Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01634

 

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01634

 

 

Тбанк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/01598 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Тбанк ХХК-ийн нэхэмжлэлтэй, МИ ХХК, Х ХХК болон Ж.Э-, Б.Б- нарт  холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2 169 330 842 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Тбанк ХХК-д холбогдох зээлийн гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч МИ ХХК, Б.Б- нарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-, А.Т-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-, А.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тбанк ХХК нь МИ ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 12/16-42 тоот зээлийн гэрээг байгуулан Ази-Европын дээд хэмжээний чуулга уулзалтын арга хэмжээтэй холбогдуулан Мика зочид буудлын засвар шинэчлэлийн ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 1 216 000 000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлийн гэрээнд хүүг Монгол банкны урт хугацааны репо санхүүжилттэй байх эхний 33 сард буюу 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал жилийн 13,5 хувийн хүүтэйгээр, 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн сүүлийн 39 сарын хугацаанд жилийн 30 хувь байхаар талууд тохиролцсон. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 300 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 912 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 төгрөгийг тус тус олгож банк үүргээ биелүүлсэн. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 12/16-43 тоот барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

1.Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн хороолол, Нэгдүгээр эмнэлгийн урд, 12A тоот хаягт байрлах, Ү-2203001157 дугаартай, 3.024 мкв талбайтай, контор, Зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2.Tyc хаягт орших 6002/0086 нэгж талбарын дугаар бүхий, ГД:0000146 тоот 3734 мкв талбайтай эзэмших эрхийн газар,

3.МИ ХХК-ийн Ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах авлага, Банкин дахь харилцах хадгаламжийн данс, данснуудын орлого зэргийг тус тус барьцаалсан. Мөн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 12/16-44 тоот батлан даалтын гэрээг тус тус байгуулсан.

Зээлдэгч тал банкны олгосон зээлийг зориулалтын дагуу ашиглаж Мика зочид буудлын засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэн АСЕМ-ын зочдыг хүлээн авч үйл ажиллагааг хэвийн явуулсан. Банкнаас зээл олгосноос хойш үндсэн зээлд 78 869 900 төгрөг, үндсэн хүү 79 210 680 төгрөг, нийт 158 080 580 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж зээлийн муу ангилалд шилжсэн. Тус компани 1 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь Ж.Э- юм. Мөн хамтран зээлдэгч, батлан даагчаар Х ХХК, ХХХК-ийн хувьцаа эзэмшигч, иргэн Б.Б- оролцож үүрэг хүлээсэн байдаг. Хариуцагч МИ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Э- болон хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б- нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор буюу графикийн дагуу биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрдөг боловч банкинд өгсөн амлалт, хугацаатай авсан үүргүүд биелэхгүй байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч, батлан даагч нараас үндсэн зээл 1 133 520 100 төгрөг, үндсэн хүү 1 016 370 435 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19 440 306 төгрөг, нийт 2 169 330 842 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны гэрээнд дурдагдсан хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  Хариуцагч МИ ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Ази номхон далайн бүсийн чуулганы зочдыг хүлээн авах 44 зочид буудалд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элчингийн гудамжинд байрлах Мика зочид буудал сонгогдсоны дагуу 1998 онд ашиглалтад орсон тус буудалд их засвар шинэчлэлтийн ажлыг санхүүжүүлэх урт хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай болсон. Тухайн үед 2016 оны 4-5 саруудад анх удаа Төр засгийн зочид буудлын салбарыг дэмжиж, Гадаад хэргийн яаманд АСЕМ-тай холбоотой зээлийн талаар хурал хийж, урт хугацааны зээлийг жилийн 4,5 хувийн хүүтэй олгогдохыг уулзалт хийж, холбогдох зочид буудлуудад мэдээлж байсан боловч зээл олгох зээлийн гэрээг хийх болоход Монгол банк болон тухайн арилжааны банкууд зээлийн хүүг нэмэгдүүлж, жилийн 13.5 хувь болгосон.

Мика зочид буудлын их засвар шинэчлэлтийн ажлыг санхүүжүүлэх урт хугацааны хөрөнгө оруулалт хийх зорилгоор тухайн үеийн давчуу нөхцөл байдалд тулгамдан Т банктай 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 12/16-42 тоот зээлийн гэрээг үйлдэж, 1 216 000 000 төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний 2.1.4.2 заасныг сайн анзааралгүй тухайн үед их засвар хийх хугацаа маш бага байсан тул бид зээл авахыг урьтал болгосон. 1998 оноос хойш манай компани аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газар, түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хуулийн этгээдийн хувьд тасралтгүй тогтвортой ажиллаж, ажлын байр бий болгон ажилласан. Одоогоор зочид буудал, түрээсийн чиглэлээр ажиллаж байна. Тус 6 жилийн хугацаатай зээлийн гэрээнд 2.1.4.1-д заасан эхний 33 сарын хугацаанд жилийн 13,5 хувь байна гэж, 2.1.4.2-т сүүлийн 39 сарын хугацаанд жилийн 30 хувь болгож зээлийн хүүг 2,5 дахин өсгөж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй,тус заалтыг цуцалж гэрээний хугацаанд нэг 13,5 хувь хүүгээр байлгаж, гэрээнд өөрчлөлт оруулж өгөхийг удаа дараа мэдэгдэж, уулзахдаа хэлж, албан бичгүүд өгч байсан. Урт хугацааны хөрөнгө оруулалтын зээлийн нөхцөлд олон улсын байж боломгүй зүйл заалтууд байсныг хожим мэдлээ. Зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө болох зочид буудлын барилга хангалттай байхад нэмж газрыг давхар барьцаалсан, зээлийн хүү маш өндөр зэрэг нь банкны талаас бидэнд тулгасан үйлдлүүд байлаа. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад улс орны энэ хүнд цаг үед аж ахуйн нэгжээ дэмжихийн оронд ажлын байраа хадгалж үйл ажиллагаагаа хадгалахаар ажиллаж буй биднийг шүүхэд өгснийг төр засгаас хүнд байдалд байгаа байгууллагуудаа дэмжихийн төлөө хийж байгаа үйлдлийн эсрэг үйл ажиллагаа гэж хүлээж авч байна.

Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр хийгээгүй нь манай байгууллагын хариуцлага байгаа хэдий ч биднээс үл хамаарах улс орны эдийн засаг, улс Т тогтворгүй байдал болон агаарын цаашлаад дэлхий дахинд шинэ төрлийн корона вирус-19 цар тахал хурдацтай тархсаны улмаас Засгийн Газрын шийдвэрийн дагуу тогтоосон хорио цээр болон хилээ хаасан байдал жуулчид гадаадын зочид ирэх боломжгүй болж бүх захиалга цуцлагдаж, гадаадын түншүүдтэй хөрөнгө оруулалт болон мөнгөний яриа хэлцлүүд бүгд зогсож, 2020 оны 01 дүгээр сараас одоог хүртэл болон цаашид үргэлжилж байгаа энэхүү байдал аялал жуулчлал зочид буудлын салбарт тэг зогсолт хийхэд хүргэсэн нь манай байгууллагын хувьд хүндээр тусч байгаа билээ. Т банкинд зээлийн гэрээг сунгах онлайн хүсэлтийг удаа дараа өгсөн ч хүлээн аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ж.Э- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Э- миний хувьд Тбанк ХХК-аас МИ ХХК-д олгосон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах үндэслэлгүй, уг нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдах ёсгүй гэж үзэж байна. МИ ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг ба тус хуулийн этгээдийн банкнаас авсан зээлийн төлөлтийг иргэний хувиар тус банкны өмнө хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн агуулгаас харвал иргэн надаас юу шаардаж, юу нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн зүгээс гэрээг хугацаанаас өмнө цуцлахад маргахгүй. Энэ хугацаанд төлсөн дүнд маргахгүй. Харин хүүг жилийн 13,5 хувиар тооцоолж нэхэмжлэлийн шаардлагаас нийтдээ 1 619 005 960 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч МИ ХХК, Б.Б- нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед 2016 оны 4 дүгээр сард Гадаад харилцааны яаманд АСЕМ-ын уулзалтыг зохин байгуулах ажлын хэсгээс зочдыг хүлээн авах буудлын засвар шинэчлэлийн ажилд зориулан Монгол банкнаас жилийн 4,5 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг олгоно гэж мэдэгдсэн. Тбанк 1 216 000 000 төгрөгийн зээл олгох боломжтой ба ингэхдээ Монгол банкнаас бидэнд хэлж танилцуулсан жилийн 4,5 хувийн зээлийн хүүг нэмэгдүүлж, жилийн 13,5 хувийн хүүтэй зээл олгохоор болсныг мэдэгдсэн. Манай компани төрөөс зохион байгуулж буй олон улсын Т тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын ач холбогдол эх орныхоо нэр хүндийг бодож яаралтай засварын ажлаа эхлэхийн тулд жилийн 13,5 хувийн хүүтэй, 1 216 000 000 төгрөгийн зээлийг 6 жилийн хугацаатай авах хүсэлтээ Т банкинд гаргаж, улмаар зээлийн гэрээг банктай байгуулсан. Уг зээлийн гэрээний 2.1.4.1-д Монгол банкны урт хугацаат репо санхүүжилттэй байх эхний 33 сарын хугацаанд буюу 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал жилийн 13,5 хувь байна гэж заасан нь Тбанк манай жилийн 13,5 хувийн хүүтэй зээл авах хүсэлтийг хүлээн авсан болохыг нотолж байгаа юм. Мөн уг гэрээний 2.1.4.2-д Монгол банкны урт хугацаат репо санхүүжилтийн хугацаа дуусах өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн сүүлийн 39 сарын хугацаанд жилийн 30 хувь байна гэж заасан байсныг бидэнд хэлж танилцуулаагүй, тухайн үед сайн анзаараагүй байсан. Сүүлд гэрээний энэ заалттай танилцаж мэдээд манай компани гэрээний 2.1.4.2 заасныг цуцлах саналыг банкинд 2018 оны 12 дугаар сарын 12-нд, 2019 оны 01 дүгээр сарын 24-нд тус тус гаргаж байсан боловч банк уг заалтыг цуцлах боломжгүй гэсэн хариу өгсөн. Анх зочид буудлуудын засварын ажлыг санхүүжүүлэх зээлийн эх үүсвэрийг Монгол банкнаас олгохдоо зээлийн хүү жилийн 4,5 хувь байна гэдгийг Гадаад харилцааны яаман дээр зохион байгуулсан хурал дээр мэдэгдсэн болно. Гэтэл энэ үйл ажиллагааны хүрээнд санхүүжилтийг дамжуулан олгох өөрийн чиг үүргийг Тбанк урвуулан ашиглаж өндөр хэмжээний хүү тооцон, ашиг олох зорилго болгосон заалтыг зээлийн гэрээнд тусгаж улмаар шүүхэд нэхэмжилж байгаа нь шударга ёсны зарчимтай харшилж байна. Гэтэл зээлийн гэрээний 2.1.4.3-д Монгол банкны урт хугацаат репо санхүүжилт хугацаанаас өмнө буцаан татагдах, Хөгжлийн банк, Т банктай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээ цуцлах, эх үүсвэрийг буцаан дуудах эсхүл зээл хугацаандаа төлөгдөхгүй байх нөхцөл байдал тус тус үүсч зээлийн үлдэгдэл, Хөгжлийн банкны эх үүсвэрээс илүү гарсан нөхцөлд тухайн хугацаанаас эхлзн илүү гарсан зээлийн үлдэгдэлд зээлийн хүүг сарын 2,5 хувь, жилийн 30 хувь болгон нэмэгдүүлж тооцно гэсэн зээлдэгч талд тодорхой бус, ойлгомжгүй үндэслэлээр зээлийн хүүг жилийн 13,5 хувь байсныг 30 хувь болгон нэмэгдүүлэн өөрчлөхөөр заасан нь гэрээний стандарт нөхцөлд нийцээгүй ба хүчин төгөлдөр бус юм.

Мөн зээлийн хүүг зээлдэгч талаас хамаарахгүй нөхцөл байдлаар нэмэгдүүлэх тухай заалт нь гэрээ байгуулах үед зээлдэгчид тодорхой бус нөхцөл байдал байгаа ба энд тодорхой бус байдалтай холбоотойгоор зээлийн хүүг нэмэгдүүлэх урьдчилан тогтоосон нөхцөл бүхий гэрээний заалт оруулсан нь зээлдэгч нарын эрх ашигт илт хохиролтой. Банк зээл олгохдоо хүүгийн хэмжээг тодорхой бус нөхцөл байдлаас хамааралтайгаар 2 өөр байдлаар тогтоосон заалт оруулсан нь гэрээний стандарт нөхцөлийг зөрчиж, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэсэн заалттай тохирч байна. Иймд зээлийн гэрээ хэлбэрийн хувьд хуулийн шаардлага хангасан боловч тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4.2, 2.1.4.3 дах заалтуудыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.4-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Монголбанк болон Хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэрээр хариуцагч МИ ХХК болон Б.Б-, Ж.Э- нарт зээл олгосон. Тухайн олгож буй зээлийн эх үүсвэрийн хэмжээ, хугацаа, нөхцөл нь Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны 5 дугаар 10-ны өдрийн 01/547 дугаартай Урт хугацаат репо гэрээ болон Монгол Улсын Хөгжлийн банк, Т банкны хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн З-АС-ХО/2016-33 дугаар дамжуулан зээлдүүлэх гэрээгээр зохицуулагдаж байсан. Тухайн зээлийн эх үүсвэрийн хугацаа Репо болон Дамжуулан зээлдүүлэх гэрээний 2.1.6, 2.15-д тус тус заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1003 хоног буюу 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, зээлийн хүүгийн хэмжээ Репо гэрээний 2.1.5-д зааснаар Бодлогын хүүгээс хасах 3 нэгж хувь", дамжуулан зээлдүүлэх гэрээний 2.2.3-т зааснаар жилийн 4,5 хувь зээлдэгчийн маржин /Монголбанкны өртгөөс хамаарна/, санхүүжилтын хэмжээ 1 216 000 000 төгрөг" гэж заасан. Тухайн үед буюу 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Монголбанкнаас зарласан Бодлогын хүүний Репо санхүүжилтын жилийн хүү - 12,5 хувь" байсан. Ийнхүү хүү тогтоогдохдоо Репо санхүүжилтын хүү 12,5% - 3%=9.5% дээр дамжуулан зээлдүүлэх гэрээний хүү 4.5% нэмэхэд хариуцагчтай байгуулсан гэрээн дэх жилийн 13,5 хувь гарна. Мөн зээлийн хэмжээ уг хоёр гэрээгээр 1 216 000 000 төгрөг, зээлийн хугацаа 33 cap буюу 2,9 жил гэж ирсэн.

2.Хариуцагч буюу дамжуулан зээлдүүлэх гэрээний 1.2.4-т заасан дэд зээлдэгч болох МИ ХХК зээлээ хугацаанд нь төлсөн эсэхээс үл хамаарч Монголбанк болон Хөгжлийн банк Репо болон дамжуулан зээлдэх гэрээний хугацаа дуусангуут манай банкнаас үл маргах журмаар энэ зээлийг төлүүлэхээр гэрээнд заасан. Дэд зээлдэгчийн өмнөөс зээл түүний хүүг бүрэн барагдуулж, гэрээний үүргээ гүйцэтгэсэн. Ингэж төлөгдсөнөөр зээлийн эх үүсвэр нь банкны өөрийн хөрөнгөөс төлөгдсөн.

3.Монголбанк болон Хөгжлийн банктай байгуулсан Репо болон дамжуулах гэрээнд заасан хугацаа 33 cap буюу 2.9 жил байсан. Гэтэл зээлдэгчийн хүсэл зорилго МИ ХХК-аас 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06/04С дугаар албан бичигт хүссэнээр 72 cap буюу 6 жил байсан. Түүнээс богино хугацаанд төлөх боломжгүй гэсэн тул банк үлдэх 39 сарын /72-33=39/ хүүг тухайн зээл өөрийн эх үүсвэрт шилжих тул банкны зээл хүүний ерөнхий нөхцөлийн дундаж хүүг бодож, гэрээнд жилийн 30 хувь байхаар тусгасан. Зээлдэгч тухайн үед зээл авахдаа дээрх бүх нөхцөл байдлыг ойлгож байсан. Энэхүү зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийн хүрээнд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан гэрээ юм.

Энэхүү зээлийн харилцаанд үүсэж байгаа талуудын хүсэл зориг нь хариуцагч талын сөрөг нэхэмжлэл гаргаж гэрээ цуцлах үндэслэл болгосон Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-д заасан нөхцөл биш бөгөөд талууд анх гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.2 дах хэсэгт Талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцөл... тул гэрээний стандарт нөхцөл биш болно. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Мика-Интерпрайз ХХК, Б.Б- нараас 2 149 827 982 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 502 860 төгрөгийг, мөн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.4-т зааснаар зээлийн гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Мика-Интерпрайз ХХК, Б.Б- нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2-д зааснаар хариуцагч МИ ХХК, Б.Б- нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даалтын гэрээний дагуу дээрх 2 149 827 982 төгрөгийг Ж.Э-, Х ХХК нараас гаргуулахыг дурдаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох МИ ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203001157 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн хороолол, Нэгдүгээр эмнэлгийн урд байрлах, 3 024 м.кв талбайтай, контор, Зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, Г-0000146 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 6002/0086 дугаартай 3 734 м.кв талбай бүхий газраас тус тус хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 074 805 төгрөг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 10 977 289 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч МИ ХХК, Б.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тбанк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хамтран хариуцагчаар МИХХК гэх хуулийн этгээд, иргэн Б.Б- гэх хувь хүнийг татан оролцуулсан байх ба энэ 2 хариуцагч нь хоорондоо хөрөнгө, санхүүгийн харилцан хамааралгүй этгээдүүд байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хамтран үүрэг гүйцэтгэгчдийн зээлийн гэрээний үүргийн дагуу хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж буйгаа тодорхойлоогүйн улмаас шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхдээ 2 149 827 982 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэж, ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд МИ ХХК нь ямар үнийн дүнг хариуцан төлөх, хариуцагч иргэн Б.Б- нь хэдэн төгрөг хариуцан төлөх тухай тодорхойлоогүй, хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаарх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтын дагуу дүгнэлт хийгээгүй, уг хуулийн заалтыг зөв хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэж гараагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.4.3-д Монгол банкны урт хугацаат репо санхүүжилт хугацаанаас өмнө буцаан татагдах, Хөгжлийн банк Т банктай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээ цуцлах, эх үүсвэрийг буцаан дуудах эсхүл зээл хугацаандаа төлөгдөхгүй байх нөхцөл байдал тус тус үүсч зээлийн үлдэгдэл, Хөгжлийн банкны эх үүсвэрээс илүү гарсан нөхцөлд тухайн хугацаанаас эхлэн илүү гарсан зээлийн үлдэгдэлд зээлийн хүүг сарын 2,5 хувь, жилийн 30 хувь болгон нэмэгдүүлж тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөл гэж зөв зүйтэй дүгнэлтийг хийсэн. Гэвч Т банкнаас зээлийн гэрээний хугацаанд хүүгийн хэмжээг хоёр өөрөөр буюу анх тохирсон 12.5 хувиас 30 хувь болж нэмэгдэхээр заалтыг гэрээнд оруулсныг хууль зөрчөөгүй гэсэн шүүхийн дүгнэлт алдаатай хууль бус болсон гэж үзэж байна. Зээлийн хүү төлөх нь зээлдэгчийн хариу үүрэг боловч гэрээний нэг тал нөгөө талдаа эдийн засгийн илтэд хохиролтой, гэрээ байгуулах үед зээлдэгч талд тодорхой бус байсан, хуулиар тодорхойлоогүй үндэслэлээр,гэрээний талуудын эрх тэгш байх зарчмыг зөрчин гэрээний талуудын тохиролцсон жилийн 13,5 хувьтай зээлийн хүүг 30 хувь болгон нэмэгдүүлэн өөрчлөхөөр заасан нь гэрээний стандарт нөхцөлд нийцээгүй ба хүчин төгөлдөр бус гэж тооцогдох ёстой. Монгол банкнаас тус зээлийн гэрээний нөхцөлийг зээлдэгч талд анх танилцуулахдаа зээлийн хүү жилийн 4,5 хувь гэж танилцуулж байсан ба Тбанк манай зээлийн хүсэлтийг хүлээн авч 1 216 000 000 төгрөгийн зээл олгох боломжтой ба ингэхдээ Монгол банкнаас бидэнд хэлж танилцуулсан жилийн 4,5 хувь зээлийн хүүг нэмэгдүүлж жилийн 13,5 хувийн хүүтэй зээл олгохоор болсныг мэдэгдсэн. МИ ХХК нь Монгол улсын төрөөс зохион байгуулж буй олон улсын Т тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын ач холбогдол, эх орныхоо нэр хүндийг бодож яаралтай засварын ажлаа эхлэхийн тулд жилийн 13,5 хувийн хүүтэй 1 216 000 000 төгрөгийн зээлийг 6 жилийн хугацаатай авах хүсэлтээ 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Т банкинд бичгээр гаргасны дагуу уг зээл олгогдсон. МИ ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Т банкны захиргаанд гаргасан зээл хүссэн хүсэлтэд 1 216 000 000 төгрөгийг жилийн 13.5 хувийн хүүтэй зээлээр авах хүсэлтээ тодорхой илэрхийлсэн байсныг тус банк хүлээж аваад манай хүсэлтийн дагуу уг зээлийг олгосон, манайх жилийн 30 хувийн хүүтэй зээл авах тухай хүсэлтийг гаргаж байгаагүй болно.

Ийм учраас анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг зээлдэгч тал нь тус зээлийн гэрээний дагуу жилийн 30 хувийн хүү төлнө гэж тохирсон гэж үзэх үндэслэлгүй. Тбанк ХХК нь Монгол банкнаас тухайн зорилтот үйл ажиллагааг санхүүжүүлэх хүрээнд олгогдсон зээлийн хүүгийн дээд хэмжээг өөрийн дур зоргоор нэмэгдүүлэх боломж бүхий заалтыг зээлийн гэрээнд тусгасныг талуудын тохиролцоодалуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэж шүүх үзсэн нь хуульд нийцэхгүй байгаа ба гэрээний талуудын тэгш эрхийн байдал, шударга ёсны зарчимд нийцээгүй байгааг шүүх дүгнэж чадаагүйд гомдолтой байна. Хэрвээ хилээ нээчихвэл гадаадын жуулчин зочид хүлээн авч, олсон орлогоор зээлээ төлөх хүсэлтэй байдаг боловч гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрээд байна. Тбанк ч манай үйл ажиллагаанд үүссэн тэг зогсолтыг мэдэж байгаа, бид энэ талаар удаа дараа хүсэлт, албан бичиг илгээж байсан. Манай компани 6 жилийн хугацаатай зээл авахдаа уг зээлийг Японоос орж ирэх хөрөнгө оруулалтаас төлөх бизнес төлөвлөгөөтэй байсан боловч дэлхий дахинд тархсан Коронавирус-19 цар тахлын улмаас биелэгдэх боломжгүй болж, сүүлийн хэдэн жил алдагдалтай үйл ажиллагаа явуулж, татварын байгууллагад алдагдалтай хасах тайлан баланс гаргаж өгч байна. Бид Т банктай зээлийг хэрхэн яаж төлөх талаар байнга уулзаж, санал солилцож ирсэн ба тус банк нь Коронавирус-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа зогссон, гадны хөрөнгө оруулагчид ирэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж манай төлөх зээл болон зээлийн хүүгийн хэмжээг 1 500 000 000 төгрөг байлгах тал дээр зөвшилцөж байсан. Манай компани нь Т банкнаас авсан зээлээ талуудын хоорондын тохирсон хүү болох жилийн 13.5 хувиар тооцон 1 619 005 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба гомдолд дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж шүүхийн шийдвэрт энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Тбанк ХХК нь МИ ХХК, Х ХХК, Ж.Э-, Б.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.169.330.842 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар 1 619 005 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариуцагч МИ ХХК, Ч.Батболд нараас зээлийн гэрээний 2.1.4.2, 2.1.4.3-т заасан зээлийн хүүгийн нөхцөлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.Зээлийн гэрээний талаар

Нэхэмжлэгч Тбанк ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Дамжуулан зээлдүүлэх гэрээгээр 150 тэрбум төгрөгийг Ази-Европын дээд түвшний уулзалтад оролцох төлөөлөгчдийг байршуулах зочид буудлуудад төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгохоор, дэд зээлийн хүүгийн хэмжээг жилийн 4,5 хувь дээр зээлдэгчийн маржин /Монголбанкны үнэт цаасны өртгөөс хамаарах/ нэмж тооцох, гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл, гэрээний 4.2, 4.3-т зааснаар дэд зээл эргэн төлөгдсөн эсэхээс үл хамааран зээлийг Тбанк ХХК төлөхөөр тус тус тохиролцсон байна. /хх 139-142/

Мөн Тбанк ХХК-ний Монголбанктай байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 0316/265 тоот урт хугацаат репо гэрээгээр үнэт цаасны худалдах үнэ 1.216.000.000 төгрөг, жилийн хүү бодлогын хүүгээс хасах 3 нэгж хувь байхаар, гэрээний хугацааг 1003 хоног буюу 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл байхаар тус тус тохиролцсон ба Монголбанкны стаститикаар 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар репо санхүүжилтийн жилийн хүү 12,5 хувь байсан талаарх баримт хэрэгт авагджээ. /хх 143-145/

Дээр дурдсан дамжуулан зээлдүүлэх гэрээ болон урт хугацаат репо гэрээний үндсэн дээр зохигчдын хооронд 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 12/16-42 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Тбанк ХХК нь 1 216 000 000 төгрөгийг 72 сарын хугацаатай хөрөнгийг Ази-Европын дээд хэмжээний чуулга уулзалтын арга хэмжээтэй холбогдуулан Мика зочид буудлын засвар шинэчлэлийн ажилд зориулан шилжүүлэх, зээлдэгч МИ ХХК, Ч.Батболд нар нь уг зээлийн мөнгөн хөрөнгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу эхний 33 сард жилийн 13,5 хувийн хүүтэй, сүүлийн 39 сард жилийн 30 хувийн хүүтэй эгүүлэн төлөхөөр, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг мөн өдөр баталсан байна. / хх-ийн 9-11/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор МИ ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203001157 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн хороолол, Нэгдүгээр эмнэлгийн урд байрлах, 3 024 мкв талбайтай, контор, зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, Г-0000146 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 6002/0086 дугаартай 3 734 мкв талбай бүхий газар, түүнчлэн МИ ХХК-ийн Ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах авлага, Банкин дахь харилцах хадгаламжийн данс, данснуудын орлого зэргийг барьцаалсан 12/16-44 тоот барьцааны гэрээг байгуулжээ. /хх-ийн 12-15, 24,25/

Мөн Тбанк ХХК нь Х ХХК, Ж.Э-, Б.Б- нартай 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 12/16-44 тоот батлан даалтын гэрээг байгуулж, дээрх 12/16-42 тоот зээлийн гэрээний үүргийг зээлдэгч биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн банкнаас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардлыг бүрэн хэмжээгээр гүйцэтгэхээр тус тус батлан даалт гаргасан байна. / хх 16, 17/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэрээнүүд байгуулагдсан үйл баримтын талаар зөв дүгнэсэн ба гэрээ байгуулагдсан болон хариуцагч тал зээлийн 1 216 000 000 төгрөгийг хүлээн авсан, энэ хугацаанд нийт 161 690 580 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

Хариуцагч МИ ХХК, Ч.Батболд нар 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эргэн төлөлт хийгээгүй, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн муу ангилалд шилжсэн болох нь зээл, хүүгийн тооцооны хуудас, зээлийн дансны хуулга, Тбанк ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18/2924 тоот албан бичиг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 45-55/

Хариуцагч МИ ХХК, Ч.Батболд нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ дээрх байдлаар биелүүлээгүй зөрчсөн, нэхэмжлэгч Тбанк ХХК үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас удаа дараа шаардаж, нэмэлт хугацаа тогтоож байсан нь хэрэгт авагдсан удаа дараагийн албан бичгүүдээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг буцаан шаардах эрхтэй болохыг шүүх зөв дүгнэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 19 440 306 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан 62 553 төгрөгийг нэхэмжилж буй зээлийн үлдэгдлээс хасч тооцож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

2. Сөрөг нэхэмжлэлийн талаар

Анхан шатны шүүх зээлийн гэрээний 2.1.4.2, 2.1.4.3 дахь заалтуудыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.4-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний 2.1.4-т Зээлийн хугацаанд Монголбанкны урт хугацаат репо санхүүжилтийн хугацаатай уялдуулж 2 төрлийн хүү мөрдөнө гэж, 2.1.4.1-д Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй байх эхний 33 сарын хугацаанд буюу 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал жилийн 13,5 хувь байхаар, мөн зүйлийн 2.1.4.2-т Монголбанкны урт хугацаат репо санхүүжилтийн хугацаа дуусах өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс сүүлийн 39 сарын хугацаанд жилийн 30 хувийн хүүтэй байхаар, түүнчлэн 2.1.4.3-т Монгол банкны урт хугацаат репо санхүүжилт хугацаанаас өмнө буцаан татагдах, дамжуулан зээлдүүлэх гэрээ цуцлах, эх үүсвэрийг буцаан дуудах эсхүл зээл хугацаандаа төлөгдөхгүй байх нөхцөл байдал үүсч зээлийн үлдэгдэл, Хөгжлийн банкны эх үүсвэрээс илүү гарсан нөхцөлд тухайн хугацаанаас эхлэн илүү гарсан зээлийн үлдэгдэлд хүүг сарын 2,5 хувь, жилийн 30,0 хувь болгон нэмэгдүүлж тооцно гэж тус тус заасан.

Зээлийн хүүгийн хэмжээг 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс өөрчлөгдөхөөр тогтоосон явдал Монгол Улсын Хөгжлийн банк ХХК болон Монголбанктай байгуулсан дамжуулан зээлдэх гэрээ, репо санхүүжилтийн гэрээнд заасан хугацаатай холбоотой, дэд зээл эргэн төлөгдсөн эсэхээс үл хамааран зээлийн эх үүсвэрийг Тбанк ХХК төлөх үүрэг хүлээж төлөгдсөн, түүнчлэн зээлийн зориулалт, гэрээний 2.1.4, 3.2.17, 4.1.15-т заасан нөхцөл зэргийг харьцуулан үзэхэд өөрийн санхүүжилтээр олгогдох тул хүүгийн хэмжээг нэмэгдэхээр тохиролцсон гэж нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд хүүгийн хэмжээг гэрээний хугацаанд өөрчилж байхаар тохиролцох үндэслэл, шалтгаанаа гэрээнд тодорхой тусгасан гэж үзэхээр байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүүгийн хэмжээг тогтоосон дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцсэн, Иргэний хуулийн 202 дугаар зүйл 202.1 дэх хэсэгт зааснаар харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна гэрээний оролцогч нь гадаад худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт хамаарахгүй болно.

Харин анхан шатны шүүх ...гэрээний 2.1.4.3 дахь заалтаар 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө ч хүү нэмэгдэж болохоор тусгасан явдал Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөл... гэж өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй.

Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул давж заалдах гомдлын 2 дахь хэсэгт заасан сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хангах үндэслэлгүй болно.

3. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан талаар

Хариуцагч нар нь ...МИ ХХК нь ямар үнийн дүнг хариуцан төлөх, хариуцагч иргэн Б.Б- нь хэдэн төгрөг хариуцан төлөх тухай тодорхойлоогүй, хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаарх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтын дагуу дүгнэлт хийгээгүй... талаар давж заалдах гомдол гаргасан. Гэвч зээлийн гэрээнд зээлдэгч МИ ХХК-аас гадна хамтран зээлдэгчээр Б.Б-ыг заасан, тэрээр гэрээнд гарын үсэг зурсан, хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг гэрээнд тодорхойлоогүй тул хариуцагч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар тэнцүү хэмжээгээр хариуцах тул хариуцагч нарын давж заалдах гомдлын 1 дэх хэсэгт заасныг хангах үндэслэлгүй болно. /хх-ийн 12, 13/

Харин хариуцагч нар давж заалдах гомдлын 3 дахь хэсэгт заасан ...гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрээд байгаа талаар удаа дараа хүсэлт, албан бичиг илгээж байсан... тус банк нь Коронавирус-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж ... зөвшилцөж байсан... гэсэн үндэслэл заасан ба дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

3.1. Хариуцагч МИ ХХК нь Дэлхий дахинд үүсээд байгаа коронавируст халдвар (Ковид-19)-ийн цар тахал тархсан онцгой нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээл, зээлийн хүү төлөхөөс чөлөөлж өгөхийг хүссэн... албан бичиг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Тбанк ХХК-д хандаж хүргүүлсэн. /хх-ийн 39/

Нэхэмжлэгч Тбанк ХХК нь дээрх албан бичгийн хариуд Төрөөс хэрэгжүүлж буй зээлийн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулах тухай энэхүү арга хэмжээнд төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл, цалин, тэтгэвэр, болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр авсан иргэд хамрагдах ба зээлийн эргэн төлөлтөд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгч нар хамрагдах боломжтойгоор зохицуулсан... хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. /хх-ийн 45/

Дэлхий дахинд үүсээд байгаа коронавируст халдвар /Ковид-19/-ийн цар тахал тархсан онцгой нөхцөл байдал нь нийтэд илэрхий давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үйл баримт бөгөөд талууд зээлийн гэрээнд хүүгийн хэмжээг өөр өөрөөр тогтоосон нөхцөл бүхий гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэж, зээлдэгчид ашигтайгаар тайлбарлаж, зээлийн хүүгийн тооцооллыг 2020 оны 01 дүгээр сараас зээлийн гэрээний 2.1.4.1-д заасан хэмжээгээр багасгаж өөрчлөх нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзлээ.

3.2. Зээлийн гэрээний 2.1.4.3-т заасан ...зээл хугацаандаа төлөгдөхгүй байх нөхцөл байдал... үүссэн нөхцөлд 2.1.4.2-т заасан жилийн 30 хувийн хүү тооцох талаар талууд тохиролцсон байх бөгөөд зээлийн эргэн төлөлтөд Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлийг няцаагаагүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Учир нь гэрээний 2.1.4.1-т заасан 13,5 хувийн хүүгээр тооцох нь зүйтэй гэж үзсэн болно.

3.3. Коронавируст халдвар (Ковид-19)-ийн цар тахлаас өмнө зээлдэгч үүргийн зөрчил гаргасан талаар нэхэмжлэгч хариуцагч талд мэдэгдсэн, хариуцагч зээлийн хүүг 13,5 хувиар байлгах санал гаргасан /хх-ийн 41, 45/ зэргээс үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний зарим заалт буюу 2.1.4.2-т заасан зээлийн хүүгийн нөхцөлөөс Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар татгалзсан гэж үзэхээр байна.

Учир нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, 221.2 дахь хэсэгт Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж тус тус заасан.

Иймд хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцооны хуудаснаас үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын байдлаар хариуцагчийн зээлийн үлдэгдэл 1 137 130 100 төгрөг, хуримтлагдсан хүү 684 976 590 төгрөг байсан бөгөөд /хх-ийн 54/ шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 01 дүгээр сар хүртэл гэрээний 2.1.4.1-д заасан хэмжээ 13,5 хувиар нэг жилийн хүүг тооцоход 153 512 563 төгрөгийн хүү тооцогдож, нийт 1 975 619 253 төгрөг хариуцагч төлөх үүрэгтэй байгаагаас хариуцагчийн 2020 оны 01 дүгээр сараас хойш нэхэмжлэл гаргах хүртэл төлсөн 3 610 000 төгрөгийг болон анхан шатны шүүхийн хасч тооцохоор дүгнэсэн 62 553 төгрөгийг тус тус хасч тооцоход хариуцагч нараас нийт 1 971 946 700 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 197 384 142 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Зохигчдын хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээгээр Х ХХК, Ж.Э- нар нь зээлдэгч МИ ХХК, Б.Б- нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн үүрэг болон бусад зардлыг бүрэн хэмжээгээр хариуцаж барагдуулах үүргийг хүлээжээ. / хх-ийн 16-17/

Нэхэмжлэгч Тбанк ХХК-ийн нэхэмжлэлийн агуулга, хариуцагч оролцуулах тухай хүсэлт зэргээс үзэхэд Х ХХК, Ж.Э- нараас батлан даагчийн үүргээ биелүүлэхийг шаардаагүй байна. /хх-ийн 1, 2, 78, 80, 82/

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагыг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

Талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байх бөгөөд нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд давж заалдах гомдол гаргаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/01598 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын 2 149 827 982 гэснийг 1 971 946 700 гэж, 19 502 860 гэснийг 197 384 142 гэж тус тус өөрчилж, 2 дугаар заалтыг хүчингүй болгож, 3 дугаар заалтыг 2, 4 дүгээр заалтыг 3, 5 дугаар заалтыг 4 болгон тус тус өөрчлөн, 3 дугаар заалтын 10 977 289 гэснийг 10 017 683 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 812 060 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ