Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 118/2017/0023/З |
Дугаар | 417 |
Огноо | 2017-10-30 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 417
Э.Д-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Э.Д, түүний өмгөөлөгч О.Мөнхболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0490 дүгээр магадлалтай, Э.Д-гийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, тус Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж,
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Д-гийн цалин хөлс болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхийг дурдаж,
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн халамж, нийгмийн бодлого хариуцсан ажилтны албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан шалгуур үзүүлэлтүүдээр нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэл болон нийгмийн хамгаалал, халамж хариуцсан түшмэлийн албан тушаалыг урьд эрхэлж байсан албан хаагчдаас сонгон шалгаруулж, томилох талаар хариуцагчаас захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон 45 хоногийн хугацаанд гаргаагүй тохиолдолд тус Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0490 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Д-гийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалын 3 дахь хэсгийг хүчингүй болгож, Э.Д-г мэргэжил, мэргэшлийнх нь дагуу өөр ажил, албан тушаалд томилох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2660606 /хоёр сая зургаан зуун жаран мянга зургаан зуун зургаа/ төгрөгийг олгохыг хариуцагчид тус тус даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, хоёр дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Э.Д-гийн “Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/06 дугаар тушаалын нэг дэх хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг баримтлаагүй гэх үндэслэлээр зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн дагуу орон тоо нь өөр албан тушаалд нэгтгэгдэж 3 сарын тэтгэмжийг олгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны хуулийг зөрчөөгүй юм.
Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын 2 орон тоо нэгтгэгдэж, эдгээр орон тоонд ажиллаж байсан ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт хийх явцад нэхэмжлэгч Э.Д нь олон жил ажилласан өрх толгойлсон эмэгтэйтэй өрсөлдөхгүй гээд өөрийн саналаар сонгон шалгаруулалт явуулахыг зогсоосон үйлдлээ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрсөн байдлыг 3 сарын тэтгэмжийг бодуулан авсан үйлдэл нь баталдаг. Хариуцагч байгууллагын төлөөлөгч энэ шалтгаанаар М.Нарантуяаг шинэ ажлын байранд авч ажиллуулсан байдаг.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, маргааны үйл баримтыг буруу үнэлж дүгнэн, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулснаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Улсын Их Хурал, Засгийн газар, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн холбогдох тогтоол, сумын Засаг даргын 2016 оны А/135 дугаар захирамж зэргийг үндэслэн Э.Д-г Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэлийн албан тушаалаас чөлөөлж, түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь “...ажлын байрны чиг үүрэг хэвээр байгаа...,... Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчсөн..., 2 нас 4 сартай охинтой...” гэж дээрх захиргааны актыг хүчингүй болгуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооны өөрчлөлтөөр нэхэмжлэгч Э.Д-гийн эрхэлж байсан Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэлийн албан тушаалыг Нийгмийн хамгаалал, халамжийн бодлого хариуцсан түшмэлийн албан тушаалын ажлын байртай нэгтгэж, Нийгмийн халамж, нийгмийн бодлого хариуцсан түшмэлийн нэг орон тоотой байхаар баталжээ.
Захиргааны байгууллага албан тушаалын 2 ажлын байрыг нэгтгэснээр тус тусын чиг үүргийг хэрэгжүүлж байсан Э.Д, М.Нарантуяа нараас сонгож, шинээр бий болсон албан тушаалд томилсон болохоо хүлээн зөвшөөрсөн байна.
Мөн тухайн албан тушаалд М.Нарантуяаг ажиллуулах болсноо хариуцагч нь төрийн албанд ажилласан хугацаа, өрх толгойлсон эмэгтэй зэрэг байдлыг харгалзаж, нэхэмжлэгч Э.Д-д мэдэгдэж шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу “...албан хаагчдаас шалгаруулж авах...” үүргээ захиргааны байгууллага зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Иймд “...сонгон шалгаруулах нь хариуцагчийн чиг үүрэг, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэж дүгнэж, маргаан бүхий Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны Б/06 дугаар тушаалыг 45 хоногоор түдгэлзүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцжээ.
Харин анхан шатны шүүх дээрх тушаалыг түдгэлзүүлсэн атлаа “...Б/106 тушаал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болох нь тогтоогдсон, цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл гаргуулах шаардлага үндэслэлтэй, ...хэмжээний тухайд маргаж байгаа тул иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх ...” хэмээн зөрчилтэй дүгнэлт хийж, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу болно.
Учир нь, маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр тухайн акт нь захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хэрэгжиж, биелэгдэх боломжгүй, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг нөхөн гаргуулах нь уг маргаан бүхий захиргааны акт хууль ёсны эсэхээс хамааралтай, захиргааны актыг түдгэлзүүлснээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг тусад нь шийдвэрлэх боломжгүйг анхан шатны шүүх анхаараагүй байх тул шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.
Дээр дурдсанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл бүтэц орон тооны өөрчлөлтөөр нэхэмжлэгч Э.Д-гийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хадгалагдан үлдсэн болох нь нотлогдсон байтал давж заалдах шатны шүүх “...нэгэнт байхгүй болсон албан тушаалаас Э.Д-г чөлөөлсөн нь гадагшаа чиглээгүй, захиргааны актын шинжийг агуулаагүй...” гэх үндэслэлээр “маргаан бүхий 2017 оны Б/06 дугаар тушаалын Э.Д-г Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан түшмэлийн албан тушаалаас чөлөөлсөн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, харин түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай 3 дугаар заалтыг хүчингүй болгон, Э.Д-г мэргэжил, мэргэшлийнх нь дагуу өөр ажил, албан тушаалд томилох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгохыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Тодруулбал, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны Б/06 дугаар тушаал нь нэхэмжлэгч Э.Д-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт байна.
Мөн энэ маргааны тухайд Э.Д-гийн албан тушаалын чиг үүрэг хадгалагдан үлдсэн талаар хэргийн оролцогчид маргаагүй, нэхэмжлэгч нь урд эрхэлж байсан албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах ёстой гэж маргасан байхад давж заалдах шатны шүүх “мэргэжил, мэргэшлийнх нь дагуу өөр ажилд томилох”-ыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь маргааны бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан, тухайн захиргааны акт нь Э.Д-г ажлаас чөлөөлөхөд чиглэгдсэн, тушаалын заалтууд нь хоорондоо харилцан хамааралтайгаар хэрэгжихээр байхад давж заалдах шатны шүүх эдгээр заалтуудыг тусад нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага байдлаар тайлбарлаж шийдвэрлэсэн нь буруу юм.
Үүнээс гадна бүтэц орон тооны өөрчлөлтийн үр дүнд төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу тус тус зохицуулагдахаар тусгайлан, тодорхой заасан байх тул Хөдөлмөрийн тухай хууль энэ маргаанд хамааралгүй гэж үзнэ.
Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0490 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн “2” дахь заалтыг хүчингүй болгож, “3”, “4”, “5” дахь заалтын дугаарыг “2”, “3”, “4” дэх заалт болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай .
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л. АТАРЦЭЦЭГ