Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00334

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 716 дугаар шийдвэр

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дүгээр магадлалтай

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“С” ХХК, “Д” ХМБ-д тус тус холбогдох

“Түрээсийн гэрээ”-ний төлбөр, цахилгаан ашигласны төлбөрт нийт 46 367 069 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

“Д” ХМБ-ын төлөөлөгч Ж.Анхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч “С” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэдэндамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК болон “С” ХХК нь 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр PD-LCL 09128 тоот “Байр талбайн түрээсийн гэрээ” байгуулан “С” ХХК нь ТВ-12 телевизийн антенн, тоног төхөөрөмж тавьж ашиглах зориулалтаар байр талбай, цамхаг түрээслэн ашиглаж ирсэн.

2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Байр талбайн түрээсийн /PD-LCL-09128-1/ нэмэлт гэрээ байгуулж, өмнөх гэрээний 3.1.-т заасан ...байр, талбай, цамхаг, цахилгаан шугам ашигласны түрээсийн төлбөрт 550 000 төгрөгийг /НӨАТ ороогүй/ хамт төлнө гэсэн байсныг нэг сарын түрээсийн төлбөрт түрээслүүлэгчийн зар сурталчилгааг явуулна гэж өөрчилсөн. Энэ гэрээнд Дархан “ТВ-12” телевизийн захирал гарын үсэг зурсан. 

Түрээслэгч түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 5.3.2 заалтыг үндэслэн үйлчилгээг нь зогсоон гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан болно. Иймд түрээсийн төлбөрт 44 397 698 төгрөг, цахилгаан ашиглалтын төлбөрт 1 969 371 төгрөг, нийт 46 367 069 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М” ХХК нь “С” ХХК-иас талбайн түрээсийн төлбөр гэх төлбөрийг нэхэмжилж байгаа юм байна. “М” ХХК болон “С” ХХК-ийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 29-ны өдөр №PD-LCL 09128 дугаар бүхий “Байр талбайн түрээсийн гэрээ” гэх нэртэй хүчин төгөлдөр бус гэрээг нэхэмжлэлийн үндсэн баримт бичиг болгон ирүүлжээ. “С” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар С.Од-Эрдэнэ 2005-2013 он хүртэл ажиллаж байсан. Энэхүү гэрээ гэх баримт бичиг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал С.Од-Эрдэнэ нь өөрөө гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Энэхүү “Байр талбайн түрээсийн гэрээ” гэх баримтад “С” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан Н.Оюундалай нэртэй иргэн нь компанийг бүрэн төлөөлөх этгээд биш болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар баталгаажиж байна. Хоёр компанийн хооронд байгуулсан гэх байр талбайн түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн, мөн хуулийн 64 дугаар зүйлийн 64.2.1-д заасан шаардлагыг хангаагүй Н.Оюундалай гэдэг хүн гарын үсэг зурсан байна. Иймд уг гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээнд тооцогдоно. Нэхэмжлэгч “М” ХХК нь энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж нэхэмжлэл гаргасан бол Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн, 320.1-д зааснаар, “С” ХХК-тай хийсэн гэх 2009 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн гэрээний 2.1-д заасны дагуу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д” ХМБ-ын төлөөлөгч Ж.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед энэ бартерийг ашиглаж байгаа тухай мэдээгүй байсан. 2014 оны 09 дүгээр сард “М” ХХК-ийн нягтлан бодогч Баяржаргал гэх хүн надтай холбогдож манай компани өртэй байгаа талаар надад хэлээд, нэмэлт гэрээ хийсэн. Реклам сурталчилгааг бартер тооцоогоор бодно гэж ярилцсан. Бартерийн гэрээг хараад манай тал төлбөрт реклам сурталчилгаа явуулах ёстой байсан юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. 2014 онд эдний зүгээс цахилгаан тасалсан учир ашиглаагүй. 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр миний бие “М” ХХК-д албан бичиг өгч байсан боловч ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. Голомт банкаар төлсөн төлбөрийн тал дээр манайх “С” ХХК-ийн төлөх төлбөрийг манайхаар дамжуулж төлж байсан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 716 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар С ХХК-иас 46.367.069 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Д ХМБ-аас 24.737.075,58 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, үлдэх 21.629.994 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 389.785 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХМБ-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 281.635 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дүгээр магадлалаар: Хариуцагч “Д” ХМБ-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 716 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад,

“Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар “Д” ХМБ-аас 24.737.075 төгрөг гаргуулж, “М” ХХК-д олгож, 21.629.994 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “С” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 281.635 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

“Д” ХМБ-ын төлөөлөгч Ж.Анхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

“М” ХХК-тай байгуулсан PD-LCL-09128-1 гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

2015.01.22-ны өдөр гэрээний хүчинтэй хугацааг шинэчлэн тогтоох, эсвэл шинэчилсэн гэрээ байгуулах талаар албан бичиг хүргүүлсэн боловч цаашид хамтран ажиллах талаар ямар нэгэн хариу өгөөгүй болно.

Иймд уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:      

Хяналтын журмаар гаргасан хариуцагч “Д” ХМБ-ын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

“М” ХХК нь “С” ХХК, “Д” ХМБ-д холбогдуулан “Түрээсийн гэрээ”-ний төлбөр, цахилгаан ашигласны төлбөрт нийт 46 367 069 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар “С” ХХК-иас 46 367 069 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Д” ХМБ-аас 24 737 075.58 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 21 629 994 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Мобиком” ХХК, “С” ХХК-иуд №PD-LCL-09128 тоот “Байр талбайн түрээсийн гэрээ”-г 2 жилийн хугацаатай, 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр №PD-LCL-09128-1 “Нэмэлт гэрээ”-г нэг жилийн хугацаатай тус тус байгуулжээ.

Нэмэлт гэрээнд “С” ХХК-ийн төлөөлөл оролцоогүй бөгөөд Дархан “ТВ-12” телевизийн захирал Г.Энх-Од гарын үсэг зуржээ.

Гэрээгээр түрээслүүлэгч “М” ХХК нь түрээслэгч “С” ХХК-д ТВ-12 телевизийн антенн, тоног төхөөрөмж тавьж ажиллуулах зориулалтаар өөрийн объектыг ашиглуулах, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон, нэмэлт гэрээгээр түрээсийн төлбөрт сард 550 000 төгрөг төлөх заалтыг түрээслүүлэгчийн зар сурталчилгааг явуулахаар өөрчлөлт оруулсан байна.

Гэрээний талаар зохигчид маргаагүй, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа шийдвэрт эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцааг зохицуулсан хуулийн заалтыг баримталсан байна. 

Шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч “Д” ХМБ-аар хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгджээ.

Харин маргаантай харилцааг зохицуулсан хуулийг оновчтой хэрэглээгүй, мөн хариуцагч “С” ХХК-д холбогдох 46 376 069 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийг нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан шаардлагыг зөрчжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эсхүл заримыг нь хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана гэжээ.

Нэхэмжлэгч нь нийт 46 367 069 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх хариуцагч тус бүрд дээрх шаардлагыг холбогдуулан нийт 92 734 138 төгрөгийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байх тус шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн хууль буруу хэрэглэсэн алдааг засч,  Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1. гэсэн заалтыг 318 дугаар зүйлийн 318.1. болгон өөрчилсөн нь маргааны үйл баримтад нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэжээ.

Харин “С” ХХК-д холбогдох шаардлагыг шийдвэрлэсэн алдааг засахдаа хариуцагч “С” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, алдааг засах нь зүйтэй.

“Д” ХМБ нь “М” ХХК-д хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 200 000 төгрөгийн төлбөр төлсөн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж, 79.9.-д зааснаар энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолох тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй болно.

Мөн “Д” ХМБ-аас 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний хүчинтэй хугацааг шинэчлэн тогтоох, эсвэл шинэчилсэн гэрээ байгуулах талаар нэхэмжлэгчид албан бичиг хүргүүлсэн боловч нэхэмжлэгч хариу өгөөгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэх хариуцагчийн тайлбар гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Иймд “...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ...нэхэмжлэгч нь гэрээний саналд хариу өгөөгүй...” гэх үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч “Д” ХМБ-ын гомдлыг хангахгүй орхиж, дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...”С” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...”С” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч “Д” ХМБ-ын төлөөлөгч Ж.Анхбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Д” ХМБ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281 635 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД