Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2021/01208

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар ,

        Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ...тоотод байрлах, “ПК” ХХК,

        Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ...тоотод байрлах “Ц” ХХК,

        Гэрээний үүрэг болох 24.750.000 төгрөг гаргуулах,

        Хариуцагч: “Ц” ХХК /РД:5086353/-ийн сөрөг нэхэмжлэлтэй,

        Нэхэмжлэгч: “ПК” ХХК /РД:6392113/-д холбогдох,

       63.165.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

       Нэхэмжлэгч “ПК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тус компанийн захирал Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Ц” ХХК-тай харилцан тохиролцож 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Н-59-...4 дугаартай Цементийн үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ /БОННҮ/ боловсруулах гэрээ байгуулсан.

        Уг гэрээгээр манай  компани нь Г аймгийн Т сумын нутагт ХҮ-...9 дугаартай Д ордыг түшиглэн хуурай аргаар өдөрт 500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл ТЭЗҮ болон БОННҮ боловсруулах ажлыг хийж гүйцэтгэн захиалагч тал болох “Ц” ХХК-д хүлээлгэн өгөх, захиалагч талаас гэрээнд заасан ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, гэрээнд заасны дагуу төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. “Ц” ХХК-иас гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар 24.500.000 төгрөгийг ажлын урьдчилгаа төлбөрийг төлж, бидний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 

        Гэрээний 2.2-т “...урьдчилгаа төлбөр, шаардлагатай материалуудыг бүрэн гаргаж өгсний  дараа гэрээт ажлыг эхэлсэнд тооцож үр дүнг хэлэлцэнэ” гэж заасан ба ТЭЗҮ гэрээний хугацаа 60 хоногт, БОННҮ ажлын 40 хоногт хийж хийж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. “Ц” ХХК-иас шаардлагатай баримт материалуудыг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн. Уг гэрээнд заасан хугацаандаа буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлын үр дүнг албан тоотоор хүлээлгэн өгсөн ба хариуцагч хүлээн авсан акт үйлдэлгүй авсан.

        Улмаар гэрээний 3.2.5-д зааснаар ТЭЗҮ-г Барилга хот байгуулалтын яамны ШУТБЗөвлөлөөр, БОННҮ-г Байгаль орчин аялал жуулчлалын яамны Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах зорилгоор дээрх төрийн захиргааны байгууллага удаа дараа мэдэгдсэн боловч “Ц” ХХК нь дээрх төрийн байгууллагуудад хүсэлтээ гаргаагүй. ТЭЗҮ болон БОННҮ-г эрх бүхий төрийн байгууллагад батлуулах процесс явуулах боломж олгоогүй.

      Гэрээний 2.1-д зааснаар гэрээний зүйл нь гэрээт ажил болон гүйцэтгэгч тал, захиалагч талын санал, хуулийн дагуу боловсруулах судалдаа шинжилгээний ажлын үр дүн байна гэж заасан тул бид ТЭЗҮ, БОННҮ-г хуулийн дагуу шаардлагын хүрээнд бүрэн боловсруулж хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн тул гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн.

     Бид 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ТЭЗҮ болон БОННҮ-ний тайланг захиалагч “Ц” ХХК-д танилцуулсны дараа ажлын төлбөрийг шаардсан. Харин “Ц” ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А-5....37 дугаартай албан тоотоор гэрээнээс хэсэгчлэн татгалзах тухай хүсэлт ирүүлсэн. Манай компани нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул уг саналыг нь хүлээн авах боломжгүй тухай мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ПК/19-...8 тоотоор хүргүүлсэн.

        Ер нь ажил гүйцэтгэж байх явцад захиалагч талаас төслийн удирдагч Х.Т гэдэг хүн томилогдсон тухай уулзалтын үеэр хэлж байсан бөгөөд  Х.Т гэх хүнтэй ажиллаж эхэлсэн. Барилгын материалын цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулахад дор хаяж 5-6 инженерүүд ажилладаг. Х.Т нь ганцаараа энэ олон инженерүүдийг ажлыг үнэлж шаардлага хангасан байна, хангаагүй байна гэж дүгнэхийг оролдсон. Үүнээс үүдэн  бидний дунд маргаан үүссэн ба үлдэгдэл төлбөрийг төлнө, төлөхгүй, ТЭЗҮ боловсруулсны дараа Барилга хот байгууллагын яамны харьяа мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулах, эсэхийг бид нар өөрсдөө шийднэ гэх мэтчилэн  асуудлаар маргалдах болсон. 

      Тодруулбал манай компанийн гүйцэтгэсэн ажил бүхий төрийн байгууллагаар батлагдах чанар шаардлага хангасан эсэхийг “Ц” ХХК шийдвэрлэх эрхгүй бөгөөд ТЭЗҮ, БОННҮ-ний тайланг батлах эсэхийг Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Мэргэжлийн зөвлөлүүд шийдвэрлэх ёстой. Хэрэв манай компанийн хийж гүйцэтгэсэн ажил болох ТЭЗҮ, БОННҮ нь эрх бүхий төрийн байгууллагын хяналтаар ороод батлагдаагүй тохиолдолд бид гэрээний 4.2.3-т зааснаар хариуцлага хүлээхэд бэлэн байна.

      “Ц” ХХК-д Иргэний хуульд заасан гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзах шаардах эрхийн үндэслэл, урьдчилсан нөхцөлүүд үүсээгүй. “ПК” ХХК нь гэрээний үүргээ зөрчөөгүй, ажлын үр дүнгийн доголдол гаргасан зүйл байхгүй. Харин ч “Ц” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, бидний гүйцэтгэсэн ажлыг хугацаандаа актаар хүлээн авах, ажил гүйцэтгэсний төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм.

      Иймд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Х-59-АГ-19/4 дугаартай “Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ болон БОННҮ боловсруулах гэрээ”-ний дагуу ажлаа 100 хувь гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн тул 24.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн Г.У, Х.Т нар шүүхэд бичгээр гаргасан хариу болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах зөвшөөрөхгүй байна. “ПК” ХХК нь манай компанийн захиалгын дагуу Г аймгийн Т сумын нутагт орших Д ордыг түшиглэн хуурай аргаар өдөрт 500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цементийн үйлдвэр, уурхайн Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулж холбогдох яамны Мэргэжлийн зөвлөлүүдээр батлуулахтай холбоотой үйл ажиллагааг хийхээр талууд харилцан тохиролцож 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Н-59-...4 тоот гэрээг байгуулсан. Талууд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т зааснаар ажлыг тодорхой үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээний 5.2-т зааснаар урьдчилгаа төлбөрт 24.750.000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн.

      Энэ гэрээний хэрэгжилтийг хангуулахыг хувьд захиалагчийг төлөөлөн ажилласан. Энэ хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, захиалагч талаас шаардлагатай мэдээллүүдийг хангалттай өгч, харилцан бид мэйлээр харилцаж, хэд хэдэн удаа уулзалт хийж байсан. Мэйл хаягт шүүхийн журмаар үзлэг хийлгэсэн.

           Гүйцэтгэгч тал тухайн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх, захиалагч талд бодит мэдээллийг өгөх байтал мэдээллүүдийн эх сурвалжийг заагаагүй, мэдээлэл бодит бус, шаардлага хангахгүй байсан. Миний зүгээс захиалагч талд тавьсан шаардлага бол ордыг ашиглах оновчтой хувилбарыг тогтоох , Монгол Улсад хэрэгждэг хууль, дүрэм , олон улсын стандартын дагуу тавигдах ёстой шаардлагууд дагуу гүйцэтгэхийг шаардсан. 

        “ПК” ХХК-д нэмэлт хугацаа олгож, хэд хэдэн удаа санал шүүмж илгээж байсан, наад захыг үндсэн суурь шаардлагуудыг хангаж чадаагүй. Гэвч гүйцэтгэгч тал “ПК” ХХК нь гэрээнд заасан үүргээ  биелүүлээгүй ба  захиалагч талын шаардлагыг биелүүлж, ажлын чанартай үр дүнг хүлээлгэн өгч чадахгүй нь илт тодорхой байсан тул “Ц” ХХК нь гэрээнээс хэсэгчлэн татгалзсан.

     Гэрээнд зааснаар ТЭЗҮ-г 60 хоног, БОННҮ-г 40 хоногт боловсруулахаар буюу төсөл боловсруулах хугацаа нь урьдчилгаа төлбөр төлсөн өдрөөс эхлэн тооцохоор харилцан тохиролцсон боловч гүйцэтгэгч нь тогтоосон хугацаанд ажлын чанартай үр дүнг хүлээлгэн өгч чадаагүй. Гэрээний 1.2-т зааснаар “ордыг ашиглах оновчтой хувилбарыг тогтоох ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх” ёстой байсан ба захиалагчийн зүгээс ажлын үр дүнгийн доголдлыг арилгуулахаар удаа дараа шаардлага хүргүүлж уулзалт зохион байгуулж, ажлын үр дүнг хүлээн авах хугацааг сунгасан боловч доголдлыг арилгаж чадаагүй. Өөрөөр хэлбэл гэрээний 3.2.1, 3.2.4-т заасан үүргээ зөрчсөн.

     Улмаар нэхэмжлэгчийн буруугаас хамаарч ТЭЗҮ-г захиалагч хүлээн авах боломжгүй, ажлын гүйцэтгэлээс хамаарах бодит үр дүн захиалагч талд үүсээгүй, гэрээний 4.2.1-д зааснаар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эсвэл ийнхүү биелүүлэх боломжгүй гэдэг нь тодорхой болсон тул захиалагчийн зүгээс Н-59-...4 тоот гэрээний ТЭЗҮ-г боловсруулахтай холбоотой хэсгээс татгалзан, мөн гэрээний3.1.5-д заасан эрхийн дагуу ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг өөр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх нөхцөл үүссэнийг гүйцэтгэгчид 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/59...37 дугаар албан бичгээр мэдэгдэж, ТЭЗҮ боловсруулах ажлын урьдчилгаа төлбөрийг буцаан авахаар шаардсан.

   Нэгэнт гүйцэтгэгчийн хариуцлагагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөний улмаас ТЭЗҮ хугацаандаа боловсруулагдаж батлагдахгүй нөхцөл үүссэн нь “Ц” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг цаг хугацаа, эдийн засаг, хөрөнгө санхүүгийн хувьд нэлээдгүй хэмжээгээр хохирч, улмаар хөрөнгө оруулалт авах боломжоо алдаж, бизнесийн маш их эрсдэл, алдагдал хүлээх байсан. “ПК” ХХК нь гэрээгээр тогтоосон хугацаанд шаардлага хангасан ажлын үр дүн хүлээлгэж, өгөөгүй тул гэрээнээс татгалзах болсон.

        Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн Г.У, Х.Т нар сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК, “ПК” ХХК нар Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т зааснаар гэрээ байгуулж, гэрээний 5.2-т зааснаар урьдчилгаа төлбөрт 24.750.000 төгрөг шилжүүлсэн.

    Гүйцэтгэгч тал гэрээний 3.2.1-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, буруутай үйл ажиллагааны улмаас захиалагч ТЭЗҮ-г хүлээн авах боломжгүй, ажлын гүйцэтгэлээс хамаарах бодит үр дүн бий болох боломжгүй ажлыг гүйцэтгэсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.1-д зааснаар “ПК” ХХК нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул “Ц” ХХК нь ТЭЗҮ-г боловсруулахтай холбоотой хэсгээс татгалзан, холбогдох төлбөрийг буцаан шаардаж, мөн гэрээний 3.1.5-д зааснаар ТЭЗҮ-г боловсруулах ажлыг шинэ гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх нөхцөл үүссэнийг “ПК” ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн.

      Улмаар “Г” ХХК-тай Н-59-...3 тоот ажил гүйцэтгэх гэрээ, “ЭМ” ХХК-тай 19/АА...5 тоот гэрээг тус тус байгуулан “ПК” ХХК-ийн гүйцэтгэх ёстой байсан ажлыг гүйцэтгүүлсэн. Нэгэнт гүйцэтгэгч талын буруутай, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөний улмаас ТЭЗҮ хугацаандаа боловсруулагдаж, батлагдахгүй нөхцөл байдал үүссэн нь манай компанийн хэрэгжүүлж буй төсөлд хохирол үүссэн.

         Иймд “ПК” ХХК-иас гэрээний 3.1.5-д зааснаар гүйцэтгэсэн ажлын доголдлыг өөрийн зардлаар арилгаж, түүнтэй холбогдон гаргасан зардалд 63.165.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

       

      Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 2.2-т “...шаардлагатай материалуудыг бүрэн гаргаж өгсний дараа гэрээт ажлыг эхэлсэнд тооцож үр дүнг хэлэлцэнэ” гэж заасан ба “Ц” ХХК-иас шаардлагатай материалуудыг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өгсөн. Энэхүү хугацаанаас эхлэн хугацааг тоолох ба 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр буюу гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүн, тайланг албан тоотоор хүлээлгэн өгсөн. Иймд ажлыг заасан хугацаанд гүйцэтгээгүй гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

         Түүнчлэн гэрээт ажлын үр дүнг чанарын шаардлага хангасан эсэхийг Барилга хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөл болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны Мэргэжлийн зөвлөлүүд шийдвэрлэх ёстой. Бидний гүйцэтгэсэн ажил хуульд заасан шаардлагад нийцсэн байсан.

     Хариуцагч талаас манай компанийн боловсруулсан ТЭЗҮ болон БОННҮ-г доголдолтой, доголдлыг арилгах арга хэмжээ аваагүй гэж нэхэмжлэлд дурдсан байх боловч доголдол гэж юуг хэлэх, гэрээт ажлын аль хэсэгт ямар доголдол гарсан, тэр нь хэрхэн нотлогдож байгааг тодорхойлоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

         Шүүх хуралдаанаар зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “ПК” ХХК нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.750.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, “Ц” ХХК нь “ПК” ХХК-д холбогдуулан 63.165.600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

       Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

       Шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын өгсөн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаас дүгнэхэд “ПК” ХХК нь “Ц” ХХК-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ болон БОННҮ боловсруулах  гэрээ”- гээр Г аймгийн Т сумын нутагт орших Д ордыг түшиглэн  хуурай аргаар өдөрт 500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн техник эдийн  засгийн үндэслэл /ТЭЗҮ/, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ /БОННҮ/ боловсруулан, Барилга хот байгуулалтын яамны шинжлэх ухаан техникийн бодлогын  зөвлөл /ШУТБЗ/, Байгаль Орчин аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлуулах,  хариуцагч нь гэрээ байгуулагдсаны  дараа   төсөл боловсруулах нийт үнийн дүнгийн 50 хувь болох 24.750.000 төгрөгийг  шилжүүлэх,  цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийн тайлан болон БОННҮ-ийн тайланг захиалагчид танилцуулсны дараа гэрээний үнийн дүнгийн 40 хувь болох 19.800.000 төгрөг шилжүүлэх,  үлдэх 10 хувь болох 4.950.000 төгрөгийг цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-гийн тайланг БХБЯ-ны ШУТБЗөвлөлөөр, БОННҮ-ийн тайланг БОАЖЯ-ны мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж батлуулсны дараа, НӨАТ-ын хамт нийт 49.500.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогдож байна.

       Дээрх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн зардлаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д  заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан  гэж үзнэ. 

      Гэрээний талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр  байх тул  гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй. 

    Нэхэмжлэгч “ПК” ХХК нь  хариуцагч “Ц” ХХК ажлын үр дүн, оюуны хөдөлмөр  болох цементийн үйлдвэрийн ТЭЗҮ, БОННҮ-г хүлээн авч, тодорхой хэмжээнд ашигласан атлаа гэрээний төлбөр төлөхөөс татгалзаж, үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзах санал  гаргасан нь үндэслэлгүй“ гэх, “Ц“ ХХК нь “...ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг хийгээгүй гэж маргаагүй, харин хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй буюу доголдолтой  холбоотойгоор гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй“ гэх тайлбар тус тус гарган мэтгэлцэж байна.

      Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-2.3, 5 дугаар зүйлийн 5.1-5.5 дах заалтуудаар  гэрээний зүйл, гүйцэтгэх ажлын  нэр төрлийг нэрлэн, тус бүрийг нэг бүрчлэн  үнэлж,  гүйцэтгэх  ажлыг  бүхэлд нь  49.500.000 төгрөг гэж,

      Мөн төлбөр тооцоог хэрхэн гүйцэтгэхийг гэрээгээр тохиролцсон байх ба ажлыг  бүрэн гүйцэтгэсний дараа үлдэгдэл төлбөрийг ажил хүлээлцсэн акт үйлдэн , холбогдох эрх  бүхий байгууллагаар баталгаажуулсны дараа олгохоор гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4,1.5 дахь заалтаар, төсөл боловсруулах хугацаа нь гэрээний 5.2 дах заалтын дагуу урьдчилгаа төлбөр төлөгдсөн өдрөөс эхлэн тоолж, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно гэж тус тус тохиролцжээ.

       Захиалагч нь урьдчилгаа төлбөр 24.750.000 төгрөгийг 2019 оны 05 сарын 27-ны өдөр шилжүүлсэн, ажил гүйцэтгэгч нь захиалагчид цементийн үйлдвэрийн  БОННҮ-гийн тайланг хүлээлгэн өгч, улмаар ТЭЗҮ боловсруулах судалгааны тайланг эцсийн байдлаар 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр  ПК/19...02 дугаартай албан  тоотоор хүргүүлсэн байх ба энэ тухайд маргахгүй байна.

       Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг захиалагч талын төлөөлөгч  төслийн удирдагч Х.Т-д хүлээлгэн өгсөн, тэрээр тухайн ажлын үр дүнг хүлээн авсан боловч, доголдолтой гэх үндэслэлээр эрх бүхий байгууллагаар батлуулаагүй болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байгаа бөгөөд талуудын хооронд ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн  эсэх , гүйцэтгэсэн  ажил нь доголдолтой  байсан эсэх нь маргааны зүйл болсон гэж үзэхээр байна.

      Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэжээ. 

    Гэрээний 1.5 дах заалт буюу “...Захиалагчийн эзэмшдэг ХҮ-01689 тоот дугаартай “Д”-ын ордыг түшиглэсэн хуурай аргаар өдөрт 500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Үйлдвэрийн ТЭЗҮ, БОННҮ боловсруулж, БХБЯ-ны ШУТБЗ, БОАЖЯ-ны мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, Захиалагч талд хүлээлгэн өгөх болон гүйцэтгэгч талд төлбөрийн тооцоогүй болсноор дуусгавар болно” гэсэн нь Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ, БОННҮ-ийг боловсруулсан ажлын үр дүн хүлээн авсан захиалагчийн үйлдэлтэй хамааралтай бөгөөд энэ явцад алдаа дутагдал гарвал ажил гүйцэтгэгч шийдвэрлэж өгөх үүрэгтэй болохоос ажил гүйцэтгэгч нь тухайн гэрээт ажлыг эрх бүхий байгууллагын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн экспертизээр батлуулах үүрэг хүлээсэн агуулгагүй гэж үзэхээр байна.

      Гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажлын үр дүн болох цементийн үйлдвэрийн БОННҮ–гийн тайланг хүлээлгэн өгсөн, улмаар ТЭЗҮ боловсруулах судалгааны тайланг эцсийн байдлаар 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ПК/19...02 албан тоотоор хүргүүлсэн мөн уг ажлын тайлан нь цахимаар захиалагчийн талд буюу төслийн удирдагчид хүргэгдсэн үйл баримт тогтоогдож байх ба захиалагч нь татгалзаж буй үндэслэлийн талаар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А-5....37 тоот албан бичгээр мэдэгдсэн байгаа хэдий ч гэрээнд заасан ямар ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгээгүй талаар тодорхой үндэслэл, тооцоо гаргаагүй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй” ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, хариуцагч тал энэ үүргээ биелүүлээгүй байна.

       Ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй бол захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу ажил гүйцэтгэгчид хөлс төлөх үүрэгтэй талаар мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заажээ.

      Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг дутуу авсан бол үлдэгдэл төлбөрийг, харин хариуцагч нь ажлын үр дүн доголдолтой байсан бол өөрт учирсан хохирлыг тус тус шаардах эрхтэй хэдий ч энэхүү шаардлага, татгалзлаа нотлох үүрэгтэй.

      Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа “гүйцэтгэсэн ажил биет байдлын доголдолтой” гэх тайлбар, сөрөг шаардлагаа нотлох үүрэгтэй .

      Иймд хариуцагч “Ц” ХХК нь цементийн үйлдвэрийн ТЭЗҮ болон БОННҮ-гийн судалгааны ажлыг хийлгүүлсэн төлбөрийг гэрээгээр тохиролцсон хэмжээгээр   төлөх үүрэг нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 346.2-д зааснаар тодорхойлогдох тул нэхэмжлэгч “ПК” ХХК нь хариуцагчаас ажлын хөлсөө шаардах эрхтэй юм. 

       Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-д зааснаар ажлыг тодорхой үе  шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг  бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлөх үүрэгтэй талууд өөрөөр тохиролцоогүй бол ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үед захиалагч хөлс төлөх үүрэгтэй.

        Мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар “захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй”, хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т “захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

        Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар, хэрэгт шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн нотлох баримтуудаар үзэхэд зохигчид гэрээгээр тохирсон ажлыг хүлээлцэж, дүгнээгүйд хэн аль нь буруутай байгаа хэдий ч нэхэмжлэгч ажил гүйцэтгэгчийн хувьд гүйцэтгэсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгснөө нотолсон тохиолдолд хөлс шаардах эрх нь үүснэ.

      Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг доголдолтой гэх боловч зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнд заасан аль нөхцөлд нийцэхгүй талаар тайлбарлаагүй, тодорхой бус байх татгалзлын үндэслэл болсон гэрээний үр дүн доголдолтой байсан гэж үзэх боломжгүй байна.         

    Иймд “...Захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах үүрэгтэй бөгөөд захиалагч үүргээ биелүүлээгүй нь ажлын хөлсийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй ...” гэж дүгнэн хариуцагчаас “ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 24.750.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.2-т заалтад нийцнэ гэж үзнэ.

        Хариуцагч “Ц“ ХХК нь “ПК” ХХК-ийг   дээрх гэрээгээр гүйцэтгэсэн ажлаа чанарын өдөр түвшинд хийж гүйцэх үүрэгтэй байсан, гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй, доголдолтой ажлыг өөрийн зардлаар дахин бусдаар гүйцэтгүүлсэн зардалд 63.165.000 төгрөг гаргуулахаар  сөрөг нэхэмжлэлээр шаардсан боловч, ажлын үр дүн доголдолтой болох нь  зохигчдын тайлбар,  хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.          

      Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг доголдолтой гэх боловч зохигчдын хооронд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээний 3.1-т заасан аль нөхцөлд нийцэхгүй талаар тайлбарлаагүй, тодорхой бус      сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний үр дүн доголдолтой байсан гэж үзэх  боломжгүй байна.

     Мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол захиалагч нь ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй.

      Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан эсэх, түүнчлэн доголдлыг арилгуулах эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх хугацаа тогтоож байсан, мөн доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ нөхцөл байдал  зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар бүрэн нотлогдохгүй байна.

       Хариуцагч  “Ц” ХХК нь бусадтай гэрээ байгуулж, доголдлыг арилгуулсан гэж, “Г”  ХХК болон “ЭМ” ХХК-тай тус тус байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ,  2019 оны  12 дугаар сарын  19-ний өдрийн гэрээ,  гэрээт ажлын гүйцэтгэлийн акт,  13.500.000  төгрөг, 1.000.000 төгрөг, 5.000.000 төгрөгийг тус  тус ажлын хөлсөнд  шилжүүлсэн зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч эдгээр баримтаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй   гэж үзсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ Нь:

 

      1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар хариуцагч “Ц“ ХХК-иас 24.750.000 /хорин дөрвөн сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ПК“ ХХК-д олгосугай.

      2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйийн 352.2.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “ПК” ХХК-иас 63.165.000 /жаран гурван сая  нэг зуун жаран таван/ төгрөг гаргуулах тухай   “Ц“ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүлйийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “ПК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281.000 төгрөг, “Ц” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 473.778 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, “Ц” ХХК-иас 281.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ПК” ХХК-д олгосугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2. 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцогч талууд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ                               Ж. ЦЭНГЭЛ