Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2021/01530

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Х овогт Ө-ий М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, Н ш ш г г-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00368 дугаар захирамжаар “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ны нэхэмжилсэн 1.201.282.963 төгрөгийг Ө.М би төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, барьцааны улсын бүртгэлийн Ү-2206012688 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Рояал каунти, 311 дүгээр байрны 604 тоот, 200 мкв талбай бүхий орон сууц, зоорийн давхрын 23, 24 тоот авто зогсоолын хамт, мөн улсын бүртгэлийн Ү-2203018178 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 24а байр, 12 тоот, 169,58 мкв талбай бүхий 6 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулж, үнийн санал авсан боловч талууд зөвшилцөлд хүрээгүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн шинжээч Б.Батзаяаг томилсон байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4-151/5021, 4-151/5022 тоот мэдэгдлээр миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг дэх орон сууц, авто зогсоолуудын хамт 938.807.810 төгрөгөөр, Сүхбаатар дүүрэг дэх орон сууцыг 429.115.100 төгрөгөөр тус тус үнэлсэн ба үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдсэн.

            Дээрх хоёр хөрөнгө хотын А зэрэглэлд байршилтай, зах зээлийн эрэлт ихтэй, тансаг зэрэглэлд хамаарах, бие даасан харуул хамгаалалттай, өдрөөс өдөрт үнэ цэнэ нэмэгдэж байгаа объектууд байтал хэт доогуур үнэлж байгаа нь хууль, журамд заасан аргачлалаар хийгдээгүй, хувь хүний эрхэд халдсан, хувийн өмчийг үнэгүйдүүлсэн үйлдэл гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг үндэслэн гомдол гаргаж байна. Энэ нэхэмжлэлийг өмнө шүүхэд гаргасан ч шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул дахин гаргасан болно. Иймд хуульд заасан хугацаа хэтрүүлээгүй.

Иймд “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хийсэн улсын бүртгэлийн Ү-2206012688 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял каунти /17024/, Тэнгэр рашаан гудамж, 311 дүгээр байрны 604 тоот хаягт байрлалтай 200 мкв талбай бүхий орон сууц, зоорийн давхарын 23, 24 автомашины зогсоолын хамт 938.807.810 /есөн зуун гучин найман сая найман зуун долоон мянга найман зуун арав/ төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-2203018178 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 24А байрны 12 тоот хаягт байрлах 169.58 мкв бүхий 6 өрөө орон сууцыг 429.115.100 /дөрвөн зуун хорин есөн сая нэг зуун арван таван мянга нэг зуу/ төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00368 дугаар захирамжаар Ө.М-өөс 1.294.400.246,82 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Ө.М-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн ч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ө.М-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018178 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 24А байрны 12 тоот хаягт байрлах 169.58 мкв бүхий 6 өрөө орон сууц , Ө.М-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206012688 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял каунти /17024/, Тэнгэр рашаан гудамж, 311 дүгээр байрны 604 тоот хаягт байрлалтай 200 мкв талбай бүхий орон сууц, зоорийн давхарын 23, 24 тоот 200 мкв орон сууц, автомашины зогсоолын хамт тус тус битүүмжилж хураасан. Улмаар үнийн санал авсан. Төлбөр авагч өгсөн үнийг зөвшөөрөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “үнэлгээний талаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байдаг ч нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Ө. М “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулан 480.000.000 ам.долларыг зээлж авсан. Зээлдэгч үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцааны гэрээгээр Ө.М-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206012688 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял Каунти, Тэнгэр рашаан гудамж, 311 дүгээр байрны 604 тоот хаягт байрлах 200 м.кв орон сууц, 23, 24 тоот автомашины зогсоол, Улсын бүртгэлийн Ү- 2203018178 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, 24А байрны 12 тоот хаягт байрлах 169.58 мкв бүхий 6 өрөө орон сууцыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно.

Зээлдэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банкны зүгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 1.201.282.963 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №181/ШШ2020/00368 тоот захирамжаар хариуцагч дээрх мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрэлийн гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах, төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн. Гэвч сайн дураар биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр №181/ГХ2020/0861 тоот шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Улмаар төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэн барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авсан. Гэвч өмчлөгч, төлбөр төлөгч бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүйгээр хэт өндөр үнэлгээг гаргаж өгсөн тул хөндлөнгийн шинжээч томилогдон барьцаа хөрөнгүүдийг үнэлсэн. Шинжээчийн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйл болон 8 дугаар зүйлд заасны дагуу хараат бусаар, шударгаар, үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг үндэслэн мөн тухайн газарт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн ханш, газар зүйн байршил, хөрөнгийн элэгдэл, хорогдол зэргийг бодитойгоор тогтоон харьцуулсны үндсэн дээр гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ө.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С  Н ш ш г г- т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00368 дугаар шүүгчийн захирамжаар Ө.М-өөс 1.201.282.963 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгох, сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012688 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Рояал каунти, Тэнгэр рашаан гудамж 311 дүгээр байрны 604 тоот, зоорийн давхрын 23, 24 тоот хаягт байрлах 200 мкв талбай бүхий орон сууц, автомашины зогсоол, мөн түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018178 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 24А байр, 12 тоотод байрлах 169.58 мкв талбай бүхий 6 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээс хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх 30, 31, 143, 144/

Тус газар гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, улмаар шүүхийн шийдвэр биелүүлэх талаар мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20280976/04, 20280976/03 тоот “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ө.Мөнхөөгийн өмчлөлийн дээрх хоёр үл хөдлөх хөрөнгийг тус тус битүүмжилж, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 20280976/05 тоот, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 20280976/06 тоот “эд хөрөнгө хураах” тогтоолоор тус тус хурааж холбогдох ажиллагааг явуулжээ. /хх 26-53/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгчөөс үнийн санал авахад тэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012688 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэгт байрших хөрөнгийг 1.710.000.000 төгрөг гэж, харин эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018178 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэгт байрших нөгөө хөрөнгийг 1.208.000.000 төгрөг хэмээн саналаа өгснийг төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК эс зөвшөөрч шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлснээр 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3/19 дүгээр тогтоолоор  “Хөрөнгө эстимэйт” ХХК-г шинжээчээр томилжээ. /хх 54-56/

Хэрэгт авагдсан төлбөр төлөгчийн үнийн санал өгсөн баримтад огноо “2020.03.09” гэж бичигдсэн байх хэдий ч бичвэр хэсгийн дээд талд “Сүхбаатар дүүргийн шүүхийн 181/ШШ2020/00368 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хийгдэж буй ажиллагаанд үнийн саналыг хүргүүлж байна” хэмээн дурдсан байх тул техникийн алдаатай бичигдсэн тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.

Түүнчлэн төлбөр авагч талаас 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5/1660 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн шинжээч томилуулах тухай хүсэлтэд “Чингис хаан Холдинг ББСБ” ХХК-с төлбөр гаргуулах ажиллагаа” хэмээн дурдсан нь мөн алдаатай гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч битүүмжлэх, хураах болон шинжээч томилсон ажиллагаанд тус тус гомдол гаргаагүй.

Шинжээч эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012688 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэгт байрших хөрөнгийг 938.807.810 төгрөг гэж, харин эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018178 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэгт байрших хөрөнгийг 429.115.100 төгрөг гэж тус тус үнэлсэн, дээрх үнэлгээг төлбөр төлөгчид 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4-151/5021, 4-151/5022  дугаар мэдэгдлээр 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлж, энэ тухай тэмдэглэл үйлдэн баталгаажуулжээ. /хх 57-114/

Нэхэмжлэгч дээрх үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргаж байх боловч тэрээр зах зээлийн ханшаас доогуур, хэт бага үнэлсэн тухай тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн дээрх үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэх байдал тогтоогдоогүй болно.

Дээр дурдсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй, зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр анх нэхэмжлэл гаргасныг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авахаас татгалзсан, дахин 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр энэ нэхэмжлэлийг гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь “7 хоногийн дотор гомдол гаргах” тухай хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.  /хх 152-156/

Гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлснийг 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “ажилтан Оюун-Эрдэнэ” хэмээн гарын үсэг зурж хүлээн авсан атлаа хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, зохигчдоос түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар тайлбар гаргаж байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.  /хх149/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Н ш ш г г т холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ө.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШЗ2021/04853 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ