Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2021/01598

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт байрлах, “Т Б ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “М-И ” ХХК /Регистрийн дугаар: 2107023/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Олимпийн гудамж Элчин сайдын яамдын хотхонд байрлах, “Х ” ХХК,

Хариуцагч: Баянзүрх дүүрэгт оршин суух, Б овогт Ж-ийн Э,

Хариуцагч: Баянзүрх дүүрэгт оршин суух, Ц овогт Б-ийн Б  нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2.169.330.842 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 “М-И ” ХХК, Б.Б нарын нэхэмжлэлтэй “Т Б ” ХХК-д холбогдох зээлийн гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, А.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Т Б ” ХХК нь “М-И ” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 12/16-42 тоот зээлийн гэрээг байгуулан Ази-Европын дээд хэмжээний чуулга уулзалтын арга хэмжээтэй холбогдуулан “Мика” зочид буудлын засвар шинэчлэлийн ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 1.216.000.000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлийн гэрээнд хүүг Монгол банкны урт хугацааны репо санхүүжилттэй байх эхний 33 сард буюу 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал жилийн 13,5 хувийн хүүтэйгээр, 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн сүүлийн 39 сарын хугацаанд жилийн 30 хувь байхаар талууд тохиролцсон. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 300.000.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 912.000.000 төгрөг, 2016 оны 5 сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөгийг тус тус олгож банк үүргээ биелүүлсэн.

Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 12/16-43 тоот барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

            1.Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн хороолол, Нэгдүгээр эмнэлгийн урд, 12A тоот хаягт байрлах, Ү-2203001157 дугаартай, 3.024 мкв талбайтай, контор, Зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

            2.Tyc хаягт орших 6002/0086 нэгж талбарын дугаар бүхий, ГД:0000146 тоот 3734 мкв талбайтай эзэмших эрхийн газар,  

3.“М-И ” ХХК-ийн ’’Ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах авлага, Банкин дахь харилцах хадгаламжийн данс, данснуудын орлого зэргийг тус тус барьцаалсан. Мөн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 12/16-44 тоот батлан даалтын гэрээг тус тус байгуулсан.

Зээлдэгч тал банкны олгосон зээлийг зориулалтын дагуу ашиглаж “Мика” зочид буудлын засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэн АСЕМ-ын зочдыг хүлээн авч үйл ажиллагааг хэвийн явуулсан.

Банкнаас зээл олгосноос хойш үндсэн зээлд 78.869.900 төгрөг, үндсэн хүү 79.210.680 төгрөг, нийт 158.080.580 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж зээлийн муу ангилалд шилжсэн.

Тус компани  1 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь Ж.Э юм. Мөн хамтран зээлдэгч, батлан даагчаар “Х ” ХХК, “Х ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, иргэн Б.Б  оролцож үүрэг хүлээсэн байдаг. Хариуцагч “М-И ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Э болон хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б  нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор буюу графикийн дагуу биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрдөг боловч банкинд өгсөн амлалт, хугацаатай авсан үүргүүд биелэхгүй байна.

Банкны зүгээс уг зээлийг төлүүлэхээр зээлдэгч нартай олон удаагийн давтамжтай уулзах, утсаар ярилцах, албан бичгээр хугацаа олгох зэргээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байгаа боловч тодорхой үр дүн гарахгүй байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч, батлан даагч нараас үндсэн зээл 1.133.520.100 төгрөг, үндсэн хүү 1.016.370.435 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19.440.306 төгрөг, нийт 2.169.330.842 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны гэрээнд дурдагдсан хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Банк АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Монголбанк болон Хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэрээр хариуцагч “М-И ” ХХК болон Б.Б , Ж.Э нарт зээл олгосон. Тухайн олгож буй зээлийн эх үүсвэрийн хэмжээ, хугацаа, нөхцөл нь Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны 5 дугаар 10-ны өдрийн 01/547 дугаартай Урт хугацаат репо гэрээ” болон Монгол Улсын Хөгжлийн банк, Т Б ны хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн З-АС-ХО/2016-33 дугаар “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-гээр зохицуулагдаж байсан.

Тухайн зээлийн эх үүсвэрийн хугацаа Репо болон Дамжуулан зээлдүүлэх гэрээний 2.1.6. 2.15-д тус тус заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1003 хоног буюу 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, зээлийн хүүгийн хэмжээ Репо гэрээний 2.1.5-д зааснаар “Бодлогын хүүгээс хасах 3 нэгж хувь", Дамжуулан зээлдүүлэх гэрээний 2.2.3-т зааснаар “жилийн 4,5% + зээлдэгчийн маржин /Монголбанкны өртгөөс хамаарна/”, санхүүжилтын хэмжээ “1.216.000.000 төгрөг" гэж заасан. Тухайн үед буюу 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Монголбанкнаас зарласан Бодлогын хүүний Репо санхүужилтын жилийн хүү - 12,5 хувь" байсан. Ийнхүү хүү тогтоогдохдоо Репо санхүүжилтын хүү 12,5% - 3%=9.5% дээр дамжуулан зээлдүүлэх гэрээний хүү 4.5% нэмэхэд хариуцагчтай байгуулсан гэрээн дэх жилийн 13,5 хувь гарна. Мөн зээлийн хэмжээ уг хоёр гэрээгээр 1.216.000.000 төгрөг, зээлийн хугацаа 33 cap буюу 2,9 жил гэж ирсэн. Өөрөөр хэлбэл Т Б ны хувьд ямар ч ашиггүй зөвхөн АСЕМ-ийн үйл ажиллагаанд Монгол Улсын болон банкны системийн нэр хүндийг хамгаалж Хөгжлийн банк болон Монгол банкнаас нэр заан ирсэн энэ зээлийг дамжуулан зээлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэсэн.

2.Хариуцагч буюу дамжуулан зээлдүүлэх гэрээний 1.2.4-т заасан Дэд зээлдэгч болох “М-И ” ХХК зээлээ хугацаанд нь төлсөн эсэхээс үл хамаарч Монголбанк болон Хөгжлийн банк Репо болон дамжуүлан зээлдэх гэрээний хугацаа дуусангуут манай банкнаас үл маргах журмаар энэ зээлийг төлүүлэхээр гэрээнд заасан. Дэд зээлдэгчийн өмнөөс зээл туүний хүүг бүрэн барагдуулж, гэрээний үүргээ гуйцэтгэсэн. Ингэж төлөгдсөнөөр зээлийн эх үүсвэр нь банкны өөрийн хөрөнгөөс төлөгдсөн.

3.Монголбанк болон Хөгжлийн банктай байгуулсан Репо болон дамжуулах гэрээнд заасан хугацаа 33 cap буюу 2,9 жил байсан. Гэтэл зээлдэгчийн хүсэл зорилго “М-И ” ХХК-иас 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06/04С дугаар албан бичигт хүссэнээр 72 cap буюу 6 жил байсан. Түүнээс богино хугацаанд төлөх боломжгүй гэсэн тул банк үлдэх 39  сарын /72-33=39/ хүүг тухайн зээл өөрийн эх үүсвэрт шилжих тул банкны зээл хүүний ерөнхий нөхцөлийн дундаж хүүг бодож, гэрээнд  жилийн 30 хувь байхаар тусгасан. Зээлдэгч тухайн үед зээл авахдаа дээрх бүх нөхцөл байдлыг ойлгож байсан. Энэхүү зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийн хүрээнд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан гэрээ юм.

Энэхүү зээлийн харилцаанд үүсэж байгаа талуудын хүсэл зориг нь хариуцагч талын сөрөг нэхэмжлэл гаргаж гэрээ цуцлах үндэслэл болгосон Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-д заасан нөхцөл биш бөгөөд талууд анх гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.2-т заасан Талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцөл... тул гэрээний стандарт нөхцөл биш болно. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч “М-И ” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Ази номхон далайн бүсийн чуулганы зочдыг хүлээн авах 44 зочид буудалд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элчингийн гудамжинд байрлах “Мика” зочид буудал сонгогдсоны дагуу 1998 онд ашиглалтад орсон тус буудалд их засвар шинэчлэлтийн ажлыг санхүүжүүлэх урт хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай болсон. Тухайн үед 2016 оны 4-5 саруудад анх удаа Төр засгийн зочид буудлын салбарыг дэмжиж, Гадаад хэргийн яаманд АСЕМ-тай холбоотой зээлийн талаар хурал хийж, урт хугацааны зээлийг жилийн 4.5 хувийн хүүтэй олгогдохыг уулзалт хийж, холбогдох зочид буудлуудад мэдээлж байсан боловч зээл олгох зээлийн гэрээг хийх болоход Монгол банк болон тухайн арилжааны банкууд зээлийн хүүг нэмэгдүүлж, жилийн 13.5 хувь болгосон.

“Мика” зочид буудлын их засвар шинэчлэлтийн ажлыг санхүүжүүлэх урт хугацааны хөрөнгө оруулалт хийх зорилгоор тухайн үеийн давчуу нөхцөл байдалд тулгамдан Т Б тай 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 12/16-42 тоот зээлийн гэрээг үйлдэж, 1.216.000.000 төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний 2.1.4.2 дэх заалтыг сайн анзааралгүй тухайн үед их засвар хийх хугацаа маш бага байсан тул бид зээл авахыг урьтал болгосон. 1998 оноос хойш манай компани аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газар, түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хуулийн этгээдийн хувьд тасралтгүй тогтвортой ажиллаж, ажлын байр бий болгон ажилласан. Одоогоор зочид буудал, түрээсийн чиглэлээр ажиллаж байна.

Тус 6 жилийн хугацаатай зээлийн гэрээнд 2.1.4.1-д заасан “эхний 33 сарын хугацаанд жилийн 13.5 хувь байна” гэж, 2.1.4.2-т “сүүлийн 39 сарын хугацаанд жилийн 30 хувь” болгож зээлийн хүүг 2,5 дахин өсгөж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй,тус заалтыг цуцалж гэрээний хугацаанд нэг 13.5 хувь хүүгээр байлгаж, гэрээнд өөрчлөлт оруулж өгөхийг удаа дараа мэдэгдэж, уулзахдаа хэлж, албан бичгүүд өгч байсан. Урт хугацааны хөрөнгө оруулалтын зээлийн нөхцөлд олон улсын байж боломгүй зүйл заалтууд байсныг хожим мэдлээ.

Зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө болох зочид буудлын барилга хангалттай байхад нэмж газрыг давхар барьцаалсан, зээлийн хүү маш өндөр зэрэг нь банкны талаас бидэнд тулгасан үйлдлүүд байлаа. Нэхэмжлэлд дурдсан нэмэгдүүлсэн хүүгийн бодолтын тайлбарыг байнга асуудаг боловч банкны программын аргаар боддог гээд бидэнд яаж гардаг талаар энэ хугацаанд тайлбарладаггүй байсныг хэлэх хэрэгтэй. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад улс орны энэ хүнд цаг үед аж ахуйн нэгжээ дэмжихийн оронд ажлын байраа хадгалж үйл ажиллагаагаа хадгалахаар ажиллаж буй биднийг шүүхэд өгснийг төр засгаас хүнд байдалд байгаа байгууллагуудаа дэмжихийн төлөө хийж байгаа үйлдлийн эсрэг үйл ажиллагаа гэж хүлээж авч байна.

Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр хийгээгүй нь манай байгууллагын хариуцлага байгаа хэдий ч биднээс үл хамаарах улс орны эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал болон агаарын цаашлаад дэлхий дахинд шинэ төрлийн корона вирус-19 цар тахал хурдацтай тархсаны улмаас Засгийн Газрын шийдвэрийн дагуу тогтоосон хорио цээр болон хилээ хаасан байдал жуулчид гадаадын зочид ирэх боломжгүй болж бүх захиалга цуцлагдаж, гадаадын түншүүдтэй хөрөнгө оруулалт болон мөнгөний яриа хэлцлүүд бүгд зогсож, 2020 оны 01 дүгээр сараас одоог хүртэл болон цаашид үргэлжилж байгаа энэхүү байдал аялал жуулчлал зочид буудлын салбарт тэг зогсолт хийхэд хүргэсэн нь манай байгууллагын хувьд хүндээр тусч байгаа билээ. Т Б инд зээлийн гэрээг сунгах онлайн хүсэлтийг удаа дараа өгсөн ч хүлээн аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ж.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Э миний хувьд “Т Б ” ХХК-аас “М-И ” ХХК-д олгосон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах үндэслэлгүй, уг нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдах ёсгүй гэж үзэж байна. Миний хувьд “М-И ” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг ба тус хуулийн этгээдийн банкнаас авсан зээлийн төлөлтийг иргэний хувиар тус банкны өмнө хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн агуулгаас харвал иргэн надаас юу шаардаж, юу нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс гэрээг хугацаанаас өмнө цуцлахад маргахгүй. Энэ хугацаанд төлсөн дүнд маргахгүй. Харин хүүг жилийн 13,5 хувиар тооцоолж нэхэмжлэлийн шаардлагаас нийтдээ 1.619.005.960 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч “М-И ” ХХК, Б.Б  нараас гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тухайн үед 2016 оны 4 дүгээр сард Гадаад харилцааны яаманд АСЕМ-ын уулзалтыг зохин байгуулах ажлын хэсгээс зочдыг хүлээн авах буудлын засвар шинэчлэлийн ажилд зориулан Монгол банкнаас жилийн 4.5 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг олгоно гэж мэдэгдсэн. Т Б  1.216.000.000 төгрөгийн зээл олгох боломжтой ба ингэхдээ Монгол банкнаас бидэнд хэлж танилцуулсан жилийн 4,5 хувийн зээлийн хүүг нэмэгдүүлж, жилийн 13.5 хувийн хүүтэй зээл олгохоор болсныг мэдэгдсэн. Манай компани төрөөс зохион байгуулж буй олон улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын ач холбогдол эх орныхоо нэр хүндийг бодож яаралтай засварын ажлаа эхлэхийн тулд жилийн 13.5 хувийн хүүтэй, 1.216.000.000 төгрөгийн зээлийг 6 жилийн хугацаатай авах хүсэлтээ Т Б инд гаргаж, улмаар зээлийн гэрээг банктай байгуулсан. Уг зээлийн гэрээний 2.1.4.1-д “ Монгол банкны урт хугацаат репо санхүүжилттэй байх эхний 33 сарын хугацаанд буюу 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал жилийн 13.5 хувь байна.” гэж заасан нь Т Б  манай жилийн 13.5 хувийн хүүтэй зээл авах хүсэлтийг хүлээн авсан болохыг нотолж байгаа юм. Мөн уг гэрээний 2.1.4.2-д “Монгол банкны урт хугацаат репо санхүүжилтийн хугацаа дуусах өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн сүүлийн 39 сарын хугацаанд жилийн 30.0 хувь байна“ гэж заасан байсныг бидэнд хэлж танилцуулаагүй, тухайн үед сайн анзаараагүй байсан. Т Б наас гэрээний нөхцөлийг бичиж зээл олгох үедээ гарын үсэг зуруулж байгуулсан бөгөөд тухайлан уншиж танилцах, нэг бүрчлэн хэлэлцэх боломжгүй байсан, гэрээнд хүү өөрчлөх нөхцөл заасныг манайд танилцуулаагүй, манайх зээл хүссэн хүсэлтдээ жилийн 13.5 хувийн хүүтэй зээл авах хүсэлтээ тодорхой илэрхийлсэн байсан тул энэ нөхцөлөөр зээл олгогдсон гэж бид ойлгосон юм. Сүүлд гэрээний энэ заалттай танилцаж мэдээд манай компани гэрээний 2.1.4.2 дахь заалтыг цуцлах саналыг банкинд 2018 оны 12 дугаар сарын 12-нд, 2019 оны 01 дүгээр сарын 24-нд тус тус гаргаж байсан боловч банк уг заалтыг цуцлах боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингэхдээ “ ... уг зээлийн эх үүсвэр Хөгжлийн банкнаас тодорхой нөхцөлтэй гэрээний үндсэн дээр шилждэг. Энэхүү харилцаанд Т Б  дамжуулан зээлдүүлэх үүрэгтэй“-ээр оролцож байгаа, түр эх үүсвэр Төв банкны урт хугацаатай репо санхүүжилттэй уялдаж байгаа гэсэн тайлбарыг ирүүлсэн байсан.  Анх зочид буудлуудын засварын ажлыг санхүүжүүлэх зээлийн эх үүсвэрийг Монгол банкнаас олгохдоо зээлийн хүү жилийн 4.5 хувь байна гэдгийг Гадаад харилцааны яаман дээр зохион байгуулсан хурал дээр мэдэгдсэн болно. Гэтэл энэ үйл ажиллагааны хүрээнд санхүүжилтийг дамжуулан олгох өөрийн чиг үургийг Т Б  урвуулан ашиглаж өндөр хэмжээний хүү тооцон, ашиг олох зорилго болгосон заалтыг зээлийн гэрээнд тусгаж улмаар шүүхэд нэхэмжилж байгаа нь шударга ёсны зарчимтай харшилж байна.

Нөгөө талаас Хөгжлийн банктай байгуулсан гэрээ, Монгол банктай байгуулсан гэрээ зэргийг манайд огт танилцуулаагүй, бид энэ гэрээний агуулга, ямар хугацаатай, ямар хэмжээний хүүтэй мөнгө олгосон талаар огт мэдээгүй, энэ талаар зээлдэгч талд Т Б наас аливаа нэгэн мэдээллийг өгөөгүй болно.      

            Гэтэл зээлийн гэрээний 2.1.4.3-д “Монгол банкны урт хугацаат репо санхүүжилт хугацаанаас өмнө буцаан татагдах, Хөгжлийн банк, Т Б тай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээ цуцлах, эх үүсвэрийг буцаан дуудах эсхүл зээл хугацаандаа төлөгдөхгүй байх нөхцөл байдал тус тус үүсч зээлийн үлдэгдэл, Хөгжлийн банкны эх үүсвэрээс илүү гарсан нөхцөлд тухайн хугацаанаас эхлзн илүү гарсан зээлийн үлдэгдэлд зээлийн хүүг сарын 2,5 хувь, жилийн 30,0 хувь болгон нэмэгдүүлж тооцно “ гэсэн зээлдэгч талд тодорхой бус, ойлгомжгүй үндэслэлээр зээлийн хүүг жилийн 13,5 хувь байсныг 30,0 хувь болгон нэмэгдүүлэн өөрчлөхөөр заасан нь гэрээний стандарт нөхцөлд нийцээгүй ба хүчин төгөлдөр бус юм.

Мөн зээлийн хүүг зээлдэгч талаас хамаарахгүй нөхцөл байдлаар нэмэгдүүлэх тухай заалт нь гэрээ байгуулах үед зээлдэгчид тодорхой бус нөхцөл байдал байгаа ба энд тодорхой бус байдалтай холбоотойгоор зээлийн хүүг нэмэгдүүлэх урьдчилан тогтоосон нөхцөл бүхий гэрээний заалт оруулсан нь зээлдэгч нарын эрх ашигт илт хохиролтой. Банк зээл олгохдоо хүүгийн хэмжээг тодорхой бус нөхцөл байдлаас хамааралтайгаар 2 өөр байдлаар тогтоосон заалт оруулсан нь гэрээний стандарт нөхцлийг зөрчиж, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д “Стандарт нөхцлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна “ гэсэн заалттай тохирч байна.

Иймд зээлийн гэрээ хэлбэрийн хувьд хуулийн шаардлага хангасан боловч тус гэрээний 2 дугаар зуйлийн 2.1.4.2, 2.1.4.3 дах заалтуудыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.4-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Т Б ” ХХК нь “М-И ” ХХК, “Х ” ХХК, Ж.Э , Б.Б  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.169.330.842 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч “М-И ” ХХК, Б.Б нараас  зээлийн гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргав.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1.619.005.960 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

1.Нэг талаас “Т Б ” ХХК, нөгөө талаас “М-И ” ХХК, Б.Б  нар 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр харилцан тохиролцож, Зээлдүүлэгч 1.216.000.000 төгрөгийг 72 сарын хугацаатай хөрөнгийг Ази-Европын дээд хэмжээний чуулга уулзалтын арга хэмжээтэй холбогдуулан “Мика” зочид буудлын засвар шинэчлэлийн ажилд зориулан шилжүүлэх, зээлдэгч эхний 33 сард жилийн 13,5 хувийн хүүтэй, сүүлийн 39 сард жилийн 30 хувийн хүүтэй эргүүлэн төлөхөөр 12/16-42 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулжээ.  / хх 9-11/

            2.“Т Б ” ХХК болон “М-И ” ХХК, “Х ” ХХК нар мөн өдөр харилцан тохиролцож дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “М-И ” ХХК нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203001157 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн хороолол, Нэгдүгээр эмнэлгийн урд байрлах, 3.024 мкв талбайтай, контор, Зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Х ” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, Г-0000146 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 6002/0086 дугаартай 3.734 мкв талбай бүхий газар, түүнчлэн “М-И ” ХХК-ийн “Ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах авлага, Банкин дахь харилцах хадгаламжийн данс, данснуудын орлого” зэргээс тус тус хангуулахаар 12/16-44 тоот барьцааны гэрээг байгуулжээ. /хх 12-15, 24,25/

3.Нэг талаас “Т Б ” ХХК, нөгөө талаас “Х ” ХХК, Ж.Э , Б.Б  нар 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр харилцан тохиролцож, дээрх 12/16-42 тоот зээлийн гэрээний үүргийг зээлдэгч биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгэхээр “Зээлийн батлан даалтын гэрээ”-г тус тус байгуулсан байна. / хх 16, 17/

Зохигчид гэрээг бичгээр байгуулсан үйл баримтад маргаагүй. Дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 459 дүгээр зүйлийн 459.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хувьд улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан гэрээ байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний 2.1.4-т “Зээлийн хугацаанд Монголбанкны урт хугацаат репо санхүүжилтийн хугацаатай уялдуулж 2 төрлийн хүү мөрдөнө” гэж, 2.1.4.1-д “Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй байх эхний 33 сарын хугацаанд буюу 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал жилийн 13,5 хувь” байхаар, мөн зүйлийн 2.1.4.2-т “Монголбанкны урт хугацаат репо санхүүжилтийн хугацаа дуусах өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс сүүлийн 39 сарын хугацаанд жилийн 30 хувийн хүүтэй” байхаар, түүнчлэн 2.1.4.3-т “Монгол банкны урт хугацаат репо санхүүжилт хугацаанаас өмнө буцаан татагдах, дамжуулан зээлдүүлэх гэрээ цуцлах, эх үүсвэрийг буцаан дуудах эсхүл зээл хугацаандаа төлөгдөхгүй байх нөхцөл байдал үүсч зээлийн үлдэгдэл, Хөгжлийн банкны эх үүсвэрээс илүү гарсан нөхцөлд тухайн хугацаанаас эхлэн илүү гарсан зээлийн үлдэгдэлд хүүг сарын 2,5 хувь, жилийн 30,0 хувь болгон нэмэгдүүлж тооцно“ гэж тус тус заажээ.

Хариуцагч хүүгийн хэмжээг өөр өөрөөр заасан гэрээний дээрх 2.1.4.2, 2.1.4.3 дахь заалтыг тус тус Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.4-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргав. Зээлийн хүүг ийнхүү хоёр өөрөөр тогтоосон явдал “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК болон Монголбанктай байгуулсан дамжуулан зээлдэх гэрээ, репо санхүүжилтийн гэрээнд заагдсан хугацаанаас хойш өөрийн санхүүжилтээр олгогдох тул хүүгийн хэмжээг нэмэгдэхээр тохиролцсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 202 дугаар зүйл 202.1-д “Стандарт нөхцлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзана” гэж, мөн зүйлийн 202.2, 202.2.4-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал  гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан бол хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан.

Банк тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хувьд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар зээлийг хүүтэй олгох бол хүүгийн хэмжээг тодорхой тусгахаас гадна хэрэв хүүгийн хэмжээг гэрээний хугацаанд өөрчилж байхаар тохиролцох бол ийнхүү өөр өөрөөр заах болсон үндэслэл, шалтгаанаа тодорхой тусгах, тэр нь үндэслэл бүхий байхыг шаардана.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Т Б ” ХХК болон “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нарын хоорондох 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-гээр 150 тэрбум төгрөгийг Ази-Епровын дээд түвшний уулзалтад оролцох төлөөлөгчдийг байршуулах зочид буудлуудад олгохоор, дэд зээлийн хүү “жилийн 4,5 хувь +зээлдэгчийн маржин /Монголбанкны үнэт цаасны өртөгөөс хамаарах/” бүрдэхээр, хугацаа 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл байхаар, түүнчлэн гэрээний 4.2, 4.3-т “дэд зээл эргэн төлөгдсөн эсэхээс үл хамааран зээлийг төлөхөөр” тус тус заажээ. /хх 139-142/

Мөн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Монголбанк болон “Т Б ”

ХХК нарын хооронд байгуулсан 0316/265 тоот “урт хугацаат репо гэрээ”-гээр үнэт цаасны худалдах үнэ 1.216.000.000 төгрөг, жилийн хүү “Бодлогын хүүгээс хасах 3 нэгж хувь” байхаар, гэрээний хугацааг 1003 хоног буюу 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл байхаар тус тус заажээ. Түүнчлэн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар репо санхүүжилтийн жилийн хүү 12,5 хувь байсан талаарх Монголбанкны стаститик мэдээлэл хэрэгт баримтаар авагджээ. /хх 143-145/

Шүүх гэрээний хугацаанд хүүгийн хэмжээг ийнхүү хоёр өөрөөр буюу 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш хүү 12,5 хувиас 30 хувь болж нэмэгдэхээр тохиролцох болсон явдлыг буруутгах үндэслэлгүй буюу энэ зээлийн хувьд тодорхой үндэслэл шалтгаан үүссэн, энэ тухайгаа гэрээнд тодорхой дурдсан, талуудын хүсэлт зоригийн илэрхийлэл гэж үзэв. Иймд гэрээний 2.1.4.2 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.

Харин гэрээний 2.1.4.3 дах заалтаар “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК болон Монголбанктай байгуулсан гэрээнүүд хугацаанаас өмнө цуцлагдах, буцаан татагдах эсхүл зээл хугацаандаа төлөгдөхгүй байх нөхцөл үүсвэл тухайн хугацаанаас эхлэн илүү гарсан зээлийн үлдэгдэлд хүүг жилийн 30,0 хувь болгон нэмэгдүүлэх”-ээр буюу 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө ч хүү нэмэгдэж болохоор тусгасан явдал Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөл гэж үзнэ. Гэвч нэхэмжлэгч энэ нөхцлийн дагуу хүүг 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө нэмэгдүүлж шаардаагүй тул нэгэнт нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бодитоор хэрэгжээгүй гэрээний заалтыг хүчингүйд тооцох шаардлагагүй гэж үзэв. Дээрх үндэслэлээр шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 1.216.000.000 төгрөг шилжүүлсэн, энэ хугацаанд нийт 161.690.580 төгрөг төлсөн, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээл эргэн төлөөгүй үйл баримтад зохигчид маргаагүй. Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаас үзвэл 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хойш олон удаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлээс төлөлт хийгдсэн байх боловч зээлдэгч зээлийг төлөөгүй, харин хариуцагчийн зочид буудалд нэхэмжлэгч байгууллагын ажилтан, зочин төлөөлөгч буулгасан зардлаа энэ зээлээс хассан хэмээн тайлбарлаж, хариуцагч мөн маргаагүйг дурдав. /хх 47-55/

 Талууд гэрээг 6 жилийн хугацаатай байгуулсан, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч хугацаа дуусгавар болохоос өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаж үүргийг шаардсан, энэ хугацаанд үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж нэмэлт хугацаа тогтоож байсан болох нь хэрэгт авагдсан удаа дараагийн албан бичгүүдээр тогтоогдож байхаас гадна үүргийн зөрчил гаргасан үйл баримтад хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг буцаан шаардах эрхтэй.

Харин Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч “гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” байхаар заасан. Талуудын хоорондох зээлийн гэрээний 2.1.4.5-д нэмэгдүүлсэн хүүг заахдаа “...хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан “үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэсэн хуулийн зохицуулалтай нийцээгүй тул шүүх гэрээгээр нэмэгдүүлсэн хүү тохиролцоогүй гэж үзнэ.

Иймд хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү 19.440.306 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлгүйгээс гадна энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан 62.553 төгрөгийг нэхэмжилж буй зээлийн үлдэгдлээс хасч тооцох нь зүйтэй.

Дээрхийг нэгтгээд хариуцагч “М-И ” ХХК, Б.Б  нараас 2.149.827.982 төгрөг /үндсэн зээл 1.133.520.100 + хүү 1.016.370.435 - 62.553 / гаргуулж нэхэмжлэгчид олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Батлан даалтын гэрээгээр батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхээр мөн хуулийн 458 дугаар зүйлийн 458.3, 460 дугаар зүйлийн 460.1-д заасан хэдий ч хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т заасан. Хэрэгт авагдсан Батлан даалтын гэрээний 1.2, 2.1-д зааснаас үзвэл  “зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл төлүүлэхтэй холбогдон гарсан зардал, бусад зардал буюу төлбөрийн үүргийг бүрэн хэмжээгээр”  хамтран хариуцахаар тохиролцсон байх тул иргэний хувиар зээлийн гэрээнд оролцоогүй тухай хариуцагч Ж.Э гийн татгалзал үндэслэлгүй болно.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “М-И ” ХХК, Б.Б  нараас 2.149.827.982 /нэг тэрбум нэг зуун дөчин есөн сая найман зуун хорин долоон мянга есөн зуун наян хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т   б” ХХК-д   олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19.502.860 төгрөгийг, мөн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.4-т зааснаар зээлийн гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “М-И ” ХХК, Б.Б  нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2-д зааснаар хариуцагч “М-И ”ХХК, Б.Б  нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даалтын гэрээний дагуу дээрх 2.149.827.982 төгрөгийг Ж.Э , “Х ” ХХК нараас гаргуулахыг дурдсугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг  барьцааны зүйл болох М-И ” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203001157 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн хороолол, Нэгдүгээр эмнэлгийн урд байрлах, 3.024 мкв талбайтай, контор, Зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Х ” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, Г-0000146 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 6002/0086 дугаартай 3.734 мкв талбай бүхий газраас тус тус хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.074.805 төгрөг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 10.977.289  төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

           

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ