Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2021/01647

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Дундговь аймагт оршин суух, Х овогт Д-ийн М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэт байрлах, “Н Л ” ХХК -д холбогдох

Гэрээнээс учирсан хохиролд 6.875.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, учирсан хохиролд 5.019.400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Д.М  би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Н Л ” ХХК-тай гэрээ байгуулан Киа бонго-3 маркийн, цагаан өнгөтэй автомашиныг 22.500.000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 5.175.000 төгрөг төлж, үлдэх 18.000.000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай байгуулж, төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, би автомашинаа авч явсан. Машин сар орчим болоод 2019 оны 12 дугаар сараас ажиллаагүй, асахаа больсон. Энэ тухай утсаар хэлэхэд өөрсдөө очиж үзнэ задалж болохгүй гэсэн. Олон удаа ярьж хэлсэн. Гэтэл ирэхгүй байсаар хавар 2020 оны 3 дугаар сард ирж засч өгөөд явсан. Дахиад удаагүй сар болоогүй байхад “Н Л ” ХХК  надад мэдэгдэл өгөлгүйгээр автомашиныг зээлээ төлөөгүй хугацаа хэтэрсэн гээд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрийн гаднаас авч явсан байсан. Анх машиныг авахад бас асахгүй байсан ч дөнгөж орж ирсэн учраас тэгж байна гэж хэлсэн. Машин ажиллахгүй байсан болохоор мөнгийг  төлөлгүй азнаж байсан. Энэ хугацаанд би 6,875.000 төгрөг төлсөн. Компани дээр очиж уулзахад машиныг өгөөгүй их мөнгө өмнөөс нэхсэн. Д.М  би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн УБ1911-360 дугаартай машиныг худалдан авсан гэрээнээс татгалзаагүй, харин “Н Л ” ХХК татгалзаж машиныг авч явсан тул  харилцан өгсөн  авснаа  буцаахыг  хүсэж  6.875.000  төгрөгөө  гаргуулахаар шүүхэд хандсан гэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Машин хурааж авахад гарсан зардалд 300.000 төгрөг төлье, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй баримтгүй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Н Л ” ХХК 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Д.М тай зээлийн гэрээ байгуулан Киа Бонго-3 маркийн цагаан өнгөтэй, 2012 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг урьдчилгаа 4.500.000 төгрөг авч, үлдэх төлбөр 18.000.000 төгрөгийг сарын 2.39 хувийн хүүтэй, 708 хоногийн хугацаанд төлөх үүрэг хүлээлгэсэн. Гэрээний дагуу Д.М  2019 оны 12 дугаар сарын 25-ний өдөр эхний төлөлт болох 2.122.630 төгрөгийг төлөх байсан боловч 2020 оны 02 дугаар сарын 10-ний өдөр 700.000 төгрөг төлсөн, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг төлсөн. Бид зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч төлөөгүй тул автомашиныг хураан үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Манай зүгээс нэхэмжлэгчийн төлсөн мөнгөнөөс сөрөг нэхэмжлэлээр шаардсан 5 сая төгрөгийг хасч үлдэх 1.875.000 төгрөгийг төлөхөд бэлэн. Нэхэмжлэгч гэрээний дагуу мөнгөө төлөөгүй тул манайх гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийг буцаан авсан болно гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч хариуцагчтай автомашины үлдэгдэл төлбөрийг сарын 2.39 хувийн хүүтэй хэсэгчлэн төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох, нэхэмжлэгч нь Киа бонго-3 маркийн автомашиныг Д.М гийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх нөхцөлтэй гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Киа бонго-3 маркийн автомашиныг гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл “Н Л ” ХХК өөрийн өмчлөлдөө байлгах, хариуцагч Д.М  зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд тус хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан.  Зээлдэгч гэрээнд заасан үүргээ 10 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд энэхүү гэрээний 2 дахь заалтад  дурдагдсан зээлийн барьцаа хөрөнгийг үл маргах журмаар зээлдүүлэгчид хүлээлгэн өгнө гэж заасныг зөрчсөн. Манай компани Д.М гаас удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зөрчлийг арилгахгүй хуанлийн 98 хоног болсон тул барьцаа хөрөнгө болох Киа бонго-3 маркийн автомашиныг хураан авах хангалттай үндэслэл бүрдсэн гэж үзэн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн зардлаар хураан авсан. Иймд дээрхийг үндэслэн Д.М  гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас манайд учирсан хохирол болох 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тооцсон хүүгийн төлбөр 2.455.019 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тооцсон алданги болох 614.381 төгрөг, машиныг хураан авахад гарсан зардал болох 1.200.000 төгрөг, автомашинд учирсан элэгдэл болох 750.000 төгрөг, нийт 5.019.400 төгрөгийг Д.М гаас гаргуулахаар шаардсан. Талуудын хооронд зээлийн гэрээ бус харин зээлээр худалдах худалдан авах харилцаа үүссэн гэдэгт маргахгүй. Машин доголдолтой байсан гэх баримтгүй тул нэхэмжлэгч талын энэ тайлбар үндэслэлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.М  нь “Н Л ” ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 6.875.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч, улмаар гэрээнээс учирсан хохиролд 5.019.400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргав.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

“Н Л ” ХХК, Д.М  нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр УБ1911-360 тоот зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, 18.000.000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нэг сарын 2,39 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөх, тохиролцсон хугацаанд зээл төлөөгүй тохиолдолд Киа Бонго-3 маркийн KNFWTX76ACK703570 арлын дугаартай, 65-87 АУЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хангуулахаар гэрээ байгуулжээ.  /хх 6,7, 31, 40-42/

Зохигчид гэрээг бичгээр байгуулсан үйл баримтад маргаагүй. Гэвч уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бодитоор хариуцагч шилжүүлээгүй, харин маргааны зүйл болсон Киа бонго маркийн тээврийн хэрэгслийг 22.500.000 төгрөгөөр нэхэмжлэгчид зээлээр худалдах худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, уг гэрээний 2, 5, 7 дугаар заалтад тусгагдсан мөнгө төлөх, авахаар тохиролцсон данснууд адил зэргээр тогтоогдож байна. Үүнээс гадна тухайн тээврийн хэрэгсэл Монгол Улсын хилээр 2019 оны 11 дүгээр сарын 15-нд орж ирэхдээ “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг”-т хүлээн авагч тал “Н Л ” ХХК гэж тэмдэглэгдснээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан харилцаа үүсчээ.

Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Гэтэл худалдагч тал болох “Н Л ” ХХК тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшилд ашиглалтад шилжүүлж харин өмчлөлийг шилжүүлж өгөх хуулиар хүлээсэн өөрийн үүргээ хэрэгжүүлээгүй. Улмаар фидуцийн гэрээ байгуулсан үндэслэлээр тээврийн хэрэгслийн өмчлөлийг өөрт авч үлдсэн болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна. Нэгэнт талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй тул Фидуцийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй.  /хх 30-31,111-112/

Зохигчид тээврийн хэрэгслийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “үнэ төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр” худалдагч тал буцаан авсан, гэрээнээс татгалзсан, энэ хугацаанд нэхэмжлэгч нийт 6.875.000 төгрөг төлсөн үйл баримтад тус тус маргаагүй болно.

Харин ийнхүү гэрээнээс татгалзах болсон үндэслэлийг нэхэмжлэгч хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй гэж хариуцагч тайлбарлав. Нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгсэл доголдолтой байсны улмаас үнийг хэсэгчлэн төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж тус тус тайлбарлав.

Нэхэмжлэгч худалдан авсан зүйл доголдолтой байсан талаарх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. “Зээлийн гэрээ” нэртэй гэрээний хавсралтад төлбөр төлөх шаталсан хугацааг тогтоохдоо 2020 оны 12 дугаар сарын 25-нд 2.122.630 төгрөг, дараагийнх 2020 оны 4 дүгээр сарын 25-нд төлөхөөр үнийг хэсэгчлэн төлөх хугацааг заажээ. Нэхэмжлэгч 2020 оны 02 дугаар сарын 10-нд 700.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 24-нд 1.000.000 төгрөг төлсөн, харин талуудын тохиролцсон хоёр дах шатны төлбөр төлөх хугацаа болохоос өмнө тээврийн хэрэгслийг хариуцагч буцаан авч явсан байх тул нэхэмжлэгч үнийг хэсэгчлэн төлөх хугацаа хоцроосон үйлдэл ялимгүй зөрчилд тооцогдохоор байна. Иймд хэн алин нь гэрээний үүргийн зөрчлийн улмаас цуцалсан гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй тул үндэслэлгүй гэж үзнэ. Харин Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээний нэг тал нөгөө талдаа мэдэгдсэнээр гэрээнээс татгалзаж болохоор заасан тул хариуцагч тээврийн хэрэгслийг буцаан авснаар талууд гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж заасан, нэхэмжлэгч үнэ 6.875.000 төгрөг төлсөн үйл баримтад хариуцагч маргаагүй тул хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. /хх 8-10/

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар нөгөө талаас шаардах эрхтэй гэж заажээ.

Хариуцагч гэрээнээс учирсан хохиролд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хүү 2.455.019 төгрөг, алданги 614.381 төгрөг, тээврийн хэрэгслийг хураан авахад гарсан зардалд 1.200.000 төгрөг, тээврийн хэрэгслийн элэгдэл 750.000 төгрөг, нийт 5.019.400 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна.

Нэгэнт гэрээнээс татгалзсан тул гэрээний дагуу хүү, алданги тооцон нэхэмжлэх үндэслэлгүйгээс гадна талуудын хоорондох “Зээлийн гэрээ” нэртэй гэрээний 4-т “хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээл болон хүүгийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно” гэсэн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн зохицуулалттай нийцээгүй тул алданги шаардах эрхгүй. Түүнчлэн гэрээнд нэг сарын 2,9 хувийн хүүтэй хэмээн заасан тохиролцоо Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан “хүүгийн хэмжээ” гэсэн зохицуулалттай нийцээгүйг дурдав.

Тээврийн хэрэгслийг Дундговь аймгаас Улаанбаатар хот руу очиж авчрахад гарсан зардал 1.200.000 төгрөг гаргуулахаар шаардсан ч энэ шаардлагаа баримтаар нотлоогүй, зам хоногийн зардал, шатахууны зардал хэд гарсан зэргээр холбогдох дэмжих баримтыг ирүүлээгүй тул шүүх энэ хэсэгт нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн дүн болох 300.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Тээврийн хэрэгслийн элэгдэлд 750.000 төгрөгийг учирсан хохиролд тооцон шаардсан. Нэхэмжлэгч үүнийг баримтаар нотлоогүй, нотлох үргээ хэрэгжүүлээгүй хэмээн татгалзаж байна. Гэвч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийг 2019 оны 11 дүгээр сарын 17-нд худалдан аваад нэг сар орчим унасан, машин эвдэрснийг ирж зассаны дараа хурааж авах хүртэл мөн нэг сар унасан болохоо өөрөө хуралдаанд хүлээн зөвшөөрч байх тул хэдийгээр хариуцагч энэ шаардлагаа дэмжих бичгийн баримт ирүүлээгүй ч энэ мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйд нийцнэ гэж үзсэн болно.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас 6.875.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 1.050.000 төгрөг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан “Н Л ” ХХК-иас 6.875.000 /зургаан сая найман зуун далан таван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.М д олгож, нэхэмжлэгч Д.М гаас 1.050.000 /нэг сая тавин мянган/ төгрөг гаргуулж, хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.969.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95.260 төгрөгийг тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 124.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 29.750 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ