Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00303

 

 

 

 

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00303

 

 

 

 

 

                                      Д.Мнэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02687 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Мхариуцагч НЛ ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээнээс татгалзсан хохиролд 6 875 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.М НЛ ХХК-тай 2019 оны 11 сарын 17-ний өдөр зээлийн гэрээ байгуулж Киа Бонго-3 маркийн автомашиныг 22 500 000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцсон. Урьдчилгаа 5 175 000 төгрөг төлж, үлдэх 18 000 000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хэсэгчлэн төлж дуусгахаар зээлийн гэрээ байгуулж автомашинаа авсан. 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 6 875 000 төгрөг төлж байтал НЛ ХХК нь мэдэгдэл өгөлгүйгээр автомашиныг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрийн гаднаас унаад явсан. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаагүй, харин НЛ ХХК гэрээнээс татгалзаж, автомашиныг авч явж гэрээгээ цуцалсан тул харилцан өгсөн авснаа буцааж урьдчилгаанд төлсөн 5 175 000 төгрөг, зээлээс төлсөн 1 700 000 төгрөг нийт 6 875 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: НЛ ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.Мтай зээлийн гэрээ байгуулж Киа Бонго 3 маркийн 2012 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг 20 хувийн урьдчилгаа 4 500 000 төгрөг авч үлдэх 18 000 000 төгрөгийг 2.39 хувийн хүүтэй 708 хоногийн хугацаанд төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу зээлдэгч Д.М 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 122 630 төгрөг төлөх байсан боловч 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 700 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг төлсөн. Зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан, гэрээний 4 дэх заалтыг зөрчиж 98 хоног хугацаа хэтэрсэн тул барьцаа хөрөнгө болох автомашиныг хураан авсан. Нэхэмжлэгч автомашинаа дуудлага өгч засуулсан гэх боловч манайд дуудлага өгөөгүй, энэ талаар мэдэхгүй. Уг автомашин одоо гуравдагч этгээдэд зээлийн болон фидуцийн гэрээгээр ашиглагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх:    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч НЛ ХХК-нд холбогдох 6 875 000 төгрөг гаргуулах Д.Мнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Мдавж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэгчийг эрхийг зөрчсөн, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. НЛ ХХК зээлээр худалдсан Киа бонго-3 маркийн автомашинаа хураан авч, урьдчилгаа төлсөн төлбөрийг өгөөгүй байхад шүүх хариуцагчийн зөв мэтээр нэхэмжлэгчтэй хэт хохиролтой хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хууль зүйн үндэслэлгүй, зөвхөн худалдагч талд ашигтай гэрээ хэлцэл хийсэн байхад хууль зүйн талаас үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэргийг бодитоор дүгнэхгүй шийдсэнд гомдолтой байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг өөрийн автомашинаа уг компанид барьцаанд тавьж мөнгө зээлж авсан мэтээр ойлгож, дүгнэж шийдсэн. Нэхэмжлэгч нь уг компанитай машины үнийг хэсэгчлэн төлөхөөр зээлээр автомашин худалдан авахаар тохиролцсон байсан. Хугацаа хэтрүүлсэн ч алдангиа тооцож төлье гэхэд компанийн зүгээс хэт өндөр дүн буюу 20 000 000 төгрөг бэлнээр өгөөд автомашинаа ав гэсэн тул чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтад хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч НЛ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээнээс татгалзаж хохиролд 6 875 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарт дүгнэлт хийж хууль хэрэглээний алдааг залруулан хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсноор шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна. Зохигчдын хоорондын эрх зүйн харилцаа, гэрээний үүргийг зөв тодорхойлсноор түүнд хамаарах хуулийн зохицуулалтыг хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

Хэргийн 40-42 дугаар талд нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчаас 18 000 000 төгрөг сарын 2.39 хувийн хүүтэй, 708 хоногийн хугацаатай зээлдэн авах, 22 500 000 төгрөгийн үнэ бүхий автомашины урьдчилгаа 20 хувь болох 4 500 000 төгрөгийг зээлдүүлэгчийн дансанд төлөх, зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгож 2012 онд үйлдвэрлэгдсэн “Киа бонго” 3 маркийн автомашиныг зээлдүүлэгчийн эзэмшилд шилжүүлэх тухай зээлийн, мөн “Киа бонго” 3 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус тус авагдсан байна.

Талууд зээлийн гэрээний үүрэгт хүү төлөхөөр тохиролцсон байгаагаас үзэхэд зохигчдын хооронд зээлийн гэрээний шинжтэй харилцаа үүссэн гэж дүгнэхээр байх боловч гэрээний зүйлд “Киа бонго” автомашин буюу нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө орсон байна. Гэтэл зээлийн гэрээний зүйл төрлийн шинжээр тодорхойлогдох зүйл байх боломжтой.

2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээний агуулгаас үзэхэд хэлцлийн нэг тал нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох “Киа бонго” автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх, нөгөө тал түүнтэй холбоотой төлбөр төлөх агуулга байх тул талуудын хооронд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний харилцаа үүссэн байхаар байна. Өөрөөр хэлбэл, худалдах худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөр дээр нэмж хүү тооцож тодорхой хугацаатай төлөхөөр тохиролцсон тохиолдолд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж үзнэ. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 264.1 дэх хэсэгт “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.

Хэрэв талуудын хооронд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх лизингиийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл лизингийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээ цуцлагдахад үүсэх үр дагаврын талаарх талуудын тохиролцоо хуулиар тавигдах шаардлагыг хангасан эсэхийг анхаарна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулна гэж заасан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд талууд харилцан эд зүйлээ буцааж өгөхөөс гадна үүссэн хохирлыг шийдвэрлэнэ. Иймд тухайн эрх зүйн харилцаа нь хуулийн зохицуулалтын алинд хамаарах талаар талуудын тайлбарыг тодруулан мэтгэлцүүлэх ажиллагааг явуулснаар хэргийг шийдвэрлэх боломжтой болно.

Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

  

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02687 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                              ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ

                  А.МӨНХЗУЛ