Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 101

 

“М К” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00292/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 716 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “М К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С К” ХХК,

                  “Д Т А Х” ХМБ-д холбогдох

“46.367.069 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

          Хариуцагч “Д Т А Х” ХМБ-ын захирал Ж.А-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч “М К” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           “М К” ХХК болон “С К” ХХК нь 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр PD-LCL 09128 тоот байр талбайн түрээсийн гэрээ байгуулан “С К” ХХК нь ТВ-12 телевизийн антенна, тоног төхөөрөмж тавьж ашиглах зориулалтаар байр талбай, цамхаг түрээслэн ашиглаж ирсэн. “С К” ХХК нь энэхүү гэрээний 3.4-т хүлээсэн үүргээ үл биелүүлэн түрээсийн болон цахилгаан ашиглалтын төлбөр төлөөгүй учир гэрээний 5.3.2 заалтыг үндэслэн үйлчилгээг нь зогсоон гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан болно. “С К” ХХК-ийг гэрээнийхээ үүргийг биелүүлж, түрээсийн болон цахилгаан ашиглалтын төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж удаа дараа мэдэгдсэн боловч түрээсийн болон цахилгаан ашиглалтын төлбөр одоог хүртэл төлөөгүй байна. Иймд “С К” ХХК-иас түрээсийн төлбөрт 44.397.698 төгрөг, цахилгаан ашиглалтын төлбөрт 1.969.371 төгрөг, нийт 46.367.069 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллагаас “С К” ХХК-иас 46.367.069 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. “С К” ХХК уг төлбөрийг төлөхгүй гэдэг. Одоогийн байдлаар яг хэдэн төгрөгийг аль талаас нь гаргуулах гэж байгаа нь тодорхой бус байна. Тэрнээс биш хариуцагчийн аль нэг талаас татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэрээний дагуу нийт 250 ам доллараар түрээсийн төлбөрийг тооцсон байдаг. Уг гэрээний 1.2-т зааснаар хуучин гэрээг хүчингүй болгож шинээр гэрээ байгуулсан байгаа. Уг гэрээний дагуу уг талбайг ашиглаж эхэлсэн. Ашиглаж эхэлснээс хойш цахилгааны төлбөр гэж мөнгө төлөгдсөн байдаг. Эхлээд түрээсийн төлбөр 44.397.698 төгрөг, цахилгааны төлбөр 1.969.371 төгрөг, нийт 46.367.069 төгрөг болсон байдаг. Үнийн дүнг дахин өөрчилж нэмэлт гэрээ байгуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхтулга нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг гэрээн дээр тамга дарагдаагүй ч гэсэн бусад бичиг баримтууд дээр талуудын тамга тэмдэг дарагдсан байдаг. Гэрчийн мэдүүлгээр тухайн үед Цэцэгмаа, нягтлан ч гэсэн харилцаад явж байсан нь тодорхой болж байна. Шинээр өгсөн нотлох баримт бичиг дээр хүртэл цахилгааныг хангаж өгнө үү гэсэн “Д Т А Х” ХМБ-ын хүсэлт нь байна. “М К” ХХК руу явуулж байсан хүсэлт зэргээр цахилгааныг ашиглаж байсан ба цахилгааны төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж байсан нь хүртэл харагдаж байна. “М К” ХХК-ийн нягтлан Б-аас хариуцагч “Д Т А Х” ХМБ руу хүртэл бичиг явуулж байсан байна. Үүний хариу гээд “Д Т А Х” ХМБ нь “С К” ХХК-тай нэг байгууллага мэтээр гарын үсэг зурсан байна. Хариуцагч нар баримт бичиг дээр тусдаа компани боловч үнэн хэрэгтээ нэг газрын нэг байгууллага байх боломжтой гэж харагдаж байна. Иймд хоёр хуулийн этгээдийн хооронд харилцаа явагдсан. Бүх баримт бичгүүд дээр тамга тэмдэг дарагдсан байгаа. Эхнээсээ манай байгууллагад уг хоёр компани нэг гэсэн ойлголт өгсөн хэр нь асуудал шүүхийн хэмжээнд тулаад ирэхэд хоёр өөр компани гэж тайлбарлаж байна. Манай компани хувьд гэрээний үүргийг биелүүлээгүй бол алданги тооцож болох хэдий боловч тооцоогүй байгаа. Хариуцагч талын захирлууд солигдсон ч гэсэн уг гэрээгээр хуулийн этгээд хариуцна гээд зохицуулж өгсөн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “С К” ХХК-ийн төлөөлөгч Ж.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“М К” ХХК нь “С К” ХХК-иас зай талбайн түрээсийн төлбөр гэх төлбөрийг нэхэмжилж байгаа юм байна. “М К” ХХК болон “С К” ХХК-ийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 29-ны өдөр №PD-LCL 09128 дугаар бүхий Байр талбайн түрээсийн гэрээ гэх нэртэй хүчин төгөлдөр бус гэрээг нэхэмжлэлийн үндсэн баримт бичиг болгон ирүүлжээ. “С К” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар С.О- 2005-2013 он хүртэл ажиллаж байсан. Энэхүү гэрээ гэх баримт бичиг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал С.О- нь өөрөө гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. Энэ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар баталгаажиж байна. Энэхүү Байр талбайн түрээсийн гэрээ гэх баримтад “С К” ХХК-г төлөөлж гарын үсэг зурсан Н.О- нэртэй иргэн нь компанийг бүрэн төлөөлөх этгээд биш болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар баталгаажиж байна. Хоёр компанийн хооронд байгуулсан гэх байр талбайн түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн, мөн хуулийн 64 дугаар зүйлийн 64.2.1-д заасан шаардлагыг хангаагүй Н.О- гэдэг хүн гарын үсэг зурсан байна. Иймд уг гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээнд тооцогдоно. Нэхэмжлэгч “М К” ХХК нь энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж нэхэмжлэл гаргасан бол Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн, 320.1-д зааснаар, “С К” ХХК-тай хийсэн гэх 2009 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн гэрээний 2.1-д заасны дагуу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “С К” ХХК-ийн төлөөлөгч Ж.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“М К” ХХК нь 46 сая төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. 2014 оноос “С К” ХХК-ийг шилжүүлж авч ажилласан. 2009 онд “М К” ХХК-тай гэрээ байгуулсан юм байна. Тухайн үед компани хуучин захирал Одгэрэл ажиллаж байсан. “Д Т А Х” ХМБ болон “С К” ХХК хараат компани биш. 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээ дээр мөнгөн төлбөр авахгүй, реклам зар сурталчилгааг явуулахаар болсон байна. “М К” ХХК нь Монополь эрхтэй оролцдог. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зүйл үндэслэлгүй. Гэрч У- нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө нэг зүйлийг орхигдуулсан байна. “Д Т А Х” ХМБ нь реклам зар сурталчилгаа явуулахад мөнгө нэхээгүй байхад эдний талаас мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч “С К” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг гэрээнд гэрээ хийсэн О- гэх хүн байхгүй. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т зааснаар итгэмжлэл авагдсан байх ёстой. Тэгтэл тийм итгэмжлэл байхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дугаар зүйлийн 1-т зааснаар уг гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Урьд Б- захиралд уг асуудлын талаар мэдэгдсэн нэг ч баримт хэрэгт байхгүй. Иймд уг нотлох баримт хуурамч байна. Хавтаст хэргээс хасуулах саналыг шүүхэд гаргаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уг асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг маш сайн мэдэж байгаа. Нэмэлт гэрээ дээр “С К” ХХК-ийн захирлын гарын үсэг тамга тэмдэг байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн “Д Т А Х” ХМБ нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байгаа. Нэмэлт гэрээ болон уг гэрээ мөн адил хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч “Д Т А Х” ХМБ-ын төлөөлөгч Ж.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн үед энэ бартерыг ашиглаж байгаа тухай мэдээгүй байсан. 2014 оны 09 дүгээр сард “М К” ХХК-ийн нягтлан бодогч Б- гэх хүн надтай холбогдож манай компани өртэй байгаа талаар надад хэлээд нэмэлт гэрээ хийсэн. Реклам сурталчилгааг бартер тооцоогоор бодно гэж ярилцсан. Бартерийн гэрээг хараад манай тал төлбөрт реклам сурталчилгаа явуулах ёстой байсан юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. 2014 онд эдний зүгээс цахилгаан тасалсан учир ашиглаагүй. 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр миний бие “М К” ХХК-д албан бичиг өгч байсан боловч ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. Голомт банкаар төлсөн төлбөрийн тал дээр манайх “С К” ХХК-ийн төлөх төлбөрийг манайхаар дамжуулж төлж байсан гэдгийг л харуулах гэж тэгж бичсэн байгаа гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 716 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар “С К” ХХК-иас 46.367.069 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Д Т А Х” ХМБ-аас 24.737.075,58 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М К” ХХК-д олгож, үлдэх 21.629.994 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 389.785 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д Т А Х” ХМБ-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 281.635 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М К” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Д Т А Х” ХМБ-ийн захирал Ж.А- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

  1. “М К” ХХК-тай байгуулсан PD-LCL-09128-1  гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
  2. 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний хүчинтэй хугацааг шинэчлэн тогтоох эсвэл шинэчилсэн гэрээ байгуулах талаар албан бичиг хүргүүлсэн боловч цаашид хамтран ажиллах талаар ямар нэгэн хариу өгөөгүй.

          Иймд уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “М К” ХХК хариуцагч “С К” ХХК-д холбогдуулан байр, талбайн түрээсийн төлбөр 46.367.069 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар “Д Т А Х” ХМБ-ыг татаж хоёр хариуцагч нараас нийт 46.367.069 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

            Шүүх зохигч “М К” ХХК, “Д Т А Х” ХМБ-ын дунд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, 2014 оны байдлаар түрээсийн төлбөр  24.885.955 төгрөг, цахилгааны төлбөрт 3.036.119 төгрөг төлөх талаар харилцан баталгаажуулсан гэж хариуцагчаас 24.737.075 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс  21.629.994 төгрөгийн шаардлага болон “С К” ХХК-д холбогдох  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Мобиком”  ХХК, “С К” ХХК-ийн хооронд №PD-LCL 09128 тоот Байр талбай түрээсийн гэрээ \х.х-5 дугаар тал\,  2011 оны 10 дугаар сарын 20-ны  өдөр “Мобиком корпараци” ХХК, “С К” ХХК, “Дархан телевиз  арван хоёр” №PD- LCL 09128-1 тоот нэмэлт гэрээ байгуулсан байна.

            Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан хотын Усан сангийн толгойд байрлах станцад цахилгаан тэжээлээр хангах, мөн станцад  байр талбай цамхаг, цахилгаан тэжээлээр хангах, өмнөх PD-LCL 0891, PD -LCL 161 тоот түрээсийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр нийт 3.991.741 төгрөгийг 2009 оны 10 дугаар сарын 31-ээс 2011 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд төлж барагдуулна гэж  тохирсон.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д  “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж  зохицуулсан  байх бөгөөд хариуцагч нь телевизийн антена, тоног төхөөрөмж тавьж ажиллуулах  зориулалтаар нэхэмжлэгчийн эзэмшил бүхий байр талбай, антенаар үйлчлэх үйлчилгээний үйл ажиллагаа явуулсан байх тул зохигчдын хооронд  түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэв.

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх...” гэсэн заалт хэрэглэсэн нь хуулийг тухайн маргаанд оновчтой зөв хэрэглэж чадаагүй, буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж дүгнэлээ

“М К” ХХК, “Сатурн  комплекс” ХХК,  “Д Т А Х” хэвлэл мэдээллийн байгууллага түрээсийн гэрээний талууд мөн болох нь зохигчдын тайлбар болон  гэрээгээр  тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй.

“М К” ХХК гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч нарт холбогдуулан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч хариуцагч нараас гэрээний үүрэгт  2009 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт  нийт 46.367.069 төгрөг шаардсан.

PD- LCL  09128  тоот гэрээний хугацаа 2011 оны 11 дүгээр сарын 01, PD - LCL 09128-1нэмэлт гэрээгээр сунгаж, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дууссан, гэрээний хугацаа сунгагдаагүй, аливаа гэрээ анх хийсэн хэлбэрээр сунгагддаг. Гэрээний хугацаа дууссанаар гэрээтэй холбоотой шаардах эрх мөн адил дуусгавар болно.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон тул хугацаа дууссанаас хойшхи төлбөрийг хариуцагчаас гаргуулах хуулийн үндэслэлгүй. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэж,   нэхэмжлэлийн  шаардлагын зармыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн шүүх “С К” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосон шийдвэрт нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин  шүүх  “С К” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн нийт хэмжээгээр буюу 46.367.069 төгрөгийн шаардлагыг давхар хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “С К” ХХК-ийг  хариуцагчаар тодорхойлж \х.х 1 дүгээр тал\ “Д Т А Х”-ыг хамтран хариуцагчаар татуулах хүсэлт \х.х 35 дугаар тал\ гаргахдаа нэхэмжлэлийн хэмжээг өөрчлөөгүй байна.

Нэхэмжлэлийн нийт хэмжээ 46.367.069 төгрөг байхад шүүхийн шийдвэрт “...  46.367.069 төгрөгийн нэхэмжлэлийг...”, “...үлдэх 21.629.994 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг...” тус тус хэрэгсэхгүй болгосныг тооцоход нэхэмжлэлээс  67.997.063 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байх тул зөвтгөх нь зүйтэй.

Хариуцагч “Д Т А Х” хэвлэл мэдээллийн байгууллага давж заалдсан гомдолдоо нэмэлт гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээний хугацааг шинэчлэх эсвэл шинэчилсэн гэрээ байгуулах талаар хүсэлт хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-д “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд  эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа  тасалдана” гэж заасан.

Үүрэг гүйцэтгэх талаар талууд “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г 2013 онд  гаргасан \х.х10 дугаар тал\ 2015 оны 01 дүгээр сарын 22-нд өрийг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргасан \х.х 32 дугаар тал\, зэрэг нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах агуулгатай нийцэж байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын  өөрчлөлт  оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч  “Д Т А Х” ХМБ-ын  давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 716 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дүгээр заалтад,

“Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар  “Д Т А Х” ХМБ-аас 24.737.075 төгрөг гаргуулж, “М К” ХХК-д олгож, 21.629.994 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “С К” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 281.635 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

      

                  

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ     

                                                                ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ