Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01668

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01668

 

 

А.ХХК, Д.О, Д.Б

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 10ы өдрийн 181/ШШ2021/01693 дугаар шийдвэртэй, А.ХХК, Д.О, Д.Б нарын нэхэмжлэлтэй хариуцагч Х.Б ХХК-д холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг даалгах, үнэлгээний хуудсыг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141, Их тойруу гудамж, 35 тоот хаягт Азмолл худалдааны төвийн 7 давхар барилга барьсан. Ингэхдээ санхүүжилт дутсаны улмаас Худалдаа хөгжлийн банк ХХК-аас зээл авсан байсан. Гэтэл Х.Б ХХК Европын сэргээн босголт, хөгжлийн банк манай банктай хамтарч ажилладаг, танай барилгад бага хүүтэй, таатай нөхцлөөр зээл авч өгөх боломжтой гээд хамтарч ажиллах санал тавьсан. Х.Б ХХК-ийн бидэнд өгч байгаа зээлийн хүү 20,8 хувь байсан. Энэ талаар банкны захиралтай ярилцахад санаа зоволтгүй, тус хүүг 3 орчим сар төлөөд Европын сэргээн босголт, хөгжлийн банк танайд таатай бага хүүтэй нөхцлөөр зээл олгоно гэсэн. Ингээд Х.Б ХХК, А.ХХК нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн барьцаанд компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141, Их тойруу гудамж, 35 тоот хаягт байрлах 8,140 м.кв талбайтай хөрөнгө болон мөн хаягт байрлах 1,230 м.кв талбайтай, нэгж талбарын 154/0104 дугаартай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан. Уг зээлийн харилцаанд Д.О А.ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар, түүнчлэн Д.О, Д.Б нарын хувьд газар эзэмшигчийн хувиар зөвшөөрөл олгож оролцсон. Бид 2 жил гаруй хугацаанд Х.Б ХХК-д итгэж 3,5 тэрбум төгрөгийн хүү төлсөн. Ингэж явсаар санхүүгийн хүндрэлд орж зээлийн эргэн төлөлтөд доголдол гарсан. Улмаар банкны зүгээс зээл төлөхийг шаардаж 2017 оны 1 дүгээр сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Үүний дараа 2017 оны 3 дугаар сарын 29-ний орой Х.Б ХХК-ийн хуулийн зөвлөх бидэнтэй уулзаж Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зээл авах ажлыг би чиглүүлээд явъя, хамтын ажил эхлэхээр ямар ч тохиолдолд А.ХХК, Х.Б ХХК нарыг хохироохгүй, иймээс манай банктай 4 гэрээ байгуулчих гэж хэлсэн. Олон Улсын банкнаас Монгол Улсын банкнуудад шалгалт хийж байгаа. Хэрэв банкны чанар муутай зээлийн хэмжээ их байх юм бол эрсдэлтэй байдал үүснэ. Иймээс гэрээ хийж цэгцэлье гээд 4 гэрээ авчирсан. Үүнд Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эвлэрлийн гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ гэсэн гэрээнүүд байсан. Хэрэв тухайн үед Х.Б ХХК ганцхан эвлэрлийн гэрээг, эсхүл худалдах худалдан авах гэрээ, газар шилжүүлэх гэрээг тус тус дангаар авчирсан бол бид гэрээнд гарын үсэг зурахгүй байсан. Төөрөгдүүлсэн олон гэрээг зэрэг хийж, олон зүйл амласан учраас түүнд нь итгэж 4 гэрээнд гарын үсэг зурсан юм.

Нөхцөл тохирох гэрээг халхавчлах зорилгоор бусад гурван гэрээг байгуулсан. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дангаар бүртгэх байгууллагад аваачиж өгснөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр банкны өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн. Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээг дангаар газрын албанд аваачиж өгснөөр газар мөн банкны эзэмшилд шилжсэн. Эвлэрлийн гэрээг шүүхэд дангаар аваачиж өгснөөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 724 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд дараах үндэслэлээр дээрх 4 гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардаж байна.

1. Нөхцөл тохирох гэрээ Х.Б ХХК, А.ХХК нарын хооронд байгуулагдсан. Энэ гэрээгээр 2 хөрөнгийн асуудлыг шийдсэн. Газрыг нэхэмжлэгч Д.Б, Д.О нар эзэмшдэг, газрын дээрх барилга А.ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй. Гэтэл А.ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оийг гэрээнд оролцуулаад харин газрын эзэн иргэн Д.Быг оролцуулаагүй, ямар нэг зөвшөөрөл авахгүйгээр гэрээ байгуулсан нь Д.Бын газар эзэмших эрхээ захиран зарцуулах эрх ашигт халдсан. Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэснийг зөрчсөн. Д.Б тухайн үеийн захирлаар ажиллаж байсан хувьцаа эзэмшигч Д.Оийн нөхөр тул Х.Б ХХК уг хуулийн заалтыг зөрчиж гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д барьцаалагч нь тухайн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардахын өмнө бусад барьцаалагчид энэ тухай бичгээр мэдэгдэх үүрэгтэй, Д.Бд мэдэгдэх ёстой байсан. Энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг мөн зөрчсөн.

Нөхцөл тохирох гэрээний 4.1.1-д заасан нөхцлийн дагуу тогтоосон хугацаанд буцаж худалдаж аваагүй бол банк үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах, бусдад худалдах эрхтэй гэсэн зохицуулалт оруулж өгсөн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус. Гэтэл хариуцагч уг хуулийн заалтыг зөрчиж гэрээ байгуулсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 128 дугаар зүйлийн 128.3-д зааснаар энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

2. Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг А.ХХК-тай байгуулсан. Энэ гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй компанийн өмчлөлийн хөрөнгийг 11 600.000.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар заасан. Гэтэл гэрээний 3.2-т заасан мөнгийг төлөөгүй. Хэрэгт мөнгийг А.ХХК-д шилжүүлж өгсөн нэг ч баримт байхгүй. Үл хөдлөх хөрөнгийг худалдах зорилго анхнаасаа байгаагүй, харин нөхцөл тохирох гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж заасан. Талуудын анх байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний 5.1-д барьцааны хөрөнгийг шүүхийн журмаар хангуулна гэж тохиролцсон. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар газар, түүний дээрх барилга байгууламж нь газрын үндсэн бүрдэл хэсэг тул гэрээнд газар эзэмшигч Д.Быг оролцуулаагүй нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэлд хамаарна. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчиж барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдаж буй мэтээр дээрх дөрвөн гэрээг байгуулж, угтаа тухайн хөрөнгийг худалдан авч буй мэтээр дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Иймд гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10-д заасан үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

3. Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээг Д.Б, Д.О нар байгуулсан бөгөөд нөхцөл тохирох гэрээг халхавчилж хийсэн хэлцэл. Гэрээнд төлбөрийн нөхцлийг үнэ төлбөргүй гэж заасан. Анх барьцааны гэрээ байгуулахад газрыг 185 сая төгрөгөөр үнэлсэн хэрнээ гэрээнд үнэ төлбөргүй гэж зааснаас үзвэл анхнаасаа газрын эрхийг бүрмөсөн шилжүүлэх хүсэл зорилго байгаагүй нь харагдана. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.1-д газрыг шүүхээс гадуур худалдахыг хориглоно гэж заасан. Дээрх үндэслэлүүдээр эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл.

4. Эвлэрлийн гэрээг А.ХХК, Д.Б нар байгуулсан бөгөөд Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээг тус тус халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ. Дээрх гурван гэрээнүүдийг байхгүй мэтээр шүүгчид итгэл үнэмшил төрүүлээд шүүгчийн захирамж гаргуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Эвлэрлийн гэрээгээр А.ХХК, Д.Б нар зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд бүрмөсөн шилжүүлэхээр тохирсон мэт харагдаж байгаа ч нөхцөл тохирох гэрээгээр банк зээлдэгч А.ХХК-д зээлээ төлөх боломжит хугацаа буюу 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлбөрөө төлж, барьцаа хөрөнгөө буцаан авах, энэхүү хугацааг хүртэл үл хөдлөх эд хөрөнгүүдийг түр хугацаанд Х.Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байгаа нь харагдана. Шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн эвлэрлийн гэрээг баталсан захирамж 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр албажиж гарсан. Гэтэл Ү-2202021547 дугаарт бүртгэгдсэн хөрөнгө аль хэдийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөө Х.Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлж гэрчилгээг авсан. Шүүхийн шийдвэр бүрэн эхээрээ бичгээр гараагүй байхад үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн тул шүүхийн шийдвэрийг үндэслэн шилжсэн тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Харин худалдах худалдан авах хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Хэрэв бодит байдалд үнэхээр эвлэрлийн гэрээний дагуу эвлэрсэн бол шүүгчийн захирамж гарсны дагуу хөрөнгийг шилжүүлэх байсан. Нөхцөл тохирох гэрээг үндэслэж энэ гэрээ байгуулагдсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.10-т зааснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр бус байна.

5. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар их хэмжээний хэлцэл хийх шийдвэр гаргах эрх гагцхүү хувьцаа эзэмшигчдийн хуралд хадгалагддаг. Гүйцэтгэх захирал компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд боловч Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 83 дугаар зүйлийн 83.1, 83.8-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаас олгосон эрх хэмжээний дотор компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн гэрээ хэлцэлд гарын үсэг зурах эрх хэмжээ хэрэгжих боломжтой. Гэтэл тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирал Д.Од компанийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, мөн их хэмжээний хэлцэлд компанийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг хувьцаа эзэмшигчдээс олгосон шийдвэр гаргаагүй болно.

 

Нөгөө талаас Х.Б ХХК-ийг төлөөлж байгууллагын газрын захирал Б.Еркин гэрээнүүдийг байгуулсан. Хавтаст хэрэгт авагдсан хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд банкийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.Болдоо бөгөөд түүнээс эрх олгосон гэх 2016 оны тушаалд хэнд ямар эрх олгосон нь тодорхой бус, нэр бичилгүй тушаал гаргасан. Энэ итгэмжлэлээс өөр Б.Еркин гэдэг хүнд гэрээ байгуулах, хөрөнгө худалдан авах эрх олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй. Үүнээс харахад итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхээ шууд бусдад хугацаа тогтоохгүй, ямар нэг этгээдийг заахгүй, ямар нэг үнэ тогтоохгүйгээр хэт тодорхой бус итгэмжлэлээр эрхээ шилжүүлж өгөөд гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурдаг. Гэтэл уг тушаалд нягтлан бодогч болон Б.Еркин гэх хүний нэр, гарын үсэг, хугацаа байхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл.

6. Мөн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын нэг гол үндэслэл нь маргаан бүхий барилгыг газрын хамт зах зээлийн ханшаас хэт багаар үнэлэн, хууран мэхлэх замаар хариуцагч өөртөө өмчлөлийг шилжүүлэн авсан явдал юм.

Хэрэгт хөрөнгийг 5 янзаар үнэлсэн үнэлгээний баримт авагдсан. Х.Б ХХК барилгыг анх 2014 онд 11,8 тэрбум төгрөгөөр үнэлж барьцааны гэрээ байгуулахад барилга 60 хувийн гүйцэтгэлтэй дутуу байсан. Дараа нь барилга баригдсаны дараа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж, үнийг 14,6 тэрбум төгрөгөөр тооцсон хэрнээ Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд бүр багасгаж 11,6 тэрбум төгрөгөөр заасан. Мөнх оргил трейд ХХК-аас уг барилгыг 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 42,7 тэрбум төгрөгөөр үнэлсэн баримтыг хэрэгт өгсөн. Мөн Х.Б ХХК-иас авсан энэ зээлийг Төрийн банк ХХК-д шилжүүлэхээр хөөцөлдөх үед Төрийн банк ХХК-аас 35,4 тэрбум төгрөгөөр үнэлсэн, 2016 оны 5 дугаар сард Далай ван аудит ХХК-аас барилгыг 31,4 тэрбум төгрөгөөр тус тус үнэлж байсан. Газрыг анх 185 сая төгрөгөөр үнэлж барьцааны гэрээ байгуулсан хэрнээ эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээнд үнэ төлбөргүй гэж тусган шилжүүлсэн. Х.Б ХХК-аас дээрх гэрээнүүдэд тусгагдсан үнийг тодруулахаар үнэлгээтэй холбоотой баримтыг гаргуулахад Д.Шагж гэх хүний үнэлгээг үндэслэсэн тухай тус банкны зээлийн хорооны шийдвэрт дурдсан байсан. Д.Шагж үнэлгээ гаргахдаа маш олон хууль тогтоомжийг зөрчиж, ямар ч үндэслэлгүй үнэлгээний хуудас гаргасан болох нь харагдаж байна. Тухайлбал, барилгыг очиж үзэхгүйгээр үнэлж болохгүй байтал очиж үзээгүй гэдгээ дурдсан байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.3-т нийцэхгүй. Мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоолгох үүрэгтэй гэж заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ гэж заасан. Гэтэл уг үнэлгээ нь бодит үнэлгээ биш болох нь харагдаж байна.

Иймд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Эвлэрлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг А.ХХК-ийн өмчлөлд, нэгж талбарын 154/0104 дугаар бүхий 1230 мкв эзэмшлийн газрыг Д.Б, Д.О нарын эзэмшилд тус тус буцаан шилжүүлэхийг Х.Б ХХК-д даалгаж өгнө үү. Х.Б ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дээрх газар, барилгыг 11,6 тэрбум төгрөгөөр үнэлсэн үнэлгээчин Д.Шагжийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг Х.Б ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Б ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О нь А.ХХК-ийн хувьцаа эзэмшигч, уг компанийн гүйцэтгэх захирал байсан. Талуудын хооронд анх зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримтад маргахгүй. Зээлийн гэрээний дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 724 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нар 11 600 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу 35 тоот хаягт байрлах 8.140 мкв талбай бүхий үйлчилгээний барилгын өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн дотор банкинд шилжүүлэх, үлдэх 2 340 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, улмаар банк бусад барьцааны зүйлийг чөлөөлөх үүрэг хүлээсэн. Дээрх шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч сайн дураар биелүүлж, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээг тус банктай байгуулан нотариатаар гэрчлүүлж холбогдох байгууллагад хүргүүлэн дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрх тус банкинд шилжсэн. Талууд харилцан тохиролцсоны дагуу барьцааны зүйл болох хоёр хөрөнгийг 11,6 тэрбум төгрөгийн зээл төлөх үүрэгтээ тооцуулж өгсөн. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар нэхэмжлэгч нарын 11,6 тэрбум төгрөгийн зээл төлөх үүргээ, худалдах худалдан авах гэрээний дагуу үнэ төлөх үүргээр тус тус солилцох замаар үүрэг дуусгавар болсон. Ингэхдээ хэн алин нь хүсэл зоригоо илэрхийлж энэ гэрээнүүдийг байгуулсан болно. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгө эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид дурдагдсан, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх хэнээс хэнд ямар үндэслэлээр шилжүүлэхийг нэгэнт шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болно гэж дурдаж өгсөн. Гэхдээ нэхэмжлэгч нар энэ шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт А.ХХК болон иргэн Д.Б нараас төлбөр гаргуулах ажиллагаа хийгдэж байгаа. Анхнаасаа нэг удаа боломж олгоорой, мөнгөө шилжүүлээд үл хөдлөх эд хөрөнгөө өөрөө буцаан авна гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Энэ нөхцлийг манай зүгээс хориглоогүй тул Нөхцөл тохирох гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг манайд тогтоож өгсөн үнээр буцаагаад худалдаж аваарай, энэ хугацаанд бид бусдад худалдан борлуулахгүй гэдгээ илэрхийлж буцаан худалдан авах болзолтой энэ гэрээг хийсэн. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох хүрээнд хийгдсэн. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл банкны зүгээс гэрээний үүргийг зөрчсөн гэх үйл баримт хавтаст хэрэгт байхгүй. Бид үл хөдлөх эд хөрөнгөө буцааж аваарай гэж хэлсэн, түүнээс биш өөр гэрээг халхавчилж хийсэн зүйл байхгүй. Энэ хүртэл нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаад явж байсан. Иймд дээрх үйл баримт Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл бодитойгоор хийгдэх боломжтой гэрээ юм. Нэхэмжлэгч нар хэлцлүүд хүчин төгөлдөр бус гэж маргаж бол дахиж үнэлгээ хийлгэж яах гэж байгаа юм. Гэрээнүүдийг дүр үзүүлж байгуулсан, халхавчилсан гэж үзэж байгаа бол дахиж үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Мөн нэхэмжлэгч нар энэ үндэслэлүүдээр 2017 оны 724 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй байдаг. Энэ тухай баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн болно. Дээрх үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Х.Б ХХК, Д.О, Д.Б нарын хоорондох Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ-г, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар мөн өдрийн Х.Б ХХК, А.ХХК нарын хоорондох Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-д зааснаар мөн өдрийн Х.Б ХХК, А.ХХК нарын хоорондох Нөхцөл тохирох гэрээ-г, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар мөн өдрийн Х.Б ХХК, А.ХХК, Д.Б нарын хоорондох Эвлэрлийн гэрээ-ний зарим хэсэг буюу маргааны зүйл болсон хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141, Их тойруу гудамж 35 тоот хаягт байрлах 8140 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг А.ХХК-ийн өмчлөлд, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах нэгж талбарын 154/0104, 18642311118599 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 1230 мкв газрыг Д.Б, Д.О нарын эзэмшилд тус тус буцаан шилжүүлэхийг Х.Б ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үнэлгээний хуудсыг хүчингүй болгох, дахин үнэлгээ хийхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 113.157.950 /нэг зуун арван гурван сая нэг зуун тавин долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас 116.298.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2019/00039 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудаас 2016 оны 11-р сарын 14-ний өдрийн үнэлгээчин Д.Шагжийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь үнэлгээний хуудас гадагш чиглэсэн буюу тус үнэлгээний хуудсан дээр үндэслэн дөрвөн гэрээг байгуулан хөрөнгүүдийг шилжүүлэн авсан болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, дөрвөн гэрээн дээрх үнэлгээ зэргээс тогтоогдоно. Тодруулбал, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болоы бусад хууль тогтоомжийг зөрчсөн, үндэслэлгүй үнэлгээний хуудас нь маргаан бүхий хөрөнгийг зах зээлийн хапшаас хэт доогуур үнэлэн шилжүүлэн авах үндсэн шалтгаан болжээ. Анхан шатны шүүх гадагш чиглээгүй, дотогш чигэлсэн буюу байгууллагын дотоод үйл ажиллагаанд зориулсан гэж дүгнэж байгаа бол тус дотоодод чигэлсэн үнэлгээний хуудсан дээрх үнэлгээгээр маргаан бүхий хөрөнгийг шилжүүлэн авсан хууль бус үйлдлийг харгалзан үзэж. тус үнэлгээний хуудсыг хүчингүй болгох байсан. Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх хөрөнгийг дуусаагүй байхад буюу 60 хувийн гүйцэтгэлтэй байхад 11 тэрбум 848 саяаар үнэлж барьцааны гэрээг байгуулж, дараа нь үнэлгээгээгээ 14 тэрбум 668 сая болгон өөрчилж байсан хирнээ барилга баригдаж дуусаад 100 хувь ашиглалтанд орсон байхад 11 тэрбум 600 саяар үнэлэн шилжүүлэн авсан хууль бус үйлдэл болжээ. Бидний зүгээс хэрхэн яаж ийнхүү багаар үнэлсэн талаар эргэлзэж байсан тул дахин үнэлгээ хийсэн тайланг гаргуулахаар шаардсаны эцэст дахин үнэлгээ хийгээгүй, харин хөрөнгийн үнэлгээний хуудсаар хөрөнгийг 11 тэрбум 600 сая гэж тооцон шилжүүлэн авсан нь тогтоогдсон. Тус хөрөнгийн үнэлгээний хуудсанд тусгагдсанаар Хөрөнгийг шилжүүлэн авсан тохиолдолд үнэлгээ өөрчлөгдөх талаар дурьдсан хэдий ч үүнийг харгалзахгүйгээр шууд шилжүүлэн авсан.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 01693 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь дараах үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Х.Б ХХК, А.ХХК нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа талууд гэрээний гол нөхцөл болох гэрээний үнийн талаар тохиролцсон буюу үл хөдлөх эд хөрөнгийг 11 600 000 000 төгрөгөөр үнэлэн гэрээнд тусгасан бөгөөд энэ талаар гэрээнд харилцан тохиролцож тодорхой тусгасан байхад хэрэгт авагдсан эд хөрөнгийн үнэлгээнүүдийг харгалзан гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцоогүй гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхээс гагцхүү хуульд заасан үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжтой юм. Зах зээлийн чөлөөт эдийн засгийн харилцаанд аливаа этгээд өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй бөгөөд өмчлөгчийн эрхийг Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу мөн гагцхүү хуулиар хязгаарлана. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээний үнийн дүн нь эд хөрөнгийг үнэлсэн бусад этгээдүүдийн үнэлгээнээс доогуур байна гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож байгаа нь өмчлөгчийн өөрийн хөрөнгийн үнэлгээг тогтоох, хүссэн үнээрээ хүссэн этгээддээ шилжүүлэх буюу худалдах, арилжих, бэлэглэх, үүрэгт тооцон шижлүүлэх гээд бүх төрлийн захиран зарцуулах хэрбэрээр бусдад шилжүүлэх эрхийг болон гэрээний дагуу шударгаар өмчлөх эрх олж авч буй худалдан авагч болох банкны эрх ашгийг ноцтойгоор хөндөж байна. Энэ нь иргэний эрх зүйн харилцааны тусгай зарчим болох гэрээний чөлөөт байдлын зарчим, цаашлаад чөлөөт эдийн засгийн үндсэн зарчимд халдсан дүгнэлт гэж үзэх үндэслэлтэй байна.

Х.Б ХХК-ийн хувьд Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авч, цааш худалдан борлуулах замаар зээлийн төлбөрийг барагдуулах ажиллагааг хэрэгжүүлдэг болно. Уг эрхээ хэрэгжүүлэхдээ өмнөх өмчлөгчийн нэгэнд мөн хөрөнгөө буцаан худалдан авах боломжийг олгожтодорхой хугацаанд зөвхөн түүнд худалдах, өөр бусдад худалдахгүй байх үүрэг хүлээсэн Нөхцөл тохирох гэрээг байгуулсан нь өөр бусад хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд тооцогдохгүй юм. Х.Б ХХК, А.ХХК нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Нөхцөл тохирох гэрээгээр талууд тодорхой хугацаанд Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6-р хороолол, Их тойруу гудамж, 35 тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй, 8,140.70 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байршилтай, үйлчилгээний зориулалттай, гэрчилгээний 000469720 дугаартай, нэгжталбарын 154/0104 дугаар бүхий, 1230 м.кв талбайтай газрыг гэрээний хавсралтад заасны дагуу 11 600 000 000 төгрөгөөр тодорхой болзол тавин худалдахаар тохиролцсон бөгөөд гэрээнд гэрээний зүйл болон үнийн талаар тодорхой заасан байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой байна. Нөхцөл тохирох гэрээ нь дээр дурдсанчлан банк өөрийн өмчлөл дэх хөрөнгийг болзол тавин А.ХХК-д худалдах талаарх тохиролцоо буюу худалдах, худалдан авах гэрээ бөгөөд уг гэрээгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахтай холбоотой аливаа харилцааг зохицуулаагүй атал шүүхээс ийнхүү шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл эдгээр хэлцэлүүд нь тохиролцооны тус бүртээ бие даасан шинж бүхий байгуулагдсан онцлог зохицуулалт бүхий хэлцэлүүд юм.

Нөхцөл тохирох гэрээ нь Х.Б ХХК, А.ХХК нарын хооронд байгуулагдсан бөгөөд Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Х.Б ХХК-ийн эзэмшил, өмчлөлд шилжсэн газар, үл хөдлөх хөрөнгийг тодорхой хугацаанд Х.Б ХХК бусдад шилжүүлэхгүй, захиран зарцуулахгүй гэдэг үүргийг сайн дураар хүлээж, гэрээний оролцогч тал болох А.ХХК-ийг тодорхой болзол биелсэн тохиолдолд эдгээр хөрөнгийг худалдан авах боломж олгохоор тохиролцсон агуулгатай гэрээ болно. Ийнхүү шинээр өмчлөн авсан хөрөнгийн хувьд нэг этгээдийн өмнө үүрэг хүлээх нөхцөлийг тохирох байдлаар байгуулсан гэрээ гэдгийг шүүх анхаарч үзээгүй байна. Тус гэрээний хувьд Х.Б дээрх хөрөнгүүдийг тодорхой хугацаанд захиран зарцуулахгүй гэдэг үүрэг хүлээж байгаа болохоос хөрөнгүүдийн өмчлөх, эзэмших эрх Нөхцөл тохирох гэрээний үндсэн дээр шилжиж байгаа биш, түүнчлэн нэгэнт Х.Б ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжсэн хөрөнгийг хэнд буцаан худалдахыг хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болох Х.Б ХХК шийдэх эрхтэй тул Д.Быг оролцуулаагүй нь хууль зөрчсөн гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэхүү маргаан нь зээл болон түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга буюу барьцааны гэрзэтэй холбоотой харилцаанаас үүдэлтэй бөгөөд хариуцагч "Х.Б" ХХК нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд зохигчид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу 35 тоот хаягт байрлах 8140 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгын өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн дотор 11 600 000 000 төгрөгт тооцон шилжүүлэхээр эвлэрч уг эвлэрлийг хуульд нийсэн, аливаа гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 724 дугаартай захирамжаар баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, талууд зээл болон барьцаатай холбоотой маргаанаа шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлүүлсэн болно.

 

Захирамжид заасан барьцаа хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг Х.Б ХХК-д шилжүүлсэн. Тодруулбал, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчин төгөлдөр тул түүнийг биелүүлэх зорилгоор барьцаа хөрөнгийн өмчлөлийг шилжүүлсэн. Нөгөө талаас, шүүгчийн захирамжийг биелүүлэхээс бусад байдлаар барьцаа хөрөнгийн өмчлөлийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх үндэслэл огт байхгүй юм. Харин захирамжид дурдсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн нь зөвхөн Х.Б ХХК-д бус нэхэмжлэгч нарт ч чиглэсэн үр дагавар гэдэг нь ойлгомжтой юм. Өөрөөр хэлбэл, хэргийг нэгэнт эцэслэн шийдвэрлэсэн бол уг шийдвэр, түүнд дурдсан үйл баримтыг дээд шатны шүүх, тэр дундаа ижил шатны шүүх хэлэлцэх, шийдвэрлэх эрхгүй бөгөөд үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 тодорхой заасан ба уг зохицуулалт нь императив хэм хэмжээ буюу шүүх, шүүгч заавал биелүүлэхийг үүрэг болгосон зохицуулалт байсаар байтал Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх уг зохицуулалтыг зөрчиж шүүх нэгэнт эцэслэн шийдвэрлэсэн хэргийг дахин шийдэж байгаа нь хуулийн уг зохицуулалтыг зөрчиж байгаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим нь шүүх өөрийн гаргасан шийдвэрээ "шинээр илэрсэн нөхцөл байдал"-ын улмаас дахин авч хэлэлцэх бол өөрөө өөрийнхөө гаргасан шийдвэрийг засах боломжтой байдлаар хуульчилсан байдаг.

Шүүх талуудын эвлэрлийг батлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгасны үндсэн дээр баталж захирамж гаргадаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт Хан-Уул дүүргийн шүүхээс эвлэрлийн гэрээг гагцхүү хэлбэрийн хувьд хянасан, агуулгын хувьд хянаагүй байна гэж дүгнэсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үнэлэлт, дүгнэлт өгсөн, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхүйц дүгнэлт гэж үзэх үндэслэлтэй байна. Зохигчийн хувьд аль нэг шүүхийн гаргасан хүчин төгөлдөр шийдвэрийг адил шатны өөр шүүгч дахин хянаж дүгнэн шийдвэр гаргаж байгаа нөхцөл байдалтай анх удаа тулгарч байна.

Нэхэмжлэгч нарын хувьд хуульд заасан үндэслэлээр хүсэлт гаргаж, хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид тухай бүр гомдол гаргаж, гомдлыг шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч эдгээр хүсэлт, гомдлыг хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүний хууль хэрэглэсэн мэргэжлийн ур чадварт дүгнэлт өгч, хэргийг дахин шийдвэрлэж буй нь үндэслэлгүй юм. Шүүгч, шүүх бүрэлдэхүүн эвлэрлийн гэрээг гагцхүү хэлбэрийн хувьд хянан захирамж гаргасан гэж үзэн нэг шүүх нь нөгөө шүүхийнхээ талаар дүгнэлт өгөн хожим хэргийг дахин хэлэлцэх боломжтой гэж үзвэл Х.Б ХХК-ийн өмнө эцэслэн шийдвэрлүүлсэн бүх хэрэг маргааны хувьд дахин шүүх авч хэлэлцэх, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт итгэх итгэл алдархаар байна.

 

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44.4.1-д газраас үүргийн гүйцэтгэлийг шүүхийн бус аргаар хангуулахыг хуулиар хориглосон Эвлэрлийн гэрээний газартай холбоотой хэсэг Иргэний хуулийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байна" гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээ байгуулж, улмаар шүүгч эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан нь шүүхийн журмаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлд хамаарах байхад шүүхээс газраас шүүхийн бус журмаар үүргийн гүйцэтгэл хангуулахтай холбоотой хуулийн үндэслэлийг ишлэн гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эвлэрлийн гэрээ нь Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ зэрэгтэй шууд хамааралтай биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулдаг, дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр байгуулагдсан эсэхээс үл хамааран Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасны дагуу Эвлэрлийн гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох гэрээ тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарим баримтыг туйлын буруу үнэлсэн. Тодруулбал, шүүх талуудын эвлэрлийг батлахаас өмнө "Х.Б" ХХК нь барьцаа хөрөнгийг өмчлөлдөө авсан гэж дүгнэхдээ гэрээний огноог баримталсан. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөх болон эзэмших эрх үүсдэг. Хэрэгт авагдсан баримтаар "Х.Б" ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0724 дугаартай захирамжаар баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон өдрөөр, газар эзэмших эрхийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлж авсан нь тогтоогдоно.

Хэдийгээр гэрээ байгуулсан хэдий ч үүнийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэхгүй бол үр дагавар үүсгэхгүй бөгөөд шууд өмчлөх эрх үүссэн гэж үзэж болохгүй. Нөгөө талаас, нэхэмжлэгч нарын тайлбараар эвлэрлийн гэрээтэй хамт бусад гэрээг байгуулсан гэж нэхэмжлэл болон тайлбартаа дурдсан байхад шүүх эвлэрлийн гэрээ байгуулахаас өмнө өмчлөх эрх болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан мэтээр нотлох баримтыг буруу үнэлсэн.

Дээрх байдлаар шүүх нотлох баримтыг буруу үнэлж, Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын буруу тайлбарлан хэрэглэж шүүхээр нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийг дахин шийдвэрлэж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/01693 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч А.ХХК, Д.О, Д.Б нар нь хариуцагч Х.Б ХХК-нд холбогдуулан талуудын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15142 Их тойруу гудамж, 35 тоотод байрлах 8140 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-2202021547 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороонд байршилтай 1230 мкв талбайтай газар эзэмших эрхийг тус тус нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагч Х.Б ХХК-д даалгуулах, А.ХХК, Д.Б нар нь Х.Б ХХК-нд холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, Их тойруу 35 тоот хаягт байрлах 8140 м.кв талбайтай барилгын өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах, нэхэмжлэгч А.ХХК, Д.Б нар нь Х.Б ХХК-д холбогдуулан тус банкны 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн маргааны зүйл болох Аз молл дэлгүүрийг газрын хамт үнэлсэн үнэлгээчин Д.Шагжийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг Х.Б ХХК-д даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч тухайн асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж маргажээ. /хх1-2, 24-25/

Х.Б ХХК, А.ХХК нар 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нөхцөл тохирох нэртэй гэрээг байгуулсан. Гэрээгээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 35 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 8,140 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 154/0104 дугаар бүхий 1230 мкв эзэмшлийн газрыг Х.Б ХХК-тай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнүүдээр хүлээсэн 13 940 000 000 төгрөгийн үлдэгдэл бүхий зээлийн төлбөрийг талуудын хоорондох худалдах худалдан авах гэрээний үнийн дүнгээр буюу 11 600 000 000 төгрөгөөр тооцож төлөх, банк 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдахгүй байх, энэ хугацаа өнгөрснөөс хойш буцаан худалдах авах авах хүсэл зоригоос татгалзсанд тооцож банк хөрөнгийг захиран зарцуулах, энэ хугацаа хүртэл хөрөнгийн эзэмшил, ашиглалт нэхэмжлэгч нарт хадгалагдаж холбогдох зардлыг төлөхөөр тус тус тохиролцжээ. /1хх 11-13/

Мөн Х.Б ХХК, А.ХХК нар нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. Гэрээгээр компанийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 35 хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 8,140 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэх,

банк хөрөнгийн үнэ 11 600 000 000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон. /1хх 14-15/

Х.Б ХХК, Д.О, Д.Б нар 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэг талаас Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээг байгуулжээ. Энэ гэрээгээр Д.О, Д.Б нарын эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах нэгж талбарын 154/0104 дугаар бүхий 1230 мкв талбайтай, үйлчилгээний зориулалтай газрын эзэмших эрхийг Х.Б ХХК-д үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцжээ. /1хх 30/

Түүнчлэн, Х.Б нь 2017 оны 1 дүгээр сард шүүхэд хандаж, зээлийн гэрээний үүрэг нэхэмжилсэн. Х.Б ХХК, А.ХХК, Д.Б нар 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд эвлэрлийн гэрээг байгуулжээ. Энэ гэрээгээр банк зээлийн гэрээний үүрэгт 14 459 148 992 төгрөг гаргуулахаар шаардсанаас 519 148 922 төгрөгөөр бууруулж, хариуцагч үлдэх 13 940 000 000 төгрөг төлөхөөс 11 600 000 000 төгрөгийг барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу 35 тоот хаягт байрлах 8,140 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгын өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн дотор банкинд шилжүүлэх байдлаар төлөх, үлдэх 2 340 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, мөн банк бусад барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөхөөр тус тус тохиролцжээ. /1хх 100/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр шүүгчийн захирамжаар Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй А.ХХК, Д.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14 459 148 992 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай хэрэгт дээрх гэрээг баталгаажуулан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хх 26, 27, 137-138/

А.ХХК болон Д.Б нар нь зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Нөхцөл тохирох гэрээ болон бусад дагалдах гэрээнүүдийн дагуу Х.Б ХХК-д шилжүүлэн тодорхой хугацааны дараа нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөлд буцаан шилжүүлэхээр, харин эвлэрлийн гэрээний дагуу Х.Б ХХК-ийн өмчлөлд шууд шилжүүлэхээр тохирсон.

Маргааны зүйл болсон хөрөнгө нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000528137 тоот гэрчилгээгээр Х.Б ХХК-ийн өмчлөлд шилжсэн, энэ нь Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 605 тоот, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11-1677943 тоот тодорхойлолтууд, бүртгэх байгууллагад банкны зүгээс гаргасан мэдүүлгийн хуулбар зэргээр тус тус тогтоогдсон. /1хх 31,136, 2хх-163, 4хх- 19, 105, 106 /

Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/464 дүгээр захирамжаар маргааны зүйл болох газрын эзэмших эрхийг Х.Б ХХК-д шилжүүлж, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 000321904 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн шилжүүлсэн тухай 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 03-06/4547 дугаар албан бичгээр тус тус тогтоогджээ. /1хх 32, 3хх 15/

 

Хэрэгт 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 183/ШЗ2018/00260 дугаар шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн тухай, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажиллагаа явуулж байгаа тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, албан тоот зэрэг баримтууд авагдсан. /1хх 28,29, 117-120, 2хх 170-173/

Хэрэгт маргааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн үнэлгээ нь Хас банк ХХК, А.ХХК нарын хоорондох 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн БИ1470003318-01 тоот баталгаат ипотекийн гэрээгээр 11 668 000 000 төгрөг, уг гэрээнд оруулсан 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 14 682 000 000 төгрөг, Мөн Х.Б ХХК, А.ХХК, Д.Б нарын хоорондох 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн БГ1470003318 тоот барьцааны гэрээгээр маргааны зүйл болсон 1230 мкв талбайтай газрын үнэлгээ 180 000 000 төгрөг, Төрийн банк ХХК-аас хөрөнгийг 35 457 340 800 төгрөгөөр тооцон зээл олгох боломжтой тухай 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч нарт үнийн санал хүргүүлж байсан, Мөнх оргил трейд ХХК-аас 2021 оны 8 дугаар сарын байдлаар хөрөнгийг 42 733 700 000 төгрөгөөр үнэлсэн зэрэг баримтууд авагджээ. /1хх 97-98, 101-115, 4хх-52, 231-250, 5хх 1-40/

А.ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар дээрх дөрвөн гэрээг байгуулах үед тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Д.О байсан болох нь тогтоогдсон. /1хх95-96/

А.ХХК нь маргааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 тойруу гудамж, 35 тоот хаягт байрлах Аз молл худалдааны төвд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад талууд маргаангүй.

 

Мөн талууд анх 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Х.Б ХХК, А.ХХК нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, компани нь үндсэн хөрөнгийн зориулалтаар Х.Б ХХК-аас 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болон 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус 3 удаа нийтдээ 12,8 тэрбум төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлж, барьцаанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах дээрх үл хөдлөх эд хөрөнгийг болон үйлчилгээний зориулалттай, 1230 м.кв, нэгж талбарын 18642311118599 дугаартай газрын эзэмших эрхийг барьцаалсан үйл баримт гэрээ, тайлбар зэргээр тогтоогдсон. /5хх67-72/

А.ХХК-ийн өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021547 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 тойруу гудамж, 35 тоот хаягт байрлах 8140,7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байсан, иргэн Д.Бын өмчлөлд газар бүртгэлтэй байсан зэрэг үйл баримт гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Талууд дээрх нэг өдөр байгуулсан нөхцөл тохирох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, эзэмших эрхтэй газар шилжүүлэх болон эвлэрлийн гэрээ хууль зөрчсөн эсэх, хүчин төгөлдөр эсэх, хөрөнгийн үнэлгээ гэх баримтыг хүчингүй болгох үндэслэлтэй эсэхэд маргажээ.

Зохигчийн маргаж буй гэрээнүүдийн нэг болох эвлэрлийн гэрээ шүүхээр шийдвэрлэгдсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй юм.

Хэлцэл хууль зөрчсөн эсэхийг шүүх талуудын хүсэлтээс үл хамааран хянан үзэх бөгөөд гагцхүү хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтад орж дүгнэх ёсгүй юм.

Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нь нэхэмжлэлийн шаардлага гэхээсээ илүүтэй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах бөгөөд шүүхээс шийдвэрлэвэл зохих, талуудын зөрчигдсөн эрхийг сэргээх хамгаалалтын арга нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах явдал юм.

Хэргийн баримтаас үзэхэд маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө, газрын эзэмших эрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Х.Б ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжсэн. Нэхэмжлэгч ямар үр дагаврыг хэрхэн арилгуулах гэж буй нь тодорхойгүй, нэгэнт шүүхийн шийдвэрээр бусдын өмчлөлд шилжсэн хөрөнгийг буцаан гаргуулахаар, нэг асуудлыг хоёр дахин шийдвэрлэх боломтой эсэхийг анхаарах нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч тал ямар үндэслэлээр юу шаардаж байгаа, шаардаж буй зүйл нь хохирлын агуулгатай эсэх, эвлэрлийн гэрээнээс бусад 3 хэлцэл хуульд нийцэж буй эсэх талаар талуудыг мэтгэлцүүлэх, нөгөө талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзвэл хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй тохиолдолд үнийг төлүүлэхээр шаардаж байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дүгнэлт өгсөн агуулгатай шийдвэр гаргаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэх шаардлагыг тодруулаагүй байна. Учир нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой. Хөрөнгийн үнэлгээ гэх баримт нэхэмжлэгч талын ямар эрхийг хэрхэн зөрчсөн, энэ зөрчил хэрхэн нотлогдож байгаа, нэхэмжлэгч ямар зөрчигдсөн эрхээ яаж сэргээлгэх гэж буй нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн үүрэг тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан хамгаалалтын аргуудын аль төрөлд хөрөнгийн үнэлгээ гэх баримт хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг даалгах шаардлага нь хамаарч байгаа, ингэснээр ямар эрх нь хэрхэн сэргээгдэхийг тодорхойлох нь зүйтэй юм.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 дэх хэсэгт заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах арга хэмжээ авагдсан эсэх нь тодорхойгүй. Хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хоёр нь өөр ойлголт юм. Нэхэмжлэгч нь хууртагдаж мэхлэгдсэн, хууль зөрчсөн хэлцэл гэх мэтээр өөр үндэслэлүүдийг хольж тайлбарлажээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхйин шүүх бүрэлдхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 10ы өдрийн 181/ШШ2021/01693 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 116 298 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД