Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01631

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01631

 

 

 

 

ххххх-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2021/01616 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ххххх-ийн нэхэмжлэлтэй хариуцагч хххххх-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 157 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүй хөрөнгөжсөн 68 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдоос давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамба, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч ххххх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би хххххх-тай найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд надаас их, бага хэмжээгээр олон удаа дансаар болон бэлнээр зээл авч байсан. Түүнд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 50 000 000 төгрөг зээлдүүлсэн. Уг зээлийг ххххххх уван цуван байдлаар төлж дуусгасан. Одоо түүний авсан олон удаагийн зээлүүдээс төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл нийт 157 000 000 төгрөг болсон. Тодруулбал, 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 15 000 000 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 15 000 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 30 000 000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 15 000 000 төгрөгийг тус тус зээлж, мөн оны 6 дугаар сарын 19-ний өдөр хххххххаас 70 000 000 төгрөг зээлээч гэхэд нь би дүү н.О 70 000 000 төгрөг зээлж, хххххххийн ХААН банкны 50хххххх тоот данс руу ххххххх гэх гүйлгээний утгатай 70 000 000 төгрөг шилжүүлсэн. Би энэ мөнгөнөөс 8 000 000 төгрөгийг хасч 62 000 000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр А.Т 20 000 000 төгрөгийг зээлж, хариуцагчид шилжүүлсэн.

хххххх-тай 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тооцоо нийлэхэд зээлийн үлдэгдэл 157 000 000 төгрөг болохыг тэрээр зөвшөөрч, гарын үсгээ зурж, баталгаажуулсан. Хариуцагчид 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарын хооронд бэлнээр 100 250 000 төгрөг, бэлэн бусаар өөрийн ХААН банкны 5077192005 тоот дансаар 287 770 000 төгрөг, 5077463226 тоот дансаар 45 000 000 төгрөг, А.Т дансаар дамжуулан 30 000 000 төгрөг нийт 463 020 000 төгрөг зээлсэн. Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/899 тоот тогтоолоор 297 455 000 төгрөгийг буцаан төлсөн болохыг баталгаажуулж, үлдэгдэл 165 565 000 төгрөг болсон. Үүнээс 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хоорондын тооцоогоор 8 565 000 төгрөгийг хасч тооцвол нэхэмжилж байгаа дүн гарна. Цагдаагийн байгууллагад нэхэмжлэгчийн өгсөн мөнгөн дүнг бүрэн тогтоогоогүй, зөвхөн нэг дансыг үзсэн болно. Түүнчлэн миний хувьд хххххххаас бараа худалдан авч байгаагүй. Дансаар мөнгө шилжүүлэхэд зээл гэж битгий бичээч, дараа нь банкнаас зээл авах боломжгүй болно гэж гуйдаг байсан тул гүйлгээний утгыг түүний хэлснээр бичдэг байсан. Миний эхнэрийн ломбарднаас зээлсэн мөнгөндөө бараа тооцож өгдөг зүйл байсан байх. Иймд зээлийн гэрээний үүрэгт 157 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ххххххх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би хххххоос олон удаа мөнгө зээлж, зээлсэн мөнгөө дор бүрд нь буцаан төлдөг байсан. Өмнөх зээлээ төлөөд дахиад авдаг байсан. Нэхэмжлэгчээс бэлнээр мөнгө хүлээн авч байгаагүй, харин дансаар авдаг байсан. Бидний хооронд зээлийн харилцаа амаар үүссэн нь үнэн. Хүүтэй байсан нь үнэн. Гэхдээ гэрээг бичгээр байгуулаагүй тул тэрээр хүү шаардах эрхгүй гэж үзэж байна. Цагдаагийн байгууллагад нэхэмжлэгч хандсанаар би өөрийн бүх дансны хуулга, баримтаа өгсөн. Цагдаагийн байгууллагаас шалгаад хххххоос авсан мөнгө буцаан өгсөн мөнгөнөөс илүү гарсан нь тогтоогдсон байгаа тул төлөх үүрэггүй. ххххххх нь нэхэмжлэгчид алт мөнгө авчирч зардаг байсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно. Дээрх алт мөнгөний мөнгийг нэхэмжлэгч дансаар шилжүүлдэг байсныг зээл хэмээн тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн дансны хуулгаас үзвэл гүйлгээний утгад цоож, ганаа эсхүл утасны дугаар тавьж шилжүүлсэн гүйлгээний дүн бүгд бага байдаг бөгөөд энэ нь надаас худалдан авсан барааны мөнгөө шилжүүлсэн баримт болно. Харин Ганцоож гэж бичсэн нь зээлийн мөнгө юм. Гүйлгээний утга өөр байгаагаас зээл биш худалдсан зүйлийн үнийг авдаг байсан нь нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ххххххх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 157 000 000 төгрөгийг зээлснээ зөвшөөрч гарын үсэг зурсан ба шагнал болон зарим мөнгийг нь 1 хувийн хүүгийн хамт авсан мөнгөө бүхэлд нь эргүүлэн төлсөн. Гэтэл ххххх нь 165 000 000 төгрөгөө залилуулсан гэсэн гомдлыг 2019 оны хавар цагдаад хандан гаргаснаар бидний хооронд маргаан үүссэн. Цагдаагийн газарт хххххоос авсан болон түүнд эргүүлэн өгсөн бүх мөнгөний тооцоог гаргаж өгснөөр хэргийг хаасан. Шат шатны прокурор гомдлыг хянан үзээд хэвээр үлдээсэн ба 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 887 дугаар тогтоолд би хххххоос 227 800 000 төгрөг авч, 267 600 000 төгрөг өгсөн болохыг тогтоож, уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Би түүнд үндэслэлгүй 39 800 000 төгрөгийг илүү төлсөн байх тул уг мөнгийг нэхэмжилж байна. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 113 дугаар шийдвэрээр ххххх-ийнэхнэр С.М холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаас 24 000 000 төгрөгийг хасаж тооцсон бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд хххххоос нийт 68 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ххххх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Би хххххх-т өдрийн 1 хувийн хүүтэй болон шагнал авах нөхцөлөөр зээлж байгаагүй. Харин би түүнд хүүгүй болон заримдаа сарын 5 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлж байсан нь үнэн. хххххх-тай найз нөхдийн харилцаатай байсан тул өгсөн зээлдээ хүү тооцдоггүй байсан. Тиймээс би цагдаад гомдол гаргахдаа зээлийн хүү тооцоогүй, зөвхөн өгсөн мөнгөө л нэхэмжилсэн. Миний эхнэр С.М холбогдох хэрэг энэ хэрэгт хамааралгүй, тусдаа хэрэг. хххххххийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан 32 000 000 төгрөгийн тухайд тухайн хэргийг Улсын дээд шүүх хянаж байгаа бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болоогүй тул хэрэгсэхгүй болгож, дараа нэхэмжлэлээ жич гаргах нь зүйтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хххххххаас 102 685 000 /нэг зуун хоёр сая зургаан зуун наян таван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч хххххид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54 315 000 төгрөгийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгчээс 39 800 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хххххоос 24 000 000 төгрөг буцаан гаргуулах тухай хххххххийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 943 000 төгрөг, хариуцагчаас төлсөн 476 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 671 375 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ххххх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1.Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй. Би 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дүү Ё.О 60 000 000 төгрөг бэлнээр авсан болохыг шүүхээс тогтоосон. Энэ мөнгийг би өөрийн ажлын байранд хамт ажилладаг дүү Ё.О, н.Оч нарын дэргэд хххххх-т өгсөн. Үүнийг тэд нотолж гэрчийн мэдүүлэг өгсөн мөн холбогдох баримтыг шүүх огт үнэлээгүй. Тодруулбал, хариуцагчийн өмгөөлөгч гэрч Ё.О өгсөн мэдүүлэг нь цаг хугацааны хувьд тохирч эсэхийг тодруулахаар ХААН банк ХХК-ийн 3 салбарын байршлын талаарх лавлагааг тус банкнаас гаргуулах хүсэлтийг шүүх хангасан. ХААН банк ХХК-аас холбогдох лавлагааг ирүүлэхэд дээрх 60 000 000 төгрөгийг авсан гэх ХААН банк ХХК-ийн 3 салбар нь "Урт цагаан" орчмын эргэн тойронд байдаг талаарх тодорхойлолтыг ирүүлсэн. Мөн Ё.О хувьд тухайн өдрийн үдээс өмнө дээрх 3 салбараар орж үйлчлүүлээд дараа нь өөрийн биеэр надад мөнгө авчирч өгөх боломжтой болох нь цаг хугацааны хувьд нотлогдсон.

Мөн ххххххх нь надаас бэлнээр болон дансаар авсан бүх зээлээ тооцож дүгнээд нийт 157 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч, баримт үйлдэн баталгаажуулсан. Түүний өөрийн гараар бичиж өгсөн 3 хуудас баримтыг шүүх огт үнэлээгүйд гомдолтой байна. Түүнчлэн хариуцагч ххххххх нь шүүх хуралдааны явцад надаас бэлнээр мөнгө авч байснаа хүлээн зөвшөөрсөн болно.

2.Анхан шатны шүүх зохигчдын хооронд шилжүүлсэн мөнгөн дүнг нэгтгэхдээ миний зарим мөнгөн дүнг тооцолгүй орхигдуулсан. Тодруулбал, би 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хххххх-т дансаар анх мөнгө зээлсэн. Харин дээрх хугацаанаас өмнө би түүнд бэлнээр мөнгө зээлдүүлж байсан ба анх 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7 хоногийн хугацаатай 5 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Тэрээр уг зээлийг хугацаандаа буюу мөн сарын 31-ний өдөр өөрийн ХААН банкны 50ххххх тоот данснаас нийт 3 удаагийн гүйлгээгээр "баярлалаа" гэсэн гүйлгээний утгатай 5 000 000 төгрөгийг ХААН банк дах миний 5077192005 тоот данс руу шилжүүлэн зээлээ төлсөн. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би түүнд мөн 7 хоногийн хугацаатай 5 250 000 төгрөг бэлнээр өгсөн ба тэрээр мөн оны 3 дугаар сарын 23-ны хооронд өөрийн дээрх данснаас 5 удаагийн гүйлгээгээр ХААН банк дах миний 50ххххх тоот данс руу 5 250 000 төгрөг шилжүүлэн зээлээ төлсөн юм. Энэ бүгд миний дансны хуулгаас харагдана. Гэтэл шүүх бэлнээр өгсөн дээрх 2 удаагийн нийт 10 250 000 төгрөгийн зээлийг зохигчдын хоорондох өгч, авалцсан нийт мөнгөн дүнд нэгтгэхдээ хариуцагч хххххххийн шилжүүлсэн нийт мөнгөн дүнд уг 10 250 000 төгрөгийг оруулж, нэмж тооцсон атлаа харин бэлнээр өгсөн миний зээлийн нийт мөнгөн дүнд уг 10 250 000 төгрөгийг оруулаагүй, орхигдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлийн талаарх тооцоо нийлсэн "нийт 157 000 000 төгрөг зээлж авсан баримт"-ыг шүүхээс буруу үнэлсэн. Нэхэмжлэгч хххххоос ххххххх нь нийтдээ 157 000 000 төгрөг зээлж авсан ба эгүүлэн 294 000 000 төгрөг төлсөн байна. хххххоос шилжүүлсэн бусад мөнгө нь эд зүйл хүлээн авсны төлбөр бөгөөд түүнийгээ хүлээн зөвшөөрч, тэрээр тооцоо нийлсэн актад энэ талаар огт тусгаагүй болно. Тиймээс илүү төлсөн мөнгө болох 157 000 000 төгрөгийг эгүүлэн шаардах эрх хххххх-т байгаа тул талуудын хоорондын харилцааг зээлийн харилцаанаас гадна үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл байгаа эсэх тал дээр шүүхээс дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан ажиллагааны зөрчил юм.

2. С.М нь эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө хххххид өгөх 24 000 000 төгрөгийг би авсан хэмээн мэдүүлсэн тул уг мөнгийг нь нэхэмжлэгчээс гаргуулъя гэхэд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

3. н.Т буюу гуравдагч этгээдийн мөнгийг өөртөө шаардах эрхийг хххххид шилжүүлсэн баримт хэрэг дотор байхгүй байхад бусдын шилжүүлсэн мөнгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримтыг үнэлж, шийдвэр гаргаж байна. Иймд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч хххххх-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 157 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлээ 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хххххх-т 15 000 000 төгрөг бэлнээр ..., 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 15 000 000 төгрөг бэлнээр ..., 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ... өөрийн ХААН банкны данснаас 30 000 000 төгрөг, ... 4 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн ХААН банкны данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 15 000 000 төгрөг, ... ххххххх нь 6 дугаар сарын 19-ний өдөр 70 000 000 төгрөг зээлдүүлэхийг хүссэн, ... би дүү н.О түр мөнгө зээлж, өөрийн дансаар шилжүүлсэн, уг мөнгөнөөс 8 000 000 төгрөг хасч 62 000 000 төгрөг нэхэмжилнэ, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ... 20 000 000 төгрөг шилжүүлсэн, нийт 157 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болохыг хүлээн зөвшөөрч, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан гэж тайлбарласан байна.

Хариуцагч тал ... нэхэмжлэгчээс зээл авахдаа дансаар мөнгийг хүлээн авч байсан, ... зээлийн үүргээ бүрэн төлж дуусгасан, харин илүү төлөлттэй болох нь прокурорын тогтоолоор нотлогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 63 800 000 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж нэхэмжлэгчийн шаардаагүй үйл баримтад дүгнэлт хийж ... нэхэмжлэгч нийт 397 040 000 төгрөг хариуцагчид шилжүүлснээс 294 355 000 төгрөгийг хариуцагч буцаан төлсөн болох нь тогтоогдсон ..." гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг 102 685 000 төгрөгийн хүрээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

Зохигч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх эрхийг дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасны дагуу эдлэх бөгөөд энэ тохиолдолд хуулиар тогтоосон журмын дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах ёстой.

Хэргийн баримтаас үзвэл, талууд нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй хугацааны өр төлбөр болон эд зүйл худалдсан асуудлаар маргасан байна.

Анхан шатны шүүх зохигчдын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагаа явуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцээж хийх эрх хуулиар олгогдоогүй тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд зохигчдын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2021/01616 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 671 450 төгрөгийг, хариуцагчийн өмгөөлөгчийн төлсөн 671 400 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ  Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД