Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01520

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01520

 

 

 

 

 

 

                                         Ө.Мгийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/01530 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө.Мгийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00368 дугаартай шүүгчийн захирамжаар Ө.Мгөөс 1 201 282 963 төгрөг гаргуулж, ХХБ ХХК-нд олгох, шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар барьцаа хөрөнгө болох ..., 200 мкв талбай бүхий орон сууц, зоорийн давхрын 23, 24 тоот авто зогсоолын хамт, мөн ..., 169,58 мкв талбай бүхий 6 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулж, шинжээчээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг томилсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4-151/5021, 4-151/5022 тоот мэдэгдлээр Хан-Уул дүүрэг дэх орон сууцыг авто зогсоолуудын хамт 938 807 810 төгрөгөөр, Сүхбаатар дүүрэг дэх орон сууцыг 429 115 100 төгрөгөөр тус тус үнэлж, үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдсэн. Уг хөрөнгүүд нь хотын А зэрэглэлд байршилтай, зах зээлийн эрэлт ихтэй, тансаг зэрэглэлд хамаарах, бие даасан харуул хамгаалалттай, өдрөөс өдөрт үнэ цэнэ нэмэгдэж байгаа объектууд байтал хэт доогуур үнэлж байгаа нь хууль, журамд заасан аргачлалаар хийгдээгүй, хувь хүний эрхэд халдсан, хувийн өмчийг үнэгүйдүүлсэн үйлдэл гэж үзэн гомдол гаргаж байна. Иймд “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн ...604 тоот хаягт байрлалтай 200 м.кв талбай бүхий орон сууцыг, зоорийн давхрын 23, 24 автомашины зогсоолын хамт 938 807 810 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, ... 6 өрөө орон сууцыг 429 115 100 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00368 дугаар захирамжаар А.Мөнхөөгөөс 1 294 400 246,82 төгрөгийг гаргуулж ХХБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Ө.Мд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ө.Мгийн өмчлөлийн ... хаягт байрлалтай 200 мкв талбай бүхий орон сууц, зоорийн давхрын 23, 24 тоот 200 м.кв орон сууц, автомашины зогсоолын хамт тус тус битүүмжилж хураан, Улмаар үнийн санал авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Ө.М ХХБ ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 480 000 000 ам.доллар зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд ... 604 тоот хаягт байрлах 200 м.кв орон сууц, 23, 24 тоот автомашины зогсоол, ..., ... 6 өрөө орон сууцыг барьцаалан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 00368 тоот захирамжаар талууд эвлэрсэн боловч Ө.М үүргээ биелүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэн барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авсан. Төлбөр төлөгч бодит байдалд нийцээгүй, хэт өндөр үнэлгээг гаргаж өгсөн тул хөндлөнгийн шинжээч барьцаа хөрөнгүүдийг үнэлсэн. Шинжээч үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд заасны дагуу хараат бусаар, шударгаар, үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг үндэслэн мөн тухайн газарт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн ханш, газар зүйн байршил, хөрөнгийн элэгдэл, хорогдол зэргийг бодитойгоор тогтоон харьцуулсны үндсэн дээр гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ө.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШЗ2021/04853 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурджээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шинжээчийн үнэлсэн хөрөнгүүд нь хотын А зэрэглэлд байршилтай, зах зээлийн эрэлт ихтэй, тансаг зэрэглэлд хамаарах, бие даасан харуул хамгаалалттай, тав тухтай амьдрах орчин нөхцөл бүрэн хангагдсан, өдрөөс өдөрт үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж байгаа объектууд. Гэтэл олон жилийн өмнө худалдаж авч байсан үнийн дүнд хүрэхгүй хэт доогуур үнэлэгдсэнийг анхаарч үзэх шаардлагатай. Нэхэмжлэгчийн зүгээс .. 604 тоот хаягт байрлах 200 м.кв орон сууц, 23, 24 тоот автомашины зогсоолын хамт анх 600 000 ам.доллараар худалдан авсан бөгөөд Худалдаа хөгжлийн банкнаас 480 000 ам.доллар зээлж, 120 000 ам.долларыг хувиасаа төлсөн. 8 жилийн өмнө банкнаас авсан зээл барьцааны хөрөнгийг нэгийг нь худалдаж авахад хүрэлцэхгүй байсан бол өнөөдөр банкнаас авсан зээлээ төлөх гэхээр үнэлгээ нь хүрэхгүй байгаа гэдгийг нотлох зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан гэрээ, төлбөр төлсөн баримт зэргийг нотлох баримтаар өгсөн. Уг баримтуудыг тухайн байрны өнөөгийн зах зээлийн үнийг тогтооход харгалзан үзэх байх гэж нотлох баримтаар өгсөн байтал шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд шинжлэн судлаагүй, ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй гэж дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ө.М хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00368 дугаар захирамжаар Ө.Мгөөс 1 201 282 963.81 төгрөг гаргуулж, ХХБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Ө.Мгийн өмчлөлийн ... 604 тоот, зоорийн давхрын 23, 24 тоот хаягт байршилтай 200 м.кв талбай бүхий орон сууц, автомашины зогсоол, мөн ...169.58 м.кв талбайтай 6 өрөө орон сууцаар тус тус хангуулахаар шийдвэрлэжээ. /хх30-31/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэдэг зарчимтай.

 

Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, эд хөрөнгө битүүмжлэн хураах, үнийн санал авах, үнэлгээ тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсан байна. Шинжээч “Хөрөнгө эстимэйт” ХХК ... 604 тоот, зоорийн давхрын 23, 24 тоот хаягт байршилтай 200 м.кв талбай бүхий орон сууц, автомашины зогсоолыг 938 807 810 төгрөгөөр, ...6 өрөө орон сууцыг 429 115 100 төгрөгөөр үнэлсэн байх ба шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдэх хуудсаар мэдэгджээ. /хх27-29, 32, 42-56, 112-113 /

 

Нэхэмжлэгчийн орон сууцуудыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх гомдол үндэслэлгүй, шинжээч үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хийсэн байна.

 

Хэргийн 62-107 дугаар талд авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ өртгийн, орлогын, зах зээлийн хандлагын аргуудыг ашигласан байх ба хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж үзэн зах зээлийн хандлагын аргаар эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон байна. Нэхэмжлэгч барьцааны хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлан хэрэгт ... 604 тоот, зоорийн давхрын 23, 24 тоот хаягт байршилтай 200 м.кв талбай бүхий орон сууц, автозогсоолыг 2014 онд 600 000 ам.доллараар худалдан авсан гэрээ, төлбөр төлсөн баримт зэргийг шүүхэд ирүүлсэн байна. /хх145-146/ Тухайн үед орон сууц худалдан авсан үнэ нь одоогийн зах зээлийн үнийг тодорхойлохгүй. 

 

Шинжээч нь ... 604 тоот, зоорийн давхрын 23, 24 тоот хаягт байршилтай 200 м.кв талбай бүхий орон сууц, автомашины зогсоолыг үнэлэхдээ тухайн объектыг www.unegui.mn, www.zarmedee.mn, www.facebook.com сайтад худалдахаар зарлагдсан байршил, хийц, талбайн хэмжээ, загварын хувьд ойролцоо дээрх орон сууцны 2-р давхарт байрлах 200 м.кв болон 205.7 м.кв 2 авто зогсоолтой, 6-р давхарт байрлах 462 м.кв, 2 авто зогсоолтой орон сууцуудтай, ...6 өрөө орон сууцны үнэлгээг тогтоохдоо тухайн объектыг www.unegui.mn зарын сайтад худалдахаар зарлагдсан ...170 м.кв, .... 6 давхар барилгын 3, 4 давхарт байрлах 122 м.кв болон 147м.кв талбайтай орон сууцуудтай тус тус харьцуулан барилгын байршил, талбайн хэмжээ, ашиглалтад орсон хугацаа зэргийг харгалзан үзжээ.

 

Хариуцагчаас мэргэжлийн тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилон  тогтоосон үнэлгээний талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэсэн байна.

 

Эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацаанд гаргажээ. /хх152-155/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/01530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД

 

                                      ШҮҮГЧИД                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ 

 

                                                                                    А.МӨНХЗУЛ