Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2021/01616

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэгт бүртгэлтэй ч, Баянгол дүүрэгт оршин суух, Т овогт Ё-ын Г -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэгт бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэгт оршин суух, Б овогт С-ийн Т-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 157.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  63.800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч С.Т, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Ё.Г би 1996 оноос Урт цагаан худалдаа, үйлчилгээний “Чин толгой” төвд алт, мөнгөн эдлэлийн чиглэлээр худалдаа, үйлчилгээ эрхлэн 25 жил болж байна. Харин С.Т 2010 оноос “Чин толгой” төвийн байранд үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд тэр үеэс түүнийг таньж мэдэх болсон. Улмаар С.Т манай гэр орноор ирэх, баярын өдрүүдийг хамтдаа тэмдэглэх зэргээр бидэнтэй ойр дотно харилцах болсноор түүнд итгэх, найз нөхдийн хэмжээнд нөхөрлөх болсон юм.

Харин С.Т өөрийн нөхрийн талаар “Нөхөр маань завгүй байгаа", “Шоудаад гэртээ 5 хоног ирээгүй”, “Шартаад хэвтэж байгаа”, “Бараанд гадагшаа явсан” гэх мэтээр нөхрөө уулзуулж, танилцуулахгүй байсан нь хожим түүнд эргэлзэх үндэслэл болсон юм. С.Т их, бага хэмжээгээр надаас олон удаа дансаар болон бэлнээр зээл авч байсны дотор 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр С.Т надад “...Манай нөхөр найз найзтайгаа нийлж, Драгон худалдааны төвийн хойно орон сууцны барилга барьж байгаа. Удахгүй ашиглалтад орно. Обой, эмульс худалдаж авахад 50.000.000 төгрөг зээлээч. 10 хоногийн дотор 5 хувийн хүү тооцож, эргүүлж өгье" гэхээр нь зөвшөөрч, 50.000.000 төгрөг зээлдүүлсэн. Уг зээлийг С.Т уван цуван байдлаар эргэн төлж дуусгасан. Одоо түүний авсан олон удаагийн зээлүүдээс эргэн төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл 157.000.000 төгрөг болоод байгаа ба эргэн төлөөгүй 157.000.000 төгрөгийн зээлийг задалбал:

1.2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр С.Т “... 5 хувийн хүүтэй 15.000.000 төгрөг найздаа зээлээч. Манай нөхөр барилгаа ашиглалтад оруулсан. Улсын Комисст хүлээлгэж өгөх байгаа” гэхээр нь зөвшөөрч, түүнд 15.000.000 төгрөг бэлнээр зээлдүүлсэн.

2.2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “... Тог цахилгаан, усны төлбөр өгөх гэсэн юм. 5 хувийн хүүтэй, нэмж 15.000.000 төгрөг зээлээч" гэхэд бэлнээр түүнд 15.000.000 төгрөг өгсөн.

3.2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр С.Т “... 30.000.000 төгрөг яаралтай зээлээч. Нөхрийн Лексус 470 маркийн 37-77 УНЛ улсын дугаартай автомашиныг ломбарднаас авч, өндөр үнээр нөхрийн найзад зараад, зээлээ төлье” гэхээр би өөрийн Хаан банкны 5077192005 тоот харилцах данснаас С.Тунгалагийн Хаан банкны 5019682180 тоот харилцах данс руу 30.000.000 төгрөг шилжүүлсэн.

4.2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр С.Т надад “Таван богд” ХХК-иас Ланд 200 маркийн автомашин авахаар болсон. Урьдчилгаа 10 хувь өгөхөд 15.000.000 төгрөг дутаад байна. Энэ машиныг аваад хувь хүнд зараад бүх зээлээ дарна” гэхээр нь би өөрийн Хаан банкны данснаас 9.000.000, 6.000.000 төгрөгийн 2 удаагийн гүйлгээгээр нийт 15.000.000 төгрөгийг тухайн өдрөө шилжүүлсэн.

5.2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “... 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай 70.000.000 төгрөг зээлээч" гэж гуйхад би боломжгүй гэдгээ түүнд хэлсэн. С.Т надад “... Манай нөхрийн ажилладаг компанийн барьж байгаа барилгаас орон сууц хямд авч, өндөр үнээр зарж, зээлээ өгөх гэсэн юм” гэхээр нь өөрийн дүү н.Очирбатаас түр мөнгө зээлж, би өөрийн Хаан банкны 5077192005 тоот харилцах данснаас С.Тунгалагийн Хаан банкны 5019682180 тоот харилцах данс руу “н.Очирбат Ганцоожоос” гэх гүйлгээний утгатай 70.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс 8.000.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 62.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.

        6.2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “... Нөхрийн ажлын газрын доод давхарт байдаг ББСБ-аас мөнгө авахаар болсон. Нэг цагийн хугацаатай 20.000.000 төгрөг түр зээлээч” гэхээр би н.Түвшинбаяраас зээлж, түүний данснаас С.Т-т 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг өгөхгүй, хугацаа хэтрүүлж байсан учир тухайн үедээ би өөрөөсөө мөнгө гаргаж өгсөн. Би С.Т-аас зээлийн үлдэгдэл 157.000.000 төгрөгөө нэхэж, олон удаа шаардаж байсан. Тэрээр “Удахгүй өгнө”, “Сарын дараа өгье” гэх мэтээр элдэв шалтаг заан худал хэлж өдий хүрлээ. Тухайлбал: 2018 оны 7 дугаар сард би С.Т-аас зээлээ төлөхийг шаардахад тэрээр надад Одоо боломжгүй байна. 1 сарын дараа 80.000.000 төгрөг өгнө. Дараа үлдэгдлээ өгье. Харин зээлийн хүүг хасч өгөөч." гэж гуйхаар би найз нөхрийн хувьд зөвшөөрч “...чамаас хүү авахгүй. Харин чи авсан үндсэн зээлээ төл” гэсэн. 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр би С.Т-тай уулзаж, мөнгөө нэхэхэд “...Энэ сард мөнгө бүтсэнгүй. Жаахан хүлээгээч. Дараа сард 80.000.000 төгрөг өгье. Харин хоёулаа тооцоогоо дахин нийлье” гэхээр нь зөвшөөрч, өмнө нийлсэн тооцоогоо дахин нийлсэн. Уг тооцоогоор хариуцагч С.Т-ийн зээлийн үлдэгдэл 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 157.000.000 төгрөг болохыг харилцан хүлээн зөвшөөрч, аль алин нь гарын үсгээ зурж, баталгаажуулсан юм.

Энэ өдрөөс хойш 4, 5 хоногийн дараа дахин уулзахдаа “...Чи хэлсэн ёсоороо дараа сард 80.000.000 төгрөг өгөөрэй. Ахиж хугацаагаа сунгахгүй шүү” гэхэд “...Итгэхгүй байгаа бол дахин баримт бичиж өгье. Би хэлсэн хугацаандаа заавал зээлээ төлнө. Надад итгээрэй” гээд 2 хуудас цаасан дээр бичиж өгсөн. Эхний баримтад 157.000.000 төгрөг зээлж авснаа, 2 дахь хуудсандаа нэг сарын дотор 82.000.000 төгрөгийг, дараа сард үлдэгдэл зээлээ төлж дуусгана гэж баталж, баримт бичиж өгсөн. Тэр өдрөөс хойш нэг ч төлөлт хийгээгүй өдий хүрлээ.  Хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарын хооронд түүнд бэлнээр 100.250.000 төгрөг, бэлэн бусаар өөрийн Хаан банкны 5077192005 тоот дансаар 287.770.000 төгрөг, 5077463226 тоот дансаар 45.000.000 төгрөг, А.Түвшинбаярын дансаар дамжуулан 30.000.000 төгрөг нийт 463.020.000 төгрөг зээлсэн. Үүнээс тэрээр 297.455.000 төгрөгийг буцаан төлсөн болохыг прокурорын тогтоолоор баталгаажуулсан. Ингээд үлдэгдэл 165.565.000 төгрөг байгаа. Үүнээс 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хоорондын тооцоогоор 8.565.000 төгрөгийг хасч тооцвол нэхэмжилж байгаа дүн гарна. Цагдаагаас нэхэмжлэгчийн өгсөн мөнгөн дүнг бүрэн тогтоогоогүй, зөвхөн нэг дансыг үзсэн болно. Түүнчлэн миний хувьд түүнээс бараа худалдан авч байгаагүй. Дансаар мөнгө шилжүүлэхэд “зээл” гэж битгий бичээч, дараа нь банкнаас зээл авах боломжгүй болчихно хэмээн өөрөө гуйдаг байсан тул гүйлгээний утгыг түүний хэлснээр бичдэг байсан. Миний эхнэрийн ломбарднаас зээлсэн мөнгөндөө бараа тооцож өгдөг зүйл байсан байх. Иймд зээлийн гэрээний үүрэгт 157.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Би С.Т-т өдрийн 1 хувийн хүүтэй болон шагнал авах нөхцөлөөр зээл өгч байгаагүй. Харин би түүнд хүүгүй болон зарим үед сарын 5 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлж байсан нь үнэн боловч С.Т авсан зээлээ өгч чадахгүй байнга хугацаа хэтрүүлж, зээлээ дутуу хагас төлдөг, найз нөхдийн харилцаатай байсан тул өгсөн зээлдээ хүү тооцохгүй гэдгээ түүнд хэлж, ямар ч хүү тооцохгүйгээр мөнгөө авдаг байсан. Тийм учраас би цагдаад гомдол гаргахдаа зээлийн хүү тооцоогүй, зөвхөн түүнд өгсөн мөнгөө л нэхсэн байгаа. Хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэхдээ миний дансны гүйлгээг дутуу тооцсон тул надаас мөнгө шаардах үндэслэлгүй.

             Миний эхнэр Мянгантуяад холбогдох хэрэг энэ хэрэгт хамааралгүй, тусдаа хэрэг. Нөгөө талаар би С.Т-т залилан мэхлүүлсэн үндэслэлээр 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасныг шалгаад 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хэрэг нээн, 2 жилийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр прокуророос гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн. Тэрээр урт цагаанд ажилладаг миний адил олон хүнийг залилан мэхэлж, тэднээс их хэмжээний мөнгө авсан хэрэгтээ 2021 онд ял шийтгэгдсэн. Түүнчлэн сөрөг нэхэмжлэлээр шаардсан 32 сая төгрөгийн тухайд тухайн хэргийг Улсын дээд шүүх хянаж байгаа бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болоогүй тул хэрэгсэхгүй болгож, дараа нэхэмжлэлээ жич гаргах нь зүйтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: 181102528 дугаартай эрүүгийн хэрэгт Ё.Г гомдол гаргаж байсан ба гомдлыг хүлээн авахаас татгалзсан Улсын ерөнхий Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 13-ны 1/899 тогтоолд “...Ё.Г-оос 227.8 сая төгрөг, ...С.Т-аас 267.6 сая төгрөг шилжүүлсэн” гэсэн байна. Тэгэхээр Ё.Г-д төлбөртэй бус авлагатай байна. Ё.Г-д төлөх ёсгүй 20 сая төгрөг төлсөн болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ба шийдвэрийн уг хэсэгт холбогдуулан хариуцагч Ш.Мянгантуяа нь гомдол гаргаагүй болно.

Би олон удаа мөнгө зээлж, зээлсэн мөнгөө дор бүрд нь буцаан төлдөг байсан.  Өмнөх зээлээ төлөөд дахиад авдаг байсан. Угаасаа өмнөх зээлээ төлөөгүй тохиолдолд дахин дахин нэмж өгөх үндэсгүй. Харин нэхэмжлэгчээс бэлнээр мөнгө хүлээн авч байгаагүй, дандаа дансаар авдаг байсан.

Талуудын хооронд зээлийн харилцаа амаар үүссэн нь үнэн. Хүүтэй байсан нь үнэн. Гэхдээ гэрээг бичгээр байгуулаагүй тул тэрээр хүү шаардах эрхгүй. Цагдаад нэхэмжлэгч хандсанаар бүх дансны хуулга, баримтаа өгсөн. Цагдаагаас шалгаад түүнээс авсан мөнгө, буцаан өгсөн мөнгөнөөс илүү гарсан нь тогтоогдсон байгаа  тул төлөх үүрэггүй. Үүнээс гадна нэхэмжлэгчид алт мөнгө аваачиж зардаг байсан. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно. Үүний мөнгийг нэхэмжлэгч дансаар шилжүүлдэг байсныг зээл хэмээн тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан дансны хуулгаас харвал гүйлгээний утгад “цоож”, “ганаа” эсхүл утасны дугаар тавьж шилжүүлсэн гүйлгээний дүн бүгд бага байгаа бөгөөд энэ нь С.Тунгалагаас худалдан авсан барааны мөнгөө шилжүүлсэн баримт болно. Харин “Ганцоож” гэж бичсэн нь зээлийн мөнгө юм. Гүйлгээний утга өөр байгаагаас зээл биш худалдсан зүйлийн үнийг авдаг байсан нь нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 157 сая төгрөгийг уван цуван авсан талаараа тухайн үед хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан ба шагнал болон зарим мөнгийг нь 1 хувийн хүүгийн хамт авсан мөнгөө бүхэлд нь эргүүлэн төлсөн. Гэтэл их хэмжээний хүү авсан Ё.Г-ийн сэтгэл ханаагүйгээр үл барам надад 165 сая төгрөгөө залилуулсан гэсэн гомдлыг 2019 оны хавар цагдаад хандан гаргаснаар талуудын хооронд маргаан үүсч, миний бие Ё.Г-оос авсан болон түүнд эргүүлэн өгсөн бүх мөнгөний тооцоог цагдаад гаргаж өгснөөр хэргийг хаасан. Шат шатны прокурор гомдлыг хянан үзээд хэвээр үлдээсэн ба 2020 оны 10 дугаар сарын 13-ны 887 дугаар тогтоолд миний бие “...227.8 сая төгрөг авч, 267.6 сая төгрөг өгсөн” болохыг тогтоож, уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Тэгэхээр түүнд үндэслэлгүй их хэмжээний мөнгө буюу 39.8 сая төгрөгийг илүү төлсөн байх тул уг мөнгийг нэхэмжилж байна.

Мөн надаас их хэмжээний мөнгө авсан мөртлөө цагдаад хандан гомдол гаргасан тул түүний эхнэрт өгсөн мөнгөө нэхэмжилж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 113 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ Ё.Г-д өгөх мөнгийг буюу 24 сая төгрөгийг хассан. Тэгэхээр Ё.Г-ийн авах ёсгүй мөнгийг эхнэр рүү нь шилжүүлснийг “мөн Ё.Г-д төлөх ёстой 24 сая төгрөгийг хасаж тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна” хэмээн давж заалдах шатны шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шийдвэрлэсэн тул энэ мөнгийг нэхэмжилж байна. Ё.Г-жоос нийт 63.8 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ё.Г нь С.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 157.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 63.800.000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

1.Хэрэгт баримтаар авагдсан 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусталх хугацааны нэхэмжлэгч Ё.Г-ийн Хаан банкны 5077192005 тоот дансны хуулгаас үзвэл Хаан банкны 5019682180 тоот данс руу 2017 онд 71.500.000 төгрөг, 2018 онд 220.540.000 төгрөг, нийт 292.040.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн, харин уг данснаас 2017 онд 57.545.000 төгрөг, 2018 онд 236.810.000 төгрөг, нийт 294.355.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгджээ. Нэхэмжлэгчийн харилцсан дээрх 5019682180 тоот данс хариуцагч С.Т-нх гэдэгт зохигчид маргаагүй. /хх 72-107/

2.Нэхэмжлэгч Ё.Г-ийн Хаан банкны 5077463226 тоот дансны хуулгаас үзвэл хариуцагчийн Хаан банк дах 5019682180 тоот данс руу 2018 оны 3 дугаар сарын 07-нд 25.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг, нийт 45.000.000 төгрөг шилжүүлжээ. /хх 108-109/

3.Хэрэгт авагдсан А.Түвшинбаярын Хаан банкны данснаас хариуцагч С.Т-ийн Хаан банкны мөн дээр дурдсан данс руу 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 6.500.000 төгрөг, дахин мөн өдөр 3.500.000 төгрөг,  2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг нийтдээ 30.000.000 төгрөгийг “цоож” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн. Тэрээр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “дээрх мөнгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр шилжүүлсэн, Ё.Г-оос энэ мөнгийг буцаан авсан” хэмээн мэдүүлсэн.  /хх 110-112, 174-176/

4.Хавтаст хэргийн 115-117 дахь талд авагдсан мөнгө зээлсэн тухай гараар бичсэн баримт авагдсан. Энэ баримтыг хариуцагч өөрөө бичсэн, түүний гарын үсэг мөн гэдэгт маргаагүйгээс гадна баримтад дурдсан өдрүүдэд мөнгийг зээлсэн нь үнэн хэмээн шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч тайлбарлав.

Хэрэгт авагдсан дээрх тооцоо хийж гараар бичсэн 2018 оны 8 дугаар сарын 26, 30-ны өдрийн баримтуудад  хариуцагч нэхэмжлэгчээс 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 50.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 15.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 15.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 30.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 62.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 20-нд 20.000.000 төгрөг-“төөгий” хэмээн тус тус зээлж авсан тухай дурджээ.  Дээрх дурдсан дүнгээс хэрэгт авагдсан дансны хуулгатай давхцаагүй дүн буюу 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 15.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг бэлнээр хүлээн авсан болохоо хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Түүнчлэн 2018 оны 6 дугаар сарын 19-нд нэхэмжлэгчийн данснаас 70 сая төгрөг хариуцагчид шилжсэн ч  62.000.000 төгрөг авсан, үлдэх 8 сая төгрөгийг тооцооноос хассан хэмээн нэхэмжлэгч өөрөө тайлбарласан, хариуцагч бичгээр үйлдсэн баримтдаа мөн өдөр 62.000.000 төгрөг зээлсэн тухай бичсэн, энэ баримтад маргаагүй болно.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох”-оор заасан тул тухайн өдрүүдэд мөнгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэв. Зохигчид хэн алин нь талуудын хооронд олон удаагийн давтамжтай зээлийн харилцаа үүссэн, хүүтэй байхаар анх амаар тохиролцсон үйл баримтад маргаагүй. Түүнчлэн хариуцагч 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс хойш нэхэмжлэгчид мөнгө төлөөгүй үйл баримтад маргаагүй.

Харин гэрээг бичгээр байгуулаагүй хэрнээ хүү авч байсан, өмнөх зээлээ төлж дуусгаснаар дараагийн зээлийг олгодог байсан, түүнчлэн нэхэмжлэгчээс зээлсэн мөнгө буцаан төлсөн мөнгөнөөс илүү гарсан тул төлөх үүрэггүй, зээлийг төлж дуусгасан гэж хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлав. Улмаар илүү төлсөн үндэслэлээр 39.800.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна.

Шүүх зохигчдын хоорондох шилжүүлсэн мөнгөний дүнг нэгтгэвэл нэхэмжлэгч нийтдээ 397.040.000 төгрөг /данс 292.040.000 + өөр данс 45.000.000 +30.000.000 бусдын данс + бэлнээр 30.000.000/ хариуцагчид шилжүүлснээс 294.355.000 төгрөгийг буцаан төлсөн болох нь тогтоогдсон тул үлдэх 102.685.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Нэгэнт хариуцагч зээлийг бүрэн төлөөгүй болох нь баримтаар тогтоогдсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Нэхэмжлэгч талуудын хоорондох олон удаагийн зээлийн харилцаанаас 6 удаагийн зээл төлөгдөөгүй хэмээн нэхэмжлэлд дурдаж шаардсан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед зохигчид хэн алин нь 2017 оноос хойшхи хугацааны зээл өгсөн авсан асуудлаар маргасан, түүнчлэн хариуцагч 2017 оноос хойшхи хугацаанд төлсөн мөнгө илүү гарсан хэмээн сөрөг нэхэмжлэлээр шаардсан тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарын хоорондох өгсөн, авсан мөнгөн дүнг нэгтгэн тооцох нь зүйтэй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

Талуудын хооронд зээлийн харилцаанаас гадна худалдах худалдан авах харилцаа үүссэн, нэхэмжлэгчид 93.770.000 төгрөгний алт үнэт эдлэл, 56.900.000 төгрөгний гар утас, утасны дугаар зэргийг зарсан байсан, уг худалдсан зүйлийн үнийг нэхэмжлэгч түүний дансанд шилжүүлсэн хэмээн тайлбарласан.  Нэхэмжлэгч түүнээс эд зүйл худалдан авч байгаагүй хэмээн маргав.

Зохигчдын хооронд худалдах худалдан авах харилцаа үүсэн болохыг дэмжих баримт хэрэгт авагдаагүйгээс гадна шүүх хуралдааны явцад хариуцагч хэргийн 232-233 дах талд авагдсан тооцоонд тусгасан алт монет, гар утас зэрэг барааг өөрийн зээлсэн мөнгөний хүүд тооцон өгсөн хэмээн өмнөх тайлбараа үгүйсгэж зөрүүтэйгээр тайлбарлаж байна. Түүнчлэн түүний охин болох О.Алтанцэцэг мэдүүлэхдээ “алт мөнгөн эдлэл худалдаад эргүүлээд Ганцоож ах мөнгийг шилжүүлдэг байсан” хэмээн мэдүүлсэн, гэрч С.Мөнхцогт дээрх мэдүүлгийг мөн дэмжиж мэдүүлсэн хэдий ч  гэрчийн энэ мэдүүлгийг дэмжих бичгийн баримт авагдаагүй тул шүүх үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй. /хх 196-198, 199-201/

Хэрэгт авагдсан дансны хуулга дах гүйлгээний утгаас зөвхөн нэг удаагийнх буюу 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөг шилжүүлэхдээ “бараа” гэсэн утгаар мөнгийг шилжүүлжээ. Гэвч хариуцагчийн гараар бичсэн баримтад мөн өдрийн мөнгийг “зээлсэн” хэмээн бичигдсэн, шүүх хуралдаанд зээл хэмээн өөрөө хүлээн зөвшөөрч тайлбарласан тул шүүх талуудын хооронд зээлийн харилцаанаас өөр харилцаа үүсээгүй, энэ тухай баримтгүй гэж үзсэн болно. /хх 96/

Үүнээс гадна 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч өөрийн дүү Ё.Отгонхүүгээс 60.000.000 төгрөг бэлнээр авч уг мөнгийг хариуцагчид бэлнээр өгсөн гэж, харин хариуцагч уг мөнгийг аваагүй гэж тус тус маргасан.

Хэрэгт авагдсан гэрч Ё.Отгонхүүгийн дансны хуулга, мэдүүлгээс үзвэл тэрээр 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 60.000.000 төгрөгийг өөрийн данснаас бэлнээр авч нэхэмжлэгч Ё.Г-д өгсөн болох нь тогтоогдсон хэдий ч харин уг мөнгийг хариуцагчид өгсөн болохыг дэмжих бичгийн баримт хэрэгт авагдаагүй. Гэрч Ё.Отгонхүү, Ё.Очирбат нар “мөнгийг Ё.Г-оос С.Т-т өгсөн” хэмээн мэдүүлсэн боловч мөн л гэрчүүдийн дээрх мэдүүлгийг дэмжих баримт авагдаагүй тул шүүх үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй. /хх 113-114, 177-179, 191-195/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00113 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 386 дугаар магадлалаар С.Т-ийн нэхэмжлэлтэй С.Мөнгөнтуяад холбогдох хэргийг шийдвэрлэжээ. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч руу шилжүүлсэн 24.000.000 төгрөг хариуцагчийн нөхөр болох Ё.Г-д төлөх ёстой мөнгийг эхнэрийнх нь дансаар дамжуулж төлсөн гэж зохигчид тайлбарласан, мөн Ё.Г-оос нэхэмжлэгч С.Т-ийн дансанд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 24.000.000 төгрөг шилжүүлсэн зэргээс энэ гүйлгээ нь Ё.Г-д хамааралтай байх тул хасч тооцох нь зүйтэй” гэж дурджээ. /хх 135-139/

Нэхэмжлэгч Ё.Г-ийн эхнэр С.Мөнгөнтуяагаас илүү төлсөн мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан уг хэрэгт дээрх 24.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид хамааралтай үндэслэлээр шүүх хассан тул одоо нэхэмжлэгчээс тооцож гаргуулна хэмээн хариуцагч сөрөг нэхэмжлэлээ тайлбарлав. Дээрх шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болоогүй, хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа үйл баримтад зохигчид хэн алин нь маргаагүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “зохигчийн маргаж буй зүйл, түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” болох нь тогтоогдсон, уг хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө энэ шаардлагыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан С.Т-аас 102.685.000  /нэг зуун хоёр сая зургаан зуун наян таван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ё.Г-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  54.315.000 төгрөгийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгчээс 39.800.000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Ё.Г-оос 24.000.000 төгрөг буцаан гаргуулах тухай С.Т-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 943.000 төгрөг, хариуцагчаас төлсөн 476.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 671.375 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, улсын орлогоос 277.950 төгрөг буцаан гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ