Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/01225

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01241 дугаар “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Д” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,647,467,547 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь “Д” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 2,300,000,000 төгрөгийн зээл олгохоос 2,102,031,829 төгрөгийг жилийн 11.09 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай олгосон.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204014806, Ү-2203036846, Ү-2204007064, Ү-2206038828, Ү-2204016245, Ү-2003003007 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүд, мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, АОС гудамж, 25 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-2204007064 дугаарт бүртгэгдсэн, 819 мкв талбай бүхий газар өмчлөх эрх болон Хөгжлийн банкны зээлээр санхүүжсэн төслийн хүрээнд ирээдүйд бий болох лабораторийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн /тоолуур/, хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. Барьцаалуулагч нарын хувьд зээлийн барьцаанд хөрөнгийг тавихдаа анх итгэмжлэл өгсөн. Үүнд өөрийн хөрөнгийг барьцаалуулах гэрээнд гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангах гэж тусгагдсан тул тэдгээрийг оролцуулах шаардлагагүй гэж үзсэн. Мөн Ц.Насанбат өөрөө компанийг шууд төлөөлөх эрхтэй этгээд тул иргэний хувиар мэдэж байгаа.

Хариуцагч зээлийн зарим хэсгийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй харин өөр зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад зарцуулсан, түүнчлэн хэрэгжүүлж байсан төслийн дагуу оруулж ирсэн тоолуур, эд материалууд нь Монгол Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, стандартчилал хэмжилзүйн газраас хийсэн шалгалтаар шаардлага хангаагүйгээс тухайн байгууллагаас компанийн үйл ажиллагааг зогсоосон байдаг. Энэ нь манай байгууллагаас хамааралгүй, хариуцагчаас өөрөөс нь хамаарч холбогдох эрх бүхий байгууллагаас шийдвэр гарсан. Иймд үлдэгдэл зээлийг манай зүгээс олгохоос татгалзсан бөгөөд гэрээнд зээл олголтыг түр зогсоох, бүр зогсоох талаар тусгасан болно.

Түүнчлэн хариуцагч хүү, нэмэгдүүлсэн хүү түүний тооцоололд маргаж байгаа бөгөөд талуудын хоорондох гэрээний 3.1.12-т нэмэгдүүлсэн хүүгийн талаар зохицуулсан, бодсон аргачлал Иргэний хуулийн 453 дугаар зүйлд заасантай нийцэж байгаа болно. Нэмэгдүүлсэн хүүг зөрчил үүссэн үеэс тооцож байгаа.

Зээлдэгч хамгийн сүүлд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлөлт хийснээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Зээлдэгч зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл 11 удаагийн хэсэгчилсэн төлөлтөөр 113,136,762 төгрөгийн хүүгийн төлбөрийг төлсөн. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар “Д” ХХК нь нийт 2,564,766,588 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрийг төлөх талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл, шаардлага өгсөн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй болно.

Иймд “Дэд бүтэц инженеринг” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцлан, зээлийн үндсэн төлбөрт 2,102,031,829 төгрөг, хүү 450,500,001 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,234,757 төгрөг, нийт 2,564,766,588 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож, үндсэн зээл 2,102,031,829 төгрөг, хүү 527,140,657 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,295,059 төгрөг, нийт 2,647,467,547 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” ХХК нь усны ухаалаг хэрэглээг системчлэх үйлдвэрлэл ба Дэд бүтэц-Ухаалаг шийдэл төслийг хэрэгжүүлэхээр “М" ХХК-аас төслийн санхүүжилтэд зориулж 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг байгуулж, 2,300,000,000 төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай, жилийн 11.09 хувийн хүүтэйгээр зээлж авахаар, зээлийн төлөлтийг зээл олгосон өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд зээлийн хүүг, 13 дахь сараас эхлэн зээл хүүний төлбөрийг төлөхөөр тохиролцсон.

Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч талаас 2,102,031,829 төгрөгийг зээлдэгч талд шилжүүлсэн бөгөөд “М” ХХК-ийн зүгээс зээлийн үлдэгдэл төлбөр болох 197,968,170 төгрөгийг үндэслэлгүйгээр шилжүүлэхээс татгалзаж, гэрээний үүргээ зөрчсөн. Манай компани төслийн зарцуулалт, холбогдох санхүүгийн баримт зэрэг “М” ХХК-аас шаардсан бүхий л баримт, мэдээллийг тухай бүрт хүргэн ажиллаж байсан.

Гэвч төрийн эрх бүхий байгууллага болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн газар зэрэг байгууллагаас манай компанийн үйл ажиллагааг зогсоосон, холбогдох гэрчилгээ, итгэмжлэлийн хугацааг тогтоосон хугацаанд сунгаж өгөөгүй, “М” ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үлдэгдэл санхүүжилтийг олгоогүй, дэлхий нийтэд тархаж буй цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд хүрсэн зэргээс улбаалан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад болж байсан.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа үндсэн зээл 2,102,031,829 төгрөг, зээлийн хүү 450,500,001 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,234,757 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч талаас үндсэн зээлийн төлбөрөөс бусад хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь төрийн эрх бүхий байгууллагаас компанийн үйл ажиллагааг зогсоосон, зээлдүүлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, давагдашгүй хүчин зүйл буюу цар тахалтай холбоотойгоор компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд хүрсэн тул зээлийн хүүг төлөх боломжгүй бөгөөд үндэслэлгүй.

Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2023 онд дуусгавар болох бөгөөд зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан, гэрээний хугацаа дуусаагүй тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Түүнчлэн хүү, нэмэгдүүлсэн хүү хэрхэн тооцсон нь тодорхойгүй. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд барьцаанд тавих талаар л итгэмжлэлд тусгагдсанаас өөр эрхийг олгоогүй болно. Барьцааны гэрээ өөрөө хуульд нийцсэн, хүчин төгөлдөр эсэх эргэлзээтэй. Барьцаагаар хангагдах шаардлагын хугацаа заагдаагүй тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Нэг хөрөнгийн өмчлөгч М.Тэнгисийн тухайд хүсэл зориг илэрхийлсэн баримтгүй тул гуравдагч этгээдийн эрх зөрчигдөхгүй тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “Д” ХХК-аас 2,564,766,588 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 82,700,959 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд 2018-168 тоот барьцааны гэрээний зүйл болох Ц.Насанбатын өмчлөлийн:

а/эрхийн улсын бүртгэлийн Ү-2204014806 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамж, 25 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай, 810 мкв зоорьтой хоёр давхар үл хөдлөх хөрөнгө,

б/эрхийн улсын бүртгэлийн Г-2204007064 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18646311562821 дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамж, 25 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 819 мкв талбай бүхий өмчлөлийн газар,

в/эрхийн улсын бүртгэлийн Ү-2203036846 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 504 дүгээр байр, 122 тоотод байрлах 37,9 м.кв талбай хоёр өрөө орон сууц,

- 2018-172 тоот Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээ-ний дагуу барьцаалсан БНХАУ-ын Jiangsu Jin Yuming Electronics Co.Ltd-тай байгуулсан гэрээний дагуух 524.005 ам.долларын тоног төхөөрөмж, бараа материал болон Стриж Телематика ХХК-тай байгуулсан гэрээний дагуух 5000 ширхэг бараа бүтээгдэхүүн,

- 2018-173 тоот Тоног төхөөрөмж барьцаалах гэрээ-ний дагуу барьцаалсан БНХАУ-ын Jiangsu Jin Yuming Electronics Co.Ltd-наас худалдан авсан лабораторийн тоног төхөрөөмж, гаалийн мэдүүлгээр баталгаажуулсан 10.000 ширхэг тоолуур зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 2018-169, 2018-170, 2018-171 тоот барьцааны гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038828, Ү-2204016245, Ү-2003003007 дугаарт бүртгэлтэй хөрөнгөнөөс хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2021/03526 дугаар шүүгчийн захирамжийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 3 дахь заалт энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.16, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13,051,982 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “М” ХХК нь “Д” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ, мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгч “М” ХХК нь анхан шатны шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа хариуцагч “Д” ХХК-аас зээлийн гэрээний үүрэг болох 2,564,766,588.17 төгрөгийг гаргуулах болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 82,700,959.00 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 2,647,467,547.00 төгрөгийг хариуцагч “Д” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн З-ДБИ-З 2018-167 тоот зээлийн гэрээг шүүхэд нэхэмжлэл ирсэн өдрөөр цуцалж, нэхэмжлэлийн шаардлагаас 82,700,959.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн гэрээг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр бус, харин уг иргэний хэргийг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан шүүхээс шийдвэр гарч буй өдрөөр зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулах талаар хүсэл зоригоо илэрхийлж, хүү тооцооллыг холбогдох баримтын хамт гаргаж өгсөн боловч шүүх анхаарч үзсэнгүй.

Өөрөөр хэлбэл гэрээг цуцалсан гэж үзэж түүний үр дагаврыг шаардаж байгаа бус харин гэрээг шүүхийн журмаар цуцлуулан түүний үр дагаврыг шаардаж байгааг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар 2018-169, 2018-170, 2018-171 тоот барьцааны гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038828, Ү- 2204016245, Ү-2003003007 дугаарт бүртгэлтэй хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүхийн зүгээс “дээрх барьцаа хөрөнгүүд бусдын эд хөрөнгө, барьцаалуулагч нарт холбогдуулж шаардлага гаргаагүй, итгэмжлэл дэх “үүргийн гүйцэтгэлийг хангах ” эрхийг төлөөлүүлэгчид олгосон явдал “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Д” ХХК-д холбогдох энэ хэрэгт барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч олгосон итгэмжлэл гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь 2018-169 тоот барьцааны гэрээг барьцаа хөрөнгийн өмчлөгч Г.Удвалаас иргэн Ц.Насанбатад олгосон итгэмжлэлийг хуульд заасны дагуу гаргуулж зохих ёсоор баталгаажуулж авсныг, 2018-170 барьцааны гэрээг барьцаа хөрөнгийн өмчлөгч Ж.Энхчимэгээс иргэн Ц.Насанбатад олгосон итгэмжлэлийг хуульд заасны дагуу гаргуулж зохих ёсоор баталгаажуулж авсныг, 2018-171 барьцааны гэрээг барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Тэнгистэй байгуулсныг анхаарч үзээгүй мөн бичгийн нотлох баримт болох итгэмжлэлийг үнэлээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэл гаргасан, мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж шүүх хэргийг шийдвэрлэсэн.

“М” ХХК нь “Д” ХХК-д холбогдуулан зээлийн төлбөрт 2,101,031,829 төгрөг, зээлийн хүү 450,500,001 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,234,757 төгрөг нийт 2,564,6766,588 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.

Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлгийг тайлбарлах тухай 53 дугаартай тайлбарын 2.2-т “...Мөн зүйл, заалтын “нэмэгдүүлсэн хүү” гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ, 2.3-т мөн зүйл, заалтын “үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэдгийг зээлдэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгэдээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө гэж ойлгоно” гэж тус тус тайлбарласан.

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2023 онд дуусах юм. Гэтэл анхан шатны шүүхээс зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг зөрчиж хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 12,234,757 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх хэргийн харьяаллыг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, уг иргэний хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч талаас хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлт гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шүүхийн ажиллагааг зөвтгөх, хэргийг харьяаллын дагуу шилжүүлээгүйгээс үүсэн асуудлыг зөвтгөн, илүү нэхэмжилсэн 12,234,757 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,647,467,547 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн зээл 2.102.031.829 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

“М” ХХК болон “Д” ХХК-иуд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 2,300,000,000 төгрөгийг жилийн 11,09 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн /хх-8-15/ талаар талууд маргаагүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

“М” ХХК дээрх гэрээний дагуу зээлдэгчид 2,102,031,829 төгрөг шилжүүлсэн, “Д” ХХК гэрээний үүрэгт нийт 113,136,762 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч “Д” ХХК нь зээлийг гэрээний 3.1.5, 3.1.6, 3.1.7-д зааснаар хуваарийн дагуу буцаан төлөх үүргээ зөрчсөн, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, зээл, хүүг төлбөрийг хуваарьт заасан хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагчид холбогдуулж зээлийн төлбөрт үндсэн зээл 2,102,031,829 төгрөг, хүү 450,500,001 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,234,757 төгрөг, нийт 2,564,766,588 төгрөгийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Талууд гэрээний 3.1.5-д үндсэн төлбөрийг эхний олголтоос хойш 11 сар чөлөөлж, 12 дахь сараас сар тутам төлнө, 3.1.6-д үндсэн хүүгийн төлбөрийг зээлийн эхний олголтоос хойш сар тутам төлнө, 3.1.12-т хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зөрчил үүссэн дүнгээс үндсэн хүүгийн хувийн 20 хувиар төлбөрийн зөрчлийг арилгах хүртэл хугацаанд нэмэгдүүлсэн хүү, хүү төлнө гэж тус тус тохиролцсон байх тул хариуцагчийн “хугацаа дуусаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэггүй” гэсэн тайлбар үндэслэлгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү болон гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасантай нийцжээ.

Мөн талууд гэрээний 10 дугаар зүйлд үүргийн зөрчил, хүлээх хариуцлагын талаар тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, үүргийн зөрчил үүссэн байх тул зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, нэмэгдүүлсэн хүү 12,234,757 төгрөг төлөх үүрэггүй гэх давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй юм.

 

Дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “М” ХХК болон Ц.Насанбат нар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2018-168 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Ц.Насанбатын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204014806 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамж, 25 тоот хаягт байрших үйлчилгээний зориулалттай, 810 м.кв зоорьтой хоёр давхар үл хөдлөх хөрөнгө,

улсын бүртгэлийн Г-2204007064 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18646311562821 дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамж, 25 тоот хаягт байрших гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 819 м.кв талбай бүхий өмчлөлийн газар,

улсын бүртгэлийн Ү-2203036846 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 504 дүгээр байр, 122 тоот хаягт байрших, 37,9 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг, /хх16-21/

мөн өдрийн 2018-169 тоот барьцааны гэрээгээр, Ц.Насанбат, Г.Удвал нарын хамтран өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206038828 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 76 тоотод байрлах 324,34 мкв талбай бүхий хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг, /хх 22-26/

мөн өдрийн 2018-170 тоот барьцааны гэрээгээр Ж.Эрдэнчимэгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204016245 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр 157 тоотод байрлах, 43 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг, /хх 27-31/

мөн өдөр “М” ХХК болон Б.Тэнгис нар 2018-171 тоот барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Тэнгисийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2003003007 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 9 дүгээр байр 3 тоотод байрлах, 38,6 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг, /хх 32-35/

мөн өдөр “М” ХХК болон “Д” ХХК-иуд 2018-172 тоот Ирээдүйд бий болох эд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж, уг гэрээгээр БНХАУ-ын Jiangsu Jin Yuming Electronics Co.Ltd-тай байгуулсан гэрээний дагуух 524.005 ам.долларын тоног төхөөрөмж, бараа материал болон Стриж Телематика ХХК-тай байгуулсан гэрээний дагуух 5000 ширхэг бараа бүтээгдэхүүнийг, /хх 36-38/

мөн 2018-173 тоот Тоног төхөөрөмж барьцаалах гэрээгээр БНХАУ-ын Jiangsu Jin Yuming Electronics Co.Ltd-наас худалдан авсан лабораторийн тоног төхөрөөмж, гаалийн мэдүүлгээр баталгаажуулсан 10.000 ширхэг тоолуурыг тус тус байгуулжээ. /хх 39-41/

 

Дээрх барьцааны гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх “Д” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр шууд төлөөлөх эрх бүхий этгээд Ц.Насанбат байх тул 2018-168 тоот барьцааны гэрээний дагуу Ц.Насанбатын өмчлөлийн хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нэхэмжлэлийн үр дагаврыг Ц.Насанбат мэдсэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

2018-169 тоот барьцааны гэрээний зүйл Г.Удвал, Ц.Насанбат нарын хамтран өмчлөлийн эд хөрөнгө, 2018-170, 2018-171 тоот барьцааны гэрээний зүйл Ж.Энхчимэг, Б.Тэнгис нарын өмчлөлийн эд хөрөнгө байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс барьцаалуулагч нарт холбогдуулан барьцааны гэрээний үүргийн талаар шаардлага гаргаагүй байна. Г.Удвал, Ж.Энхчимэг нараас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өөрсдийн өмчлөлийн хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эрхийг Ц.Насанбатад итгэмжлэлээр олгосон байх бөгөөд тэдгээрийг шүүхэд төлөөлөх эрхийг олгоогүй байна. Иймд 2018-169, 2018-170, 2018-171 тоот барьцааны гэрээнүүдээр зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд 2018-168, 2018-172, 2018-173 тоот барьцааны гэрээний барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. 2018-169, 2018-170, 2018-171 тоот барьцааны гэрээний дагуу барьцаалуулагч нь нэр бүхий иргэдэд холбогдуулан шаардлагаа жич гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Хариуцагч “Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны 33, Танан төв байр гэж хаягийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагч нь хаягаа сольсон гэх үйл баримт тогтоогдоогүй. Хариуцагч байгууллага албан бичигтээ өөр хаяг бичсэн нь хариуцагчийн оршин байгаа газрыг тодорхойлохгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01241 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,706 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА