Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01628

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01628

 

П ХХ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/01648 дугаар шийдвэртэй

П ХХ-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Мт холбогдох

Батлан даалтын гэрээний үүрэгт 1 413 596 275 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болоржаргал, түүний өмгөөлөгч Б.Брагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Б.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П ХХ нь Э ХХ-тай 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр S2018/005 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч Э ХХ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд П ХХ-ийн нэхэмжлэлтэй Э ХХ-д холбогдох иргэний хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Тодруулбал, Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төлөгдөх үндсэн төлбөр болон алдангид нийт 942 397 517 төгрөгийг Э ХХ-аас гаргуулж П ХХ-д олгохоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 00784 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 00039 тоот гүйцэтгэх хуудас гарсан. Гэсэн хэдий ч Э ХХ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт маш их хэмжээний өр төлбөртэйн улмаас П ХХ-ийн урд Э ХХ-аас авлагатай 10 орчим компани төлбөр авагчийн дарааллаар бүртгэгдэж П ХХ-д төлөгдөх ёстой төлбөр огт төлөгдөөгүй. Иймд хариуцагч Д.Мын нэхэмжлэгчтэй 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Баталгааны гэрээ-ний 2.1, 2.2 дахь заалтуудын дагуу дээрх 942 397 517 төгрөгийг төлөх үндсэн үүрэгтэй юм. Түүнчлэн, Баталгааны гэрээ-ний 2.5-т Yүрэг гүйцэтгүүлэгч баталгаа гаргагчаас төлбөр шаардсан үеэс баталгаа гаргагч нь төлбөр төлөх үүргээ зөрчсөн бол хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөх үүрэг хүлээнэ гэж заасан. Баталгааны гэрээ-ний 2.5-д заасны дагуу баталгааны гэрээний үүрэг гүйцэтгэхийг шаардсан өдөр болох 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах өдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 757 өдөрт, хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүн болох 942 397 517 төгрөгөөс 0.1 хувийн алданги (942 397 517х0.1:100=942 397 төгрөг) Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээгээр тооцсон. Иймд Иргэний хуулийн 234.3, Баталгааны гэрээ-ний 2.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу Баталгааны гэрээ-ээр хүлээсэн үүрэг болох үндсэн төлбөр 942 397 517 төгрөг, алданги 471 198 758 төгрөг, нийт 1 413 596 275 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Д.М П ХХ-тай 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, хангайн 9 дүгээр гудамжны 380 тоот хаягт байршилтай 700 м.кв газар мөн тус хаягт байршилтай 455 м.кв хувийн сууцыг барьцаалсан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болоржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П ХХ болон Э ХХ нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр S2018/005 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар П ХХ Д.Мтай 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон Баталгааны гэрээ байгуулсан. Э ХХ-ийн зүгээс үндсэн гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас төлбөр бүрэн төлөгдөөгүй байсан тул гэрээний төлбөрийг алдангийн хамт нэхэмжилснийг 3 шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 784 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хянаад гүйцэтгээгүй үүрэг 761 841 000 төгрөг, алдангид 180 556 317 төгрөг, нийт 942 397 517 төгрөгийг Э ХХ-иас гаргуулж П ХХ-д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч шүүхээс 942 397 517 төгрөгийг Э ХХ-с гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байтал уг үнийн дүнг барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.Маас дахин гаргуулахаар шаардаж байгаа нь нэг асуудлаар дахин өөр шийдвэр гаргуулах, улмаар нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл үүсэхээр байна. Мөн Э" ХХ-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Гэтэл шүүхээр нэгэнт тогтоосон үүрэг, алдангиас дахин өөр гэрээг баримталж алданги тооцон шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр П ХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Өмгөөллийн Бэз партнерс ХХН-ийн өмгөөлөгч А.Б нь оройн цагаар таньдаг нотариатаа дагуулан Д.М дээр очиж гэрээний агуулгыг тайлбарлахгүй, хууль мэдэхгүй байдлыг ашиглаж Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон Баталгааны гэрээ-нд гарын үсэг зуруулсан. Тиймээс Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон Баталгааны гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг хэлцлийг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгааг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхээс худалдах, худалдан авах гэрээг тооцоод алдангийн асуудлыг шийдвэрлэсэн. Баталгааны гэрээгээр баталгаа гаргагчаас эсхүл үндсэн үүрэг гүйцэтгэгчийн аль нэгнээс сонгож үүрэг шаардана. Нэхэмжлэгч нэгэнт үндсэн үүргийг Э ХХ-аас сонгож шийдвэр гарсан. Талуудын хооронд харин батлан даалтын гэрээ байгуулаагүй болно. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00803 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 784 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00784 дүгээр тогтоолоор Э ХХ-иас гаргуулахаар дурдсан 942 397 517 төгрөгийг баталгаа гаргагч Д.Маас гаргуулж П ХХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 471 198 758 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгө болох Д.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016733 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамж 380 тоотод байрлах 455 м.кв талбайтай хувийн сууц, түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2203002761 дугаарт бүртгэлтэй нэгж талбарын 186433135528743 дугаар бүхий мөн хаягт байрлах 700 м.кв газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 296 132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4 940 138 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2021/09042 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алдангид нэхэмжилсэн 471 198 758 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Шүүхээс Баталгааны гэрээ-ний 2.5-д баталгаа гаргагчаас төлбөр шаардсан үеэс төлбөр төлөх үүргээ зөрчсөн бол хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөх-өөр заажээ. Анз, баталгаа аль аль нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргууд хэдий ч хуулиар үүргийн гүйцэтгэлийг хангах нэг аргаас нөгөө аргыг хэрэглэж болохгүй буюу анз тооцож болохгүй талаар тухайлан хориглоогүй, талууд гэрээгээр тохиролцсон тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа алданги гаргахгүй гэж шийдвэрлэсэн нь тус шийдвэр логик зөрчилдөөнтэй, үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь баталгааны гэрээний үүргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шаардаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог бөгөөд тус өдрөөс өнөөдрийг хүртэл хариуцагч нь баталгааны гэрээний дагуу өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан дүнгээс алдангийн хэмжээг тооцож байгаа нь тус өдрөөс хойш алдангийн хэмжээг тооцох ёстой гэсэн үг биш бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс хойш Улсын дээд шүүхийн тогтоол гарах хүртэл гэрээний зөрчил үргэлжилж байсан. Иймд гэрээний зөрчил бий болсон үеэс эхлэн алдангийн хэмжээг тооцох нь үндэслэлтэй юм. 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр П ХХ нь Э ХХ-д Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төлөгдөх нийт 1 142 761 500 төгрөгийн төлбөр шаардсаныг Улсын дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор хариуцагчаас 942 397 517 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Харин одоогийн хянан хэлэлцэж буй хэрэг нь тус Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-нд баталгаа гаргасан Баталгааны гэрээ-тэй холбоотой байхад шүүхээс Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 942 397 517 төгрөгт үндсэн үүргийг алдангийн хамт тооцон шийдвэрлэсэн тул дахин алданги тооцон гаргуулах үндэслэлгүй гэж тайлбар хийж байгаа нь буруу юм. Тодруулбал, Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ болон Баталгааны гэрээ нь бие даасан, тус бүрдээ үр дагавар үүсгэдэг хэлцлүүд учир Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ гэрээний дагуу алданги төлсөн байх нь Баталгааны гэрээ-ний дагуу алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу хариуцагч Э ХХ-аас П ХХ-д олгохоор шийдвэрлэсэн 942 397 517 төгрөгийг баталгаа гаргагч Д.Маас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Нэхэмжлэгч П ХХ нь хариуцагч Д.Мт холбогдуулан гэрээний үүрэгт 1 413 596 275 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/00803 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00784 дугаар тогтоолоор Э ХХ-аас үндсэн үүрэгт 761 841 000 төгрөг, нэмэлт үүрэг болох алданги 180 556 317 төгрөг, нийт 942 397 517 төгрөг гаргуулж П ХХ-д олгож шийдвэрлэсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2019/01934 дугаар шийдвэрээр Д.Мын нэхэмжлэлтэй нотариатч С.Анударьд холбогдох Д.М болон П ХХ нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Баталгааны гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Д.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрүүд хэрэгт авагджээ. /хх.20-28, 64-68/

Хэргийн 10-13 дугаар талд П ХХ, Д.М нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Баталгааны гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ авагдсан. Зохигчид дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Талууд Баталгааны гэрээ болон Барьцааны гэрээ-г байгуулахдаа Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээнүүд байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно гэж заасан бөгөөд баталгаа нь гэрээний нэг талын үүргийг үл маргах журмаар нөгөө талын өмнө гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд өөртөө хүлээж буй хэлцэл юм.

Мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэж заасан бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардах эрх нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу үүргээ гүйцэтгээгүй нь тогтоогдсон байх тохиолдолд үүсэхийг хуулийн дээрх зохицуулалтад заажээ.

Иймд үүрэг гүйцэтгүүлэгч П ХХ нь үүрэг гүйцэтгэгч Э ХХ-ийн үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагч Д.Маас шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу Э ХХ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн 942 397 517 төгрөгийг баталгаа гаргагч Д.Маас гаргуулж П ХХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 471 198 758 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Мөн анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, баталгаа гаргагч зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгохдоо зөрчилтэй дүгнэлт хийснийг залруулан өөрчлөх нь зүйтэй байна. Учир нь, Баталгааны гэрээ-ний талууд болох П ХХ болон Д.М нар Баталгааны гэрээ-ний 2.5-д Үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагчаас төлбөр шаардсан үеэс баталгаа гаргагч нь төлбөр төлөх үүргээ зөрчсөн бол хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,1 хувийн хэмжээний алданги төлөх үүрэг хүлээнэ гэж заажээ. Үүрэг гүйцэтгүүлэгч П ХХ нь үндсэн үүрэг гүйцэтгэгч Э ХХ-ийн гүйцэтгэх үүрэг болох 942 397 517 төгрөгийг баталгаа гаргагч Д.Маас шаардаж шүүхэд хандахдаа дээрх гэрээний 2.5-д заасны дагуу алданги төлүүлэхээр шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, талуудын байгуулсан баталгааны гэрээ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг юм. Хууль буюу гэрээний дагуу хүлээсэн үүрэгт нь нэмэгдэл үүрэг хүлээлгэх замаар гэрээний талууд үндсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийн тулд хэрэглэж байгаа арга тул хариуцагчаас алданги гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ болон Баталгааны гэрээ нь бие даасан, тус бүрдээ үр дагавар үүсгэдэг хэлцлүүд учир Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу алданги төлсөн байх нь Баталгааны гэрээ-ний дагуу алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/01648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын төлсөн 2 513 944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Ц.ИЧИНХОРЛОО