Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/154

 

                        

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгч С.Б, Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1925008710031 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Б

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч С.Быг Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 31-28 тоот Б.Үүрцайхын эзэмшлийн байшингийн үүдний тамборын цонхоор 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хууль бусаар нэвтэрч бусадтай бүлэглэн 1 ширхэг адууны гуя, ганцаараа адууны гуя 1 ширхэгийг тус тус хулгайлан нийт 288 000 /хоёр зуун наян найман мянга/ төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт, шүүгдэгч Дэчин-Ишийн Д.Б 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 31-28 тоот Б.Үүрцайхын эзэмшлийн байшингаас Т.Батмөнх, С.Б нарын бүлэглэн хулгайлсан адууны 1 ширхэг гуяыг хамт зарж борлуулалцаж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/  тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн  2.1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

шүүгдэгч Д.Б мэдүүлсэн гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 4-5-р хуудас/

-Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/

-Хохирогч Д.Үүрцайхын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “…2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манайх гэрийнхээ өвлийн идшийг хийх гээд хамаатны ах Батмөнхийг гуйгаад Яргуйт баг Толгодын 31-28 тоот өөрийн эзэмшлийн хашаандаа хязаалан насны адуу гаргуулсан юм. Тухайн үед адуугаа янзалчихаад байшингынхаа үүдний тамборын хэсэгт адууны махаа жижиглэж эвдээд 2 адууны гуяа бүтнээр нь даавуун дээр дэлгээд хөлдөөх гээд үлдээсэн юм. Хамгийн сүүлд 2019 оны 12 сарын 07-ны 11 цагийн үед хашаа байшингаа эргэнгээ хашааныхаа гаднаас байшингийнхаа тамборны цонхыг харахад хагараагүй зүгээр байсан юм. Хашаагаа эргэчихээд Булган аймгийн Хангал сумруу 12 цагийн үед явж байхад миний гар утасруу танихгүй дугаараас Батмөнх залгаад та хаана байгаа юм бэ гэж асуухаар нь би Хангал суманд явж байна яасан гэж асуухад зүгээр зүгээр би найзын төрсөн өдөр болчихоод мөнгөний хэрэг болоод байна мөнгө байвал зээлээч гэхээр нь би надад мөнгө байхгүй би хөдөө явж байна гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 12 сарын 08-ны 13 цагийн үед хорооллын хашаа байшин дээрээ очиход манай байшингийн үүдний тамборны цонх хагарчихсан үүдний цоож эвдчихсэн байсан. Тэгээд хулгай орж дээ гэж бодоод үүдний тамборны хэсэг рүү харахад Батмөнх ахын малгай дээшээ харчихсан газарт байхаар нь би малгай дээш нь харж болдоггүй юм гэнэ лээ гэж бодоод доош нь харуулаад тавьсан. Тэгээд цагдаа нар ирээд сэжиглэж байгаа хүн байна уу гэхээр нь би Батмөнх ахын малгай үлдчихсэн байна энэ хүн л авсан гэж хэлсэн тэгээд цагдаа нар шалгаад Батмөнх авсныг тогтоосон...би хохирлын мөнгөө бүрэн барагдуулж авсан, эдгээр хүмүүсээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зүгээс ямар нэгэн санал хүсэлт байхгүй би өдрийн цгаар ажилтай байдаг учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй  байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 118 дугаар хуудас/

-Гэрч Г.Өлзийсүрэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...2019 оны 12 сарын 07-ны өглөө 08 цагаас 17 цагийн хүртэл дэлгүүр дээрээ байсан. Тухайн үед наймаагаа хийгээд байж байхад ямар ч байсан үдээс хойш үл таних 3 согтуу залуучууд адууны гуя барьчихсан орж ирээд энэ махыг зармаар байна мөнгө болгох гэсийн гэхээр нь би хаанаас авсан юм бэ ямар учиртай мах юм бэ гэж асуухад манай идэшний мах гэж ярьцгаагаад байсан. Тэгээд би тухайн махыг авахгүй гээд гаргасан чинь буцаж орж ирээд энэ махыг авчих гээд хаалган дээр тэгнэж зогсчихоод манай дэлгүүрээр үйлчлүүлж байсан хүмүүсийг энэ махыг хямдхан авчихаач гээд гуйгаад байсан тэгээд наймаа ч хийлгэхгүй болохоор нь би аргаа бараад тухайн махыг худалдаж авсан. 20 кг жинтэй адууны махыг би 90.000 төгрөгөөр бодож авсан. Намайг 17 цагаас дэлгүүрээсээ явсан хойгуур манай дэлгүүр дээр сууж байсан дүү Отгонбаяр Буджаргал гэх арай настай хүн нь дахин нэг адууны гуя авчихсан өдөр эгч чинь авсан одоо чи энэ адууны гуяыг авчих гэж ирэхээр нь манай дүү хаанаас юу авч байгаа юм бэ хэнийхийг нь мэдэхгүй мах манайх авдаггүй гэж хэлээд хөөгөөд гаргасан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 12 дугаар хуудас/

“Далайван аудит” ХХК-ний шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2/2-183 дугаартай “... 60 кг адууны гуя 2 ширхэг 288 000, 20 кг жижиглэж янзалсан адууны мах 116 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 9-ний байдлаар нийт 404 000/дөрвөн зуун дөрвөн мянга/ төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 19-24 дүгээр хуудас/

“Далайван аудит” ХХК-ний шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/2-195 дугаартай "... үнэлгээнд хамрагдсан хязаалан адууны шир 20 000 төгрөг, цонх 30 000 төгрөг нийт 50 000/ тавин мянга/ төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 29-34 дүгээр хуудас/

 

-Хохирогч Б.Үүрцайхын ... 2020 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр Буджаргалаас 155000 төгрөг Д.Бэс 70 000 төгрөг, 17-ны өдөр шүүгдэгч С.Б, Д.Б нараас 229000 төгрөг нийт 454000 төгрөг хүлээн авч хохирлоо бүрэн барагдуулсан болно... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 92-97-р хуудас/

-Гэрч А Отгонбаярын: “... 2019 оны 12 сарын 7-ны өдрийн оройн 17 цагаар дэлгүүрээ хаатал 22 цаг хүртэл худалдаа хийсэн. Намайг дэлгүүр дээр сууж байхад орой 20 цаг өнгөрч байхад үл таних согтуу залуу ганцаараа адууны гуя үүрчихсэн орж ирээд өдөр эгч чинь надаас мах авсан одоо чи энэ махыг ав гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм бэ, манайх гарал үүслийн бичигтэй тодорхой мах авдаг гэж хэлэхэд миний мах байгаа юм чи авчихаач ямар ч асуудал байхгүй гээд байсан. Тэгээд би авахгүй гээд манай дэлгүүрээс удалгүй гараад явсан. С.Б гэх хүн мөн байна би зургийг нь хараад шууд таниж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Б нь бусадтай бүлэглэн нь Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 31-28 тоот Б.Үүрцайхын эзэмшлийн байшингийн үүдний тамборын цонхоор 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр нэвтэрч 1 ширхэг адууны гуя, ганцаараа адууны гуя 1 ширхэгийг авч 288 000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Дэчин-Ишийн Бат-Эрдэнэ нь 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Б.Үүрцайхын эзэмшлийн байшингаас Т.Батмөнх, С.Б нарын бүлэглэн нэвтэрч авсан адууны 1 ширхэг гуяыг хамт зарж борлуулан ашигласан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч С.Бын Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 31-28 тоот Б.Үүрцайхын эзэмшлийн байшинд зөвшөөрөлгүй, нууцаар хууль бусаар нэвтэрч 1 ширхэг адууны гуя, ганцаараа нэвтэрч адууны гуя 1 ширхэгийг авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч Д.Б 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Б.Үүрцайхын эзэмшлийн байшингаас Т.Батмөнх, С.Б нарын бүлэглэн хулгайлсан адууны 1 ширхэг гуяыг хамт зарж борлуулж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийн  шинжтэй хүсэж хийсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Б, Д.Б нарын үйлдлийн улмаас Б.Үүрцайхад эд хөрөнгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Б, Д.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.    

         Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Б, Д.Б нарын гэм буруутай болох нь шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Д.Бг 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэжээ.

            Шүүгдэгч нар шүүх хуралдаанд: Хөнгөн ял оногдуулна уу, гэм буруугаа хүлээж байна      гэжээ.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн үйлдэх үеийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол нөхөн төлөгдсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн ба шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч С.Бын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хохирлын хэмжээ, хохирол төлсөн хөнгөрүүлэн үзэх нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй  гэж дүгнэв.

           Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Б.Үүрцайх шүүх хуралдаанд оролцохгүй,  гомдол саналгүй хохирлоо бүрэн барагдуулсан гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй байна. Шүүгдэгч нар бэлэн мөнгөөр төлж хохирлыг арилгасан тухай баримт хэрэгт авагдсан байна.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, улаан өнгийн бичиглэл бүхий саравчтай малгай 1 ширхэгийг устгахаар зааж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Шүүгдэгч Р ургийн овогт С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т ургийн овогт Д.Б Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б, Д.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч С.Б, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын асрамжинд байсан 17 настай охин Б.Анхзаяа РД:/ФД03210129/, 12 настай хүү Б.Гантулга РД:/ФД08272616/ нарт асран хамгаалагч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, улаан өнгийн бичиглэл бүхий хар хөх өнгийн саравчтай малгайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй,цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ