чингис хаан банк”-аас 53 266 343 619 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд 8 787 190 төгрөгөөр илүү шийдвэрлэсэн нь шүүгч хэргийг бүрэн, тал бүрээс нь судлалгүйгээр, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх 18 693 421 ам.доллараас тооцсон атлаа 53 266 343 619 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хариуцагчид 8 787 190 төгрөгийн хохирол учруулахаар харагдаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж, хариуцагч түүнд тайлбар өгөх эрхээ эдлэнэ. Гэтэл нэхэмжлэгч нь 18 693 421 ам.долларыг ямар төлбөрийн даалгавар буюу анхны шаардлагыг үндэслэж шаардах эрх үүссэн гэж үзэж байгаагаа нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд үүнийг хариуцагч удаа дараа шүүх хуралдаан дээр тайлбарлаж байсан. Талуудын байгуулсан “Харилцах дансны үйлчилгээний гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т энэхүү гэрээг “...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль...” үндэслэсэн болно гэж, 2.6-д “Харилцагч нь харилцах дансан дах мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн баталгаат гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажсан, гүйлгээний баримтыг үндэслэн дансны үлдэгдэлд багтааж зарлагын гүйлгээг хийнэ”, 3.2.2-т Харилцагчийн үүрэгт “Төлбөр тооцооны баримт, түүний бүрдүүлбэрийг үнэн зөв бөглөх, бурдүүлж өгөх” гэж тодорхой заасан. Нэхэмжлэгч нь 18 693 421 ам.долларыг “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”, болон “Харилцах дансны үйлчилгээний гэрээ”-ний шаардлагад нийцүүлж хэзээ, хаашаа, ямар зориулалтаар, шилжүүлэхээр ямар төлбөрийн даалгаврыг хэний гарын үсгээр, хэнд шилжүүлэх тухай “ЧБ”-нд анхны шаардлагаа гаргасан гэдгээ нотолж чадаагүй бөгөөд, банкинд хэдэн төгрөгийн гүйлгээ хийхээр анхны шаардлага гаргасан гэдгээ нотлохгүй албан бичгээр мөнгө шаардаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Мөн анхны шаардлага болох төлбөрийн даалгаврыг хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгснөөр хариуцагч яг хэдэн төгрөгийн гүйлгээ саатуулсан нь тодорхой харагдах бөгөөд улмаар үүнд хариу тайлбар гаргах, шүүх үнэн зөв шийдвэр гаргах үндэслэл бүрдэх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа шүүхэд тайлбарлаж, нэхэмжлэлийг тодруулахыг шаардаж байсан. Банк нь иргэн, хуулийн этгээдийн төлбөр тооцоог гүйцэтгэхдээ цахимаар болон теллерт төлбөрийн даалгавраар гүйлгээ хийдэг. Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “...ам.долларыг зөрүүтэй бичсэн нь техникийн алдаа, түүнчлэн ам.долларыг төгрөг рүү шилжүүлэхдээ алдаа гаргаж дутуу бичсэн...” гэж амаар тодруулж шүүхэд гаргасан. Гэтэл уг тодруулсан тодруулгад хариуцагчийг тайлбар өгөх боломжоор хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хариуцагчийг өөрийгөө өмгөөлөх, мэтгэлцэх боломжоор хангаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, үндэслэл шаардлага зөрүүтэй, нотлох баримт дутуу бүрдүүлсэн байхад шүүх нэхэмжлэгчээс анхан шатны санхүүгийн баримт болох төлбөрийн даалгаврыг гаргуулж авалгүйгээр хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй. Мөн шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа нэхэмжлэгч нь ЧБ ХХК-аас төлбөрийн даалгавраар хэдэн төгрөг гаргуулах шаардлага гаргасан санхүүгийн баримтыг үндэслэж, уг мөнгөн дүнгээр шийдвэр гаргах ёстой атал хэт нэг талыг барьж, ямар ч үндэслэлгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч анхан шатны санхүүгийн баримт болох төлбөрийн даалгаврыг гаргаж өгөөгүй боловч хавтаст хэргийн 12 дугаар талд “Эрдэнэс-тавантолгой” ХК-аас 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 01/1896 дугаартай “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр ЧБ ХХК-аас 18 453 992.31 ам.доллар шилжүүлэхийг хүссэн. Нэхэмжлэгчээс анхан шатны санхүүгийн баримт болох төлбөрийн даалгавар гаргуулаагүй атлаа, ЧБ ХХК-аас 18 453 992.31 ам.доллар гаргуулах хүсэлт өгснийг судалж үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаар шийдвэрээ гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 01/1896 дугаартай “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг нь “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”, болон “Харилцах дансны үйлчилгээний гэрээ”-нд заасан санхүүгийн анхан шатны баримт биш боловч 18 453 992.31 ам.доллар гаргуулахаар хүссэн гэж харагдахаар байгаа атал хариуцагчаас ямар ч үндэслэлгүйгээр илүү 239 429.14 ам.доллар /Монгол банкны 1 ам.долларын ханш 2 849.51 төгрөгөөр тооцоход 682 255 728.72 төгрөг/ гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс дээр дурдсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч ЭТ ХК дансан дахь мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 18 208 859.88 ам.доллар, 484 561.57 ам.доллар, нийт 18 693 421.45 ам.доллар буюу 53 266 343 619.13 төгрөг ЧБ ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн байх ба хариуцагчийн “нэхэмжлэгч хуульд заасны дагуу төлбөрийн даалгавраа ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үнийн дүн зөрүүтэй, нотлох үүргээ биелүүлээгүй” гэх татгалзал үндэслэл муутай байна.   

Зохигчид 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр харилцах дансны үйлчилгээний гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулж, нэхэмжлэгч ЭТ ХК нь тусгай нөхцөлт ам.долларын дансанд мөнгөн хөрөнгө байршуулах, хариуцагч жилд 3 хувийн хүү төлөх, харилцагчийн хүссэн үед мөнгийг нь хүүгийн хамт буцаан өгөхөөр тохиролцсон байна. /хх16-18/

 

Нэхэмжлэгчийн “2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд байршуулсан мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 1 000 000 ам.доллар, 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 5 000 000 ам.доллар, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 5 000 000 ам.доллар, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 5 000 000 ам.доллар, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 2 000 000 ам.долларын гүйлгээ хийхийг хариуцагчаас төлбөрийн даалгавраар шаардсан боловч  мөнгийг шаардсан даруйд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй  байна. Хариуцагчид 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 01/403, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 0/780, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 01/927, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01/1308, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 01/1896 дугаартай албан бичгээр гэрээний үүргээ биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах тухай нэхэмжлэгч мэдэгдэж байжээ. /хх12-15, 87-91/

 Мөн хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа талаар нэхэмжлэгч нь Монгол банкинд хандаж, Монгол банкнаас хариуцагчид 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр А-6/305 дугаартай албан шаардлага хүргүүлж байсан, хариуцагчаас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрүүдэд гүйлгээ харилцагчийн төлбөр тооцооны доголдлоос хамаарч түр саатсан, цаашид тодорхой хуваарийн дагуу гүйцэтгэх саналыг нэхэмжлэгчид хүргүүлсэн баримтууд байна. /хх8-11/

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн/ 5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар харилцагч  хэдийд ч гэрээг цуцалж, мөнгөө хүүгийн хамт буцаан авах, гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол харилцагчийн хүссэн үед мөнгийг нь буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй байна.  Мөн талуудын хоорондох гэрээний 2.6-д харилцагч нь харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн баталгаат гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан гүйлгээний баримтыг үндэслэн дансны үлдэгдэлд багтааж зарлагын гүйлгээг хийнэ гэж тус тус заасан. Хэргийн 87-98 дугаар тал дахь ЭТ ХК-ийн эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдэг бүхий мөнгөн хөрөнгө шаардсан төлбөрийн даалгавар, нэхэмжлэгчийн “тухайн дансыг хариуцсан нягтлан бодогч төлбөрийн даалгаврыг  ЧБ ХХК-ийн холбогдох албан тушаалтан руу дотоод сүлжээгээр явуулдаг гэх тайлбарыг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй. Дээрх нөхцөл байдлыг харьцуулан  үзэхэд хариуцагчийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлтэй.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан, үүргийн зөрчлийн улмаас  нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх зааснаар гэрээгээ цуцлахыг шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.    

            Давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

Анх нэхэмжлэлийн өргөдөлд үнийн дүнг “18 693 421.45 ам.доллар буюу 53 266 343 619.13 төгрөг”, “18 652 424.98 ам.доллар буюу 53 266 343 619.13 төгрөг” гэж зөрүүтэй бичсэн  байх боловч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад залруулагдсан байна. Тодруулбал нэхэмжлэлийн эхний хуудасны нэхэмжлэлийн шаардлага гэх хэсэгт нэхэмжлэлийн дүнг “дансанд байршуулсан 18 208 859.88 ам.доллар, хүү 484 561.57 ам.доллар, нийт 18 693421.45 ам.доллар буюу 53 266 343 619.13 төгрөг” гэж бичсэн атлаа  сүүлийн буюу 3 дах хуудсанд хүүгийн дүнг 487 707.32 гэж зөрүүтэй бичсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх дүн техникийн алдааны улмаас зөрүүтэй бичигдсэн, талуудын тооцоо нийлж баталгаажуулсан дансны үлдэгдэл 18 693 421.45 ам.доллар буюу 53 266 343 619 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар тайлбарласан, анхан шатны шүүх  нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр 53 266 343 619 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцсэн байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн үнэ зөрүүтэй, тодорхойгүй гэх гомдлыг хангахгүй орхив.  /хх136/

 Хариуцагчийн “нэхэмжлэгч 18 453 992.31 ам.доллар гаргуулахаар хүссэн байхад шүүх илүү 239 429.14 ам.доллар гаргуулахаар шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй.  18 453 992.31 ам.доллар нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд хандахын өмнө гүйлгээ хийхийг хариуцагчаас шаардаж байсан дүн, 18 693 421.45 ам.доллар нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн талуудын харилцан баталгаажуулсан дансны үлдэгдлийн дүн болно.

Хэргийн 86-91, 104, 116-119 дугаар талд шүүгчийн захирамжаар шаардан авсан дансны үлдэгдлийн баталгаа, төлбөрийн даалгавар, ханшийн лавлагаа, харилцагчийн дансны хуулга зэрэг баримтууд авагдсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг баримтуудтай 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр танилцаж хэрэг танилцуулсан баримтад гарын үсэг зурсан болох нь хэргийн 120 дугаар талд авагдсан байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хэрэгт нотлох баримт ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй.

18 693 421 ам.долларыг Монгол банкны албан ханш болох 2 849 төгрөгөөр тооцоход 53 257 556 429 төгрөг болох байхад хариуцагчаас 8 787 190 төгрөг илүү гаргуулахаар шийдвэрлэсэн гэх гомдол дараах үндэслэлээр үгүйсгэгдэж байна. Анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн тооцооллыг гаргахдаа /18 693 421.45х2 849.55 = 53 267 839 039.848/ ам долларын төгрөгтэй харьцах задгай нэгжийг орхигдуулан бичсэн байна.  

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/01218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 724 780 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

                                                                                         А.МӨНХЗУЛ