Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2021/01241

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “М у х б ” ХХК-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “Д и ” ХХК -д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2.647.467.547 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Ц.И, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: М у х б  нь “Д и ” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 10-ний өдөр З-ДБИ-З 2018-167 тоот зээлийн гэрээ байгуулж 2.300.000.000 төгрөгийн зээл олгохоос 2.102.031.829 төгрөгийг жилийн 11.09 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай олгосон.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр БГ-ДБИ-ҮХХ 2018-168 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204014806, Ү-2203036846, Ү-2204007064 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүд, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр БГ-ДБИ-ҮХХ 2018-169 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038828 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг, 2018 оны 9 дүгээр сарын 10-ний өдөр БГ-ДБИ-ҮXX 2018-170 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016245 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр БГ-ДБИ-ҮХХ 2018-171 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байтуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003003007 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, АОС гудамж, 25 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, /ГД:000525327/ нэгж талбарын 18646311562821 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204007064 дугаарт бүртгэгдсэн, 819 мкв талбай бүхий газар өмчлөх эрх болон Хөгжлийн банкны зээлээр санхүүжсэн төслийн хүрээнд ирээдүйд бий болох лабораторийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн /тоолуур/, хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл 11 удаагийн хэсэгчилсэн төлөлтөөр 113.136.762 төгрөгийн хүүгийн төлбөрийг төлсөн. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар “Д и ” ХХК нь нийт 2.564.766.588  төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрийг төлөх талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл, шаардлага өгсөн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй болно.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дэх хэсэг, 451 дүгээр зүйл, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн:

1.“Д и” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцлан, зээлийн үндсэн төлбөрт 2.102.031.829 төгрөг, хүү 450.500.001 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.234.757 төгрөг, нийт 2.564.766.588 төгрөгийг гаргуулах анх шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 82.700.959 төгрөгөөр буюу нэхэмжлэл гаргаснаас хойш 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлэн тооцсон болно. Иймд үндсэн зээл 2.102.031.829 төгрөг, хүү 527.140.657 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.295.059 төгрөг, нийт 2.647.467.547 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2.Зээлийн төлбөрийг мөнгөн хөрөнгөөр сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр буюу барьцааны гэрээнд тусгагдсан дараах нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон газар өмчлөх эрх, хөдлөх эд хөрөнгө болон компанийн бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Барьцаалуулагч нарын хувьд зээлийн барьцаанд хөрөнгийг тавихдаа анх итгэмжлэл өгсөн. Үүнд өөрийн хөрөнгийг барьцаалуулах гэрээнд гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангах гэж тусгагдсан тул тэдгээрийг оролцуулах шаардлагагүй гэж үзсэн. Мөн Ц.Насанбат өөрөө компанийг шууд төлөөлөх эрхтэй этгээд тул иргэний хувиар мэдэж байгаа гэж үзэж байна. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах шаардлагаа дэмжиж байна, хэн нэгэн гуравдагч этгээдийн хүсэл зориг хөндөгдөхгүй болно.

 Хариуцагчид хоёр удаагийн хэсэгчилсэн олголтоор гэрээнд дурдсан зээлийн 91,4 хувийг буюу 2.102.031.829 төгрөгийг олгосон байсан. Үлдсэн зээлийн санхүүжилтийг хүсч ирүүлсэн баримтууд дутуу байсан тул нэмэлт баримт шаардсан. Мөн явцын шалгалт хийхэд хариуцагч зээлийн зарим хэсгийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй харин өөр зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зарцуулсан, түүнчлэн хэрэгжүүлж байсан төслийн дагуу оруулж ирсэн тоолуур, эд материалууд нь Монгол Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, стандартчилал хэмжилзүйн газраас хийсэн шалгалтаар шаардлага хангаагүйгээс тухайн байгууллагаас үйл ажиллагааг зогсоосон байдаг. Энэ нь манай байгууллагаас хамааралгүй, хариуцагчаас өөрөөс нь хамаарч холбогдох эрх бүхий байгууллагаас зогсоох шийдвэр гарсан. Иймд үлдэгдэл зээлийг манай зүгээс олгохоос татгалзсан бөгөөд гэрээнд зээл олголтыг түр зогсоох, бүр зогсоох талаар тусгасан болно. Манай зүгээс зээлийг зориулалт бусаар ашигласан асуудлаар эрүүгийн журмаар шалгуулахад эрүүгийн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан болно. Түүнчлэн хариуцагч хүү, нэмэгдүүлсэн хүү түүний тооцоололд маргаж байна. Талуудын хоорондох гэрээний 3.1.12-т нэмэгдүүлсэн хүүгийн талаар зохицуулсан, бөгөөд бодсон аргачлал Иргэний хуулийн 453 дугаар зүйлд заасантай нийцэж байгаа болно. Нэмэгдүүлсэн хүүг зөрчил үүссэн үеэс тооцож байгаа. Гэрээгээр нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар үүргийг гүйцэтгэхээр заасан болно. Зээлдэгч хамгийн сүүлд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлөлт хийснээс хойш нэг ч төгрөг төлөөгүй.  Энэ тухай баримтаа хариуцагч өөрөө өгөх боломжтой байсан болно гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Д и ” ХХК нь усны ухаалаг хэрэглээг системчлэх үйлдвэрлэл ба “Дэд бүтэц-Ухаалаг шийдэл” төслийг хэрэгжүүлэхээр “М у х б " ХХК-аас төслийн санхүүжилтэд зориулж 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг байгуулж, 2.300.000.000 төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай, жилийн 11.09 хувийн хүүтэйгээр зээлж авахаар, зээлийн төлөлтийг зээл олгосон өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд зээлийн хүүг, 13 дахь сараас эхлэн зээл хүүний төлбөрийг төлөхөөр тохиролцсон.

Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч талаас 2.102.031.829 төгрөгийг зээлдэгч талд шилжүүлсэн бөгөөд “М у х б ” ХХК-ийн зүгээс зээлийн үлдэгдэл төлбөр болох 197.968.170 төгрөгийг үндэслэлгүйгээр шилжүүлэхээс татгалзаж, гэрээний үүргээ зөрчсөн. Манай компани төслийн зарцуулалт, холбогдох санхүүгийн баримт зэрэг “М у х б ” ХХК-аас шаардсан бүхий л баримт, мэдээллийг тухай бүрт хүргэн ажиллаж байсан.

Гэвч төрийн эрх бүхий байгууллага болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн газар зэрэг байгууллагаас манай компанийн үйл ажиллагааг зогсоосон, холбогдох гэрчилгээ, итгэмжлэлийн хугацааг тогтоосон хугацаанд сунгаж өгөөгүй, “М у х б ” ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үлдэгдэл санхүүжилтийг олгоогүй, Дэлхий нийтэд тархаж буй цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд хүрсэн зэргээс улбаалан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад болж байсан.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа үндсэн зээл 2.102.031.829 төгрөг, зээлийн хүү 450.500.001 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.234.757 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч талаас үндсэн зээлийн төлбөрөөс бусад хүү,  нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Учир нь төрийн эрх бүхий байгууллагаас компанийн үйл ажиллагааг зогсоосон, зээлдүүлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, давагдашгүй хүчин зүйл буюу цар тахалтай холбоотойгоор компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд хүрсэн тул зээлийн хүүг төлөх боломжгүй бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2023 онд дуусгавар болох бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, гэрээний хугацаа дуусаагүй тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Түүнчлэн хүү, нэмэгдүүлсэн хүү хэрхэн тооцсон нь тодорхойгүй. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд барьцаанд тавих талаар л итгэмжлэлд тусгагдсанаас өөр эрхийг олгоогүй болно.  Барьцааны гэрээ өөрөө хуульд нийцсэн, хүчин төгөлдөр эсэх эргэлзээтэй. Барьцаагаар хангагдах шаардлагын хугацаа заагдаагүй тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Нэг хөрөнгийн өмчлөгч М.Тэнгисийн тухайд хүсэл зориг илэрхийлсэн баримтгүй тул гуравдагч этгээдийн эрх зөрчигдөхгүй тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Мөн энэ зээлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгуулахаар нэхэмжлэгч тал цагдаад хандсан тул энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг үүсгээгүй гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа зээлийг зориулалт бусаар зарцуулсан асуудал нотлогдохгүй гэдгийг илтгэж байна.  

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “М у х б ” ХХК нь Д и ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.647.467.547 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 2.102.031.829 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

Нэг талаас “М у х б ” ХХК, нөгөө талаас “Д и ” ХХК нар 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр харилцан тохиролцож Зээлдүүлэгч 2.300.000.000 төгрөгийг 5 жилийн хугацаатай зээлдэгчийн “Дэдбүтэц - Ухаалаг шийдэл” төслийн ажилд зориулан шилжүүлэх, зээлдэгч жилийн 11,09 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр ЗГ-ДБИ-З 2018-167 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулжээ. /хх 8-15/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах гэрээнүүдийг байгуулжээ. Үүнд:

            1.“М у х б ” ХХК болон иргэн Ц.Насанбаттай харилцан тохиролцож 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 2018-168 тоот барьцааны гэрээгээр Ц.Насанбатын өмчлөлийн:

а/эрхийн улсын бүртгэлийн Ү-2204014806 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамж, 25 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай, 810 мкв зоорьтой хоёр давхар үл хөдлөх хөрөнгө,

б/эрхийн улсын бүртгэлийн Г-2204007064 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18646311562821 дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамж, 25 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 819 мкв талбай бүхий өмчлөлийн газар,

в/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203036846 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 504 дүгээр байр, 122 тоотод байрлах 37,9 м.кв талбай хоёр өрөө орон сууц. /хх 16-21/

            2.“М у х б ” ХХК, иргэн Ц.Насанбат, Г.Удвал нартай харилцан тохиролцож мөн өдрийн 2018-169 тоот барьцааны гэрээгээр, тэдгээрийн хамтран өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038828 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 76 тоотод байрлах 324,34 мкв талбай бүхий хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгө, /хх 22-26/

3.“М у х б ” ХХК, иргэн Ж.Энхчимэгтэй харилцан тохиролцож мөн өдрийн 2018-170 тоот барьцааны гэрээгээр түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016245 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр 157 тоотод байрлах, 43 мкв талбайтай, 3 өрөө орон сууц, /хх 27-31/

4.”М у х б ” ХХК, иргэн Б.Тэнгистэй харилцан тохиролцож мөн өдрийн 2018-171 тоот барьцааны гэрээгээр, түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003003007 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 9 дүгээр байр 3 тоотод байрлах, 38,6 мкв талбайтай, 3 өрөө орон сууц, /хх 32-35/

5.М у х б ” ХХК, “Д и ” ХХК-тай харилцан тохиролцож мөн өдөр байгуулсан 2018-172 тоот “Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээ”-гээр  БНХАУ-ын “Jiangsu Jin Yuming Electronics Co.Ltd-тай байгуулсан гэрээний дагуух 524.005 ам.долларын тоног төхөөрөмж, бараа материал болон “Стриж Телематика” ХХК-тай байгуулсан гэрээний дагуух 5000 ширхэг бараа бүтээгдэхүүн, /хх 36-38/

6.”М у х б ” ХХК, “Д и ” ХХК-тай харилцан тохиролцож мөн өдөр байгуулсан 2018-173 тоот “Тоног төхөөрөмж барьцаалах гэрээ”-гээр БНХАУ-ын “Jiangsu Jin Yuming Electronics Co.Ltd-наас худалдан авсан лабораторын тоног төхөрөөмж, гаалийн мэдүүлгээр баталгаажуулсан 10.000 ширхэг тоолуураас хангуулахаар тус тус байгуулжээ. /хх 39-41/

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хувьд улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 2.102.031.829 төгрөг шилжүүлсэн, энэ хугацаанд нийт 113.136.762 төгрөг төлсөн үйл баримтад зохигчид маргаагүй.

Харин зээлийг бүрэн олгох үүргээ зээлдүүлэгч зөрчсөн, гэрээний хугацаа дуусаагүй тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, зээлийн тооцоолол тодорхойгүй гэж  хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлав. Нэхэмжлэгч зээлийг бүрэн олгоогүй явдалд буруугүй, түүнчлэн эргэн төлөлт хийх хуваарийг зээлдэгч зөрчсөн, олгосон зээлийн хэмжээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тайлбарлав.

Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.3-т “төслийн хүрээнд бараа худалдан авах гэрээ, ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ, ажлын гүйцэтгэлийн тайлан, нэхэмжлэх зэрэг баримт бичиг болон бусад холбогдох нөхцөл шаардлага бүрэн хангагдсан эсэхийг Банк хянан шалгасны үндсэн дээр зээлийг хэсэгчлэн олгох зөвшөөрлийг Банкнаас тухай бүр олгоно” гэж, 5.2-т ‘‘дараагийн олголтуудыг төслийн төлөвлөгөөний гүйцэтгэлд үндэслэн хүлээн авах эрх нээгдэнэ” гэж, 6.1-д зээл олголт хийхийг бүрэн болон хэсэгчлэн түр зогсоох нөхцөлийг тус тус заажээ.

Мөн гэрээний10 дугаар зүйл 10.1.2-т “зээлийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан”, 10.1.3-т “эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөөгүй”, 10.1.6-д “төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг аваагүй, эсхүл тэдгээрийг түдгэлзүүлсэн, цуцалсан бол” 10.1.10-т “зээлдэгчийн орлого багасаж зээл төлөх чадвараас илт доогуур болсон нь Банкны шалгалтаар тогтоогдсон бол” гэрээг цуцлахаар заажээ. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын зээлийн газрын танилцуулга болон хариуцагчийн тайлбар зэргээс үзвэл Стандарт хэмжил зүйн газраас хариуцагч байгууллагын төслийн дагуу хэрэгжүүлж байсан лаборатори болон тоолуурын борлуулалтын үйл ажиллагааг түр зогсоосон, зээлийн зарим хэсэг буюу 260 сая төгрөгийг зориулалт бусаар ашигласан, түүнчлэн зээл төлөх чадвар эрс буурсан, түүнчлэн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс хойш гэрээний дагуу эргэн төлөлт хийгээгүй болох нь тус тус тогтоогдож байна.

Иймд зээлийн гэрээний хугацаа 2023 онд дуусахаар боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй явдал нь зээл олголтыг зогсоох, зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхийг үүсгэхээс гадна дээр дурдснаар гэрээний 10 дугаар зүйлд зааснаар гэрээг дангаар цуцлах нөхцөл бүрдсэн байх тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл  гарган  Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар

 гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү болон гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан, гэрээний 3.1.5-д “үндсэн төлбөрийг эхний олголтоос хойш 11 сар чөлөөлж, 12 дахь сараас сар тутам төлнө” гэж, 3.1.6-д “үндсэн хүүгийн төлбөрийг зээлийн эхний олголтоос хойш сар тутам төлнө” гэж, 3.1.12-т “хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зөрчил үүссэн дүнгээс үндсэн хүүгийн хувийн 20 хувиар төлбөрийн зөрчлийг арилгах хүртэл хугацаанд нэмэгдүүлсэн хүү, хүү төлөх”-өөр тохиролцсон, хариуцагч 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй тул хугацаа дуусаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэггүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр нэхэмжлэгч гэрээг цуцалсан гэж үзэх тул үндсэн зээл 2.102.031.829 төгрөг, хүү 450.500.001 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.234.757 төгрөг, нийт 2.564.766.588  төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон үлдэх  хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр шууд төлөөлөх эрх бүхий этгээд Ц.Насанбат болох нь хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар дах тэмдэглэгээгээр тогтоогдож байхаас гадна зохигчид энэ үйл баримтад маргаагүй болно. Иймд 2018-168 тоот барьцааны гэрээний дагуу иргэн Ц.Насанбатын өмчлөлийн хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй, шүүхээс гарах шийдвэрийн үр дагаврыг иргэн Ц.Насанбатын хувьд мэдсэн гэж үзэв.

Харин 2018-169 тоот барьцааны гэрээний зүйл Г.Удвал, Ц.Насанбат нарын хамтран өмчлөлийн хөрөнгө, 2018-170, 2018-171 тоот барьцааны гэрээний зүйл Ж.Энхчимэг, Б.Тэнгис нарын хөрөнгө бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс барьцаалуулагч нарт холбогдуулан шаардлага гаргаагүйгээс гадна тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцуулах эсэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй болно.  Түүнчлэн  Г.Удвал, Ж.Энхчимэг нараас 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өөрсдийн өмчлөлийн хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эрхийг Ц.Насанбатад итгэмжлэлээр олгосон, дээрх итгэмжлэл дэх “үүргийн гүйцэтгэлийг хангах” эрхийг төлөөлүүлэгчид олгосон явдал “М у х б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Д и ” ХХК-д холбогдох энэ хэрэгт барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч олгосон итгэмжлэл гэж үзэх боломжгүй. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хангахгүй орхив.

Нэхэмжлэгч нь 2018-169, 2018-170, 2018-171 тоот барьцааны гэрээний дагуу барьцаалуулагч нэр бүхий иргэдэд холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай шаардлагаа жич гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн тул төлөөгүйг дурдаж хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “Д и ” ХХК-иас 2.564.766.588 /хоёр тэрбум таван зуун жаран дөрвөн сая долоон зуун жаран зургаан мянга таван зуун наян найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М у х   б”   ХХК-д   олгож,   нэхэмжлэлийн   шаардлагаас   үлдэх  82.700.959 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд 2018-168 тоот барьцааны гэрээний зүйл болох Ц.Насанбатын өмчлөлийн:

а/эрхийн улсын бүртгэлийн Ү-2204014806 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамж, 25 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай, 810 мкв зоорьтой хоёр давхар үл хөдлөх хөрөнгө,

б/эрхийн улсын бүртгэлийн Г-2204007064 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18646311562821 дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамж, 25 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 819 мкв талбай бүхий өмчлөлийн газар,

в/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203036846 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 504 дүгээр байр, 122 тоотод байрлах 37,9 м.кв талбай хоёр өрөө орон сууц,

- 2018-172 тоот “Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээ”-ний дагуу барьцаалсан БНХАУ-ын “Jiangsu Jin Yuming Electronics Co.Ltd-тай байгуулсан гэрээний дагуух 524.005 ам.долларын тоног төхөөрөмж, бараа материал болон “Стриж Телематика” ХХК-тай байгуулсан гэрээний дагуух 5000 ширхэг бараа бүтээгдэхүүн,

- 2018-173 тоот “Тоног төхөөрөмж барьцаалах гэрээ”-ний дагуу барьцаалсан БНХАУ-ын “Jiangsu Jin Yuming Electronics Co.Ltd-наас худалдан авсан лабораторийн тоног төхөрөөмж, гаалийн мэдүүлгээр баталгаажуулсан 10.000 ширхэг тоолуур зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 2018-169, 2018-170, 2018-171 тоот барьцааны гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038828, Ү-2204016245, Ү-2003003007 дугаарт бүртгэлтэй хөрөнгөнөөс хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2021/03526 дугаар шүүгчийн захирамжийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 3 дахь заалт энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.16, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13.051.982 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

           

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ