Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01241

 

 

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01241

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/01208 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П ХХК-ийн хариуцагч Ц ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 63 165 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У , Х.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Ц ХХК-тай харилцан тохиролцож 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Н-59-АГ-19/4 дугаартай Цементийн үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ /БОННҮ/ боловсруулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр манай компани нь Говь алтай аймгийн Тайшир сумын нутагт ХҮ-017689 дугаартай Дөрвөлжин ордыг түшиглэн хуурай аргаар өдөрт 500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл ТЭЗҮ болон БОННҮ боловсруулах ажлыг хийж гүйцэтгэн захиалагч тал болох Ц ХХК-д хүлээлгэн өгөх, захиалагч талаас гэрээнд заасан ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, гэрээнд заасны дагуу төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Ц ХХК-иас гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар 24 500 000 төгрөгийг ажлын урьдчилгаа төлбөрийг төлж, бидний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 2.2-т ...урьдчилгаа төлбөр, шаардлагатай материалуудыг бүрэн гаргаж өгсний дараа гэрээт ажлыг эхэлсэнд тооцож үр дүнг хэлэлцэнэ гэж заасан ба ТЭЗҮ гэрээний хугацаа 60 хоногт, БОННҮ ажпын 40 хоногт хийж хийж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Ц ХХК-иас шаардлагатай баримт материалуудыг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн. Уг гэрээнд заасан хугацаандаа буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлын үр дүнг албан тоотоор хүлээлгэн өгсөн ба хариуцагч хүлээн авсан акт үйлдэлгүй авсан. Улмаар гэрээний 3.2.5-д зааснаар ТЭЗҮ-г Барилга хот байгуулалтын яамны ШУТБЗөвлөлөөр, БОННҮ-г Байгаль орчин аялал жуулчлалын яамны Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах зорилгоор дээрх төрийн захиргааны байгууллага удаа дараа мэдэгдсэн боловч Ц ХХК нь дээрх төрийн байгууллагуудад хүсэлтээ гаргаагүй. ТЭЗҮ болон БОННҮ-г эрх бүхий төрийн байгууллагад батлуулах процесс явуулах боломж олгоогүй. Гэрээний 2.1-д зааснаар гэрээний зүйл нь гэрээт ажил болон гүйцэтгэгч тал, захиалагч талын санал, хуулийн дагуу боловсруулах судалдаа шинжилгээний ажлын үр дүн байна гэж заасан тул бид ТЭЗҮ, БОННҮ-г хуулийн дагуу шаардлагын хүрээнд бүрэн боловсруулж хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн тул гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Бид 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ТЭЗҮ болон БОННҮ-ний тайланг захиалагч Ц ХХК-д танилцуулсны дараа ажлын төлбөрийг шаардсан. Харин Ц ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А-59-19/37 дугаартай албан тоотоор гэрээнээс хэсэгчлэн татгалзах тухай хүсэлт ирүүлсэн. Манай компани нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул уг саналыг нь хүлээн авах боломжгүй тухай мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ПК/19-10/08 тоотоор хүргүүлсэн. Ер нь ажил гүйцэтгэж байх явцад захиалагч талаас төслийн удирдагч Х.Т гэдэг хүн томилогдсон тухай уулзалтын үеэр хэлж байсан бөгөөд Х.Т гэх хүнтэй ажиллаж эхлэсэн. Барилгын материалын цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулахад дор хаяж 5-6 инженерүүд ажилладаг. Х.Т нь ганцаараа энэ олон инженерүүдийг ажлыг үнэлж шаардлага хангасан байна, хангаагүй байна гэж дүгнэхийг оролдсон. Үүнээс үүдэн бидний дунд маргаан үүссэн ба үлдэгдэл төлбөрийг төлнө, төлөхгүй, ТЭЗҮ боловсруулсны дараа Барилга хот байгууллагын яамны харъяа мэргэжпийн зөвлөлийн хурлаар оруулах, эсэхийг бид нар өөрсдөө шийднэ гэх мэтчилэн асуудлаар маргалдах болсон. Манай компанийн гүйцэтгэсэн ажил бүхий төрийн байгууллагаар батлагдах чанар шаардлага хангасан эсэхийг Ц ХХК шийдвэрлэх эрхгүй бөгөөд ТЭЗҮ, БОННҮ-ний тайланг батлах эсэхийг Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Мэргэжлийн зөвлөлүүд шийдвэрлэх ёстой. Хэрэв манай компанийн хийж гүйцэтгэсэн ажил болох ТЭЗҮ, БОННҮ нь эрх бүхий төрийн байгуулагын хяналтаар ороод батлагдаагүй тохиолдолд бид гэрээний 4.2.3-т зааснаар хариуцлага хүлээхэд бэлэн байна. Ц ХХК-д Иргэний хуульд заасан гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзах шаардах эрхийн үндэслэл, урьдчилсан нөхцөлүүд үүсээгүй. П ХХК нь гэрээний үүргээ зөрчөөгүй, ажлын үр дүнгийн доголдол гаргасан зүйл байхгүй. Харин ч Ц ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, бидний гүйцэтгэсэн ажлыг хугацаандаа актаар хүлээн авах, ажил гүйцэтгэсний төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Х-59-АГ-19/4 дугаартай Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ болон БОННҮ боловсруулах гэрээ-ний дагуу ажлаа 100 хувь гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн тул 24 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П ХХК нь манай компанийн захиалгын дагуу Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт орших Дөрвөлжин ордыг түшиглэн хуурай аргаар өдөрт 500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цементийн үйлдвэр, уурхайн Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан шнэлгээг боловсруулж холбогдох яамны Мэргэжлийн зөвлөлүүдээр батлуулахтай холбоотой үйл ажиллагааг хийхээр талууд харилцан тохиролцож 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Н-59-АГ-19/4 тоот гэрээг байгуулсан. Талууд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т зааснаар ажлыг тодорхой үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээний 5.2-т зааснаар урьдчилгаа төлбөрт 24 750 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн. Энэ гэрээний хэрэгжилтийг хангуулахыг хувьд захиалагчийг төлөөлөн ажилласан. Энэ хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, захиалагч талаас шаардлагатай мэдээллүүдийг хангалттай өгч, харилцан бид мэйлээр харилцаж, хэд хэдэн удаа уулзалт хийж байсан. Мэйл хаягт шүүхийн журмаар үзлэг хийлгэсэн. Гүйцэтгэгч тал тухайн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх, захиалагч талд бодит мэдээллийг өгөх байтал мэдээллүүдийн эх сурвалжийг заагаагүй, мэдээлэл бодит бус, шаардлага хангахгүй байсан. Миний зүгээс захиалагч талд тавьсан шаардлага бол ордыг ашиглах оновчтой хувилбарыг тогтоох, Монгол Улсад хэрэгждэг хууль, дүрэм, олон улсын стандартын дагуу тавигдах ёстой шаардлагууд дагуу гүйцэтгэхийг шаардсан. П ХХК-д нэмэлт хугацаа олгож, хэд хэдэн удаа санал шүүмж илгээж байсан, наад захыг үндсэн суурь шаардлагуудыг хангаж чадаагүй. Гэвч гүйцэтгэгч тал П ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ба захиалагч талын шаардлагыг биелүүлж, ажлын чанартай үр дүнг хүлээлгэн өгч чадахгүй нь илт тодорхой байсан тул Ц ХХК нь гэрээнээс хэсэгчлэн татгалзсан. Гэрээнд зааснаар ТЭЗҮ-г 60 хоног, БОННҮ-г 40 хоногт боловсруулахаар буюу төсөл боловсруулах хугацаа нь урьдчилгаа төлбөр төлсөн өдрөөс эхлэн тооцохоор харилцан тохиролцсон боловч гүйцэтгэгч нь тогтоосон хугацаанд ажлын чанартай үр дүнг хүлээлгэн өгч чадаагүй. Гэрээний 1.2-т зааснаар ордыг ашиглах оновчтой хувилбарыг тогтоох ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх ёстой байсан ба захиалагчийн зүгээс ажлын үр дүнгийн доголдлыг арилгуулахаар удаа дараа шаардлага хүргүүлж уулзалт зохион байгуулж, ажлын үр дүнг хүлээн авах хугацааг сунгасан боловч доголдлыг арилгаж чадаагүй. Өөрөөр хэлбэл гэрээний 3.2.1, 3.2.4-т заасан үүргээ зөрчсөн. Улмаар нэхэмжлэгчийн буруугаас хамаарч ТЭЗҮ-г захиалагч хүлээн авах боломжгүй, ажлын гүйцэтгэлээс хамаарах бодит үр дүн захиалагч талд үүсээгүй, гэрээний 4.2.1-д зааснаар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эсвэл ийнхүү биелүүлэх боломжгүй гэдэг нь тодорхой болсон тул захиалагчийн зүгээс Н-59-АГ-19/4 тоот гэрээний ТЭЗҮ-г боловсруулахтай холбоотой хэсгээс татгалзан, мөн гэрээний 3.1.5-д заасан эрхийн дагуу ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг өөр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх нөхцөл үүссэнийг гүйцэтгэгчид 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/59-11/37 дугаар албан бичгээр мэдэгдэж, ТЭЗҮ боловсруулах ажлын урьдчилгаа төлбөрийг буцаан авахаар шаардсан. Нэгэнт гүйцэтгэгчийн хариуцлагагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөний улмаас ТЭЗҮ хугацаандаа боловсруулагдаж батлагдахгүй нөхцөл үүссэн нь Ц ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийг цаг хугацаа, эдийн засаг, хөрөнгө санхүүгийн хувьд нилээдгүй хэмжээгээр хохирч, улмаар хөрөнгө оруулалт авах боломжоо алдаж, бизнесийн маш их эрсдэл, алдагдал хүлээх байсан. П ХХК нь гэрээгээр тогтоосон хугацаанд шаардлага хангасан ажпын үр дүн хүлээлгэж, өгөөгүй тул гэрээнээс татгалзах болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ХХК, П ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т зааснаар гэрээ байгуулж, гэрээний 5.2-т зааснаар урьдчилгаа төлбөрт 24 750 000 төгрөг шилжүүлсэн. Гүйцэтгэгч тал гэрээний 3.2.1-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, буруутай үйл ажиллагааны улмаас захиалагч ТЭЗҮ-г хүлээн авах боломжгүй, ажлын гүйцэтгэлээс хамаарах бодит үр дүн бий болох боломжгүй ажлыг гүйцэтгэсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.1-д зааснаар П ХХК нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Ц ХХК нь ТЭЗҮ-г боловсруулахтай холбоотой хэсгээс татгалзан, холбогдох төлбөрийг буцаан шаардаж, мөн гэрээний 3.1.5-д зааснаар ТЭЗҮ-г боловсруулах ажлыг шинэ гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх нөхцөл үүссэнийг П ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн. Улмаар Гложекс консалтинг ХХК-тай Н-59-АГ-20/13 тоот ажил гүйцэтгэх гэрээ, Эх Монголын байгаль ХХК-тай 19/АА2305 тоот гэрээг тус тус байгуулан П ХХК-ийн гүйцэтгэх ёстой байсан ажлыг гүйцэтгүүлсэн. Нэгэнт гүйцэтгэгч талын буруутай, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөний улмаас ТЭЗҮ хугацаандаа боловсруулагдаж, батлагдахгүй нөхцөл байдал үүссэн нь манай компанийн хэрэгжүүлж буй төсөлд хохирол үүссэн. Иймд П ХХК-иас гэрээний 3.1.5-д зааснаар гүйцэтгэсэн ажлын доголдлыг өөрийн зардлаар арилгаж, түүнтэй холбогдон гаргасан зардалд 63 165 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 2.2-т ...шаардлагатай материалуудыг бүрэн гаргаж өгсний дараа гэрээт ажлыг эхэлсэнд тооцож үр дүнг хэлэлцэнэ гэж заасан ба Ц ХХК-иас шаардлагатай материалуудыг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн. Энэхүү хугацаанаас эхлэн хугацааг тоолох ба 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр буюу гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүн, тайланг албан тоотоор хүлээлгэн өгсөн. Иймд ажлыг заасан хугацаанд гүйцэтгээгүй гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн гэрээт ажлын үр дүнг чанарын шаардлага хангасан эсэхийг Барилга хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөл болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Мэргэжлийн зөвлөлүүд шийдвэрлэх ёстой. Бидний гүйцэтгэсэн ажил хуульд заасан шаардлагад нийцсэн байсан. Хариуцагч талаас манай компанийн боловсруулсан ТЭЗҮ болон БОННҮ-г доголдолтой, доголдлыг арилгах арга хэмжээ аваагүй гэж нэхэмжлэлд дурдсан байх боловч доголдол гэж юуг хэлэх, гэрээт ажлын аль хэсэгт ямар доголдол гарсан, тэр нь хэрхэн нотлогдож байгааг тодорхойлоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар хариуцагч Ц ХХК-иас 24 750 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйийн 352.2.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул П ХХК-иас 63 165 000 төгрөг гаргуулах тухай Ц ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжпэгч П ХХК-ийн улсын тзмдэгтийн хураамжид төлсөн 281 000 төгрөг, Ц ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 473 778 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Ц ХХК-иас 281 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Х-59-АГ-19/4 дугаартай Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ болон БОННҮ боловсруулах гэрээ-г Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв дүгнэсэн боловч гэрээний гүйцэтгэл, талуудын хооронд гэрээгээр тодорхойлсон харилцааг тухайлан дүгнэсэнгүй. Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг дараах байдлаар дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй болжээ. ...Захиалагч нь ажлын гүйцэтгэлийг хүлзэн авах үүрэгтэй бөгөөд захиалагч үүргээ биелүүлээгүй нь ажлын хөлсийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь талуудын хооронд үүсээд байгаа харилцааг хэрэгт авагдсан баримтын хүрээнд бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Хариуцагч Ц ХХК-ийн зүгээс гэрээнд ТЭЗҮ-г гэрээ байгуулснаас хойш 60 хоногт, БОННҮ-г гэрээ байгуулснаас хойш 40 хоногт хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд "гүйцэтгэгчийн зүгээс энэ хугацаанд хариуцагчаас ажил гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл дутуу байгаа талаар огт дурдаж байгаагүй бөгөөд ажил эхэлсэн, ажил хэвийн хийгдэх байгаа талаар цахим хаягаар удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд захиалагчийн зүгээс гүйцэтгэж байгаа ажлыг гэрээгээр тохиолцсон хугацаагаар бол ТЭЗҮ-г 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авах, БОННҮ-г 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дотор хүлээн авах нөхцөлтэй байсан гэсэн хэдийн ч гүйцэтгэгчийн ирүүлсэн ажлын гүйцэтгэлийн эхний материалууд нь захиалагчийн чанарын шаардлага хангахгүй байсан тул удаа дараа цахимаар и-мэйл хаягаар ажлын гүйцэтгэлтэй холбоотой доголдлууд байгаа, энэ талаар анхаарахыг хариуцагчаас шаардаж байсан бөгөөд гүйцэтгэгчийн зүгээс дээрх саналыг үл харгалзан ТЭЗҮ-г захиалагчид тулган шаардах байдлаар буюу Зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлнэ гэсэн байдлаар хандаж 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шууд ТЭЗҮ-г ирүүлсэн байдаг.

Шүүх хэрэгт авагдсан буюу талуудын хооронд цахимаар харилцсан, ажлын гүйцэтгэлийн доголдолын талаар хариуцагчийн зүгээс тавьж байсан шаардлагын талаар нотлох баримтыг огт үнэлж дүгнэлгүйгээр гүйцэтгэгчийг доголдолтой ажил гүйцэтгэсэн байсан ч хариуцагч хүлээн авах ёстой байсан мэтээр дүгнэсэн хэт нэг талын барьсан үндэслэлгүй дүнгэлт болсон гэж үзэж байна.

Талуудын хооронд үүссэн харилцааны гол үр дүн болох ТЭҮЗ нь Шинжлэх ухааны үндэслэл бүхий Монгол Улсын холбогдох дүрэм журам, стандартад нийцсэн байхаас гадна Тэргүүн ээлжинд захиалагчийн шаардлагыг хангасан байх ёстой. Харин захиалагч нь гэрээний ажил гүйцэтгэх явцад тухайн ажил доголдолтой байгаа талаар тодрууллагуудыг тухай бүр гүйцэтгэгч талаас шаардаж байсныг шүүх огтоос авч үнэлж дүгнэсэнгүй.

Захиалагчийн зүгээс ажил гүйцэтгэх явцад ажлын гүйцэтгэлийн доголдол, дутагдалыг талаар огт дурдаагүй, шаардлага гаргаагүй байж ажлыг хүлээн авсны дараа төлбөр өгөхөөс татгалзаж байгаа бол шүүх дээрх байдлаар дүгнэх нь үндэслэл бүхий байх боломжтой гэтэл шүүх ажил гүйцэтгэх гэрээний явцад талуудын хооронд үүссэн харилцааг буюу хэрэгт үзлэгээр бэхжүүлсэн цахим баримтад огт дүгнэлт хийлгүйгээр хариуцагч нь ажлыг хүлээн авах үүрэгтэй гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй болсон. Тухайн гэрээний онцлог нь ажлын гүйцэтгэл бодит байдлаар эвдрэл гэмтэл, доголдолыг тогтоох боломжгүй бөгөөд ажлыг доголдолтой, ШУ-ны нарийн үндэслэлгүй, хийсвэр тооцоо судалгаатайгаар хийсвэр захиалагч талд ирээдүйд буюу Цементийн үйлдвэр барих, тэдгээрийн зураг төсөл болосвруулах зэрэг дараа дараагийн ажилд нилээдгүй хэмжээний хохирол үүсэх эрсдэлтэй тул захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг гүйцэтгэгчээс шаардаж, улмаар тухайн шаардлагуудыг биелүүлэлгүйгээр ажлын гүйцэтгэлийг хүчээр хүлээлгэн өгөх гэсэн тул гэрээнээс хэсэгчлэн татгалзсан. Шүүх хэрэгт авагдсан баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй, хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбоотойгоор үзлэг хийлгэх хүсэлт гаргахыг шүүх хүлээн авахаас татгалзаж илтэд үндэслэлгүй шийдвэрлэсэн.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбоотойгоор үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа хурлын бусаар шүүгчийн туслахад үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаж, 2 хавтас баримтыг өгсөн боловч шүүгч шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ гэсэн гээд баримтыг хүсэлтийн хамт буцаасан. Үүний дараа шүүх хуралдаанд хүсэлтээ гаргах гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлтийг шийдвэрлэх буюу ирцтэй холбоотой хүсэлт шийднэ, өөр хүсэлтээ дараагийн хурал дээр гарга гэж шүүгчийн зүгээс хэлсэн тул дараагийн хурал болох 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргахад шүүгч тухайн хүсэлтийг өмнө нь гаргах боломжтой байсан гэх үндэслэлээр илтэд нэг талын баримталсан захирамж гаргаж хүсэлтийг хангаас татгалзсан. Гэтэл шүүхийн шийдвэрт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа талаар нотлох баримтыг гаргаж өгөх, тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй гэж дурдаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаагүйд хариуцагчийн зүгээс гомдолтой байна. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн үзлэгээр бэхжүүлсэн нотлох баримтад огтоос үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргах, үзлэг хийлгэх боломжийг хязгаарлах нь мэтгэлцэх боломжоор хангалгүйгээр хэргийг илтэд үндэслэлгүй шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож талуудын нотлох баримт гаргах, мэтгэлцэх боломжийг хязгаарласан дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг засах боломж олгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Ц ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 63 165 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж зохицуулсан байна.

 

Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ болон БОННҮ боловсруулах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт орших Дөрвөлжин ордыг түшиглэн хуурай аргаар өдөрт 500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ /БОННҮ/ боловсруулан, Барилга хот байгуулалтын яамны шинжлэх ухаан техникийн бодлогын зөвлөл /ШУТБЗ/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлуулах, хариуцагч нь гэрээ байгуулагдсаны дараа төсөл боловсруулах нийт үнийн дүнгийн 50 хувь болох 24 750 000 төгрөгийг шилжүүлэх, цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийн тайлан болон БОННҮ-ийн тайланг захиалагчид танилцуулсаны дараа гэрээний үнийн дүнгийн 40 хувь болох 19 800 000 төгрөгийг шилжүүлэх, үлдэх 10 хувь болох 4 950 000 төгрөгийг цементийн үйлдвэрийн ТЭЗҮ-гийн тайланг БХБЯ-ны ШУТБЗөвлөлөөр, БОННҮ-ийн тайланг БОАЖЯ-ны мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж батлуулсаны дараа, НӨАТ-ын хамт нийт 49 500 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

 

Зохигчид гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн эсэх, доголдолтой байсан эсэх талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ гэрээнд заасан хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлын үр дүнг албан бичгээр хүлээлгэн өгсөн боловч хариуцагч акт үйлдээгүй авсан, ТЭЗҮ, БОННҮ-ний тайланг чанарын шаардлага хангасан эсэхийг хариуцагч Ц ХХК шийдвэрлэх эрхгүй, харин Барилга хот байгууллалтын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Мэргэжлийн зөвлөлүүд шийдвэрлэх эрх бүхий этгээд гэж мэтгэлцсэн байна.

 

Талууд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил нь дутуу, чанарын шаардлага хангаагүй буюу доголдолтой холбоотой маргасан тохиолдолд шүүх маргааны зүйл болох хийсэн ажлын гүйцэтгэл чанарын шаардлага хангасан эсэх, доголдолтой эсэх нь тоо тооцоолол, шинжлэх ухаан техникийн тусгай мэдлэг шаардагдаж байхад шүүх дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй. Хэдийгээр зохигчид тусгай мэдлэг шаардсан асуудлаар шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй ч гэсэн талуудад эрх, үүрэг тайлбарлах замаар уг асуудлыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Түүнчлэн, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч талаас Цементийн үйлдвэрийн ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/ тайланг Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөлөөс нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах, цементийн үйлдвэрийн БОННҮ /байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ/-ний тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөлөөс гаргуулах, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчийн гаргасан төслийн удирдагч Х.Т ийн [email protected], [email protected], [email protected] цахим хаягуудад үзлэг хийлгэх тухай хүсэлтүүдийг тус тус гаргасныг анхан шатны шүүх шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтэд хамаарахгүй, үзлэг хийлгэх тухай хүсэлтийн үндэслэл тодорхой бус, тухайн хүсэлтийг урьд нь гаргах боломжтой байсан гэсэн үндэслэлээр дээрх зохигчдын гаргасан хүсэлтүүдийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан журмыг зөрчжээ.

 

Учир нь нэхэмжлэгч талаас хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Гложекс консалтинг ХХК-д манай компанийн хийсэн ажлыг дамжуулаад ажил гүйцэтгэх гэрээ нэртэйгээр хоёр өөр ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан гэж мэтгэлцэж байх тул дээрх цементийн үйлдвэрийн ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/ тайланг Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөлөөс нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах, цементийн үйлдвэрийн БОННҮ /байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ/-ний тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөлөөс гаргуулах хүсэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байна. Дээрх газруудаас цементийн үйлдвэрийн ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/ тайлан, БОННҮ /байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ/-ний тайланг гаргуулж авснаар хийсэн ажлын гүйцэтгэлийг харьцуулан дүгнэх боломжтой болох юм. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна. /2-р хавтас хх-70, 74-75, 98, 102 дах тал/

 

Иймд дээрх үндэслэлээр хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/01208 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 754 778 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ