Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2021/01693

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй ч, Чингэлтэй дүүрэгт байрлах, “А ” ХХК ,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Д овогт Д-ийн О /,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт оршин суух, Ш овогт Д-гийн Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “Х ” ХХК -д холбогдох,

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг даалгах, үнэлгээний хуудсыг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг даалгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О , Д.Б , нэхэмжлэгч “А ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б, Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “А ” ХХК 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141, Их  тойруу гудамж, 35 тоот хаягт байрлах Аз молл худалдааны төв буюу 7 давхар барилга барьсан. Ингэхдээ санхүүжилт дутсаны улмаас “Худалдаа хөгжлийн банк” ХХК-аас зээл авсан байсан. Гэтэл “Х ” ХХК Европын сэргээн босголт, хөгжлийн банк манай банктай хамтарч ажилладаг, танай барилгад бага хүүтэй, таатай нөхцөлөөр зээл авч өгөх боломжтой гээд хамтарч ажиллах санал тавьсан. “Х ” ХХК-ийн бидэнд өгч байгаа зээлийн хүү 20,8 хувь байсан. Энэ талаар банкны захиралтай ярилцахад санаа зоволтгүй, та тус хүүг 3 орчим сар төлөөд манай харилцагч Европын сэргээн босголт, хөгжлийн банк танайд таатай бага хүүтэй нөхцлөөр зээл олгоно гэж хэлсэн. Ингээд “Х ”, “А ” ХХК нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн барьцаанд компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141, Их  тойруу гудамж, 35 тоот хаягт байрлах 8.140 мкв талбайтай хөрөнгө болон мөн хаягт байрлах 1.230 мкв талбайтай, нэгж талбарын 154/0104 дугаартай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан байсан. Уг зээлийн харилцаанд нэхэмжлэгч Д.О ийн хувьд “А ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар, түүнчлэн иргэн Д.О , Д.Б  нарын хувьд газар эзэмшигчийн хувиар зөвшөөрөл олгож хэлцэлд оролцсон. Бид 2 жил гаруй хугацаанд “Х ” ХХК-д итгэж 3,5 тэрбум төгрөгийн хүү төлсөн. Ингэж явсаар байгаад санхүүгийн хүндрэлд орж зээлийн эргэн төлөлтөд доголдол гарсан нь үнэн. Улмаар банкны зүгээс зээл төлөхийг шаардаж 2017 оны 01 дүгээр сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Үүний дараа 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн орой “Х ” ХХК-ийн хуулийн зөвлөх бид нартай уулзаж Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зээл авах ажлыг би чиглүүлээд явъя, хамтын ажил эхлэхээр ямар ч тохиолдолд “А ” ХХК, “Х ” ХХК нарыг хохироохгүй, иймээс манай банктай 4 гэрээ байгуулчих гэж хэлсэн. Олон Улсын банкнаас Монгол улсын банкнуудад шалгалт хийж байгаа. Хэрэв манай банкны чанар муутай зээлийн хэмжээ их байх юм бол банкинд эрсдэлтэй байдал үүсч байгаа юм. Иймээс гэрээ хийж цэгцэлье гээд 4 гэрээ авчирсан. Үүнд “Нөхцөл тохирох гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Эвлэрлийн гэрээ”, “Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ” гэсэн гэрээнүүд байсан. Хэрэв тухайн үед “Х ” ХХК ганцхан эвлэрлийн гэрээг, эсхүл худалдах худалдан авах гэрээ, газар шилжүүлэх гэрээг тус тус дангаар авчирсан бол бид гэрээнд гарын үсэг зурахгүй байх байсан. Төөрөгдүүлсэн олон гэрээг зэрэг хийж, олон зүйл амласан учраас түүнд нь итгэж 4 гэрээнд гарын үсэг зурсан юм.

“Нөхцөл тохирох гэрээ”-г халхавчлах зорилгоор бусад гурван гэрээг байгуулсан. “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г дангаар бүртгэх байгууллагад аваачиж өгснөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр банкны өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн. “Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”-г дангаар газрын албанд аваачиж өгснөөр газар мөн банкны эзэмшилд шилжсэн.  “Эвлэрлийн гэрээ”-г шүүхэд дангаар аваачиж өгснөөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд дараах үндэслэлээр дээрх 4 гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардаж байна.

 1.Нөхцөл тохирох гэрээ “Х ” ХХК, “А ” ХХК нарын хооронд байгуулагдсан. Энэ гэрээгээр 2 хөрөнгийн асуудлыг шийдсэн. Газрыг нэхэмжлэгч Д.Б , Д.О  нар эзэмшдэг, газрын дээрх барилга “А ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй. Гэтэл “А ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О ийг гэрээнд оролцуулаад харин газрын эзэн иргэн Д.Б ыг оролцуулаагүй, ямар нэг зөвшөөрөл авахгүйгээр гэрээ байгуулсан нь тус хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар Д.Б ын газар эзэмших эрхээ захиран зарцуулах эрх ашигт халдсан гэж үзэж байна. Түүнчлэн Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасан. Нэхэмжлэгч Д.Б  тухайн үеийн захирлаар ажиллаж байсан хувьцаа эзэмшигч Д.О ийн нөхөр тул “Х ” ХХК уг хуулийн заалтыг зөрчиж гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэж байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д барьцаалагч нь тухайн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардахын өмнө бусад барьцаалагчид энэ тухай бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл барьцааны хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл хийж байгаа бол үүнтэй холбоотойгоор бусад барьцаалагч нар буюу Д.Б д мэдэгдэх ёстой байсан. Энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг мөн зөрчсөн.

Нөхцөл тохирох гэрээний 4.1.1-д заасан нөхцөлийн дагуу тогтоосон хугацаанд буцаж худалдаж аваагүй бол банк үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах, бусдад худалдах эрхтэй гэсэн зохицуулалт оруулж өгсөн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Гэтэл хариуцагч уг хуулийн заалтыг зөрчиж гэрээ байгуулсан. Иймээс дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 128 дугаар зүйлийн 128.3-д зааснаар энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

  2.”Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г “А ” ХХК-тай байгуулсан. Энэ гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй компанийн өмчлөлийн хөрөнгийг 11.600.000.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар заасан. Гэтэл гэрээний 3.2-т заасан мөнгийг төлөөгүй. Худалдах худалдан авах гэрээгээр Худалдагч тал мөнгийг төлж нөгөө тал нь хөрөнгийг шилжүүлэх харилцаа үүсдэг. Хавтаст хэрэгт мөнгийг энэ гэрээний дагуу “А ” ХХК-д шилжүүлж өгсөн нэг ч баримт байхгүй, мөн шилжүүлж өгөөгүй гэдэг нь тодорхой байна. Иймээс энэ нь үл хөдлөх хөрөнгийг худалдах зорилго анхнаасаа байгаагүй, харин “нөхцөл тохирох гэрээ”-г халхавчлах зорилгоор байгуулсан гэдгийг харуулж байна. Түүнчлэн Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж заасан. Талуудын анх байгуулсан зээлийн  болон барьцааны гэрээний 5.1-д барьцааны хөрөнгийг шүүхийн журмаар хангуулна гэж тохиролцсон. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар “газар, түүний дээрх барилга байгууламж нь газрын үндсэн бүрдэл хэсэг” тул энэ гэрээнд газар эзэмшигч Д.Б ыг оролцуулаагүй нь “зохих этгээдийн зөвшөөрөлгүй” хэлцэлд хамаарна. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчиж барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдаж буй мэтээр дээрх дөрвөн гэрээг байгуулж, угтаа тухайн хөрөнгийг худалдан авч буй мэтээр дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Иймд энэ гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10-д заасан үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

3.”Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”-г Д.Б , Д.О  нар байгуулсан бөгөөд “нөхцөл тохирох гэрээ”-г халхавчилж хийсэн хэлцэл юм. Гэрээнд төлбөрийн нөхцөлийг заахдаа “үнэ төлбөргүй” гэж заасан байна. Анх барьцааны гэрээ байгуулахад газрыг 185 сая төгрөгөөр үнэлсэн хэрнээ гэрээнд “үнэ төлбөргүй” гэж зааснаас үзвэл анхнаасаа газрын эрхийг бүрмөсөн шилжүүлэх хүсэл зорилго байгаагүй нь харагдана. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.1-д газрыг шүүхээс гадуур худалдахыг хориглоно гэж заасан. Дээрх үндэслэлүүдээр “Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

4.”Эвлэрлийн гэрээ”-г “А ” ХХК, Д.Б  нар байгуулсан бөгөөд “Нөхцөл тохирох гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”-г тус тус халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ. Дээрх гурван гэрээнүүдийг байхгүй мэтээр шүүгчид итгэл үнэмшил төрүүлээд шүүгчийн захирамж гаргуулж авсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. “Эвлэрлийн гэрээ”-гээр “А ” ХХК, Д.Б  нар зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд бүрмөсөн шилжүүлэхээр тохирсон мэт харагдаж байгаа ч “Нөхцөл тохирох гэрээ”-гээр Банк зээлдэгч “А ” ХХК-д зээлээ төлөх боломжит хугацаа буюу 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлбөрөө төлж, барьцаа хөрөнгөө буцаан авах, энэхүү хугацааг хүртэл үл хөдлөх эд хөрөнгүүдийг түр хугацаанд Х ны өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байгаа нь харагдана.  

Шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр албажиж гарсан. Гэтэл Ү-2202021547 дугаарт бүртгэгдсэн хөрөнгө аль хэдийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөө “Х ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж гэрчилгээг авсан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр бүрэн эхээрээ бичгээр гараагүй байхад үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн тул шүүхийн шийдвэрийг үндэслэн шилжсэн тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Харин худалдах худалдан авах хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Хэрэв бодит байдалд үнэхээр эвлэрлийн гэрээний дагуу эвлэрсэн бол шүүгчийн захирамж гарсны дагуу хөрөнгийг шилжүүлэх байсан. “Нөхцөл тохирох гэрээ”-г үндэслэж энэ гэрээ байгуулагдсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.10-т зааснаар “эвлэрлийн гэрээ” хүчин төгөлдөр бус байна.

5.Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар их хэмжээний хэлцэл хийх шийдвэр гаргах эрх гагцхүү хувьцаа эзэмшигчдийн хуралд хадгалагддаг. Гүйцэтгэх захирал компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд боловч Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 83 дугаар зүйлийн 83.1, 83.8-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаас олгосон эрх хэмжээний дотор компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн гэрээ хэлцэлд гарын үсэг зурах эрх хэмжээ хэрэгжих боломжтой. Гэтэл тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирал Д.О д компанийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, мөн их хэмжээний хэлцэлд компанийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг хувьцаа эзэмшигчдээс олгосон шийдвэр гаргаагүй болно.

Нөгөө талаас “Х ” ХХК-ийг төлөөлж байгууллагын газрын захирал Б.Еркин гэрээнүүдийг байгуулсан. Хавтаст хэрэгт авагдсан хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд банкийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд  М.Болдоо бөгөөд түүнээс эрх олгосон гэх 2016 оны тушаалд хэнд ямар эрх олгосон нь тодорхой бус, нэр бичилгүй тушаал гаргасан байна. Энэ итгэмжлэлээс өөр Б.Еркин гэдэг хүнд гэрээ байгуулах, хөрөнгө худалдан авах эрх олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй. Үүнээс харахад итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхээ шууд бусдад хугацаа тогтоохгүй, ямар нэг этгээдийг заахгүй, ямар нэг үнэ тогтоохгүйгээр хэт тодорхой бус итгэмжлэлээр эрхээ шилжүүлж өгөөд гэрээ байгуулсан явдал Компанийн тухай хуулийн дээрх зохицуулалт болон Иргэний хуульд хэр нийцэж байгаа эсэх асуудал яригдана. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байна гэж заасан. Гэтэл уг тушаалд нягтлан бодогч болон Б.Еркин гэх хүний нэр, гарын үсэг, хугацаа байхгүй байгаагаас үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл байна.

6.2017 оны  3 дугаар сарын 29-ний өдрийн “Нөхцөл тохирох гэрээ” “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”-үүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын нэг гол үндэслэл нь маргаан бүхий барилгыг газрын хамт зах зээлийн ханшаас хэт багаар үнэлэн, хууран мэхлэх замаар хариуцагч өөртөө өмчлөлийг шилжүүлэн авсан явдал юм.

Хавтаст хэрэгт хөрөнгийг 5 янзаар үнэлсэн үнэлгээний баримт авагдсан. “Х ” ХХК барилгыг анх 2014 онд 11,8 тэрбум төгрөгөөр үнэлж барьцааны гэрээ байгуулахад барилга 60 хувийн гүйцэтгэлтэй дутуу байсан. Дараа нь барилга баригдсаны дараа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж, үнийг 14,6 тэрбум төгрөгөөр тооцсон хэрнээ “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нд бүр багасгаж 11,6 тэрбум төгрөгөөр заасан. “Мөнх-Оргил трейд” ХХК-иас уг барилгыг 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 42,7 тэрбум төгрөгөөр үнэлсэн баримтыг хэрэгт өгсөн. Мөн “Х ” ХХК-иас авсан энэ зээлийг “Төрийн банк” ХХК-д шилжүүлэхээр хөөцөлдөх үед “Төрийн банк” ХХК-иас 35,4 тэрбум төгрөгөөр үнэлсэн, 2016 оны 5 дугаар сард “Далай ван аудит” ХХК-иас барилгыг 31,4 тэрбум төгрөгөөр тус тус үнэлж байсан болно. Газрыг анх 185 сая төгрөгөөр үнэлж барьцааны гэрээ байгуулсан хэрнээ “эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”-нд үнэ төлбөргүй гэж тусган шилжүүлж авсан. “Х ” ХХК-аас дээрх гэрээнүүдэд тусгагдсан үнийг тодруулахаар үнэлгээтэй холбоотой баримтыг гаргуулахад Д.Шагж гэх хүний үнэлгээг үндэслэсэн тухай тус банкны зээлийн хорооны шийдвэрт дурдсан байсан. Д.Шагж үнэлгээ гаргахдаа маш олон хууль тогтоомжийг зөрчиж, ямар ч үндэслэлгүй үнэлгээний хуудас гаргасан болох нь харагдаж байна. Тухайлбал: Барилгыг очиж үзэхгүйгээр үнэлж болохгүй байтал очиж үзээгүй гэдгээ дурдсан байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.3-т нийцэхгүй. Мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоолгох үүрэгтэй гэж заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ гэж заасан. Гэтэл уг үнэлгээ нь бодит үнэлгээ биш болох нь харагдаж байна.

Иймд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Нөхцөл тохирох гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”, “Эвлэрлийн гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг “А ” ХХК-ийн өмчлөлд, нэгж талбарын 154/0104 дугаар бүхий 1230 мкв эзэмшлийн газрыг Д.Б , Д.О  нарын эзэмшилд тус тус буцаан шилжүүлэхийг “Х ” ХХК-д даалгаж өгнө үү. Түүнчлэн “Х ” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дээрх газар, барилгыг 11,6 тэрбум төгрөгөөр үнэлсэн үнэлгээчин Д.Шагжийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг “Х ” ХХК-д даалгаж өгнө үү. Учир нь талуудын хоорондох хэлцлүүдийг шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцсон ч барьцааны гэрээний дагуу барьцаа хүчинтэй тул дахин үнэлгээ хийлгэснээр энэ маргаан шийдэгдэнэ. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч “Х ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О  “А ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, уг компанийн гүйцэтгэх захирал байсан. Талуудын хооронд анх зээлийн харилцаа үүссэн мөн барьцаа хөрөнгө байсан үйл баримтад маргахгүй. Зээлийн гэрээний дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу эвлэрлийн гэрээ байгуулсан. Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч нар 11.600.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу 35 тоот хаягт байрлах 8.140 мкв талбай бүхий үйлчилгээний барилгын өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дотор банкинд шилжүүлэх, үлдэх 2.340.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, улмаар банк бусад барьцааны зүйлийг чөлөөлөх үүрэг хүлээсэн. Дээрх шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч сайн дураар биелүүлж, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” болон “Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”-г тус банктай байгуулан нотариатаар гэрчлүүлж холбогдох байгууллагад хүргүүлэн дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрх тус банкинд шилжсэн. Талууд харилцан тохиролцсоны дагуу барьцааны зүйл болох хоёр хөрөнгийг 11,6 тэрбум төгрөгийн зээл төлөх үүрэгтээ тооцуулж өгсөн болно. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар нэхэмжлэгч нарын 11,6 тэрбум төгрөгийн зээл төлөх үүргээ, худалдах худалдан авах гэрээний дагуу үнэ төлөх үүргээр тус тус солилцох замаар үүрэг дуусгавар болсон. Ингэхдээ хэн алин нь хүсэл зоригоо илэрхийлж энэ гэрээнүүдийг байгуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч байгаа эвлэрлийн гэрээг шүүх хянаж үзээд хуульд нийцсэн байвал баталдаг. Хуульд нийцээгүй буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл эсвэл хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл байвал, эсхүл эвлэрлийн гэрээ гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхөөр байвал шүүх баталдаггүй. Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ дээрх үндэслэлд хамаарахгүй тул шүүх баталсан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгө эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид дурдагдсан байгаа тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх хэнээс хэнд ямар үндэслэлээр шилжүүлэхийг нэгэнт шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болно гэж дурдаж өгсөн. Гэхдээ нэхэмжлэгч нар энэ шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “А ” ХХК болон иргэн Д.Б  нараас төлбөр гаргуулах ажиллагаа хийгдэж байгаа.

 Анхнаасаа “Х ” ХХК нэг удаа боломж олгоорой, мөнгөө шилжүүлээд үл хөдлөх эд хөрөнгөө өөрөө буцаан авна гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Энэ нөхцөлийг манай зүгээс хориглоогүй тул “Нөхцөл тохирох гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг манайд тогтоож өгсөн үнээр буцаагаад худалдаж аваарай, энэ хугацаанд бид бусдад худалдан борлуулахгүй гэдгээ илэрхийлж буцаан худалдан авах болзолтой энэ гэрээг хийсэн. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох хүрээнд хийгдсэн. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл банкны зүгээс гэрээний үүргийг зөрчсөн гэх үйл баримт хавтаст хэрэгт байхгүй. Бид үл хөдлөх эд хөрөнгөө буцааж аваарай гэж хэлсэн, түүнээс биш өөр гэрээг халхавчилж хийсэн зүйл байхгүй. Энэ хүртэл нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаад явж байсан. Иймд дээрх үйл баримт Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл бодитойгоор хийгдэх боломжтой гэрээ юм.

Нэхэмжлэгч нар хэлцлүүд хүчин төгөлдөр бус гэж маргаж бол дахиж үнэлгээ хийлгэж яах гэж байгаа юм. Гэрээнүүдийг дүр үзүүлж байгуулсан, халхавчилсан гэж үзэж байгаа бол дахиж үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Мөн нэхэмжлэгч нар энэ үндэслэлүүдээр 2017 оны 183/ШШ2017/00724 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй байдаг. Энэ тухай баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн болно. Дээрх үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.О , Д.Б  нараас “Х ” ХХК-д холбогдуулан “Нөхцөл тохирох гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, нэхэмжлэгч “А ” ХХК-иас “Нөхцөл тохирох гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”,  “Эвлэрлийн гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг “А ” ХХК-ийн өмчлөлд, нэгж талбарын 154/0104 дугаар бүхий 1230 мкв эзэмшлийн газрыг Д.Б , Д.О  нарын эзэмшилд тус тус буцаан шилжүүлэхийг “Х ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.  Түүнчлэн “А ” ХХК, Д.Б  нараас “Х ” ХХК-д холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үнэлгээчин Д.Шагжийн хийсэн үнэлгээний хуудсыг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна. 

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

            1.2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэг талаас “Х ” ХХК, нөгөө талаас “А ” ХХК нар “Нөхцөл тохирох гэрээ”-г байгуулжээ. Энэ гэрээгээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 35 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 8,140 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 154/0104 дугаар бүхий 1230 мкв эзэмшлийн газрыг “Х ” ХХК-тай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнүүдээр хүлээсэн 13.940.000.000 төгрөгийн үлдэгдэл бүхий зээлийн төлбөрийг талуудын хоорондох Худалдах худалдан авах гэрээний үнийн дүнгээр буюу 11.600.000.000 төгрөгөөр тооцож төлөх, банк 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдахгүй байх, энэ хугацаа өнгөрснөөс хойш буцаан худалдах авах авах хүсэл зоригоос татгалзсанд тооцож банк хөрөнгийг захиран зарцуулах, энэ хугацаа хүртэл хөрөнгийн эзэмшил, ашиглалт нэхэмжлэгч нарт хадгалагдаж холбогдох зардлыг төлөхөөр тус тус тохиролцжээ.  /1хх 11-13/

            2.2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэг талаас “Х ” ХХК, нөгөө талаас “А ” ХХК нар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулжээ. Энэ гэрээгээр компанийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 35 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 8,140 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэх, Банк хөрөнгийн үнэ 11.600.000.000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцжээ. /1хх 14-15/

Маргааны зүйл болсон энэ хөрөнгийг талуудын хоорондох “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн өмчлөгчөөр “Х ” ХХК-г шилжүүлэн бүртгэж, улмаар 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000528137 тоот гэрчилгээг олгосон болох нь хэрэгт авагдсан өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, “худалдах худалдан авах гэрээг үндэслэж өмчлөлийг шилжүүлсэн тухай” Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 605 тоот, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11-1677943 тоот тодорхойлолтууд, бүртгэх байгууллагад банкны зүгээс гаргасан мэдүүлгийн хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна. /1хх 31,136, 2хх-163, 4хх- 19, 105, 106 /

3.2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэг талаас “Х ” ХХК, нөгөө талаас Д.О , Д.Б  нар “Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”-г байгуулжээ. Энэ гэрээгээр Д.О , Д.Б  нарын эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах нэгж талбарын 154/0104 дугаар бүхий 1230 мкв талбайтай, үйлчилгээний зориулалтай газрын эзэмших эрхийг Банкинд үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцжээ. /1хх 30/

Улмаар энэ гэрээг үндэслэн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/464 дүгээр захирамжаар дээрх газрын эзэмших эрхийг “Х ” ХХК-д шилжүүлж, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 000321904 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон болох нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн шилжүүлсэн” тухай 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 03-06/4547 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.  /1хх 32, 3хх 15/

            4.2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэг талаас “Х ” ХХК, нөгөө талаас “А ” ХХК, Д.Б  нар “Эвлэрлийн гэрээ”-г байгуулжээ. Энэ гэрээгээр банк зээлийн гэрээний үүрэгт 14.459.148.992 төгрөг гаргуулахаар шаардсанаас 519.148.922 төгрөгөөр бууруулж, хариуцагч үлдэх 13.940.000.000 төгрөг төлөхөөс 11.600.000.000 төгрөгийг барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу 35 тоот хаягт байрлах 8.140 мкв талбай бүхий үйлчилгээний барилгын өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дотор банкинд шилжүүлэх байдлаар төлөх, үлдэх 2.340.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, мөн банк бусад барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөхөөр тус тус тохиролцжээ. /1хх 100/

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр шүүгчийн захирамжаар “Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “А ” ХХК, Д.Б  нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14.459.148.992 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай хэрэгт дээрх гэрээг баталгаажуулан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хх 26, 27, 137-138/

            Улмаар мөн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 183/ШЗ2018/00260 дугаар шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэрийг биелүүлэхээр ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, албан тоот зэргээр тус тус тогтоогдож байна. /1хх 28,29, 117-120, 2хх 170-173/

            5.Үүнээс гадна хэрэгт авагдсан “Х ” ХХК, “А ” ХХК нарын хоорондох 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн БИ1470003318-01 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-гээр маргааны зүйл болсон эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн үнэлгээг 11.668.000.000 төгрөгөөр, уг гэрээнд оруулсан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр хөрөнгийн үнийг “14.682.000.000” төгрөг болгож барьцаа хөрөнгийн үнэд өөрчлөлт оруулсан, түүнчлэн уг гэрээний 5.2-т үүргийн гүйцэтгэлийг шүүхээс гадуур дуудлага худалдааны аргаар худалдан борлуулахаар, ийнхүү худалдан борлуулахад эхлээд барьцаалуулагч талд энэ тухай мэдэгдэх, мэргэшсэн хөндлөнгийн этгээдээр худалдах ажиллагааг гүйцэтгүүлэх зэргээр шүүхийн бус аргаар барьцааны зүйлээс шаардлагыг хангуулахад баримтлах дэс дараалал, хэрхэн, хэдий хугацаанд гүйцэтгэх талаар тухайлан заажээ. /4хх 48-53, 5хх 73-78/  Мөн “Х ” ХХК, “А ” ХХК, Д.Б  нарын хоорондох 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн БГ1470003318 тоот “Барьцааны гэрээ”-гээр маргааны зүйл болсон Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороонд байрших 1230 мкв талбай бүхий газрын үнэлгээг 180.000.000 төгрөг байхаар, гэрээний 5.1-д үүргийн гүйцэтгэлийг шүүхийн журмаар худалдан борлуулж хангуулахаар тус тус заажээ. /5хх 67-72/

            Зохигчид дээр дурдсан үйл баримтуудад маргаагүй болно.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр дөрвөн гэрээг байгуулсан, “нөхцөл тохирох гэрээ”-ний хувьд буцаан худалдан авах болзол тавьсан гэрээ, түүнчлэн зээл төлөх үүргийг худалдах худалдан авах гэрээний үнэ төлөх үүргээр сольсон, шүүхийн шийдвэрийг биелүүлж хөрөнгийн өмчлөлийг шилжүүлж авсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

            1.Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж, мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн зүйлийн 174.4-т “ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмыг хуулиар тогтооно” гэж заажээ. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Барьцааны зүйлийг талууд шүүхээс гадуур, эсхүл шүүхийн журмаар худалдаж болно” гэж, мөн хуулийн 44 дүгээр зүйлд барьцааны зүйлийг шүүхээс гадуур хэрхэн худалдах арга замыг тодорхойлохдоо хууль болон гэрээгээр зохицуулах замаар “шууд” эсхүл дуудлага худалдааны аргын аль нэгийг хэрэглэхээр, түүнчлэн газрын хувьд шүүхээс гадуур худалдахыг хориглохоор мөн зүйлийн 44.4, 44.4.1-д тус тус заажээ.

 Талуудын хооронд байгуулсан “Барьцааны гэрээ”-гээр газрын хувьд үүргийн гүйцэтгэлийг шүүхийн журмаар хангуулахаар тохиролцсоноос гадна нэгэнт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.1-д газраас үүргийн гүйцэтгэлийг шүүхийн бус аргаар хангуулахыг хуулиар хориглосон тул талуудын хоорондох “Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ” өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзнэ.

“Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг гэрээнээс улбаатай “Эвлэрлийн гэрээ”, “Нөхцөл тохирох гэрээ”-ний газартай холбоотой хэсэг мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл”-д хамаарна.

2.”Нөхцөл тохирох гэрээ”-гээр маргааны зүйл болсон хоёр хөрөнгийг Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д зааснаар буцаан худалдан авах болзол тавьсан худалдах худалдан авах гэрээ гэж тайлбарлав. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д Худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ гэж заажээ. Гэтэл талуудын хоорондох энэ гэрээгээр нэхэмжлэгч нарын зээл төлөх үүргийг талуудын хоорондох худалдах худалдан авах гэрээний дагуу төлөхөөр, харин хөрөнгийн өмчлөлийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд бусдад шилжүүлэхгүй байхаар, энэ хугацаанд хөрөнгийн эзэмшил ашиглалт болон түүнээс гарах зардлыг нэхэмжлэгч нар хүлээхээр тус тус тохиролцсоноос үзвэл зохигч хэн алин нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, улмаар энэ гэрээ Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д зааснаар болзол тавьж хийсэн худалдах худалдан авах гэрээ гэж үзэх боломжгүй. Нөгөөтэйгүүр энэ гэрээнд хоёр хөрөнгийг тусгасан боловч газрын хамтран өмчлөгч болох Д.Б ыг оролцуулаагүй болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ.

3.Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн хувьд талууд барьцааны гэрээгээр шүүхийн бус замаар худалдан борлуулахдаа “дуудлага худалдааны” аргыг хэрэглэхээр тохиролцсон атлаа энэ аргыг хэрэгжүүлээгүй харин “шууд” худалдах аргыг хэрэглэжээ. Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “шууд” худалдах аргыг хэрэглэхэд барьцаалагч барьцаалуулагч нарын сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсоноор худалдах худалдан авах гэрээ байгуулсан байхыг шаардсан. Хариуцагч энэ гэрээг харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлснээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан, буцаан худалдах худалдан авах болзол тавьсан хэмээн тайлбарласан. Түүнчлэн “худалдах худалдан авах гэрээ”-ний үнэ төлөх үүргийг, зээлийн гэрээний дагуу зээл төлөх үүргээр харилцан тохиролцож Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар тус тус үүрэг солилцсоноор дуусгавар болсон хэмээн тайлбарлаж байна. Нэхэмжлэгч худалдах хүсэл зориг анхнаасаа байгаагүй, үнэ хэт бага хэмээн маргасан.

“Худалдах худалдан авах гэрээ”-ний гол нөхцөл болох гэрээний зүйлийн үнийн хувьд талууд сайн дураар харилцан тохиролцсон гэх байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Хэдийгээр энэ гэрээнд хөрөнгийн үнийг 11.600.000.000 төгрөг хэмээн тусгасан байх боловч хэрэгт авагдсан “Далайван аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 31.493.400.000 төгрөг гэж үнэлэгдэж байсан, талуудын хоорондох барьцааны гэрээнд оруулсан 2015 оны нэмэлт өөрчлөлтөөр үнийг “14.682.000.000 төгрөг” гэж тогтоосон, “Төрийн банк” ХХК-иас хөрөнгийг 35.457.340.800 төгрөгөөр тооцон зээл олгох боломжтой тухай 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч нарт үнийн санал хүргүүлж байсан, түүнчлэн “Мөнх-Оргил трейд” ХХК-иас 2021 оны 8 дугаар сарын байдлаар хөрөнгийг 42.733.700.000 төгрөг гэж үнэлсэн зэргээс үзвэл гол нөхцлийг тохиролцсон, улмаар талууд хэн алин нь хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зоригоо чөлөөтэйгээр илэрхийлж хэлцлийг хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай гэж дүгнэлээ. /1хх 97, 98, 101-115, 4хх-52, 231-250, 5хх 1-40/  Хэрэгт авагдсан дээрх хөрөнгийн үнэлгээнүүдийг хариуцагч баримтаар няцаагаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно. 

Нөгөөтэйгүүр нэг цаг хугацаанд “нөхцөл тохирох гэрээ”-г байгуулснаас үзвэл анхнаасаа хөрөнгийг банкны өмчлөлд бүрмөсөн шилжүүлэх хүсэл зориг байгаагүй болох нь тогтоогдож байх тул болзол тавьсан, үүрэг сольсон, сайн дурын үндсэн дээр хэлцлийг хийсэн тухай хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй гэж үзэв.

Маргааны зүйл болсон хоёр хөрөнгийг шүүхийн журмаар шийдвэрийг биелүүлж өмчлөлдөө шилжүүлсэн хэмээн хариуцагч тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтуудаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан арга замаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шүүхийн шийдвэргүй, түүнчлэн  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарах цаг хугацаанд хөрөнгийн өмчлөл шилжсэн байсан болох нь баримтаар тогтоогдсоноос гадна энэ шийдвэрт зөвхөн зохигчдын эвлэрлийг баталгаажуулсан. Иймд шүүхийн бус аргаар барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлж авсан байх тул Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, талуудын хоорондох гэрээний дээр дурдсан заалтуудыг хэрэгжүүлсний үндсэн дээр хөрөнгийн өмчлөлийг барьцаалагч өөртөө шилжүүлж авах үүрэгтэй.  

Дээрх үндэслэлээр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэв.

3.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн, тогтоогдсон үйл баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэстэй хэмээн хариуцагч мөн тайлбарлав.

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр шүүгчийн захирамжаар зохигчдын хоорондох зөвхөн нэг гэрээ буюу “Х ” ХХК, “А ” ХХК, Д.Б  нарын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Ийнхүү эвлэрлийг батлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д “Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно” гэж зааснаар зөвхөн хэлбэрийн хувьд шаардлага хангасан эсэхийг хянаж баталгаажуулснаас агуулгын хувьд гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөөгүй байна. Түүнчлэн уг захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нарын хүсэлтийг тус шүүхийн 2019 оны 183/ШЗ2019/00811, 183/ШЗ2019/03258 дугаар шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2019 оны 183/ШТ2019/00070, 183/ШТ2019/000172 дугаар шүүхийн тогтоолуудаар тус тус шийдвэрлэхдээ мөн л агуулгын хувьд дүгнээгүй, зөвхөн хэлбэрийн шаардлага хангасан эсэх, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн эсэх асуудлаар дүгнэсэн байна. Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, тогтоогдсон үйл баримт тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. /1хх 236-244/

Харин хэрэгт авагдсан “А ” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар дээрх дөрвөн гэрээг байгуулах үед тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Д.О  байсан болох нь тогтоогдсон, компанийг төлөөлж дээрх гэрээнүүдэд Д.О  оролцсон байх тул хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүй тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. /1хх 95, 96/  Мөн “Х ” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Болдоогоос 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А-1328 тоот тушаалаар Банкны өмчлөлд хөрөнгө худалдан авах, шилжүүлэн авах, зээлийн төлбөр барагдуулах зорилгоор эд хөрөнгө шилжүүлэн авах зэргээр Банкийг төлөөлөн гэрээ байгуулах эрхийг Байгууллагын банкны газрын захиралд хугацаа заалгүй олгожээ. / 2хх 195, 4хх 173 / Улмаар “Нөхцөл тохирох гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, “Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”-г тус тус банкийг төлөөлж Байгууллагын газрын захирлын хувиар Б.Еркин байгуулсан байх тул итгэмжлэл тодорхой бус, хуульд нийцээгүй, улмаар “зохих этгээдийн зөвшөөрөлгүй” хэлцэл гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө тул хамтран өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй тухай тайлбар мөн үндэслэлгүй. Хөрөнгийг төлбөртөө тооцон шилжүүлэх хүсэл зориг байсан болох нь “А ” ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн албан бичгээр тогтоогдоно хэмээн хариуцагч тайлбарлах боловч шүүх дээр дурдсан үндэслэлээр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, “Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”, “Нөхцөл тохирох гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул энэ тухай тайлбар үндэслэлгүй.

Дээрхийг нэгтгээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”-г, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г, мөн зүйлийн 56.1.8, 56.1.10-д зааснаар “Нөхцөл тохирох гэрээ”-г, улмаар дээр дурдсан гэрээнүүдийг үндэслэж хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар “Эвлэрлийн гэрээ”-ний маргааны зүйл болсон хоёр хөрөнгөтэй холбоотой хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар “хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ талууд харилцан буцааж өгөх үүрэгтэй” тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг “А ” ХХК-ийн өмчлөлд, нэгж талбарын 154/0104 дугаар бүхий 1230 мкв эзэмшлийн газрыг Д.Б , Д.О  нарын эзэмшилд тус тус буцаан шилжүүлэхийг “Х ” ХХК-д даалгав.

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үнэлгээчин Д.Шагжийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах тухай шаардлагын тухайд: Хэрэгт баримтаар “Х ” ХХК-ийн ажилтан Д.Шагжийн хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар маргааны зүйл болсон газрыг 175.000.000 төгрөг, 8140 мкв хөрөнгийг 11.425.000.000 төгрөг, нийт 11.600.000.000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудас авагджээ. /4хх 69/

Дээрх Д.Шагжийн үнэлгээ хийсэн хуудас гадагш чиглээгүй хариуцагч байгууллагын дотоод үйл ажиллагаанд зориулж тухайн байгууллагын ажилтны хувьд хийсэн баримт байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчсөн, үнэлгээ бодит бус талаарх нэхэмжлэгч нарын шаардлагаар энэ үнэлгээний хуудсыг хүчингүй болгох, дахин үнэлгээ хийхийг даалгах шаардлагагүй гэж үзэв. Учир нь шүүх дээр дурдсанаар хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн тул уг үнэлгээнээс хамаарч нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхол хөндөгдөх улмаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан аргаар шаардлага гаргах нөхцөл бүрдэхгүй. Хэрэв нэхэмжлэгч нар барьцаа хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй тохиолдолд хэлцэлд оролцогч тал болох банктай харилцан тохиролцох замаар хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэж шүүхээс гадуур шийдвэрлэх боломжтой. Иймд энэ шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2018/13847, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШЗ2019/010128, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2021/09129 дүгээр шүүгчийн захирамжаар тус тус нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжид нийт 116.368.550 төгрөг  /116.157.950 (нэхэмжлэлийн үнэ 11.600.000.000+11.600.000.000) төгрөг + 70.200 + 70.200 + 70.200/ төлөхөөс 3.210.600 төгрөгийг төлсөн тул үлдэх 113.157.950 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэх нь зүйтэй. /1хх 121, 2хх 178-180, 5хх 43-44/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Х ” ХХК, Д.О , Д.Б  нарын хоорондох “Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ”-г, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар мөн өдрийн “Х ” ХХК, “А ” ХХК нарын хоорондох “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-д зааснаар мөн өдрийн “Х ” ХХК, “А ” ХХК нарын хоорондох “Нөхцөл тохирох гэрээ”-г, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар мөн өдрийн “Х ” ХХК, “А ” ХХК, Д.Б  нарын хоорондох “Эвлэрлийн гэрээ”-ний зарим хэсэг буюу маргааны зүйл болсон хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141, Их тойруу гудамж 35 тоот хаягт байрлах 8140 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг “А ” ХХК-ийн өмчлөлд, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах нэгж талбарын 154/0104, 18642311118599 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 1230 мкв газрыг Д.Б , Д.О  нарын эзэмшилд тус тус буцаан шилжүүлэхийг “Х ” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үнэлгээний хуудсыг хүчингүй болгох, дахин үнэлгээ хийхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 113.157.950 /нэг зуун арван гурван сая нэг зуун тавин долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас 116.298.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2019/00039 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ