Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 103/2023/00702/И/Н |
Дугаар | 001/ХТ2024/00108 |
Огноо | 2024-05-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2024/00108
Л ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 103/ШШ2023/00714 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/00421 дүгээр магадлалтай
П од холбогдох
Багануур дүүргийн 5 дугаар хороо, ... тоот хаягт байрлах 600 м.кв газрын болон хувийн сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох, нэр төр алдар хүндээ сэргээлгэх, уучлалт гуйлгах тухай үндсэн нэхэмжлэл,
Toyota corolla fielder маркийн ... улсын дугаартай автомашиныг П ын өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л нь хариуцагч П д холбогдуулан Багануур дүүргийн 5 дугаар хороо, ... тоот хаягт байрлах 600 м.кв газрын болон хувийн сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох, нэр төр алдар хүндээ сэргээлгэх, уучлалт гуйлгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Toyota corolla fielder маркийн ... улсын дугаартай автомашиныг П ын өмчлөлд шилжүүлэхийг даалгахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 103/ШШ2023/00714 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт тус тус зааснаар Л ийг Багануур дүүргийн ... тоот хаягт байрлах 600 м.кв газар, тухайн газар дээр дутуу баригдсан хувийн блокон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч П од холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Л ийн уучлалт гуйлгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч П нь Toyota corolla fielder маркийн ... улсын дугаартай автомашиныг П ын өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П оос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/00421 дүгээр магадлалаар: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 103/ШШ2023/00714 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.11-ний өдрийн 103/ШШ2023/00714 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.01-ний өдрийн 210/МА2024/00421 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг болон 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсгийг буруу хэрэглэж, Багануур дүүрэг 5-р хороо, ... тоот хаягт байршилтай, 600 м.кв талбайтай газар дээр баригдаж байгаа хувийн сууцны хамтран өмчлөгчөөр болон газрын хамтран эзэмшигчээр тус тус Л ийг тогтоосон.
4.1.Хуулийг буруу хэрэглэсэн тухай: 1.Л тухайн хувийн сууцыг бий болгоход мөнгөн болон бусад хөрөнгө оруулсан нь огт нотлогдоогүй. Шүүх нэхэмжлэгчийг хариуцагчийн хувийн сууцанд хөрөнгө оруулсан гэж хүчээр дүгнэхдээ, хэрэгт байгаа нотлох баримтын агуулгыг илтэд буруу тайлбарлан, байхгүй мэдээллийг байгаа мэтээр дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг үнэлэх зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
Тодруулбал, Магадлалын 6-р нүүрний 5.2-т "... талуудын хэн алины эзэмшлийн банк дахь данснаас бэлнээр болон барилгын материал, ажлын хөлс гэх гүйлгээний утгаар мөнгөн хөрөнгийн зарлага хийгдсэн” гэж бичсэн. Гэтэл хэргийн 56-59 дэх талд байгаа Л ийн Хаан банкны дансны хуулганы зарлагуудад ямар ч барилгын материал, ажлын хөлс гэсэн утгатай гүйлгээ байхгүй. Өөрөөр хэлбэл, Л ийн дансны аливаа зарлагын гүйлгээг хүчээр П ын хувийн сууцанд зориулж гаргасан зардал гэж дүгнэсэн нь үнэхээр шударга бус байна. Л хөрөнгө оруулсан нь баримтаар нотлогдохгүй байхад, хөрөнгө оруулсан байна гэж үнэхээр дүгнэж байгаа бол ямар хэмжээгээр, хэдэн төгрөг, эсхүл хэдэн төгрөгийн материалаар хөрөнгө оруулжээ гэдэг дүгнэлт хийх ёстой. Л нь хувийн сууцанд хөрөнгө оруулахгүйгээр хариуцагч П ын 40 гаруй сая төгрөгөөр босгосон хувийн сууцны хамтран өмчлөгч болж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хариуцагч П ын хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж байна.
4.2.Нэхэмжлэгч Л ийн хөдлөх хөрөнгө нийлсэн, холилдсон тул шинээр бий болсон хөрөнгийн хамтран өмчлөгч нь Л байна гэж дүгнэсэн. Зохигчдын хооронд хөдлөх эд хөрөнгөө нийлүүлсэн, холилдуулсан үйл баримт огт байхгүй бөгөөд Л ийн ямар хөрөнгө нийлсэн, холилдсон талаар нотлох баримт байхгүй тул Иргэний хуулийн 119.2 дахь хэсгийг хэрэглэх хууль үндэслэл байхгүй.
4.3.Шүүх зохигчдын хоорондын харилцааг хэт ерөнхий, өнгөц дүгнэж, хамт амьдарч байсан л юм чинь бий болгосон хөрөнгө нь дундын хөрөнгө гэж дүгнэсэн. Зохигчид данс тооцоо хөрөнгө тусдаа, хоорондоо төлбөр тооцоо хийдэг, өөрөөр хэлбэл, нэг нэгэндээ хөрөнгө үнэ төлбөргүй өгдөггүй, нэг нэгнийхээ хөрөнгийг сонирхож оролцдоггүй нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогддог. Учир нь 1-рт нэхэмжлэгч Л нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн Дарь эхэд 2 давхар байшин, гараж бүхий газрыг өмчилдөг ба хэрэгт авагдсан улсын бүртгэлийн байгууллагаар тогтоогддог. 2-рт, П нь газар худалдан авахдаа нэхэмжлэгч Л ээс 5,000,000 төгрөг авсан байдаг ба хамт амьдрахаа больсны дараа энэхүү төлбөрт өөрийн өмчлөлийн Тоёота королла пиэлдэр маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Л т 2023.07.25-ны өдөр шилжүүлэн өгсөн. Энэхүү машиныг 15,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба зээлийн төлбөрийг 100 хувь П төлсөн байдаг. Гэвч Л ийн дансаар зээлийн зарим төлөлтийг төлдөг байсныг шүүх тухайн машины зээлийн төлбөрийг зохигчдыг хамтран төлсөн байна гэж дүгнэсэн. Шүүх ингэж дүгнэлээ ч 15,000,000 төгрөгийн үнэтэй машины тал 7,500,000 төгрөг нь П од ногдох тул 5,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулсан гэж үзэх бүрэн боломжтой. Хариуцагчийн өөрийн хөрөнгөөр барьсан бий болгосон зүйл Л ийн хувьд хамтран өмчлөх дундын хөрөнгө болчихдог, харин Л болохоор П д өгсөн төлбөрөө буцаан авах эрхтэй байдаг харилцаа байх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л ийн П ын 15 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авчхаад, тэрхүү тээврийн хэрэгслийг би дангаараа өмчлөх эрхтэй, миний өмч гэж шүүхэд гаргаж байгаа тайлбараас л зохигчид хамтран өмчлөх дундын хөрөнгө бий болгох харилцаатай хүмүүс биш байна гэдэг нь ойлгогдоно. Л 5,000,000 төгрөгийнхөө оронд 15 сая төгрөгийн машин авч, дангаараа өмчилчхөөд, дээр нь нэг ч төгрөг оруулаагүй хувийн сууцны хамтран өмчлөгч болно гэж шаардлага гаргаж байгаа нь өөрөө нэхэмжлэл үндэслэлгүй, шунахайн сэдэлтэй, зохигчид аливаа хөрөнгийг дундаа хамтран өмчлөх хүсэл зориг, бодит харилцаа байхгүйг бүрэн илтгэнэ.
4.4.Нэхэмжлэгчийн хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохоос гадна өөр нэг нэхэмжлэлийн шаардлага нь 1206015681 нэгж талбарын дугаартай, Э-2208001307 улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар, Багануур, 5-р хороо, ... тоот хаягт байршилтай, 600 м.кв талбайтай газрыг хамтран эзэмшигч болохыг тогтоолгох юм. Энэхүү газрыг бусдаас П шилжүүлж авсан, энэ газрыг шилжүүлж авахдаа Л ээс зээлэн авсан 5,000,000 төгрөгийн тооцоог дээр дурдсаны дагуу 15,000,000 төгрөгийн тээврийн хэрэгслийг шилжүүлэх байдлаар хоорондын бүхий л тооцоог дуусгасан байдаг. Гэвч Л нь тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэн өөрийн өмч болгосны дараа хариуцагчтай төлбөр тооцоотой, дундын хөрөнгө байгаа мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Л нь төлбөр тооцоог дуусгах зорилгоор машиныг шилжүүлэн авчхаад дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол машинаа буцаан авъя гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан ба төлбөр тооцоог дуусгахаар шилжүүлсэн машиныг Л т үлдээж, төлбөр тооцоог дуусгасан үйл баримтыг шүүхэд илэрхийлэхийн тулд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлээс татгалзсан байдаг. Эндээс хариуцагч холбогдох байгууллагатай гэрээ байгуулж, зээлийг төлж, өөрийн өмч болгосон хөрөнгийг нэхэмжлэгч Л үнэ төлбөргүй машин шилжүүлэн авч, тэрхүү өмч нь маргаангүй Л ийн дангаар өмчлөх хөрөнгө болдог, харин хариуцагч П ын өөрийн хөрөнгөөр босгосон хөрөнгө автоматаар шууд л нэхэмжлэгч Л ийн хамтран өмчлөгч болдог харилцаа, шударга ёс байх ёсгүй. Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024.05.09-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00563 тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч Л нь хариуцагч П од холбогдуулан Багануур дүүргийн 5 дугаар хороо, ... тоот хаягт байрлах 600 м.кв газрын болон уг газар дээр дутуу баригдсан хувийн сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох, уучлалт гуйлгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тэрээр “...газрыг авахад 7 сая төгрөг, ... хувийн сууц барихад 4 сая төгрөг, ... бусад шаардлагатай материал авах мөнгийг тус тус өөрөөсөө гаргаж уг хөрөнгийг хамтран бий болгосон учраас хамтран өмчлөгчөөр тогтоолгоно, мөн намайг шүүхэд худал гүтгэсэн тайлбар ирүүлсэн тул П оор уучлалт гуйлгуулна” гэж үндэслэлээ тайлбарласан.
7.Хариуцагч П дээрх шаардлагыг эс зөвшөөрч, “...2022 онд газрыг 7,000,000 төгрөгөөр авахдаа 5,000,000 төгрөгийг Л ээс зээлсэн, ...энэ зээлийг машинаа түүнд шилжүүлээд төлчихсөн, ... байшин гэрчилгээгүй, ...байшинд оруулсан мөнгөө нэхэх, хамтран өмчлөгчөөр тогтоолгох нь 2 тусдаа асуудал, ... 17-18 сая төгрөгийн машинаа өгсөн тул ямар нэг төлбөр тооцоо байхгүй, ... Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар уучлалт гуйх шаардлагатай гэж үзэх үндэслэлгүй” гэж маргасан ба “...Л т тээврийн хэрэгслийг шилжүүлэх ямар нэгэн үүрэг үүсээгүй, түүнтэй гэрээ хэлцэл огт байгуулаагүй ч түүний хэл ам дарамт шахалтаас болж түүний өмчлөлд Toyota corolla fielder маркийн ... улсын дугаартай автомашиныг шилжүүлсэн тул уг машиныг П миний өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан байна.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэхдээ “... зохигчид 10 жил хамт амьдарсан, цаашид хамтран амьдрах зорилгоор уг хашааг худалдаж авсан, ...байшин барьсан байх бөгөөд Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т “Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна” гэж зааснаар ... байрлах 600 м.кв газар, тухайн газар дээр дутуу баригдсан хувийн блокон сууцны хамтран өмчлөгчөөр Л ийг тогтоох нь зүйтэй” гэж дүгнээд, харин “...нэр төр алдар хүндээ сэргээлгэх, уучлалт гуйлгах тухай шаардлагаа хуульд зааснаар нотлоогүй” гэсэн агуулгаар дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон байна.
9.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхихдоо “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоосон, хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээд, маргаж буй эд хөрөнгийг талуудын өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд бий болсон хөрөнгө гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн” гэж дүгнэжээ.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ийн хяналтын журмаар гаргасан “...Шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг болон 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсгийг буруу хэрэглэж ...” гэсэн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.
11.Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоож, маргааны зүйл болж буй газар болон байшинд талуудын оруулсан мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгө, өр төлбөрийн хэмжээг хэргийн баримтад тулгуурлан тооцоолж, талуудын хамтран амьдрах хугацаанд дундын эд хөрөнгө шинээр бий болсон гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг зөрчөөгүй тул “... хуулийг буруу хэрэглэсэн, ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэсэн хариуцагчийн гомдлыг хангахгүй.
12.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий хоёр хөрөнгийн “хамтран өмчлөгчөөр тогтоолгох” тухай байх бөгөөд маргааны үйл баримтаас үзэхэд талууд 10 гаруй жил хамтын амьдралтай байсан хэдий ч гэрлэлтээ бүртгүүлээгүй тул хуульд зааснаар хамтран өмчлөлийн эрх зохигчийн хэн алинд нь үүсэхгүй. Харин маргааны зүйл болж буй газар болон байшинг бий болгоход талуудын оруулсан хөрөнгийн хувь хэмжээг тухайлан нарийвчлан тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нар уг хөрөнгийг ижил тэнцүү хэмжээтэй буюу 50, 50 хувиар өмчлөх эрхтэй гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарын агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийг газар болон байшингийн тал хувийг өмчлөхөөр шаардлага гаргасан гэж үзээд, зохигч эдгээр хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх эрхтэй гэж дүгнэх нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д нийцнэ. Иймээс хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулна.
13.Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй. Түүнчлэн дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/00421 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 103/ШШ2023/00714 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “119 дүгээр зүйлийн 119.2 дахь” гэснийг хасч, “...хамтран өмчлөгчөөр” гэснийг “...50 хувийн өмчлөгчөөр” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН