Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2021/01648

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэгт байрлах, “П о э э ” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ө Б п ” ХХН-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Х овогт Д-ийн М-т холбогдох,

Батлан даалтын гэрээний үүрэгт 1.413.596.275 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “П о э э ” ГХОХХК нь “Эрд хул” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр S2018/005 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу төлөгдөх үндсэн төлбөр болон алдангийг үүрэг гүйцэтгэгч болох “Эрд хул” ХХК төлөөгүй тохиолдолд төлбөрийг Д.М төлөхөөр баталгаа гаргаж 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталгааны гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан.

Гэвч “Эрд хул” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд “П о э э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрд Хул” ХХК-д холбогдох иргэний хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Тодруулбал, Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөгдөх үндсэн төлбөр болон алдангид нийт 942.397.517 төгрөгийг “Эрд Хул” ХХК-иас гаргуулж “П о э э ” ГХОХХК-д олгохоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 00784 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 00039 тоот гүйцэтгэх хуудас гарсан.

Гэсэн хэдий ч “Эрд хул” ХХК шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт маш их хэмжээний өр төлбөртэйн улмаас “П о э э ” ГХОХХК-ийн урд “Эрд хул” ХХК-иас авлагатай 10 орчим компани төлбөр авагчийн дарааллаар бүртгэгдэж “П о э э ” ХХК-д төлөгдөх ёстой төлбөр огт төлөгдөөгүй. Иймд хариуцагч Д.М нэхэмжлэгчтэй байгуулсан Баталгааны гэрээний 2.1, 2.2 дахь заалтуудын дагуу дээрх 942.397.517 төгрөгийг төлөх үндсэн үүрэгтэй юм.

Түүнчлэн, Баталгааны гэрээний 2.5 дахь хэсэгт “Yүрэг гүйцэтгүүлэгч баталгаа гаргагчаас төлбөр шаардсан үеэс баталгаа гаргагч нь төлбөр төлөх үүргээ зөрчсөн бол хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөх үүрэг хүлээнэ” гэж заасан байна. Анх 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг Д.М-аас шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч Д.М-ын нэхэмжлэлтэй, нотариатч С.Анударьд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаатай холбоотой Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 00803 дугаар шийдвэрээр Д.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Баталгааны гэрээний 2.5-д заасны дагуу баталгааны гэрээний үүрэг гүйцэтгэхийг шаардсан өдөр болох 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах өдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 08 хүртэл 757 өдөрт, хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүн болох 942.397.517 төгрөгөөс 0.1 хувийн алданги (942.397.517х0.1:100=942.397 төгрөг) тооцож, Иргэний хуулийн 232.4-т заасан хэмжээгээр тооцсон. Иймд Иргэний хуулийн 234.3-т “Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана" гэж, Баталгааны гэрээний 2.5 дахь хэсэгт “Баталгаа гаргагч нь төлбөр төлөх үүргээ зөрчсөн бол хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувийн хэмжээний алданги төлөх үүрэг хүлээнэ” гэж тус тус заасны дагуу Баталгааны гэрээгээр хүлээсэн үүрэг болох үндсэн төлбөр 942.397.517 төгрөг, алданги 471.198.758 төгрөг, нийт 1.413.596.275 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүх худалдах худалдан авах гэрээний дагуу алдангийг тооцсон. Харин баталгааны гэрээний дагуу тооцоогүй болно.

Мөн Д.М “П о э э ” ГХОХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлийн 000017971 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, хангайн 9 дүгээр гудамжны 380 тоот хаягт байршилтай 700 мкв газар мөн тус хаягт байршилтай өмчлөх эрхийн 000041372 дугаар гэрчилгээтэй 455 мкв хувийн сууцыг барьцаалсан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд бичгээр гаргасан  болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “П о э э ” ГХОХХК болон “Эрд хул” ХХК нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр S2018/005 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “П о э э ” ГХОХХК Д.М-тай 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон баталгааны гэрээ байгуулсан. “Эрд хул” ХХК-ийн зүгээс үндсэн гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас төлбөр бүрэн төлөгдөөгүй байсан тул гэрээний төлбөрийг алдангийн хамт нэхэмжилснийг 3 шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 784 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хянаад гүйцэтгээгүй үүрэг 761.841.000 төгрөг, алдангид 180.556.317 төгрөг, нийт 942.397.517 төгрөгийг “Эрд хул” ХХК-иас гаргуулж “П о э э ” ГХОХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч шүүхээс 942.397.517 төгрөгийг “Эрд хул” ХХК-с гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байтал уг үнийн дүнг барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.М-аас дахин гаргуулахаар шаардаж байгаа нь нэг асуудлаар дахин өөр шийдвэр гаргуулах, улмаар нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл үүсэхээр байна гэж ойлгож байна.

Мөн “Эрд хул" ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож  гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Гэтэл шүүхээр нэгэнт тогтоосон үүрэг, алдангиас дахин өөр гэрээг баримталж алданги тооцож шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулсан өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “П о э э ” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх “Ө Б п ” ХХК-ийн өмгөөлөгч А.Базар нь оройн цагаар таньдаг нотариатаа дагуулан Д.М дээр очиж гэрээний агуулгыг тайлбарлахгүй, хууль мэдэхгүй байдлыг ашиглаж Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны болон баталгааны гэрээнд гарын үсэг зуруулсан байдаг. Тиймээс Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны болон баталгааны гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг хэлцлийг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгааг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүхээс худалдах худалдан авах гэрээг тооцоод алдангийн асуудлыг шийдвэрлэсэн. Баталгааны гэрээгээр баталгаа гаргагчаас эсхүл үндсэн үүрэг гүйцэтгэгчийн аль нэгнээс сонгож үүрэг шаардана. Нэхэмжлэгч нэгэнт үндсэн үүргйг “Эрд Хул” ХХК-иас сонгож шийдвэр гарсан. Талуудын хооронд харин батлан даалтын гэрээ байгуулаагүй болно. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “П о э э ” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ө Б п ” ХХН нь Д.М-т холбогдуулан гэрээний үүрэгт 1.413.596.275 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан  баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00803 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00784 дүгээр тогтоолоор “Эрд Хул” ХХК-иас үндсэн үүрэгт 761.841.000 төгрөг, нэмэлт үүрэг болох алданги 180.556.317 төгрөг, нийт 942.397.517 төгрөг гаргуулж “П о э э ” ГХОХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрээр “П о э э ” ГХОХХК болон “Эрд хул” ХХК нарын хоорондох 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүргийг шийдвэрлэхдээ Д.М-т холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “баталгааны болон барьцааны гэрээтэй холбоотой өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /хх 20-28/

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/01934 дүгээр шийдвэрээр Д.М-ын нэхэмжлэлтэй нотариатч С.Анударьд холбогдох барьцааны болон баталгааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтад зохигчид маргаагүй. /хх 64-68/

3.“П о э э ” ГХОХХК, Д.М нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Баталгааны гэрээгээр Баталгаа гаргагч нь Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх 761.841.000 төгрөгийг алдангийн хамт “Эрд хул” ХХК-ийн нэрийн өмнөөс төлөхөөр баталгаа гаргажээ. /хх 10/

4.Мөн зохигчид 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дээр дурдсан “Эрд хул” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг Д.М-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016733 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамж 380 тоотод байрлах 455 мкв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2203002761, нэгж талбарын 186433135528743 дугаарт бүртгэлтэй 700 мкв газраас хангуулахаар барьцааны гэрээг тус тус байгуулсан байна. /хх 11-13/

Дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 234 дүгээр зүйлийн 234.2-т заасан  “гэрээг бичгээр хийх” түүнчлэн “үл хөдлөх хөрөнгө бол улсын бүртгэлд бүртгүүлэх” хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч үндсэн маргааныг шийдвэрлэсэн ч төлбөр төлөгч болох “Эрд хул” ХХК-иас төлбөр авч чадаагүй гэж тайлбарлан, улмаар баталгааны болон барьцааны гэрээний үүргийг шаардаж байна.

Хариуцагч батлан даалтын гэрээ байгуулаагүй, баталгааны гэрээ байгуулсан, үндсэн маргааныг шийдвэрлэж “Эрд хул” ХХК-иас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй тул дахин мөнгө гаргуулахаар шаардах үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд зааснаар анз, баталгаа, батлан даалт, барьцаа нь бүгд үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд тэдгээрийн нэг болох баталгааны гэрээгээр үүрэг хүлээгчийн үндсэн үүрэг байгаа эсэхээс үл хамаарч гуравдагч этгээд тодорхой үр дүн бий болно гэдгийг баталж ирээдүйд учирч болох хохирлыг хариуцахаар талууд тохиролцохыг ойлгох бөгөөд энэ тухай Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.3, 234.4-т “үл маргах журмаар шаардана”, “нэг талын санаачилгаар гэрээг цуцалж болохгүй” зэргээр зохицуулсан. Түүнчлэн баталгаа үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслийн нэг хэдий ч үндсэн үүргийг орлоно. Иймд батлан даалтын гэрээ байгуулагдаагүй, үндсэн маргааныг төлөх шүүхийн шийдвэртэй тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний алдангийг шүүх шийдвэрлэсэн, харин баталгааны гэрээний алдангийг шийдвэрлээгүй хэмээн тайлбарлаж алданги 471.198.758 төгрөг гаргуулахаар шаардав.

Баталгааны гэрээний 2.5-д “баталгаа гаргагчаас төлбөр шаардсан үеэс төлбөр төлөх үүргээ зөрчсөн бол хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөх”-өөр заажээ. Анз, баталгаа аль алин нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргууд хэдий ч хуулиар үүргийн гүйцэтгэлийг хангах нэг аргаас нөгөө аргыг хэрэглэж болохгүй буюу анз тооцож болохгүй талаар тухайлан хориглоогүй, талууд гэрээгээр тохиролцсон тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд дурдсан 942.397.517  төгрөгийн дүнгээс гүйцэтгээгүй үүргийн хэмжээг тооцсон хэрнээ 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс гүйцэтгээгүй хоногийг тооцоолсон, түүнчлэн шүүх урьд 942.397.517 төгрөгт үндсэн үүргийг алдангийн хамт тооцон шийдвэрлэсэн тул дахин алданги тооцон гаргуулах үндэслэлгүй гэж үзэв. Иймд алдангийн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.   

Дээрхийг нэгтгээд шүүхийн шийдвэрийн хэмжээгээр баталгаа гаргагч Д.М хариуцах үүрэг хүлээх үндэстэй гэж үзэв. Мөн барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00803 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 784 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00784 дүгээр тогтоолоор “Эрд Хул” ХХК-иас гаргуулахаар дурдсан 942.397.517 төгрөгийг баталгаа гаргагч Д.М-аас гаргуулж “П о э э ” ГХОХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 471.198.758 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгө болох Д.М-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016733 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамж 380 тоотод байрлах 455 мкв талбайтай хувийн сууц, түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2203002761 дугаарт бүртгэлтэй нэгж талбарын 186433135528743 дугаар бүхий мөн хаягт байрлах 700 мкв газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.296.132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4.940.138 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

           

4.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2021/09042 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ