Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2024/00118

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00229 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00572 дугаар магадлалтай,

С.Б-ын нэхэмжлэлтэй,

“О” ХХК-д холбогдох

Цалин хөлс 4,527,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т-ийн гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.С.Б нь “О” ХХК-д холбогдуулан цалин хөлс 4,527,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00229 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-ын хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гаргасан 2022 оны 10, 11, 12 сарын илүү цагийн хөлс 4,527,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00572 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00229 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,383 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Магадлалын 5.2-т заасан дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хугацааг заасан, 12 цагаар ажиллаж болохыг зөвшөөрөөд энэ тохиолдолд мөн хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан буюу 1 ээлжийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар бодохыг шууд зааж өгсөн. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2-т заасны дагуу нэг ээлжийн ажлын цагийг 8 цагаар тооцож зөрүү 4 цагийг 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу 1,5 дахин нэмэгдүүлж өгөхийг тодорхой заасан. Хэрэв магадлалд тайлбарласнаар авч үзвэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт мөн хуулийн 87 дугаар зүйл болон 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг шууд иш татаж оруулах шаардлагагүй ба уртын ээлжийн ажилтны ажлын цагийн үргэлжлэлийг 12 цаг байхаар тогтоож, 92 дугаар зүйлийн 92.4-т зааснаар ажил, амралтыг зохицуулах боломжтой байсан.

...Гэтэл тусгайлан хуулиар зохицуулсан нөхцөлийг дордуулж ажилтанд хуулиар олгосон буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т заасан амралтыг илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амраасанд механикаар тооцож багтааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ямар үндэслэлээр ажилтан 14 хоногт кемпэд байрлаж ажиллаад хуулиар олгосон амралтын хугацаандаа амарсныг ажил олгогчоос тогтоож өгсөн амралт мэтээр дүгнэж байгаа нь тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан нөхөн амрах хугацаа нь ажил олгогчоос олгох амралт байдаг ба хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т заасан амралт нь хуулиар ажилтныг амрахад зориулж тогтоосон амралт юм. Гэтэл хуулиар олгосон амралтад ажил олгогчоос илүү цагаар ажиллуулсан хугацааны нөхөн амралтыг багтааж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор зохицуулсан боловч мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан хуулиар хатуу тогтоож өгсөн. Үүнээс уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэхгүй ба хэрэглэсэн тохиолдолд 92 дугаар зүйлийн 92.4-т заасныг зөрчихөөр байна. Иймд уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг хатуу тогтоож нөхөн амраах боломжгүй байгаа тул ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсгийн зорилго тодорхой харагдана. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хуулиар уртын ээлжийн зохицуулалт нь тусгайлан зохицуулсан хэм хэмжээ гэдгийг анхаарч үзэхгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. ...Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл баримтлалд ажилтны ажил, амралтын хугацаа өөрчлөгдөж байгаатай холбоотой ажилтны цалин хөлс буурах эрсдэлийг гаргахгүй байхыг анхааруулахын зэрэгцээ ажилтны илүү цагийн хэмжээ буурах тухай байдгаас ажилтны илүү ажилласан цагийг амрах хугацаанд нь багтааж зохицуулсан тухай тусгагдаагүйг дурдах нь зүйтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд уртын ээлжээр ажиллуулах зохицуулалт нь ажилтанд ажиллах, амрах хугацаа, илүү цагийн хөлсөө хуульд заасны дагуу авах эрхийг шууд зааж өгсөн эерэг үр дагавартай зохицуулалт юм. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т-ийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.05.09-ний өдрийн 001/ШХТ2024/00533 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгаар нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэл тогтоогдов.

7.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “О” ХХК-аас 2022 оны 09, 10, 11 сард илүү ажилласан 168 цагийн хөлс 4,527,070 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...ажил олгогч нь 14 хоног ажиллуулж, 14 хоног амрааж байгаа боловч өдөрт 12 цагаар, 4 цаг илүү ажиллуулж байгаа атлаа илүү цагийн хөлсийг олгоогүй...” гэснийг хариуцагч эс зөвшөөрч, уртын ээлжээр 14 хоног ажиллаад 14 хоног амруулснаар илүү цагийг нөхөн амраасан тул нэмэгдэл хөлс олгохгүй, уртын ээлжээр ажил үүрэг гүйцэтгэсэн 14 хоногийн нийт ажлын цаг нь хуулиар тогтоосон 168 цаг байгаа тул хууль зөрчөөгүй гэж маргажээ.

8.Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ. Шүүх ийнхүү шийдвэр гаргахдаа “...Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь заалтад хуулийн 87, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтыг багтаасан, мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.2-т нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна гэсэн тул өдөрт 8 цаг ажиллах, уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байхаар заасан нь 8 цагаас дээш цагаар ажиллуулсныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх бөгөөд хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтын урьдчилсан нөхцөл болох илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол илүү цагийн хөлс олгох агуулгыг багтаасан байна..., хууль тогтоогч 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтаар “ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж зохицуулсан нь 92 дугаар зүйлийн 92.3 дахь заалттай уялдуулан өдөрт 12 цаг ажиллах, илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулах нөхцөлийг үндэслэн ажиллах, амрах хугацааг шууд нарийвчлан зохицуулсан байна. Тодруулбал, хууль тогтоогч ердийн ажилтны өдөрт 8 цагаар сард 168 цаг ажиллах ерөнхий нөхцөлд уртын ээлжээр ажиллуулах нөхцөлийг уялдуулан тооцоолох байдлаар ажилтанд өдөрт 12 цагаар ажиллахыг, ажил олгогчид илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулахыг шууд зохицуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т заасан “ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэсэн зохицуулалт нь уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байхаар, ийнхүү ажиллуулсан тохиолдолд нөхөн амруулах замаар ажилтны эрх зүйн байдал, нөгөө талаас хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг тэнцвэржүүлэх агуулгаар хуульчлагдсан, ажилтан илүү цагаар ажилласан боловч ажил олгогч тухайн сар бүрд нь 14 хоног амруулах байдлаар нөхөн амруулсан байх тул илүү цагийн нэмэгдэл хөлс олгох үндэслэлгүй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

Хоёр шатны шүүх маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэхдээ зөв тайлбарласан эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

9.Нэхэмжлэгч С.Б нь илүү цагийн хөлс олгоогүй талаарх гомдлоо хуулийн хугацаанд гаргасан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

10.С.Б нь “О” ХХК-д Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператораар ажиллах, сарын үндсэн цалин 989.70 ам.доллар, ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног (14/14) болох нь 2022.01.25-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.01.25-ны өдрийн Б/**** дугаар “ажилд авах тухай” тушаал, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогджээ. (1хх 28-41, 2хх-57-60 хуудас)

Нэхэмжлэгч нь уртын ээлжээр, 14 хоногийн турш ажил үүрэг гүйцэтгэхдээ өдрийн 12 цагаар ажилласан үйл баримтыг зохигч маргаагүй. Харин нэхэмжлэгч нь илүү цаг ажилласан гэж, хариуцагч нь нөхөн амраасан гэсэн тайлбар гаргаснаас үзвэл өдөрт илүү цаг ажилласан гэх үйл баримтыг үндсэндээ маргаагүй, гагцхүү нэхэмжлэгч нь өдөрт 8 цаг ажиллах хязгаарыг 4 цагаар нэмж 12 цагаар ажиллуулсан тул илүү цагийн хөлс авах эрхтэй гэж үзсэн бол хариуцагч нь ажилтан өдөрт 12 цагаар 14 хоног ажилласан тул 14 хоног амрааж илүү цагийг нөхөн амруулсан, хуулиар тогтоосон уртын ээлжийн зохицуулалтыг зөрчөөгүй, сард 168 цаг ажилласан тул хууль зөрчөөгүй гэсэн үндэслэлээр маргасан байна.

11.Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байх тул хяналтын шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

11.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно” гэж, 92.4-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж заасан зохицуулалт нь “уртын ээлж” гэх энгийн хөдөлмөрөөс ялгаатай онцлог ойлголтыг эрх зүйн хувьд тодорхойлж өгсөн байна. Уг горимыг хэрэглэх ажил олгогч субъект нь уул уурхай, олборлох салбар байхаас гадна түүнд үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага хэрэглэж болохыг хуулийн 92.1-д заажээ. Хуульд заасан хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцох, уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцох, холбогдох зардлыг ажил олгогч хариуцах эрх зүйн асуудлуудыг хуулийн 92.4, 92.5, 92.6-д тус тус тусгажээ.

Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж, 14 хоног ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа учраас 14 хоног амраах горим нь уртын ээлжийн өвөрмөц шинж байх ба харин нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна. Учир нь ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болохыг хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасан, тийм ч учраас уртын ээлжээр ажиллуулах тухай хуулийн тусгайлсан зохицуулалт болох 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна гэж хуульчилсан нь 87 дугаар зүйлийн 87.3-т заасан ээлжийн ажлын цагийн журмыг тогтоосон үндсэн зарчимтай уялдсан байна.

11.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т “Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна. Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна” гэж ажлын цагийн дээд хязгаарыг зохицуулсан бөгөөд 87 дугаар зүйлийн 87.3-т “Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно” гэж ээлжийн ажлын цагийг тусгайлан заасан.

Ажлын цаг гэдэг нь ажил олгогч, ажилтан аль аль нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хуулиар тогтоосон хугацаа юм. Ажлын цагийн хэмжээг хуулиар нормчлон зохицуулсан учир хөдөлмөрийн харилцаанд баримтлах суурь хэм хэмжээ болдог ба харин ажлын цаг ашиглах журмыг хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, дүрмээр зохицуулж болдог нь ялгаатай байдаг.

Хуульд заасан дээрх хэм хэмжээний агуулгаас үзвэл ердийн ажил, уртын ээлжээр ажиллах аль аль тохиолдолд нэг өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна гэсэн хуульчилсан нь ердийн эсвэл нэг ээлжийн ажлын цаг 8 цаг байхыг агуулгын хувьд давхар баталгаажуулж, илүү цагийн дээд хэмжээг 4 цагаас хэтрэхгүй болохыг тогтоосон гэж үзнэ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, уртын ээлжээр ажиллах горимд ердийн ажлын нэгэн адил өдрийн 8 цагийг баримтлах бөгөөд “уртын ээлж” гэх ойлголтод 12 цаг ажиллах горим хамаарахгүй учир хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл “12 цаг” гэж бус “12 цагаас илүүгүй байна” гэж томьёолсон байна.

11.3.“О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.31-ний өдрийн 72 дугаар тушаалаар баталсан “ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам”-ийн 9.2.3-д “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно” гэж заажээ. (1хх 195-199 хуудас)

Энэ журмаас үзвэл ажилтныг илүү цаг ажиллуулсан учраас нөхөн амруулсан мэт агуулга байх боловч үнэн чанартаа нөхөн амруулсан гэж үзэх боломжгүй юм. Хуулийн утга санаа нь нэг ээлжид 14 хоног ажиллуулах, ингэхдээ илүү цагаар ажиллуулах бол өдөрт 4 цагаар илүүгүй байх, харин амрах хугацааг 14 хоног гэж тогтоосон. Хэрэв илүү цагийг нөхөн амраах замаар тооцож 14 хоног гэсэн хугацааг тогтоосон бол уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгох тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээ хуульд байхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан “нөхөн амруулаагүй бол” гэх ойлголтыг уртын ээлжийн ажилтанд ажил амралтын цагийн харьцааг тоон утгаар нь /168:336/ тайлбарлаж хэрэглэх боломжгүй нь тус хуулийн 92.3-т заасан зохицуулалтаас илэрхий байна. Хуулийн илт тодорхой заалтыг шүүх үгүйсгэх хуулийн үндэслэлгүй болно.

Хуулийн системчлэлийн үүднээс авч үзвэл, хуульд уртын ээлжид 14 хоногийн амрах хугацааг заасан нь 14 хоногийн турш нэг ээлжээр ажилласантай холбоотой байх ба харин илүү цагийг нь нөхөн амруулаагүй учраас нэмэгдэл хөлс олгох үр дагаврыг тусдаа 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр хуульчилсан гэж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл, хуулийн 92.4-т нэг ээлжид 14 хоног тасралтгүй ажилласан учраас нөхөн амруулахыг зохицуулсан бол илүү цагийн үр дагаврыг хуулийн 92.3-т тус тус ялгамжтай зохицуулжээ.

Үүргийн эрх зүйн үндсэн зарчмуудын нэг болох солилцооны зүй ёсны зарчмын хүрээнд уртын ээлжийн ажилтны 14 хоногийн тусгай дэгийн хүрээнд ажиллах, амрах нөхцөл байдлыг 14 хоногийн амралтаар тэнцвэржин тооцогдох боломжгүй учраас хуулийн 92.3-т заасан зохицуулалтаар илүү цагийн асуудлыг давхар шийдвэрлэсэн байна.

11.4.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.6-д “Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно” гэж заасан.

Уртын ээлжээр ажиллаж буй ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байгаа нь сард ердийн ажлын, өдрийн 8 цагаар ажиллахтай адил, ажлын цагийн нормыг зөрчөөгүй боловч энэ байдлыг уртын ээлжээр ажиллах нөхцөлтэй адилтган үзэж болохгүй, уг норм хэтрээгүй байгаа нь уртын ээлжээр ажилласан ажилтны илүү цагийг үгүйсгэхгүй юм. Учир нь хуульд 14 хоногийн амрах хугацаанд ээлжээр ажилласан нөхцөлийг хамааруулсан, харин илүү цагийн хувьд хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр нөхөн зохицуулсан байна. Энэ утгаар хариуцагч байгууллагын “Ажлын цагийн тухай журам”-ын 9.2.3-д заасан “... сард 168 цаг дотор ажилласан бөгөөд илүү цагийг 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно...” гэх татгалзал нь хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээнд нийцсэнгүй.

11.5.Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлүүд хэрэгт авагдсан ба уртын ээлжээр 14:14 болговол одоо авч байгаа хөдөлмөрийн хөлс 35 хүртэл хувиар буурах талаар дурдаж, 14 хоногт 12 цаг ажиллахаар нэг ээлжид 168 цаг ажиллах боломжтой гэж өөр өөр агуулгаар хэлэлцэж байсан боловч хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно” гэх хэм хэмжээг үзэл баримтлалын үүднээс хуульчилжээ.

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд энэ хууль батлагдахаас өмнө байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээ, улс, нийслэл, аймаг, сум, дүүрэг, салбар, салбар дундын хамтын хэлэлцээрийг тухайн хамтын гэрээ, хэлэлцээрээр тохиролцсон хугацаанд дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан хамтын гэрээ, хэлэлцээрт өөрчлөлт оруулах эсэхийг талууд харилцан тохиролцон шийдвэрлэнэ” гэж, 2 дугаар зүйлд хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна” гэж тус тус зохицуулсан байх тул уртын ээлжээр ажиллуулах зохицуулалтын хувьд 14:14 гэж хуульд тогтоосон хэдий ч цалин хөлс нь өмнөхөөс буурах үндэслэлгүй байна.

12.Мөн “О” ХХК болон “О” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2022-2025 оны “Хамтын гэрээ”-ний 2.13-д “Уртын ээлжийн ажилтны ажил гүйцэтгэх 14 хоногт өдөрт 8 цагаас илүү ажилласан илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох эсэх асуудлыг Монгол Улсын дээд шүүх энэхүү асуудлаар тайлбар гаргах хүртэлх хугацаанд Талууд хэлэлцэхгүй ба уг асуудлаар ҮЭХ-ны зүгээс аливаа хамтын болон иргэний маргаан үүсгэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар Талууд харилцан тохиролцов” (1хх 58-70 хуудас) гэж заасан байх ба талууд хуулийг хэрхэн ойлгох тухайд эргэлзээтэй байсан нөхцөл байдал тогтоогджээ. Уг асуудлаар ҮЭХ-ны зүгээс аливаа хамтын болон иргэний маргаан үүсгэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байх тохиролцоо нь хуульд нийцээгүй байна.

13.Иймд хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно” гэж зааснаар ажил олгогч нь нэмэгдэл хөлсийг олгох үүрэгтэй гэж үзнэ.

14.Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрээр тогтооно” гэж заасан.

Хуулиар хүний эрхийн минимум стандартыг тогтоох үндсэн зорилготой байдаг бөгөөд уг шаардлагыг хангасан талууд эрх, эрх чөлөөгөө хэрхэн баталгаажуулах нь тэдгээрийн хүсэл зоригоос хамаарч болно.

Нэхэмжлэгчийн цалин хөлс нь үндсэн цалин, илүү цаг 1,5-олговор, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, уртын ээлжийн нэмэгдэл, засвар үйлчилгээний зогсолтгүй үйл ажиллагааны олговор, уурхайн цогцолборт ирэх, буцах цагийн нэмэгдлээс бүрдсэн байна.

Хамтын гэрээний 2.14, 2.15, 2.16-д шөнийн ээлжийн нэмэгдэл хөлс дундаж цалин хөлсийг 1,2 дахин, уртын ээлжийн ажилтан нийтээр амрах баярын өдөр ажилласан тохиолдолд үндсэн цалинг 2 дахин, уртын ээлжийн нэмэгдэл үндсэн цалингийн 13 хувиар, хоол унааны нэмэгдэл 500,000 төгрөг байхаар тохирчээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэж зааснаар ажил олгогч нь дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох үүрэгтэй.

Нэхэмжлэгч С.Б нь илүү цагийн хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасны дагуу сүүлийн 3 сарын хөлс /7,676,506+6,520,177+13,828,035=28,024,718 төгрөг/-ийг ажилласан 520 цагт хувааж нэг цагийн хөлсийг 53,893.69 төгрөг гэж тооцон, сард 112 цаг ажиллахаас 168 цаг ажилласан буюу сар бүр 56 цаг илүү ажилласан гэж үзэж, илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгох ёстой тул үүний 1-ийг олгосон гэж үзээд, 0,5-ыг 4,527,070 төгрөг болно гэж тооцоолж, шаардсан, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн    176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00572 дугаар магадлалыг тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00229 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “О” ХХК-аас 4,527,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

             ШҮҮГЧИД                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                        Н.БАЯРМАА

                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                        Д.ЦОЛМОН