Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 0054

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б, Д.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Б.О

               Шүүгдэгч Д.Б+н өмгөөлөгч           Р.Н

  Нарийн бичгийн дарга                              Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Б, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н-н давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Р овогт С-н Б.

 

Монгол Улсын иргэн, Т овогт Д-н Бат-Э.

 

С.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 31-28 тоот Б.Ү-н эзэмшлийн байшингийн үүдний тамборын цонхоор 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хууль бусаар нэвтэрч бусадтай бүлэглэн 1 ширхэг адууны гуя, ганцаараа адууны гуя 1 ширхэгийг тус тус хулгайлан, нийт 288.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 31- 28 тоот Б.Үүрцайхын эзэмшлийн байшингаас Т.Б, С.Б нарын бүлэглэн хулгайлсан адууны 1 ширхэг гуяыг хамт зарж борлуулан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Р ургийн овогт С-н Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т ургийн овогт Д-н Б-г Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б, Д.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

 

Шүүгдэгч С.Б, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын асрамжинд байсан 17 настай охин Б.А 12 настай хүү Б.Г  нарт асран хамгаалагч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, улаан өнгийн бичиглэл бүхий хар хөх өнгийн саравчтай малгайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй,цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н давж заалдах гомдолдоо:

“ ... Д.Б-н холбогдсон хэрэг, түүний оролцоо, учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдалд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 /Эрүүгийн харицлагын зорилго/, 6.1 дүгээр зүйлийн 2 /Эрүүгийн хариуцлага хүлээлгэх/, 6.7 дугаар зүйл /Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх ... /, 7.1 дүгээр зүйл /Тэнсэх/-д заасан үндэслэлүүдээр бүрэн дүүрэн дүгнэлт хийж ял оногдуулаагүй, хүндрүүлэх талыг барьж хорих ял оногдуулж, түүнийг биечлэн эдлүүлэхээр тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Эдгээр үндэслэлээ дараах байдлаар авч үзэж байна.

Д.Б-н энэ гэмт хэрэгт оролцсон оролцооны байдалд бодитой дүгнэлт хийвэл:

Зээ дүү Б. Ү-д адуу гаргаж өгөөд улмаар тухайн өдөр түүнийг Хангал сум руу явж байгааг мэдээд адууны шир, жижиглэсэн махыг тамборын цонхыг эвдэж авсан үйлдлийн талаар Д.Б-н хувьд ямар ч оролцоо байхгүй, тэр тухай юу ч мэдэхгүй. Т.Б амьд сэрүүндээ яллагдагчаар татагдсан ч тэр тухай тодорхой мэдүүлэг өгөөгүй боловч гэрээс нь удаа дараа жижиг сажиг юм хулгайлдаг, тэнэмэл амьдралтай, архины хамааралтай гэх зээ Б.Ү-н мэдүүлэг, тэр өдөр Т.Б архи уух мөнгөтэй болсон байсан, Б тамборын цонхоор орсон байхад Т.Б-н малгай дотор нь байсан, тамборын цонх хагархай байсныг Б мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлаас үзвэл энэ үйлдлийг Т.Б хийсэн байх үндэслэлтэй.

Б нь манай дүүгийнх адуу гарсан, нэг гуяыг нь авах юм гэж С.Б, Д.Б нартай ярьж Б.Ү-н хашаанд очиход Б хамт явсан боловч гадаа хүнтэй уулзаад үлдсэн, Т.Б, С.Б нар тамборын цонхоор орж адууны нэг гуяыг авсан үйлдэлд оролцоогүй, харин түүнийг “Сүлд” дэлгүүрт аваачиж зарах үйл ажиллагаанд оролцож, зарсан мөнгөнөөс Т.Б 10.000 төгрөг өгснийг авсан, 750 граммын “Стандарт” архи уг мөнгөөр авсныг хамт хэрэглэсэн. Энэ үйлдэлд дүүгийнхээсээ зөвшөөрөлгүй авчихлаа гэж мэдсэн байж болох ч хулгайн эд зүйл гэдгийг баттай мэдсэн гэх нь хөдөлбөргүй тогтоогдоогүй. Өөрөө гэм буруугаа шүүх хуралдаанд хүлээснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Б, Б нарын өгсөн мэдүүлэгтэй харьцуулж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 9-д заасан үндэслэл бий болсон байна.

Б.Ү-с 2 дахь гуяыг С.Б хулгайлан авч “Нэхий” төвийн өмнө зарсан гэх үйлдлийг Д.Б мэдээгүй байна.Д.Б нь “Сүлд” дэлгүүрт зарсан адууны 30 кг нэг гуяны хохирол, хор уршигт оролцоотой байж болох бөгөөд шинжээчийн үнэлгээ тогтоосон 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02/02-183 тоот /Хэргийн 19 дүгээр тал/ дүгнэлтээр гуяны 1 кг мах /288.000: 60 кг/ 4.800 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Энэ хохирлыг уг үйлдэлд оролцсон 30 кг адууны нэг гуяны үнийг 3 хүнд ногдуулбал /144.000:3/ нэг хүнд 48.000 төгрөг ногдоно. Гэтэл Д.Б нь Б-н хамт энэ гэмт хэргийн бүхий л хохирлыг хуваан бүрэн төлсөн байна. Нас барж хуульд зааснаар холбогдох үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болсон Т.Б-д хамаарах хохирлыг шүүгдэгч нар үндэслэлгүйгээр хариуцан төлсөн нь ял хариуцлагыг халдаахгүй байх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэстэй байна. Үүнийг дурдаж байгаа нь Д.Б хохирол буцаан нэхэмжлэхээр шаардаж байгаа хэрэг биш ба хэргийн энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч ял хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжтой гэдгийг дурьдаж байна.

Т.Б нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчгүй оролцсон ба шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр хүсэлт өгсөн ч хууль зүйн туслалцаа авах, шүүхийн мэтгэлцээнд оролцох эрхээ хэрэгжүүлж чадаагүй нь ял шийтгэлд нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг өмгөөлөгч би үгүйсгэхгүй ч ямар үйлдэл холбогдолд, хэдий хэр хэмжээний гэм буруутай болохоо ухамсарлаж ойлгоогүй, өөрийгөө өмгөөлөх гэдгийн учрыг мэдэхгүй, тийнхүү өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэх чадваргүй болох нь энэ давж заалдах гомдлыг гаргахаар түүнтэй уулзаж ярилцахад ойлгогдож байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах талтай ямар ч мэтгэлцээн явуулж, өөрийн гэм буруу, түүнийг хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар үг дугараагүй болох нь хуралдааны тэмдэглэлээр нотлогдох ба шүүхийн хэлэлцүүлэгт тавьсан асуулт, саналууд дан яллах талын байдлаар явагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан "Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэсэн зарчим хэрэгжээгүй байна

Д.Б-н аж амьдралын хүрээний энэ үйлдэл нь "мөнгө угаах" гэдэг үндсэн ойлголтын хувьд Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4-д заасан хэлбэрийн төдий шинжтэй ч гэж хэлж болно. Гэмт хэргийн эд зүйлийг борлуулсан орлогоос 10.000 төгрөг авсан хүнийг мөнгө угаасан гэж яллах нь энэ төрлийн олон улсын гэрээ, конвенцийн агуулгатай авцалдахгүй байна. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч ялын саналдаа /тэмдэглэлийн 7 дахь тал/ Д.Б-н хувьд Эрүүгийн хуулийн тэнсэх журмыг хэрэглэж болох эсэх нь шүүхийн эрх хэмжээнд байгаа гэдгийг дурдсан нь хэргийг бодит байдалтай нийцсэн, анхаарч хэрэглэх боломжтой байсан байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны 154 тоот шийтгэх тогтоолтой хэргийг хянан үзэж Д.Бд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр 6 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчилж түүний үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэн тэнсэж өгнө үү. Д.Б энэ гомдлын дагуу хэргийг хэлэлцэх хүртэл тодорхой хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй байж Эрүүгийн хуулийн цээрлүүлэх зорилго хэрэгжсэн гэж үзнэ” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О дүгнэлтдээ: “ ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Р.Н-н давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б, Д.Б нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 31-28 тоотод байрлах иргэн Б.Үүрцайхын эзэмшлийн байшингийн үүдний тамборын цонхоор хууль бусаар нэвтэрч Т.Б-тэй бүлэглэн адууны 1 ширхэг гуя, мөн өдөр ганцаараа адууны 1 ширхэг гуяыг тус тус хулгайлан авч, нийт 288.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.Б нь С.Б, Т.Б нарын бүлэглэн хулгайлсан дээрх адууны 1 ширхэг гуяыг хамт зарж борлуулан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, “Сүлд” мах ногооны дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч Б.Ү, гэрч Г.Ө, А.О нарын мэдүүлэг, яллагдагч Т.Б,  шүүгдэгч С.Б, Д.Б нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон үнэлгээ, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд прокуророос С.Быг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусадтай бүлэглэн 1 ширхэг адууны гуя, ганцаараа адууны гуя 1 ширхэгийг тус тус хулгайлсан үйлдэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх С.Быг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан атлаа бүлэглэн гэсэн шинж болон яллах дүгнэлтэд заасан ганцаараа гэх шинжийг дурьдалгүй орхигдуулсан байна.

 

Мөн шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэж бичсэн нь буруу байна.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гарсан эдгээр алдааг давж заалдах шатны шүүх техникийн шинжтэй алдаанд тооцож шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой гэж үзсэн бөгөөд энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлсэн гэх үндэслэл болохгүй юм.

 

Үүнээс гадна Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан “Асран хамгаалалтад байх хүн” гэдэгт 14 нас хүрээгүй хүүхэд, мөн хуулийн 64 дүгээр зүйлд заасан “Харгалзан дэмжвэл зохих хүн” гэдэгт 14-18 хүртэлх насны хүүхэд тус тус хамаарах бөгөөд шүүх 12 настай хүү Б.Г-д асран хамгаалагч, 17 настай охин Б.А-д харгалзан дэмжигч томилохыг сумын засаг даргад даалгах ёстой атал охин Б.А, хүү Б.Г нарыг насны хувьд хязгаарлахгүйгээр хамтад нь асран хамгаалагч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгасан нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан ... бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байна.

Шүүгдэгч Д.Бд холбогдох гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ү-д учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүний өмгөөлөгч Р.Н-н гаргасан “ ... Д.Б-г Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэн тэнсэж өгнө үү ... ” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, Д.Б-д хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч С.Б-д оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн шинж болон хувийн байдалд тохирсон байна.

 

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч С.Б, Д.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Р ургийн овогт С-н Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т ургийн овогт Д-н Б-г Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг

“Шүүгдэгч Р овогт С-н Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж болон ганцаараа үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овогт Д-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ ... хорих ялаар, ...” гэсний дараа “ Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... С.Б, Д.Б нарт...” гэснийг “... С.Бд...”  гэж,

 

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3-т зааснаар С.Бын асрамжинд байсан 17 настай охин Б.А-д харгалзан дэмжигч, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар  12 настай хүү Б.Г-д асран хамгаалагч томилохыг Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус даалгасугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Д.Б-н тэнссэн хугацаанд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас 51 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-г сулласугай.

 

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

             5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                           С.УРАНЧИМЭГ